“ХҮРГЭН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ
“ХҮРГЭН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ
Өөрөөсөө урвасан түүнийг Чүлтэм уучилж, урьдын адил хайрлан халамжилж байвч Нараа шиг уй гашууд автсан хүн Шувуун фабрик байтугай Ажилчны дүүрэгт ховор байлаа… Хүүгээ яслиас аваад Чүлтэмийг гэртээ ирэхэд үс гэзэг нь сэгсийж, цус гартал нүүр амаа савардуулж маажуулсан хадам ээж нь нус нулимс болчихсон гэртээ ганцаараа сууж байв. Чүлтэмийн сэтгэл нэгэнтээ халиран цалгих мэт болсноо сэтгэлийн давалгаа нь дараагийн далайн усны түрэлтийг хүлээх мэт түр намжих зуур, -Нараа хаачсан бэ? гэж гараас нь зуурсан хүүгээ цочин айж уйлтал сүртэй асуулаа. Хадам эх нь айн ширвээтсэн харцаар хүргэнээ хулганан харж, -Тэнд… ширээн дээр… гэж үгээ салган дөрвөлжлөн эвхсэн захидлыг заав. Чүлтэмийн дотор муухайрч, амьсгал нь давчидлаа. Эхнэр нь түүнд захиа орхиод Унгар руу явжээ. Нараагийн том бичигтэй үсгүүд нүдэн дотор нь томрон жижигрэн эрээлжилнэ… “Уучлаарай. Чүлтэм минь. Би өөрийгөө удирдаж дийлэхээ больжээ. Хэд хоногийн өмнө Эдвард урилга явуулсан. Би хөөцөлдөж байгаад визээ авчихлаа. Өнөөдөр арван цагт Москвагийн онгоцоор Будапешт нислээ. Хүүгээ сайн харж асарч яваарай. Муу ээжид минь хэцүү байгаа… Боломжтой бол ээжийг минь харж хандаж яваарай… Үүрд баяртай. Нараа.” Чүлтэмд хэлэх үг олдсонгүй. Явуулахгүй гэхэд нь ээжтэйгээ ноцолдож, хамаг нүүр амыг нь маажаад явсан Нараатай юугаа ярих билээ. Гэвч Нарааг гэх Чүлтэмийн аугаа хайр унтарч мөхөөгүй аж. Хэзээ нэгэн цагт эргээд ирнэ гэж дотроо өөрийгөө хуурсаар үлджээ… Төмөр замд шинэ ажилчид авч байсан тул Шувуун фабрикт амьтны амны зугаа болж, багтах шингэх газаргүй болсон Чүлтэм их зориг гаргаж, төмөр замд ажилд оров. Хонхор өртөөнд нэг хоёр жил ажиллаад ахлах замчнаар хоёр зуун ердүгээр точка руу хувиарлагдлаа. Гурван жил ажилласныхаа дараа хадам ээжийгээ хүүтэйгээ хамт өөр дээрээ татаж авчрав. Эрүүл агаарт, байгалийн сайханд хүү боргошин өсөж арван нас хүрлээ. Ахлах замчныд суух болсон сургууль төгсч ирсэн намхан нуруутай, алаг нүдтэй, салаа гэзэгтэй охин хадам ээжид нь туслан, хоол унд гэр орных нь ажилд нэмэр болсоор нэг мэдэхэд Чүлтэмд дасаж орхив.
