“ХҮН ЧАНАРЫН ИНЭЭД” ӨГҮҮЛЛЭГ
“ХҮН ЧАНАРЫН ИНЭЭД” ӨГҮҮЛЛЭГ
НАДМИДЫН МАНДАЛ
Манай ангийн Болд хөлөө гэмтээснээс болоод олон хоног хэвтэж эмчлүүлэхээр болов. Уг нь муухай ч, эл мэдээг сонсоод би баярлалаа. Үймээний эзэн, “Дээрэлхүү Дэндгэр” мөд ирэхгүй нь хэмээн баярласан юм. Тэр том биетэйгээрээ далимдуулан намайг ангийн дарга гэж огт тоодоггүй ганц хүүхэд. Саяхан миний мөрнөөс базаж танихгүй охидын өмнө дүүгүүрдэн зөндөө ичээж билээ. “Уртын харайлтын дүүргийн аваргыг хардаа” гээд л эргүүлээд тохуурхаад байсан. Түүнд гомдох ч багадана! Гэтэл түүний найз “Ганган Шар” мөнгө цуглуулан эргэх тухай санал гаргав. Ангийн даргын хувьд хүүхдүүдийг зохион байгуулах ёстой ч би шууд эсэргүүцэж, “-Тэгснээс кино үзсэн нь дээр” хэмээн хашгирахад бүгд дэмжихгүй хаачих вэ. Тэгж байтал чөлөө аваад явсан багш маань ирэв. Жигтэйхэн баргар царайлсан орж ирээд бидэнтэй мэндэлсэн ч үгүй, “Манай Болд хөлөө тайруулахаар болжээ” гэж гунигтайгаар мэдэгдлээ. Эл гэнэтийн аймшигтай мэдээг сонсоод бүгд надтай ижил дуугарч чадахгүй цочирдон ангид нам гүм болоход багш: -Та нар Болдыг эргэсэн үү? гэж асуун улам цочоов. Тэгтэл ч “Ганган Шар” энэ л асуултыг хүлээж байсан аятай сандлаа шажигнуулан босоод, “-Би эдэнд эргэе гэсэн. Тэгтэл ангийн дарга эргүүлээгүй” гээд суулаа. Багш дуугаа өндөрсгөн: -Үнэн үү, Тэргэл ээ? гэж надаас асуулаа. -Үнэн. -Яагаад? Яагаад тэгсэн юм бэ? Дуугараач!
Чамд хүн чанар байна уу? Эсвэл чи түүнийгээ гээчихээ юу? Багшийг ийн асуухад эртээдийн дүүгүүрдүүлсэн ичгэвэртэй явдал бодогдсон тул өөрийн мэдэлгүй “… тэр… тэр… хонгилд…” хэмээн амандаа бувтнаж эхэлтэл: -Хонгилд оо? Чи хүн чанараа хонгилд гээчихсэн хэрэг үү? гэж гайхаад, “-Гар! Хүн чанараа олоод ир!” гэж тушаалаа. Өөр хүүхэд багшийн энэ тушаалыг ойлгохгүй. Үнэндээ, би ч ойлгоогүй. Гэсэн ч хонгилд гарлаа. Ангиудад хичээл орж байгаа тул хэн ч алга. Би зүүнээс баруун тийш тонгойн алхав. Дараа нь урт хонгилыг алхмаар хэмжиж байгаа аятай баруунаас зүүн тийш зугуухан яваад байлаа. Яалаа гэж сургуулийн модон шалан дээр миний хүн чанар хэвтэж байх билээ дээ? Тэр хүзүүнд зүүсэн гинж, халаасанд хийсэн харандаа шиг сугараад уначихдаг зүйл үү? Үгүй шүү дээ! Тэгээд цонх руу хартал миний гунигтай царай шилэнд тусаж үзэгдэв. Би өөрийнхөө дүрс рүү очоод, “-Чи миний хүн чанар мөн үү? гэж асуулаа. (Зүгээр л тэгсэн хэрэг) Тэгтэл яасан гэж санана? Шилэнд туссан дүрс өөдөөс хачин гомдолтой харснаа: -Мөөн гээд амаа өмөлзүүллээ. -Аан? Чи яагаад энд… -Тэр тухай дараа ярья. Дүрс ингэж хэлмэгцээ уйллаа. “-Би… би… Болдыг өрөвдөж байна. Тэр их зовж байгаа байх.
Эргэж очсон бол баярласандаа эдгэчих хүүхэд шүү дээ…” Хүн чанарыг ийн ээрэн мэгшихэд би: -Тиймээ, эргэх ёстой байсан. Миний буруу гэж арай ядан дуугарав. Хонгил руу ирж яваа хэний ч юм хөлийн чимээ сонсдоход Хүн чанарын уйлах дуу улам чангарлаа. Би зовсондоо шилэнд туссан уйланхай дүрсээ халхлахаар нүүрээ наав. Чингэтэл ч магнай хавьцаа зүггүй эрвэгэнэн нүд бүрэлзэж, хамар шархирлаа. Ам жигтэй өмөлзөн хоолой зангирахад нулимсаа бушуухан шудраад анги руугаа гүйн оров. Багш хичээлээ ярьж байсан ч надаас: -За яав? Хүн чанараа хонгилоос олов уу?” гэж аяархан асуув. -Тийм ээ, багшаа, хичээлээ тараад цөмөөрөө эмнэлэг рүү явцгаая? Ингээд бид Болдын хэвтэж байгаа эмнэлэг рүү гүйцгээсэн юм. Болдтой уулзаж чадаагүй ч эмч нь, “-Түүнд хагалгаа хийнэ, гэхдээ хөлийг нь тайрахгүй” гэж хэллээ. Үүнийг сонсоод зүрх учиргүй булиглахад ам айхавтар том ангайн би өөрийн эрхгүй чангаар инээж хацрыг минь даган нулимс урсав. Тэгэхэд би ХҮН ЧАНАР инээж байна даа гэж таасан. Хүүхдүүд ч яг над шиг амаа ангайгаад нулимстай инээж байсан. Багш өөрөө нулимсаа арчих хэрнээ, “Битгий уйлцгаа… баяртай явдал… битгий уйл” хэмээн бидэнд сануулж байлаа.