“ХҮРЛЭЭ-2” ӨГҮҮЛЛЭГ

Өчигдөржингөө түүнийг зовоож, өглөө сэрэхэд нь дагаж сэрэх шахсан энэ шарвагнуур шарыг дахин амилуулж болохгүй. Тийм ч учраас Хүрлээ өөрийгөө зовоохгүйн тулд биеэ байдгаар нь барьж, уужуу тайван байхыг хичээж байлаа. “За, за энэний ажил надад юуны хамаа байхав” гэж хүчээр бодоод түрүүнээс хойш нүд татаад байсан хоёр ханзыг заан – Тэр юу гэсэн утгатай ханз вэ? гэтэл ийм юм асууна чинээ бодоогүй байсан залуу ихэд гайхаж гарыг нь дагуулан харснаа
– Аль? Аан! Тэр үү? Энэ манай өвөөгийн нэр. Манай өвөө энэ гуталчины газрыг нээсэн юм. Дараа нь манай аав. Тэгээд одоо би ажиллаж байна даа гэж ихэд бахархалтайгаар хэлэв. Өвөө гэнгүүт Хүрлээд аль хүүхэд цагийн тахир хөх луухаан санаанд буулаа.  “Өө, бүүр үе удмаараа энд сууршиж авсан байх нь. Муусайн юмнууд арай ч хэтэрч байнаа” гэж бодох зуур уур ч хүрэх шиг, зэвүүн ч хүрэх шиг болов. Гэвч Хүрлээ биеэ барина. Чухам яагаадыг мэдсэнгүй. “За . . . даа, манайхан ч гэсэндээ Америкт суурьшаад, зарим нь бүүр буцах нь битгий хэл тэндээ одоо бараг хоёр дахь үе нь бий болж байх шив дээ. Эд ч яахав тэндээ багтаж шингэхгүй шахам байдаг улс, энд тэнд суурьших шалтгаан юм биз. Угаасаа ч шунал нь дэндсэн амьтад. Харин манайхан . . . Хүн хэрэгтэй юмаа хаячихвал өөр хүн авах гэх нь хүмүүний үндсэн чанар шүү дээ. Тэгэхээр бодох л хэрэгтэй юм даа” гэж бодон өөрийгөө сатааруулах хэдий ч “Гэхдээ л муусайн хужаанууд” гэсэн хар бодол санааных нь мухарт атирч үлдэв. Монголчууд хэзээнээсээ л эдэнд дургүй хойно доо. Хүрлээгийн сүүдэрт бодлыг сарниаж, нэгэн залуухан бүсгүй орж ирэв. Тэр өндөр нарийхан өсгийтэй, хагас түрийтэй гутлаа тайлж, залууд өгөөд – Ийм төмөр өсгийг янзлах уу? гэхэд залуу шороо тоостой тэр гутлыг ямар нэгэн бохир юманд хүрч байгаа шинжгүй эргүүлж тойруулан сайтар үзээд – Болноо, болно. Төмөр өсгий хийнээ – Ямар үнэтэй хийх вэ? – Энэ хийхэд хэцүү. Найман мянга болноо – Одоо хурдхан хийгээд өгч болох уу? Би яараад байна. – Болноо, болноо. Би хурдан хийнээ гэж баярлаж буй мэт хэлэх нь Хүрлээд ямар нэгэн олз харсан амьтан шиг харагдсанд түүний шарвагнуур шар татагнав уу гэлтэй нүүр нэг мурчигнан бүр нэг зэвүү дургүй хоёр нь зэрэг хүрсэн боловч өөрийгөө зовоохгүйн тулд бодлоо үргээхийг хичээлээ. Хүрлээ хажуудаа суугаа бүсгүйг сэмхэн ажив. Бараг охин нь ч байж болохоор залуухан юм. Сүүлийн үед залуучууд хүүхэд шиг харагдаад байх болсон юм. Тэгэхээр Хүрлээ хэр хөгширч байгаа нь ойлгомжтой. Цэвэрхэн бас зөв царайтай