Чүлтэм ч түүнд дорхноо дасав. Тэдний энэ нандин харьцааг хэдийн олж харсан хадам ээж нь Чүлтэмд “Хүү минь чи энэ боломжийг алдаж болохгүй. Энэ охинтой суу. Нас залуу, цус шингэн, ажилтай төрөлтэй, ааш ааль зөөлөн бүсгүй дахиж чамд олдохгүй” гэж байн байн хэлэх тул Чүлтэм Туултай албан ёсоор гэр бүл боллоо. Хоёр жил дараалан охин хүү хоёртой болов. Хадам ээждээ гэр барин өгч, үнээ мал худалдаж авлаа. Уулын нугад ногоо жимс тарьж, орсон гарсан хүн амьтныг дайлсан нутаг усандаа нэр хүндтэй нэг өрх бүл нэмэгдэв. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн баян сайхан нутаг тул танилцсан хүмүүс амралтаараа ирж, тэртэй тэргүй хоосон байдаг байранд амарч буцдаг болсон билээ. Тэгж байнга ирж зочилдог хүмүүсийн нэг бол Пүүжээ ах байсан юм. Амьдрал өөрийнхөө зурсан бүтээлийг нэг л хувь дүрсэлдэг. Чүлтэмийн амьдрал ч өөрийн гэсэн өнгө будаг, гэрэл сүүдэртэй. Чухам амьдралын хатуу төөрөг Чүлтэмийн амьдралын зургийг тун гашуун гунигтай дүрсэлснийг яалтай. Аз жаргалд тэмүүлэх тусам аз харина гээч. Чүлтэмд тийм л хатуу тавиланг бурхан олгожээ. Үйлийн үр гэж ярьдаг даа. Зүтгээд, хичээгээд, хийгээд, бүтээгээд, хайрлаад, өршөөгөөд, мөрөөдөөд, зориод явах тусам чи ингэж байдаг вий гэж занасан мэт зовлонгийн үр хувь тавилангийн зам дээр соёолоод салсангүй. Дадлагын нэг замчин охин санаандгүй усанд уначихжээ. Хаврын үерлэсэн усанд хөөстэй хүрэн ус залгин “Амь авраарай” гэж бачимдан хашгирах охины дууг сонсоод Туул огтоос айлгүй гол руу харайн оржээ. Намхан нуруутай бяцхан биетэй охин Туулын сургуулиа төгсөөд ирсэн тэр л үеийг санагдуулдаг тул тэр охинд Туул их дотно байдаг байсан. Хэдхэн метрийн цаана голын харгиатай хайрга чулуу бөөгнөрсөн намхан газар байдаг тул урсаад тэнд очвол аврагдана гэж Туул сэтгэжээ. Үерийн усанд булгарсан уртаа мод хөвж явааг Туул олж харав. “Наад модноосоо зуур” гэж Туулыг хэлж дуусаагүй байтал голын ёроолыг идсэн гүн цүнхээлд эргэлдэн цовхчсон хүнд мод үндсээрээ Туулын толгойг данхийтэл цохилоо… Мөнөөхөн усанд унасан хөнгөн биетэй охин модны үзүүрээс зуурсан чигээрээ харгиан дээр ирж замчид түүнийг аварсан юм. Харин… Туул амь үрэгджээ.
Туулын цогцcыг хотоос ирсэн авран хамгаалах ангийн цэргүүд уснаас олсон тэр өдөр Чүлтэм хөл дээрээ зогсож чадахгүй гуйвж байлаа. Туултай өнгөрөөсөн хорин жилийн амьдрал нь түүний нүдэнд үерийн улаан хоормог ус болж харагджээ… Гэвч… Гэвч үхсэний хойноос үхдэггүй болохоор Чүлтэм тэр зовлонг тэсч гарсан. Тэсэхгүй байхын аргагүй амьдрал ард байсны учир, хайрлахгүй байхын аргагүй гурван үр нь бүлтэлзэн байсны учир, элж дуусахгүй түүний он жилүүд эргээ идсэн үерийн уснаас их байсны учир тэр зовлонгийн үерийг туулж гарсан. Хорвоо гэдэг чинь хоёр баганы нэгийг урсгаад авч явсан ч үлдсэн нэгэнд нь дандаа өгөөмөр загнадаггүй. Тэр л учралаар хорин хоёртой хүүгийнх нь амийг бас нэхэж