“ХҮРГЭН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ – ХҮНИЙ МӨС
“ХҮРГЭН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ
Загасанд дуртай бидний хэдэн нөхөд хоёр зуун ердүгээр точка дээр галт тэрэгнээс буулаа. Борц шиг хорчийсон гурван оюутан хөвгүүн, ээлжийн амралтаа авсан хоёр цүдгэр “ах”… Пүүжээ ах л биднийг замчилж энд ирсэн юм. Өөрөө төмөр замд ажилладаг болохоор хаана юу байдаг, хэн хаана амьдардагыг андахгүй. Пүүжээ ахын ажил нэг ёсондоо “бадарчин”-гаас дутахгүй. Бадарчин гуай бадар барихаар хавчиг үүргээ үүрч, хоёр мод тулж явдаг бол Пүүжээ ах нэг хүнтэй хамт төмөр замын ган төмрийн гэмтлийг “оношилдог” дөрвөн дугуйтай дөрвөлжин багажаа түрэн нэг точкаас нөгөө точка, нэг өртөөнөөс нөгөө өртөө хоёрын хооронд амьдралаа элээж яваа нэгэн аж. Гарал түүхээ ярьвал Улаан-Үдийн буриад гаралтай. Эхнэр нь буриад монгол гэхээсээ илүү үсээ шараар будсан оросжуу царайтай авгай байдаг сан. Гадны хүн байхгүй бол тэд гэртээ хоёр охинтойгоо оросоор голдуу ярьдаг. Авгай нь бас оросын харъяат байсан буриад хүний хүүхэд юм билээ. Монголд төмөр зам ид тавьж байхад тэд зөвлөлтийн мэргэжилтнээр ирээд яваандаа монголд суурьшиж, иргэн нь болсон гэдэг. Орос сэтгүүл ном дээрээс уншсан зүйлээ бидэнд ярьж өгдөг болохоор Пүүжээ ах бол бидэн дундаа шинжлэх ухааны академиас сар бүр гаргадаг товхимлоос нэг их өөрцгүй. Төмөр замынхныг Пүүжээ ах андахгүй гэж би түрүүн хэлсэн дээ. Тэр ёсоороо точкын бригадын дарга өвгөнтэй ярилцаж, төмөр замчид амьдардаг хоёр байшингийн хүнгүй нэгэн өрөөнд биднийг орууллаа. Амарч яваа улсуудын гол зорилго байгалийн сайханд эрүүл агаарт хэд хонохдоо нэгдүгээрт загас барих, хоёрдугаарт жаахан жимс түүгээд буцчих санаатай ирдэг. Пүүжээ ах шинэ хүмүүс ирэхээр сонирхож орж ирдэг хөдөөгийнхний заншлыг сайн мэддэг бөгөөд бригадын дарга өвгөн, замчин дөрвөн залуу, хоёр хүүхнийг чихэр боовоор дайлж, дунд нь ганц лонх юм задаллаа.
Бригадын дарга Чүлтэм хэмээх өвгөн ээжтэйгээ хамт амьдардаг гэнэ. Хоёр хүүхэд нь хотод сургуульд сурдаг ч хотод байртай тул наашаа ирэх гэж нэг их яардаггүй ажээ. Чүлтэм гуай тэтгэвэртээ суух нас болсон ч дараагийн хүнээ хүлээгээд дөрөв таван жил болжээ. Наяад оны эхээр төмөр замд Архангай аймгаас олноор ажилчид авсан учир зургаан замчин залуучууд бүгд хөдөөнөөс ирсэн шинэ хүмүүс. Зарим нь гэр бүл, үлдсэн нь ганц бие гоонь эрчүүд. Залуу хосууд одоохондоо хүүхэд төрүүлж амжаагүй яваа гэнэ. Тийм учраас энд хүүхдийн дуу огт сонсогддоггүй. Галт тэрэг өнгөрөхөөс өөр дуу чимээгүй хангай газрын буйдхан сууринд нам гүм оргино. Эргэн тойрон модтой уул, түүний дундуур Хараа гол төмөр замаар явах галт тэрэгтэй уралдан умар зүг урсана. Шувууд өнгө өнгөөрөө жиргэж, царцаа эрвээхэй том жижгээрээ ниснэ. Голын шугуйгаас мэлхий вааг вааг хэмээх дуу сонсогдож, голио ч юмуу могой ч юмуу үл мэдэгдэх дуу төмөр замын хажуугаар ухсан үерийн хамгаалалтын шуудуу дотроос гарна. Энд могой ихтэй тул болгоомжтой