юм. Тийм дээ ч хүний нүд татаад байгаа бололтой. Цагаан оймстой жижигхэн хөлөө ойр ойрхон атгах булбарайхан гарыг үе үе харан суухдаа “Үгүй тэр, нүд хөмсөг, уруул ам гээд заяасан бүхэн нь жижигхэн хэрнээ ямар цэгцтэй юм бэ? Хэрвээ нас үеийнх байсан бол ямар нэгэн юм ярьж анхаарлыг нь татах гэж оролдох л байсан байх даа. Одоо би ямар нэгэн юм ярих гэвэл гайхаад эсвэл цочоод сүйд болох байлгүй. Тэгж ч хөгнөө даахгүй хөгшин ухна царайлаад яахав ээ зүгээр. Юу билээ? Нас тогтох сайхаан гэж үг ч билүү дуу ч билүү байдаг байхаа. Хн! сайхныг нь ч мэдэхгүй юмаа” гэж өгсөж яваа насандаа харамсах мэт өөрийгөө голсон гандмал бодолд ээрэгдэн сууна.  Гэнэтхэн хаалга онгойж, нэгэн цагдаа орж ирсэнээ нэг их ширүүн харцаар тэднийг тойруулан харав. Хагас онгорхой хаалгаар бас нэг цагдаа, цаана нь хөдөлгөөнт эргүүл гэсэн хөх эрээн машин харагдана. Гэтэл гуталчин – Өө, сайн уу?  – . . . Цагдаа дуугарсангүй. Тэрээр нилээн ихэмсэгээр толгой дохив.  – Яасан? Та гутлаа тослуулах уу? – За яахав чи тос, щёткоо өгчих.  – Тэгээ тэг.  Цагдаа өгснийг аваад гарлаа. Гутлаа тослох зуураа тэдний ярилцах нь мухлагны нимгэн хананы цаанаас дүнгэр дүнгэр сонсогдоно.  – Хүн ихтэй байх чинь . . . – Өнөөдөр юу болчихоов? – Хэн мэдэхэв цус . . .  “Түрүүний харсан хөдөлгөөнт эргүүлийнхэн бололтой. Өдөрт ирж гутлаа тослуулдаг байх нь. Болохгүй нь ч юу байхав. Гутал тослох чинь эдний бас нэг үйлчилгээ биз. Дүрэмт хувцастай хүний гутал гялалзаж явах нь бас ч гэж сүртэй шүү” гэж бодож суутал  – Эд нар манай найзууд гэж гуталчин маань хэлэв. Түүний нүдэнд үл мэдэг бахархал төрөх шиг болов. Бахарал ч гэж дээ нэг тийм долигнуур ч юм шиг, бялдууч ч юм шиг.  – Аан! гэсэн хэдий ч түрүүнээс хойш өөрийнх нь биш нөгөө бүсгүйн гуталтай ноцолдоод байгаад эгдүүцсэн Хүрлээ – Миний гутал мөд дуусах нь уу? Аль түрүүн ирсэн юмсан . . . – За одоохоон. Эсвэл та жоохон явж байгаад ирэх үү? Гучхан минут. Тэгэх үү? “Тэгдэг ч юм билүү” гэж бодож суутал цагдаа орж ирээд тосоо буцааж өгөөд эргэхэд – Яасан? . . . Дууссан уу? гэж найрсагаар асуув.  – . . . Цагдаа мөн л л дуугарсангүй тэр чигтээ гарлаа. Тэр бас мөнгө төлсөнгүй. Төлдөггүй ёс гэж баймааргүй л юм. Сонин л юм . . .  