авсан билээ. Нараагаас үлдсэн хайрын “амь” тасрах тэрхэн эгшинд Чүлтэм ч биш энэ хорвоод өөрийн лай ланчгийг туулж яваа нэгэн эх бас хэлмэгдсэн. Тэр бол Нараагийн ээж, Чүлтэмийн хадам ээж. Заяа нь хаясан, задгай амтай, завхарсан явдалтай охиноосоо болж энэ эх хорвоогийн мухарт өөрийгөө цөлж, учрах ёсгүй зовлонтой учирч, уулзах ёсгүй амьдралтайгаа эвлэрч, нуруу нь бөгтийсөн ч тэнийлгэж, нулимсаа хаттал шаналсан эх. Төрөх үхэхийн хооронд будилж төөрсөн амьдрал дунд бууриа сэлгэж, бусдын хоолыг хороож, өртэй юм шиг, өстэй юм шиг өрөөл бусдын амьдралаар амьдарч яваа буурай. Зээ хүүгийнхээ зургийн өмнө зул асаах тэр гашуудалт өдөр хөөрхий хөгшин муухай орилон ухаан алдан унаснаас хойш сэтгэлийн там нь сэдэрч, солиорсон билээ. Хот суурины эмнэлэг бараадаж, эмч домчоор бишгүй явсан ч хөгшний өвчнийг эдгээж дийлээгүй юм. Үйлтэй хадам ээж, үйлтэй хүргэн хүү хоёр эмнэлгээс гараад ахиад амьдрах гэж холын хөх уулсыг зорин галт тэргэнд суужээ. Зовлон “зодуулсан” эмгэн тэгэхээс тэгэх гэсэн мэт зовлого нь хөнгөрч, үнээ тугалаа хариулан, сүү саалиа нэг юм хүний гар харахгүй борлуулна. Хааяа эмгэний зовхи нь унжиж, зовлон хурсан нүд нь догширч, бух шиг улаанаараа эргэлдэх нь аймшигтай. Үс гэзгээ ч арчлахгүй, хувцас хунараа ч тордохгүй хайш яйш өмссөн нь өөрийгөө зөнд нь хаясны илэрхийлэл гэлтэй. Хүргэн хүү нь хааяа ус цасанд оруулж, дээл хувцсыг нь сольж өгөхөөс биш эдгэшгүй өвчинд баригдаж, ухаан санаа нь самуурсан түүнтэй хэн ч харьцахгүй, хэн ч хүн гэж харахгүй.
Зөвхөн хүргэн Чүлтэм түүнийг өөрийн хүүхэд шиг бөөцийлж асарна. Точкын ажилчид бүгд эмгэнийг мэдэх тул түүнтэй энгийн харьцана. Зарим залуус эрхлүүлээд байгаа юмуу элдэвлээд байгаа юмуу дэргэдээ ирэхэд “Жов” гэж нохой шиг дуугарахад Чүлтэм гүйж очоод сүрхий загнаснаас хойш эмгэнээр оролдох нэгэн бээр ч үгүй болжээ. Бригадын дарга их “эрх мэдэлтэй”. Санаанд нь таарахгүй бол дээш нь “матаас” бичээд ажлаас хөөх чадалтай. Гэвч Чүлтэм хэзээ ч тэгж эрх нь байсаар байтал өөрсдөө сайн дураар явахаас нааш хэнийг ч тэгж муугий нь үзээгүй гэдэг. Цагаан сар болно гэж эмгэн мэдэхгүй атлаа Чүлтэмийг идээ таваг засаад ирэхээр гэнэт ойлгосон мэт авдарнаасаа шинэ дээлээ гаргаж өмсөн, хоншоор нь цайсан гутлаа тосолж өгөхийг Чүлтэмээс гуйна. Тэгээд ахмад хүний хувьд Чүлтэм хадам ээжийнхээ дэргэд сууж, хэдэн замчид нь золгохоор орж ирнэ. Эмгэн хүнд “бэлэг” өгөх дуртай. Ойр хавийн нутгийн малчид, ойчид, модчингууд бүгд тэднийхээр золгохоор ирэхэд Чүлтэмийн өгсөн бэлэгнүүдийг хүн бүрт тарааж өгөхөөр хөл дээрээ өндөлзөнө. Чүлтэмийг ажлаар хот руу нэг хоёр хоног яваад ирэхэд эмгэн галт тэрэгний дуугаар гэрийнхээ үүдийг онголзуулан харж, Чүлтэмийг харуулдана. Чүлтэмгүй бол эмгэн байж суух газраа олж ядна. Ямар ч хувь тавилангаар холбогдсон эх үрс гэж ийм байдаг юм бэ гэмээр халуун агаар тэднийг тойрон