байхыг Пүүжээ ах сануулсан тул эрээн урт юм харахаараа “могой”-той андууран дуу алдах бол бид хэдийн “хоолойны дасгал” болсон юм. Гадаа унтахад аюултай ч төмөр замчдын байшингийн хойно эгнүүлж барьсан модон сарайны дээвэр дээр унтдаг гэж дуулаад нэг шөнө гадаа унтахаар дээвэр дээр гарсан боловч шумуул хэмээх босоо ороолонгуудад “дээрэлхүүлээд” унтаж чадалгүй гудсаа чирсээр байшиндаа эргэн орж хонолоо. Шумуултай “байлдаад” дутуу нойртой байсан тул өглөө намайг сэрээлгүй нөгөө хэд маань загасчлахаар оджээ. Арван цагийн үед сэрээд нөгөө хэдийнхээ чанаж үлдээсэн хүйтэн цайнаас балгаж, талх хиам идсэн шиг ганцаараа сууж байтал үс нь сэгсийж ширэлдсэн буурал толгойтой эмгэн гэнэт орж ирлээ. Түмэн үрчлээ болсон нүүрэнд нь очтон гэрэлтэх сүүмгэрдүү нүд яавч эрүүл хүний нүд биш болохыг олж харсан би айсандаа суудлаасаа хөдлөхгүй таг суув. Эмгэн сүү сааль, тараг ээдэмд цав цагаан болсон, хормойгоороо салбарсан хир даг болсон хуучин муу дээл өмсчээ. Энгэрийн товчоо товчлоогүй тул бүс үгүй дан өмссөн дээл нь шал шүргэнэ.
Түүний нэг гарт гурвын бидонтой сүү цэлэлзэж, нөгөө гарт нь тортой зүйл харагдана. Үг хэлж чадахгүй чичрэн суух намайг эмгэн улаанаар эргэлдсэн нүдээрээ тоомжиргүй харснаа гартаа барьсан зүйлүүдээ ширээн дээр тавиад юу ч хэлсэнгүй гарч одов. Хуучин цагийн том модон хаалга данхийн хаагдсаны дараа айсандаа сандалдаа “хадагдсан” би ухасхийн босож, хаалгаа түгжээд ширээн дээр тавьсан зүйлийг нь сонирхон үзвэл нэг шил цагаан аpxи, тавагтай өрөм, хэдэн том хурууд, Гүррагчааг сансарт ниссэнээс хойш дэлгүүрт байнга харагдах болсон “нислэг” гэдэг хатуу чихрүүд харагдлаа. Гол дээр байгаа нөгөө хэдийнхээ хойноос яаран явахдаа би “солиотой” эмгэнийг аль нэг газраас гараад ирэх вий гэж хулганан хартал точкын байшингуудын ард байх уулын бэлд барьсан хашаа саравчны дундах жижиг бор гэр рүү нөгөө эмгэн нуруугаа бөхийлгөн, түнтэгнэн алхах нь үзэгдэв. Настай хүмүүс сайхь эмгэн шиг яаруу түргэн явна гэж байхгүй. Өвчтэй болохоороо л мань эмгэн хүүхэд шиг гүйн харайж, дэгдэж дэрвэж явдаг юм бол уу даа… Үхрийн овоолсон аргал хөл дор нь тааралдахад тойроод гарахгүй, тонтогнон харайгаад гарах нь эрүүл бус хүн гэдгийг давхар гэрчилнэ. Очоод би нөгөө хэддээ эмгэний тухай ярихад хоёр оюутан маань нүд нь том болж, нөгөө нэг “ах” гайхан сонсож, харин Пүүжээ ах огт тоосон шинжгүй инээж байлаа. Инээснийг асуу гэдэг сэн. Юун хүн болохыг нь Пүүжээ ахаас асуутал ийн ярьж билээ. “Энэ эмгэн бол Чүлтэм гуайн ээж гэж энэ хавийнхан ярьдаг. Төрсөн эх нь юм бол уу гэхээр биш юм шиг байгаа юм. Харин Чүлтэм гуайг сайн мэдэх хүнээс би ингэж сонссон юм. Чүлтэм гуай бол ерөөсөө тэгсэн ингэсэн гэж огт ярихгүй хүн шүү дээ… Чүлтэм гуай ч зовлон үзсэн хүн шүү дээ. Нэг сайхан хүүгээ хэдэн жилийн өмнө цэрэгт алдчихсан юм. Намрын тариа хураалтанд явж байсан дүүрэн цэрэг ачсан Зил-130 машин толийсон тэгш талд гэнэт онхолдож, элгээрээ дээш харан унасан гэдэг.