Хүрлээг гадагшаа гарахад сэр сэр салхи угтав. Тийм нэг цээж тэниймээр. Тэр жижигхэн мухлагт цавуу тосны үнэрт мансуурах маягтай байснаа сая ухаарав. Түүний өмнө хоёр цагдаа өмднийхөө халаасанд гараа шаачихсан, ихэмсэг ч юм шиг, эсвэл бүр хийх ажилгүй мэт ганц нэг алхалж явна. Тэдний гутлын өсгий хүртэл гялалзаж харагдана. Хүрлээд ч гэсэн онцын зорилго байсангүй. Мөн л нэг хоёр гишгэн гутлынхаа хоншоорыг харан “Гучин минут юу хийх вэ” хэмээн бодон гэлдэрч явтал байшингийн булангийн “40000 уушийн газар” үүдээ нээсэн байгаа харагдлаа. Хүрлээ “Зүгээр байхаар үүгээр нэг шагайж үздэг ч юм билүү” гэж санан орлоо. Харанхуйвтар юм. Сандал ширээнүүд нь түүнд таалагдаагүй ч тэрээр нэг буланд очиж суув. Үйлчлэгч бүсгүй ирж, мэнд ус ч үгүйгээр хүрэн хавтастай цэс өмнө нь тавив. Хүрлээ цэсийг харж сууснаа бүсгүйд нэг зуун грамм захиж орхилоо. Яагаад тэгснээ өөрөө ч сайн ойлгосонгүй. Уг нь ууя гэж ерөөс бодоогүй юмсан. Нэгэнт захичихсан юм чинь одоо яая гэхэв.  Тун удалгүй үйлчлэгч архи авчирч өгөөд эргэхэд нь – Өө, ах нь даруулах юмаа мартчихаж. Танайд юу байна? – Одоохондоо зууш хоол арай гараагүй байна. Та жаахан эрт ирчихэж. Уг нь манайх гучаад минутын дараа онгойно л доо. Таныг нэгэнт ороод ирчихсэн болохоор л . . . – Нээрээ ч арай эрт байгаа байх шүү. Ахдаа нэг ус өгчих дөө.  – За Ус авчирахтай зэрэгцээд Хүрлээ зуун граммаа татаж орхилоо. Гашуун нясуун ч гэж най алга. Араас нь усаа гул гул залгилаад жаал суулаа. Цагаа хартал арваад минут өнгөрч. Дахиад хориод минут дутуу байдаг.  “Дахиад нэг зуу авчихдаг ч юм билүү. За за яршигдаа өнөө өглөө ямар архи уух гэж гарсан биш. Тэгээд ч ганцаараа. . . Тиймээ! Энэ нус Зоригоогийнх яг мөн. Тэр ч байтугай одоо сууж байгаа энэ хэсэгт тэдний том өрөө нь байсан юм. Хэдэн дэрчгэр шар бандитай айл байж билээ. Нэг их атаман биш гэхэд нилээд хөдөлгөөнтэй хүүхдүүд байсан санагдана. За тэр ч яахав. Харин таньдаг айл маань ийм газар болоод өөрчлөгдөхөөр нэг л сонин сэтгэгдэл төрдөг юм байна. Байсан хүмүүс байхгүй болчихсон юм шиг гэхээр дэндүү нүгэлтэй болчих байх даа. Ерөөсөө л тийм нэг гуниг нуугисан сэтгэл төрдөг юм байх шив” хэмээн Хүрлээ орчноо тойруулан чухам юуг хараад байгаагаа анзааралгүй сүүдэрт бодолд автан сууна. Удалгүй Хүрлээгийн ходоод нь халж, сэтгэл нь сайхан оргиод ирэв.  “За, за яадаг юм золиг гэж. Дахиад нэг зуу авчихъя байз. Түрүүн гуталчингаас мянган цаас унагачихсан юм чинь” гэж бодоод үйлчлэгч охинд захиалав.

“Архи гэдэг сонин юм шүү. Хүнийг яаж ийж байгаад л эргүүлчихдэг. За тэр эргэх эргэхгүй ч яахав. Өдийд ажилтай байсан бол би юу боллоо гэж ингэж суухав дээ. Даанч дээ гэж” хэмээн шүүрс алдан суув. Энэ бодолтой давхцан өнөөх мартагдаж орхисон шарвагнуур шар амилах шиг болов.