эргэлддэг. Чүлтэмийн эх эцэг түүнийг багад нь зуурдаар цуван өнгөрсөн болохоор Чүлтэм ухаан самуун хөгшнийг төрсөн эх эцгээсээ дутуугүй өөртөө наалдуулж бодно. Эмгэн ч Чүлтэмийн гарын хүүхэд шиг Чүлтэмийг харахаараа ухаангүй баясч дэгдэн гүйж очно. Хүүхдэд өгч байгаа юм шиг суудлын галт тэрэгнээс авсан чихрээ Чүлтэм ирэх тоолонд нь нэг нэгээр өгнө. Эмгэн өгсөн чихрийг задалж, хүн булаах гэсэн мэт тэр дор нь ам руугаа хийснээ хөлд нь хий орсон мэт дэвхцэн цовхрох нь тэрээр хүний хайраас ангид байгаагүй мэт… Зайлуул, үхэр чихрийн амт мэддэг бил үү дээ… Хөөрөн дэгдээд хөх тэнгэрт одох мэт навсайсан дээлээ салбалзуулаад магнайгаа хагартал баярлана. Хотоос хүмүүс ирэхийг эмгэн мэдэрдэг юм шиг байгаа юм.
Эхлээд холоос хараад ойртож чадахгүй тойрч дөлж явснаа гэртээ байгаа чихэр чавга, ааруул, боов ч юмуу Чүлтэмийн байшинд ороод хүнд өгчих аятайхан харагдах архи дарс байсан ч авч гараад ирсэн хүмүүст аваачаад өгчихдөг ажээ. Нэг удаа Чүлтэм цайгаа чанах гээд цайгаа олдоггүй. Тэгтэл хадам ээж нь засварын ажлаар ирсэн хүмүүст дөнгөж булангий нь эмтэлсэн орос дугуй булантыг аваачаад өгчихсөн байжээ. Энэ удаа эмгэн чамд аваачиж өгдөг юмнууд чинь ийм л учиртай. Магадгүй Чүлтэм гуайн талийгаач эхнэрийн, талийгаач хүүгийн хөрөгний өмнө байсан юмыг эмгэн авч өгснөөс гарцаагүй” гэж Пүүжээ ах яриагаа дуусгав. Би бүр Пүүжээ ахын аманд “орчихсон” сууж байлаа. Тэгээд тэссэнгүй, -Чүлтэм гуай анхны авгайтайгаа дахиж уулзсан бол уу? гэж асуулаа. Пүүжээ ах загасны уургаа янзлах завсар, -Уулзаагүй гэнэ лээ. Олон жилийн өмнө ээжийгээ урихад нь ээж нь хүргэнээ хаяад явахгүй гээд очоогүй гэж ярьдаг. Дараа нь Эдвардаасаа салаад Кенийн нэг африк оюутантай суугаад Африк явснаас хойш сураг тасарсан гэсэн. Чүлтэм гуай ч мундаг хүн чанартай хүн дээ… гэж Чүлтэм гуайг магтав. Бид хэд голын эрэг дээр тулгын гурван чулуун дээр хавчиг тогоогоо тавьж, бадарчин шиг хээрийн цайгаа чаналаа. Пүүжээ ах хоёр оюутны нэгийг очоод эмгэний өгсөн сүүг аваад ир гэж явуулав. Хээрийн амт үнэртсэн сүүтэй цайнаас би огт уусангүй. Хүмүүс яагаад уухгүй байна гэхээр сая би цайгаа уугаад ирсэн гэж хэллээ. Үнэндээ бол эмгэний саасан сүү, эмгэний гараараа барьсан бидон сав гэдгийг мэдээд сэжиглээд уугаагүй сэн. Галзуу хүний өвчин халдана гэж айсан уу, эсвэл хир даг болсон хувцас хунараас нь сэжиглэсэн үү, бүү мэд… Орой ажлаасаа ирсэн Чүлтэм гуай эмгэний “бэлэглэсэн” зүйлийг хайсаар орж ирлээ. Чүлтэм гуай бол зовлон үзсэн хүн гэхэд зовхи нь бөлцийснөөс өөр өтөлж хөгширсөн шинжгүй хүн байх юм. Жаахан шаравтар хүн болохоор царайны өнгө нь тогтуун намбайсан хүн аж. Духан дээрхи ганц хоёр үрчлээг эс тооцвол дөчин тав хүрсэн Пүүжээ ахаас дутах юм алга. Өдөржин нааш цааш явж зам засдаг хүн гэхэд туранхай ч биш юм. Тэрүүхэн тэндээ гэдэс нь бяцхан цүндийсэн, хацар эрүү нь бол булцгардуу хүн.