Тал тал тийшээ будаа шиг цацагдсан цэргүүд гэмтэж шархадсан нь олон ч гучин цэрэг эрээс ганцхан залуу газар дээрээ нам “өнгөрсөн” нь Чүлтэм гуайн том хүү байсан юм. Чүлтэм гуай нулимс дуслуулан “Гучин хүнээс нэг л хүн амь үрэгдсэн. Тэр нь ганцхан миний хүү байсан юм” гэж нэг удаа ярьж суугаад уйлж билээ. Барагтай бол хүнд зовлонгоо ярьдаггүй хүнд тэр хүү нь амь нь байсан бололтой. Эхнэр нь гэнэт бурхан болоод удаагүй байхад хүү нь өнгөрсөн болохоор Чүлтэм гуайд ямар хэцүү байсныг олон хүн ярьж байсан юм. Тэр хүү нь Чүлтэм гуайн урдахь эхнэрийнх нь хүүхэд юм билээ. Түүндээ сайн гэж яанаа. Хүүгээ хотоос ирж явна гэвэл ажлаа орхиод гэр рүүгээ гүйгээд цай хоол болдог сон. Тэр хүү ч Чүлтэм гуайд анхны хайрынх нь амьд дурсгал байсныг сүүлд дуулсан. Төмөр замчны ажлыг сүүлийн гучин жил хийж байгаа болохоос Чүлтэм гуай залуудаа Шувуун фабрикт шувуучин байсан гэдэг. Хамт ажилладаг залуу охин нь Чүлтэмийг эр тахиа эм тахиаг “гишгиж” байгааг сүрэл дээр суучихсан тухтай харж суухад тааралдаад, -Том хүний кино үзэх насанд хүрсэн үү чи. Наад хоёр нүд чинь бүлтрээд ойчлоо. Санаа байвал өөрөө амьдрал дээр хийж үзүүлээч. Сачий чинь хүрэхгүй дээ чиний гэж тас тас хөхрөн доогложээ. Ичиж улайхыг мэддэггүй энэ “галзуу” охинтой хамт ажиллаад Чүлтэм нэг жил болж байгаа боловч түүний “пулемёт” шиг амнаас айгаад тэр болгон дотносож чаддаггүй байв. Нэгэнт эвгүй “байдалд” гардуулсан болохоор Чүлтэм нүүр хагарч, яван явсаар тэр охинтой дасаж, “том хүний кино” хамтдаа үздэг болжээ. Тэр хоёр боодолтой сүрэл дээр суугаад хамт хоолоо иднэ. Эхлээд нөгөө охин Чүлтэмийн хоолыг гуанзнаас авчирч өгдөг байснаа бие “шалтгаан”-тай болсноос хойш Чүлтэм түүний хоолыг авчирч өгдөг болсон юм. Өдрөөс өдөрт томрох түүний гэдсийг Чүлтэм чихээ тавин чагнахад Нараа их л дуртай түүний чихэнд гэдсээ түлхэж, -Ангаахай юу гэж байна? Жийв жийв гэж байна уу? гэж инээд алдана. -Манай ээж их аманцар гэж байна. -Чамайг юу гэж байна? -Томоотой азарган тахиа гэж байна -Томоотойгоо алд даа. Тогоо шиг гэдэстэй болгочихоод…
Ухаан алдан дурласан Чүлтэм таван жил харвасан сум шиг нисэн өнгөрснийг үл анзаарчээ. Охин нь таван нас хүрч, үйлдвэрт нь нярав хийдэг хадам ээжтэй нь хөтлөлцөн ажил дээр нь ирнэ. Торон тавиуруудаар дүүрэн өрвийсөн шар үстэй дэгдээхэйнүүдийг харж баярлан зөөлөн булцгар гараараа илэх гэж оролдонгоо ” Тахиа шувуу ашигтай даа. Тахианы дэгдээхэй хөөрхөн дөө” гэж хүүхдийн өхөөрдөм хоолойгоор дуулна. Чүлтэмд дэгдээхэй биш охин нь тун эгдүүтэй хөөрхөн санагдана. Өөрөө дэгдээхэй шиг юм байж дэгдээхэй өхөөрдөөд… гэж дотроо улам хайр хүрнэ. Эхнэртээ ч Чүлтэм хосгүй хайртай байлаа. Энэ дэлхийд хайрлан дурласан анхны минь бүсгүй, энэ хорвоог хамтдаа туулах үүрдийн хань минь гэж итгэдэг байсан. Эхнэр нь оройгоор сургуульд явж, овсгоотой сэргэлэн тул удалгүй мэргэжилтнүүдийн орчуулагч хийх боллоо. Мэргэлжилтнүүд гэдэг нь унгарчууд. Оросуудыг дууриагаад монголчууд венгер гэж ярина. Гэр орноосоо хол олон сар жилээр хүний нутагт амьдарч байсан венгерчүүд