“Өдий болтол ажил олж чадахгүй би ч гэж би юм даа. Танил тал найз нөхөд хардаг болсон өнөө үед олон жил гадагшаа явчихаар ёстой нэг новш болж хувирдаг юм байна. Хэдэн найз байвч дөнгөж ирүүт эхний хэдэн өдөр сүрхий байчихаад л холдчихдог юм байна. Хүний л зан юм байхаа даа. Гэтэл тэр муу хужаа ажил төрөлтэйгээрээ маниасаа дээр гэж байгаа. Бас тэгээд тэр цагдааг хүртэл миний найз гээд байгаа шүү” – Түй! Новш гэж . . . Үхсэнийх нь найз байхав дээ гэж бодлоо гүйцээж амандаа хараагаад архиа хөнтөрлөө. Хүрлээгийн дотор улам буцалж байх шиг болно. Хоолойгоор нь урсан орох архи өнөөх шарвагнуурыг улам хөгжөөж буй бололтой. Тэрээр шазуураа зууж, завжаа татагнуулна.  “Ёо, ёо! Би юу болоод байнаа? Согтоод байгаа юм байх даа. Иймхэн юманд согтоод байдаггүй л юмсан. Нээрээ! өглөөнөөс хойш юм идээгүй байгаа юм байна шүү. Гэхдээ согтоно гэдэг чинь санааны л юм байхгүй юу. Дахиад нэг зуун грамм уучихнаа. Яадаг юм цус. Ямар өрөнд орчихсон биш” хэмээн өөртэйгөө ч юм уу аль эсвэл хэнтэйгээ ч юм хэрэлдэх мэт бодоод  – Хөөе! Үйлчлэгчээ!  – Айн? – Ахдаа дахиад нэг зуу өгөөч – Аан, за за “Хөөрхөн ааштай охин бэ. Аятайхан ч биетэй юм. Ер манай охидууд их өнгөлөг болсон байна шүү. Ямар хурдан ирж байнаа. Урдаасаа ч гэсэн дажгүй юм. Би яагаад орж ирүүтээ анзаараагүй юм бол” – Энэ таны захиас. Та харин яасан шуурхай байнаа? – Тийм гэж үү? – Та ирээд хорин минут л өнгөрлөө ш дээ – Ах нь энэ зэрэгт гайгүй байх өө – Тэгвэл яахав дээ “Нээрээ, хурдан байна гэж үү? Эсвэл дүү охин надад арай . . . За, за тийм юм гэж хаа байв гэж. Энийг уучихаад гарахад гуталчингийн хэлсэн гучин минут ч болох байх. Гуталчин гэснээс энэ муу хужаа жижигхэн мухлагтаа суучихаад бидний хуучин гутлыг засаж байгаа мэт боловч яагаад ч юм бидний орон зайд эзэн суугаад байх шиг санагдах юм. Бүр гурван үеэрээ шүү. Тэгэхэд бид энэ хороололоос нүүж, бүр энэ эх орноосоо ажил амьдралаараа шахагдаад байх шиг. Мэдэхгүй ээ, мэдэхгүй би яг бодлынхоо гол гогцоог нь олж чадахгүй байна. Гэхдээ л энд ямар нэгэн юм болохгүй байна. Буруу байна. Чухам юунд байнав? Ядахад яр гэгчээр өчигдөрийн тэр муу хүртэл тэгж хэлээд байхдаа яахав дээ. Төрийн албан хаагч гээд байгаа юм шүү. Иймэрхүү хувиа хичээсэн, үзмэн тархитай юмнууд төрд шургалчихаар улс орон ч яаж хөгжих билээ дээ. За, за төрийн төлөө оготно гэж би ч юу билээ. Магадгүй, буруу нь бидэнд ч, надад ч байж болох шүү дээ” хэмээн учраа алдсан бодолд дарагдан суусан Хүрлээ архиа хөнтөрч дуусгалаа. Тэрээр царайндаа үүссэн ярвайлтаа арилаагүй байхад цагаа харвал өнөөх гучин минут аль хэдийн өнгөрчээ. Хүрлээ ямар нэгэн ажилтайгаа мэдэрч бослоо. Яагаад ч юм шарвагнуур шар өөдөөс харсан сандал дээр суугаад хоцрох шиг нүдэнд бүүр түүрхэн юм бүртгэнэв. Толгой ч эргэх шиг.  “Арай ч үгүй байлгүй дээ. Гуравхан зуу уучихаад согтоно гэж юу байсан юм” гэж бодсоор гарах үед араас нь бодлыг нь уншсан мэт хэн нэг нь  – Согтохгүй чи хаачихав дээ.  Тэр эргэж хартал танхимд ямар ч хүн харагдсангүй.  “Хэн юм бол” гэж бодсоор гарлаа. Хүрлээд салхи сэнгэнэхээс өөр түрүүхэн мэдэрч байсан хаврын сайн сайхан зүйл мэдрэгдсэнгүй. Тэрээр булан тойрох гэж эргэх агшинд мөрөн дээр нь шарвагнуур шар гараад суучихсаныг анзаарав. Хүрлээ яагаад ч юм өрөөсөн гараараа мөрөө гөвөх ая үзүүлэхэд шарвагнуур шар нөгөө мөрөн дээр нь үсэрч гараад – Чи бас намайг гөвөх санаатай – Гөвж л таараа ш дээ. Чам шиг новшоор яах юм – Намайг чи новш гэвэл өөрөө хэн болох вэ?  – Хэн болдог юм. Би, чамтай чамгүй би хэвээрээ л байна – Чи өөрөө өөрийгөө ингэж хуураад яахав дээ. Намайг новш гэвэл чи хогийн сав нь шүү дээ.  – Юү гэнээ? . . . Энэ муу чинь харин яах нь вэ? гэж ууртайгаар хэлэв.  Хүрлээ түүнийг бариад авах гэсэн шиг мөрөө даган эргэнэ. Ганцаараа амандаа үглэж, мөрөө гөвөн эргэх түүнийг хэн ч харсан ухаан санаа муухан хүний төрх илрэнэ.  – Чи муу хэн болчихоод өчигдөрөөс хойш намайг дагаж салбаганаад байгаа юм. Зайлах мөрөөрөө зайлаарай чи – Зайлах зайлахгүйг чи л мэднэ дээ – Өө хө, тийм үү? Яавал та зайлах вэ? хэлээд өгөөч та гэж Хүрлээ доогтойхон инээд алдана – Тархиараа – Ингээд үү? гээд Хүрлээ мөрөн дээр суугаа шарвагнуур шарыг толгойгоороо мөргөх ая үзүүлэхэд – Би чамд тархиараа гэж хэлсэн байхаа  – Засс, чи битгий хуц. Өөрөө тархи ч үгүй юм байж яах нь вэ зүгээр – Харин ч би тархи нь үхчихсэн хүмүүст л нөхөж ирдэг юмдаа. Энэ үг Хүрлээд нилээд жинтэй тусав бололтой хэсэг ээрснээ – Хуц, хуц. Битгий олон юм донгосч цаг бараад бай гэж хэн нэгэнд ялагдсан мэт гараа савлаад, цааш алхав. Энэ удаа шарвагнуур шар ямар нэгэн юм хэлж саад болсонгүй. Хүрлээ ч гэсэн ашгүй гэсэн аятай хэн нэгний шаналгаанаас арайхийж салсан хүн шиг хурдхан алхавч түүний уур шатсаар байв. Мухлагт ойртон иртэл хүүхэн залуу хоёрын яриа сонсогдов.  – Чи тэгээд утсаа өгчихгүй юм уу?  – Үгүй шүү – Тэгвэл гутлыг чинь өгөхгүй шүү – Ее, л дээ! хурдлаа ч дээ  – Гутлаа авъя л гэж байгаа бол утсаа өг  – Яг ш дээ . . . Охин нилээн айлгүйтэн дуугарна. 

