“БЭР ГУЙГААГҮЙ Л БОЛ ГЭРТ НЬ ОЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС
“БЭР ГУЙГААГҮЙ Л БОЛ ГЭРТ НЬ ОЧИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ҮҮ…” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Нэг их гайхуулах түүхгүй ч гоморхох зовлонгүй энгийн нэг амьдралынхаа тухай бичих гэж оролдлоо. Ханьдаа үргэлж баярлаж харах бүрт яаж баярлуулж яаж илүү сайхан хайрлах вэ гэж бодож явдаг юм. Миний хань надад л яг зориулагдан ээж нь бүтээж өгсөн мэт тийм сайхан энгийн хэрнээ гүндүүгүй хүн байдаг юмаа. Бид гэрлээд 11 жил болжээ. Гурван сайхан охинтой жирийн айл. Анх 18-хан настай их сургуулийн шинэхэн оюутан болоод удаагүй байхдаа би өөрөө ханийгаа олоод очсон юм. Хичээлийнхээ хажуугаар хийдэг байсан ажилруугаа яаран гүйж байхдаа зам дээрээс түрийвч олж нээгээд үзтэл амьдралдаа харж байгаагүй их мөнгөтэй түрийвч байсанд сандарсан би ажилдаа ч явахаа мартан гайхширч түрийвчин дотор байсан утасны үүрний дугаараар залгатал нэг эмэгтэй авч сандарсан хоолойгоор байна уу гэж билээ.
Би тэгээд олсон түрийвчээ очиж өгөхөөр заасан хаягаар нь очихдоо анх түүнийгээ олж харсан юм. Хаалгаа нээж өгсөн үeийнхээ хүүд дурлах нь холгүй тас гөлөрч ээжид нь түрийвчийн хүлээлгэж өгөөд бас хөөрхөн шагнуулж чихэр жимсээр дайлуулж аваад гэрээс нь гарч байлаа. Яагаад ч юм нэг л өөр нүдний харцтай тэр хүүг дахин харах юмсан гэж дотроо төсөөлж хэрвээ дахиад таарвал инээмсэглээд их гоё харагдах юм шүү гэж хүртэл дотроо өөртөө хэлдэг байв. Нэг орой танихгүй дугаар залгав. Бодож байсан хүн минь. Яг мөн. Тэр надтай ярихдаа дугаар андуурсан болоод үгээ булзааруулаад өнгөрлөө. Гэхдээ би өмнө нь өөрөө залгаж байсан тэр ээжийнх нь дугаар болохыг дорхноо таньсан юм. Унтахаасаа өмнө би өөрөө зориглон Сайн уу гэж анх бичиж зориггүй залуугийн замыг тэгшилж өгч байлаа. Бид хоёр нэг их удаан бичсэнгүй.
Хэдхэн хоноод эхний болзоогоо хийж хоёр дахь болзоо нь гэрт нь ээжид нь хоол хийж өгснөөр үргэлжилж инээдтэй гэмээр хамгийн санаа зовмоор нь нэг сар ч хүрээгүй хугацаанд би оюутны байрнаасаа гараад гэрт нь гүйгээд очиж байлаа. Хүн бүр л ямар хурдан юм бэ. Эмэгтэй хүн ийм байж болохгүй. Гуйгаагүй байхад гэрт нь очлоо. Та хоёр удахгүй дээ гэдэг байв. Бид хоёрын эхлэл ямар ч баггүй ямар ч жүжиглэлтгүй бүх юм нүдэнд харагдаж байгаа шигээ энгийн байдаг байв. Мөнгөгүй бол мөнгөгүй, өлссөн бол өлссөн, хичээх ёстой санагдвал сануулж хэн нэг нь амиа хичээвэл дор нь засаад явдаг байлаа. Биe биeдээ сайн хүн болох гэж, мундаг болох гэж жаахан ухаалаг хөөрхөн байх гэж огт хичээгээгүй. Бүх зүйл яг байгаагаараа. Дараа нь удах тусам 3-р курстээ эхний хүүхдээ олох хүртэл байдал улам л амар бас их хялбар байдаг байлаа.