Бид түүнд хэдэн загас өгөхөд баярлан талархал илэрхийлж -Орой хөгшинд загас шарж өгье. Загасны маханд аягүй дуртай юм… Манай хүү байхдаа загасаар таслахгүй. Би ус цаснаас айгаад битгий гол руу явж бай гэхэд ажилд явсан хойгуур уурга дэгээгээ бариад загасанд явна шүү дээ… Бодоод байхад энд төрж өсөж, энэ голын усыг ууж, умбаж шумбаж өссөн л дөө. Хаана их загас байдаг, хаанаа гүнзгий вэ гэдгийг точно мэднэ. Гэвч ус гэдэг басах юм биш. Ямар сайндаа би хотоос битгий гар гээд сууж байх вэ… гэснээ ширээн дээрхи зүйлийг харж, -Ээж сэтгэцийн жаахан юмтай. Одоо дээрээс нь зөнөх гээд байдаг болж. Бурхны өмнө тавьсан юм байлгахаа байлаа гэж өгүүлэхэд би дагзаа маажаад -Чүлтэм гуай, эмээгийн нас сүүдэр одоо хэд хүрч байна даа? гэж хэрэгт дурлав. -Наян тав зургаа хүрч байгаа байх шүү. Би энэ хөгшинтэй дөчин таван жил хамт амьдарч байна даа гэж хэлээд Чүлтэм гуай уртаар санаа алдлаа. Пүүжээ ах хаанаас ч юм нэг шил “Русская водка” гаргаж ирлээ. Чингээд орос архи харж олзуурхсан Чүлтэм гуайг суухыг уриад, -Чүлтэм гуай энийг танд зориулж гаргасан юм шүү гэхэд Чүлтэм гуай инээмсэглэн, -Орой орж ирэх болгонд та нар надад зориулж нэг юм гаргах юм. Болно доо. Харин та нарыг явахад сүү, тараг өгч явуулъя. Хотод байгаа хоёр хүүхдэдээ ч хоол ундны юм өгч явуулах байх. Би утсаар яриад хүүхдүүд вокзал дээр тосоод авна даа гээд уруулаа шилэмдэв. Утсаар ярина гэснийг өлгөн авсан би ихэд баярлаж, -Чүлтэм гуай, танай утсаар хот руу ярьж болох уу? гэлээ. Чүлтэм гуай дуртай нь аргагүй толгой дохиж, -Тэг дээ хүү минь, Төмөр замын утас болохоор хот руу залгахдаа хотод байгаа манай диспетчерээр дамжуулж залгуулдаг юм гэж хэлэв. Намайг даган хоёр оюутан хот руу ярихаар хамт гара Тэнгэрт одод түгж дэргэдэх модтой уулын оройгоор шинийн саран мэлтийнэ. Төмөр замын точкын гэрэлд Чүлтэм гуайн байшингийн үүдэн дээр нуруугаа бөгтийлгөн нэгэн хүн хог шүүрдэж зогсоно. Ойртон очвол нөгөө “галзуу” эмгэн байх бөгөөд биднийг хармагц харанхуйд орон уулын энгэрт байх гэрийн зүг гүйж одов. “Ухаанаа ч бүр алдсан хүн биш бололтой. Чүлтэм гуайн үүдийг шүүрдээд хөөрхий хөгшин амьхандаа хүргэндээ тусалж байгаа юм байна даа” гэж би тэр зуур бодов… Голын эргээс мэлхийн дуу сонсогдож, голын ус шуугин урсах нь сонсогдоно. Шуугин урсах голын урсгал шиг хүний амьдрал урсана.