“Энэ чинь одоо нөгөө охины гутлыг дуусгаагүй юм байх даа. Тэгвэл минийхийг дуусаагүй гэсэн үг байх нь ээ. Арай ч дэндэнээ. Муу хужаа чинь бас монгол охин оролддог байх нь. Нутаг оронд минь гурван үеэрээ сууршиад ханахгүй одоо бүүр цусанд минь шингэх гэж оролдож байх шив” гэж бодсоор орлоо. Хүүхэн залуу хоёр зэрэг дуугүй болсон боловч тэдний нүүрэн дээрх инээд нь арилсангүй. Энэ нь яагаад ч юм Хүрлээгийн эгдүүг бүр их хүргэв. Өнөөх шарвагнуур шар ч уухайн тас сэргэж ирэв. Одоо Хүрлээгийн талд байгаа гэдэгт найдахаас өөр аргагүй. – Чи одоо болтол миний гутлыг дуусгаагүй байгаа юм биш биздээ? гэж ширүүхэн асуутал – Ах ямар ууртай байх юм? Би таны гутлыг дуусгасан шүү  – Миний ямар байх чамд ямар хамаатай юм.  – За, за надад хамаагүй. Май, энэ гутлаа ав гээд үл мэдэг инээмсэглэн гутлыг нь өгөх дөө Хүрлээг шоолоод байх шиг санагдав.  – Чи одоо юундаа хүн шоолоод байгаа юм бэ? – Хэн? – Чамаас өөр хэн байдаг юм.  – Би шоолоогүй ээ, ахаа  – Тэгээд үхсэндээ жуумагнаад байгаа юм? – Жуумагнана гэж юу юм бэ? Ахаа гэж инээмсэглэн асуух нь үзээдийн арзайсан хужаа харагдах шиг болоход уур нь оволзсон Хүрлээ байж ядахдаа – Солиороод байгаарай чи муу – Юу гэнээ? – Наад охиныхоо гутлыг маяглалгүй өг л дөө чи – Энэ таньд ямар хамаатай юм бэ? Бид хоёр найз ш дээ – Битгий худлаа хуцаад бай. Чи муу  – Та яагаад байнаа? – Яах юу байсан юм. Чи яах гээд энэ охиныг эргүүлээд байгаа юм? гэтэл нөгөө охин – Та юу яриад байгаа юм бэ? гэхэд уураа барьж дийлээгүй Хүрлээ – Чи одоо энэнтэй яах гээд заваараад байгаа юм – Заваараад байх даа яахав дээ. Ер нь тэгээд яаж ч байсан танд ямар хамаатай юм  – Өө, хөө! Юу гэнээ? Хүн чамайг гэж ярьж байхад чи намайг юу гэлээ гэнээ? – Үгүй ерөө очиж, очиж нэг согтуу хөгшин намайг сургадаг гэнээ. Миний хэнтэйгээ яах нь ёстой тань шиг юманд хүртээлгүй байхаа гэж өнөөх охин хялалзан цэвхэлзэв.  – Хн! Чам шиг ийм хормой султай юмнуудаас болж улс үндэстэн мөхдөг юм гэхэд нөгөө охины жижигхэн нүд нь жирвэгнэн хилэнтэж – Юу гэнээ? Та намайг хормой султай гэж яаж мэдээв? Хэнтэй, хаана хэвтэж байхыг минь хэзээ харсан юм та. Хэл л дээ. Уусан идсэнээ шингээж чадахгүй байж, өөрийгөө хичээ за гэж хашгичаад  – Ер нь би хэнд юугаа өгөх нь хэнд хамаатай юм гэснээ жижигхэн цаасан дээр утасныхаа дугаарыг сараачин залууд өгч  – Над руу яриарай хэмээн хэлээд хэргээ гүйцээсэн хүн шиг Хүрлээ рүү ууртай ширтэв. Одоо түүнд хэдхэн цагийн өмнө Хүрлээгийн өхөөрдөн харж байсан бяцхан, хөөрхөн чанарууд бүгд үгүй болжээ. Харин залуу тэр хоёрын эрсэлдэн хэрэлдэж буйг ээлжлэн харж тэдний тэнэгийг гайхах мэт инээмсэглэн сууна.