Амьдраад ирэхээр анхнаасаа нэг нэгэндээ мундаг болж хичээж худалгүй эхлүүлсэн болохоор биe биeнийхээ занг гэнэт таньж шоконд орох, гомдох, уйдах мэдрэмж огт төрж байсангүй. Анхнаасаө их өндөр үнэлүүлчихвэл яваандаа уйдалт, урам хугаралт их хурдан ирдэг юм шиг санагддаг юм. Харин анхнаасаа хэвийн энгийн нам дороос эхлээд цаашлах тусам бөрийгөө илүү мундаг, сайн гэдгийг үйлдлээрээ мэдрүүлбэл амьдрал амттай бас хамт байхдаа нэгнэсээ хэзээ ч уйдахгүй мэт санагддаг юм. 21 насны босгон дээр минь охин минь биднийг зориод ирэх үeд анх удаа тусдаа гарч бүх өрөөгөө түрээслүүлдэг байранд том өрөөг нь түрээслээд орж байв. Түрээсийн мөнгөө өөрсдөө олж харин хоол ундаа ээж аавуудаасаа болгодог байлаа. Төрөхөөр өвдөөд эмнэлэгт ирчихсэн байхдаа гадаа байгаа нөхөртөө илүү санаа зовж яаж хүлээж байгаа бол гэж өвдөхийнхөө хажуугаар бодож хэхэ.
Хамгийн инээдтэй нь төрөх тасгийн гадаа сандарч суухдаа миний нэрийг мартчихсан байсан манай нөхөр. Миний нэрийг дуудаад нөхөр нь байна уу гэхэд манай хүн хажуу талынхаа хүмүүсрүү харж хайгаад нэлээн хэд дуудсан хойно хүүeээ манай эхнэр байнашдээ гээд босч ирсэн гэж байгаа. Хөөрхөн шүү. Бичсэн чинь инээд хүрээд байна. Бид хоёр барагтай л бол маргалдахгүй. Гэхдээ мэдээж үг зөрөх үe гарна. Тэр үeд буруутай нь биш хэн нь илүү тайван байгаа нь гялс буулт хийж өгнө. Тэнгэр дороо л цэлмэнэ. Хардалт хүлээлт хожим үүсч магадгүй гэж би жаахан муу санаалахдаа анхнаасаа бүх найзтай нь их сүрхий харьцаж найзуудтай нь дотно болсон учраас нэг их гарах орох тал дээр асуудал үүсдэггүй . Дөрвөн охинтой баян хүн гээд л хааяа биднийгээ цалингаа буухаар эрхлүүлнэ. Тэгж л эрхлүүлэхгүй бол би цалингаа хэзээ ч эрхэлж наадхад зарцуулахгүй гэдгийг сайн мэднэ.
Эхнэрээ араас нь хоолоо хийж байгааг хараад сууж байх их гоё байдаг гээд л намайг магтчихна. Магтуулсан би хэд хоног тоо нисчихнэ. Аан тийн аавын өдөр гэж манайд байдаг. Бямба гараг аавын өдөр. Энэ өдөр гурван охиндоо цаг гаргах аавын өдөр. Онцгой тохиолдлоор л заримдаа энэ өдрөө алгасах үe бий. Гэхдээ ихэнх тохиолдолд аавын өдөр хэрэгждэг. Би харин хоолоо хийж гэрээ жаахан цэгцлээд өөртөө анхаарна. Бямба гаригт хүүхэдгүй ээж шиг байдаг гэж болно. Охиддоо ямар нэг зүйл хийж өгөх тусам аав нь хариуцлагатай болж дараагийн удаа яах уу юу хийж өгөх үү гэх мэт санаа олох гэж хичээдэг юм шиг байгаа юм. Яахав одоо лизинг гэж нэг том гэр бүлийн урилгагүй зочинтой байгаа ч удахгүй бүгд сайхан болох байхаа. Энгийн л нэг амьдрал гэр бүлээ өөрийнхөөрөө жаахан танилцуулан бичлээ. Уншсан бүх хөөрхөнүүддээ баярлалаа.