монгол охид хүүхнүүдээр ёстой “тоглох” шиг болдог байсан билээ. Хотоос хүүхнүүд өөрсдөө ирж, венгерчүүдийн байраар хонон өнжин ирж буцна. Зарим нэг нь жирэмсэн болж, дэгдээхэй шиг шар толгойтой хүүхэд төрүүлнэ. Венгерчүүд монгол хүүхнүүдийг оймсоо сольж байгаа мэт эдэлж хэрэглэнэ. Зарим нэг бүсгүйчүүлд өрөөсөн нийлэг оймс өгөөд дараа ирэхэд нь нөгөө өрөөснийг өгдөг гэдэг яриа ч гарч байлаа. Цагаан бохь, гаатай чихэрний “үнэтэй” явалддаг хүүхнүүд ч байсан гэдэг. Венгерчүүдтэй ойр дотно ажилладаг эхнэрийнх нь тухай янз бүрийн яриа гарахад Чүлтэм эхэндээ тоодоггүй байсан юм. Хамт ажилладаг хүмүүс эхнэр чинь Альфредтэй явалдаад байна. Өчигдөр орой Туулын бургаснаас Эдвардтай гарч явсан гэнэ гэж улиг болтол яриад унатал тэр огт юм боддоггүй байжээ. Нэг удаа ажлаасаа ирэхгүй оройтохоор нь мэргэжилтнүүдийн байранд давхиж очвол эхнэр нь Эдвард хэмээх буржгар шар үстэй венгерийн өрөөнд халаад нөмөрсөн нүцгэн байхад нь олж авчээ.
Эхнэрийнх нь амнаас гадаад архины эхүүн үнэр үнэртэж, Чүлтэмд сугадуулан чирэгдэн явах Нараа “Намайг чи энд орхи. Одоо би чамд хайргүй болсон” гэж согтуурхан агсагнахад ч Чүлтэм биеэ барьсаар гэртээ очжээ. Араас нь хичнээн хөөцөлдөөд ч Нарааг буцааж “байр”-анд нь оруулахад маш хүнд байлаа. Чүлтэм сүүлдээ ажилдаа явахаасаа ч ичдэг болов. Эхнэрийнх тухай хүн бүр дээр доргүй ярьцгаана. Хүний нүүр харж чадахгүй гөлөг шиг гөл гөл гээд ажилдаа явахчээ болно… Тэгтэл хүүхэд нь өвдөв. Хадам ээж нь “Хормойны бузраас болж байгаа юм. Энэ галзуу хүүхнээс болж хүүхэд өвдлөө” гэж бахирна. Охиных нь өвчин маш хүнд байсан тул шинэ жилийн өмнөх үдэш охин нь хүүхдийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт өөд болов. Тэр шөнө уй гашуудаа галзуурах шахсан Чүлтэм хадам ээжтэйгээ Нараатай уулзахаар Эдвардынд очиход дуулж бүжиглэсэн бөөн хүмүүс угтжээ. Охиноо өөд болсныг дуулгахад Нараа тэгтэл хүндээр хүлээж аваагүй ч худал жүжиглэж, мэлхийн нулимс унагажээ. Эдвард амандаа олон юм ярьж хашгичаад байхаар нь Чүлтэм энэ юу гээд байна? гэж асуухад Нараа “Хамаг баярын настр унагаачихлаа. Намайг чамтай хамт зайл” гэж байна гээд муухай орилон Эдвардын нүүрийг маажив… Хүмүүс орилон хашгичиж, шилэн хундага, аяга шаазан тасхийн, толгой эргэмээр дуу шуугиантай байсан тул Чүлтэм хадам ээжийгээ хөтлөн тэднийхээс шалавхан гарч явжээ…Үрээ алдсан Чүлтэм үг ч гарахгүй явахад эргэн тойрон баяр хөөр, оргилуун дарс буудах чимээ… Гэтэл нэг өдөр Нараа чемодантай хувцсаа бариад усан нүдэлсээр орж ирлээ. Яав гэвэл нөгөө толгойгий нь эргүүлсэн Эдвард нутаг буцжээ… Урьдын адил Чүлтэм Нараа хоёрын амьдрал хуучин хэвэндээ орж удалгүй хүүтэй болжээ. Хэдийгээр Эдвард нутаг буцсан ч Нараагийн “галзуу” зан арилж, уйлж унжсан байртай нүд нь хөхөрсөн, санаа алдаж гиюүрсэн нэг л гунигтай амьтан байх болов. Өөрөөсөө урвасан түүнийг Чүлтэм уучилж, урьдын адил хайрлан халамжилж байвч Нараа шиг уй гашууд автсан хүн Шувуун фабрик байтугай Ажилчны дүүрэгт ховор байлаа… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.