Түүний энэ байдлыг хэрүүл завсраа харсан Хүрлээ багтартлаа уурлав. Тэр ч байтугай өнөөх шарвагнуур шар залуугийн талд гарчихсан өөрийг нь даажигнаж суух шиг санагдана. Тэр муу хүртэл Хүрлээгийн тал биш ажээ. Байж ядсан Хүрлээ олон төрлийн хадаас үдээс хийсэн дөрвөлжин нүдтэй модон хайрцгийг өшиглөн унагав. Охин муухай орилон өрөөсөн хөлөн дээрээ догонцон гадагшаа гарлаа. Үүдэнд суусан хэдэн болжмор дэрхийн нисэв. Хүрлээ одоо өөрийгөө хянах чадваргүй болжээ. Тэрээр залуугийн арзгар толгойноос зууран авах агшинд гэнэтхэн хэн нэгэн Хүрлээгийн цамцнаас нь угзчин татлаа. Эргэн харвал хоёр цагдаа. Хүрлээ – Та нар яаж байнаа? Хэнийг өмөөрөөд байгаа юм бэ? – Та харин олон нийтийн газар бусдын амгалан тайвныг алдагдуулаад байгаа юм биш үү  – Эхлээд учрыг нь ол л доо та нар. Учир зүггүй хүн зулгаагаад байх юм. Надад үйлчлээд байгаа юм уу? Эсвэл энэ муу . .  – Та амаа татаарай – Үхсэн хойноо! Та нар миний амыг татдаг, Айн? Та муусайнуудыг ямар мэдэхгүй биш. Өдөрт нэг муу гутлын тосны авлига авдагтаа л ингэж долигнож байгаа биз гэтэл байдал улам бишдэж эхлэв. Цагдаа нар – Өө! Энэ муу чинь харин юу гэнэ? гэж амандаа үглээд хоёр талаас нь бороохойдлоо – Май чи муу! Ингээд чи муу биднийг авлигад унагаарай гэж шүд зуун балбана. Хүрлээ тэдний ихэд эмзэг цэг дээр нь хатгасан бололтой. – Цохиод бай та нар намайг. Бүүр алаад хаячихаарай гэж хашгирах зуураа ам хамраасаа гарах цус шүлсээ ханцуйгаараа арчиж, өрөөсөн гараараа хоёр зэрэг ирэх бороохойг аль чадлаараа хаахыг оролдоно. Нэг цагдаа нь  – Наад муугаа гавалчих гэхэд нөгөөх нь түүнийг сурамгай гэгч нь гавлаад хоёул чирч гаргав. – Май! Ингээд чи хаагаад бай. Ингээд чи олон юм хуцаад бай. Бас авлига энэ тэр гэчихсэн юу вэ чи муу хэмээн үглэсээр балбана.  Хүрлээ эгээтэй л ухаан алдчихаагүй ч бас санаан зоргоор хөдөлж чадахгүй байгаа бололтой. Хоёр цагдаад чирэгдэн явах зуураа эргэн харвал нөгөө залуугийн хажууд хэдийдээ ч юм тэдний төрлийн гурав дөрвөн хүмүүс хаанаас ч юм гараад ирчихсэн байхыг хараад гайхав. Тэд олуулаа ажээ. Монгол хүн гэдэг тэднийг ямар ч нөхцөлд хараад таньдаг нь сонин. Хүрлээгийн дотроос ямар нэгэн юм гогдон зулгаах шиг, урж тасдах шиг санагдана. Хэдхэн цагийн өмнө гоё сайхныг нь магтаж байсан хөх алаг машины арын сандал дээр Хүрлээ гараа ардаа гавлуулан, нүүр ам нь цус нөжиндөө хутгалдан сууж явах нь тэр. Түүнээс дуу гарсангүй. Өвөр дээр нь түрүүхэн хятад залуугийн талд орчихсон өөрөөр нь даажигнаж байсан шарвагнуур шар суучихсан явахыг Хүрлээ харав. Гэхдээ тэр хэрэлдэхийг хүссэнгүй. Тэр ч байтугай энэ шарвагнуур шар яагаад өөрөөс нь салж өгөхгүй байгааг ч бодсонгүй. Харин тархи, зүрхнээс урсах гашуун бодолд дарагдана.  “Арай ч дээ. Би эднийг яасан юм? Би тэр охиныг өөрийг нь л бодсон ш дээ” “Тэгсээн, чи түүнийг л бодсон”  Шарвагнуур шар түүний бодлыг ч гэсэн сонсдог ажээ. Тэр ч бүү хэл бас бодлыг бодлоор хариулдаг юм гэж үү . . . “Үгүй ээ! Ингэхэд чи хэн юм бэ?” “Би юү? Би бол чи, чи бол би” “За, за хүнээр битгий даажигнаад бай. Тэртээ тэргүй би чамайг ойлгохдоо манатай байна” “Ямар ч байсан би чамтай л хамт байгаа биз дээ” “Өөрийгөө бурханы элч л гэж битгий хэлээрэй. Өчигдрөөс хойш хүн дагаад салбаганаад байх юм. Эсвэл миний бурханы оронд морилох цаг нь болоо юу?” “Үгүй дээ. Би чамтай төрсөн цагаас чинь л эхлээд хамт байсан. Харин хамгийн сонин нь чи намайг өчигдөрөөс л эхэлж ажигласан” “Мэдэхгүй л юм даа. Бид ямар баталж чадах биш” “Харин би чаднаа. Чамайг анх ямар хүүхэд байсныг, чиний анхны дурлалыг, эх орондоо ирэх гэж хичнээн жил бодож шаналсныг, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө хэрхэн зүтгэснийг хүртэл мэднэ”“Хоёр өдөр намайг дагасны хувьд наадах чинь ч захын хүүхдийн хэлчих логик дараалал байна даа” “Итгэхгүй байх чинь зөвөө” “Чи тэгвэл миний эцэг эх хэн гэдэг ямар хүмүүс байсныг хэлчих л дээ” “Би нэрийг нь хэлээд яахав дээ. Гэхдээ маш өндөр боловсролтой хүмүүс байсныг, амьдралынхаа хамаг нандин бүхнээ өргөмөл ганц хүүдээ л гэж бүх насаараа зүтгэснийг өсгөснийг би мэднэ” “Тийм ээ! Миний аав ээж тийм хүмүүс байсан. Яагаад ч юм би тэднийгээ санаж байх чинь. Би чинь ээж аавгүй ч гэсэн эх оронтой хүн биз дээ” Хүрлээгийн нүднээс бөөн бөөн нулимс гарч сэмхэн урсаж эхлэв. Бас нус. Гэхдээ түүнд тэр бүгдийг арчих боломж байсангүй. Хий дэмий л шорхийтэл татна.  “Тийм ээ. Чамд энэ бүхэн бий” “Тэгээд яагаад надтай ингэж харьцаж байгаа юм бэ? Тэд чинь надад ажиллаж амьдрах боломж өгөхгүй. Тэр ч бүү хэл төрсөн биеийг минь хайр найргүй балбаж байна шүү дээ” “Зүгээр дээ залуу минь. Чи чинь эр хүн. Эр, эр дээ энэ цаг үеийг эзлэн төрсөн эр хүн. Үнэндээ бол энэ эх орны эзэн нь чи шүү дээ. Хэдэн жил эзгүй тэнэчихээд, эргэж ирэхдээ хөлчүүрхсэн болохоор эцэг чинь чамайг хээр хоносон нойтон чөдрөөр хэд сайн ороолгоо л биз. Найз минь чи битгий гутар даа” Хүрлээ шарвагнуур шард хариу бодож чадсангүй. Тэр тунирхал гоморхол бас ухааралдаа тамирдсан бололтой хоолойгоо хягтнуулан чимээгүйхэн уйллаа. Түүний уйлж суухыг ажсан цагдаа завжаа сийгүүлэн байж – Муусайн гөлөгнүүд та нар ингэдэг байхгүй юу гэж тавлаад сул гараараа Хүрлээгийн толгой руу хоёр гурав цохиод авав. Хүрлээ хариу дуугарсангүй.  Нар яагаа ч үгүй байхад хөдөлгөөнт эргүүлийн хөх эрээн машин хуучин хорооллын, хуучин байшингийн булан тойрон шинэхэн баригдсан эрүүлжүүлэх рүү давхилаа . . .

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!