“ХҮНИЙ ЭРХЭНД ЖАРГАХААР, ӨӨРИЙН ЭРХЭЭР ЗОВООД Ч ХАМААГҮЙ АМЬДАРНАА” ӨГҮҮЛЛЭГ

“ҮНЭ ЦЭНЭ” ӨГҮҮЛЛЭГ

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Бид эхээс гурвуулаа. Аав ээжээрээ сургуульдаа хүргүүлж, авахуулах хувь заяа дутсан ч хоёр дүүгээ хүнээс дутаахгүй өсгөх хүндхэн үүргийг хүлээгээд хэдийнээ долоон жил болжээ. Бид гурав хоёр өрөө жижигхээн байшинд амьдардаг. Нодлин намар мөнгөний боломж муугаас хашааныхаа талыг айлд зарж хоёр дүүгээ сургуульд оруулсан. Хөрш эгчийн буянаар боломжийн ажилд орж цалин ч овоохон авдаг болов. Нэгэн хүйтэн бороотой өдөр бага дүү минь өндөр халуурч эмнэлэгт дүүгээ сахиж хэд хонолоо. -Миний дүү гэрээс нь эргэлт ирэхгүй юу эмнэлэгийн хоолоор ч хоолшихгүй дээ нялх амьтан манай хэдэн хүүхэд банштай цай хийж авчирч май эндээс дүүдээ өг.

Энэ аяганд чи өөрөө идчих гээд бид хоёрт өгсөн тэр хоол, ээжийн минь хийж өгдөг байсан шиг үнэхээр амттай хоол байв. Бид гуравт инээж хөхрөн аз жаргалтай байх өдөр байвч хүндхэн өдрүүд бас ирнэ ээ. Нагац эгчийнд хааяа очиход нөхөр нь тийм ч сайхан ааштай хүн биш болохоор аяга цай уугаад л хоноод явъя ч гэж хэлж чадалгүй гэрээс нь гардаг. Нэгэн өдөр ажлаасаа эрт чөлөө аван гарч эгчийн зааж өгсөн хаягаар аавыгаа олж уулзахаар явлаа. Танихгүй бол би юу гэж хэлнээ. Намайг бараг мартсан байхдаа ямар ч гэсэн нааштай байвал хоёр дүүг минь өсгөөд өгөөч хэмээн гуйна даа гэж бодон хаягны дагуу олж очлоо.

Нэлээд эргэлзэж зогссоны дараа ортол даанч тэр хүн байсангүй. Хаалгаар орж ирэх хүн бүрийг мөн үү? гэж өндөлзөж харж суусаар бараг хоёр цаг болчихож. Ерөнхий захирлаа энэ охин таньтай уулзъя гэсэн оруулчих уу гэж үүдэн дэх хүүхэн хаалгаар орж ирсэн ширүүн харцтай хүнийг даган гүйх шахам дэргэд нь явна. Намайг ортол: -Ажлын цагаар ирээд уулзчихаж болдоггүй юмуу? Наад цагаа хараач гэж ханан дахь цаг руу заана. Ямар хэргээр явж байна. Би гарах гээд завгүй байна. Хурдал гэж надруу хөмсөгөө зангидан харав. Намайг таньсангүй хэдхэн жилийн өмнө аавын охин гээд эрхлүүлж байсан хүн огт танихгүй хүн болон миний өөдөөс хараад сууж байна.

Би дуугарч ч чадалгүй ангайн зогсож байхад ашгүй утас нь дуугарав. -Өө миний хүү юу? Аав нь одоо очлоо замаараа дайраад авчихъя за хайртай шүү гэсээр утсаа тасаллаа. Хүү гэнэ үү нээрээ ч тийм дээ энэ олон жил болж байхад гэж бодон “охин нь байна аа” гэж хоолой зангируулан хэлээд гараад гүйчихэв. Тэндээс гараад хэчнээн ч хол гүйснээ одоо хэр нь мэддэггүй юм… …Өнөөдрөөс аавтайгаа хамт амьдарнаа явцгаая гэсээр биднийг авч явахаар болов. Ээжтэйгээ өнгөрүүлсэн тэр ариун нандин дурсамж бас төрж өссөн гэрээ орхиод явах надад үнэхээр хэцүү байв. Хоёр дүүгийнхээ ирээдүйг бодоод хэдхэн сарын өмнө зүсийг нь ч хараагүй байсан хүнээ дагаад хэний ч мэдэхгүй тэр амьдрал руу явж байна.

Гэвч миний бодсон шиг биш байлаа. Тавагтай хэдэн боорцогоо орондоо авч ороод зурагт үзэн эрх дураараа хэвтэх дүү нар минь босч суухаа хүртэл хүнээр заалгана. Хойд ээжийн гар харж, бүхнийг өөрийнхөө дураар хийх гэж зүтгэх хүүхдийн зан нь заримдаа үнэхээр тэвчээр алдмаар. Нэгэн өдөр ажлаа тараад дүү нарынхаа дуртай жимсийг аваад ортол бүгдээрээ унтацгааж байв. Бага дүүгийнхээ хажуугаар ороод хэвттэл баруун гар нь хөхөрсөн байв. Би айж сандран дүүгээ сэрээгээд асуувал Төгөлдөрийн тоглоомноос зөвшөөрөлгүй авч тоглосон гээд аав цохисон гэж намайг хараад уйлав. Хэдхэн төгрөгний үнэтэй тэр тоглоом төрсөн хүүхдийнх нь биенээс үнэтэй юм гэж үү?

Хэдхэн төгрөгний үнэтэй тэр тоглоом төрсөн хүүхдийнх нь биенээс үнэтэй юм гэж үү? Хэмээн бодоод хоёр дүүгээ хувцаслан хамаг юмаа аваад тэдний гэрийг үүрд орхин явлаа. Автобусны буудал руу дүү нараа хөтлөөд явж байхад өмнөөс шуурах цасан шуурга, биднийг гарч байхад харсаар байж явуулж байгаа төрсөн эцгийн царай хоёрт гомдон нулимс урссаар байв. Хэзээд ирэхэд биднийг хүлээж байх умгар байшин минь цоожлоод явсан яг тэр чигтээ байх ба ороод ирэхэд улам ч дулаахан болчихсон мэт санагдав. Хойморт өлгөөтэй байх ээжийн минь зураг хүртэл биднийг ирсэнд баярлаад мишээж байх шиг санагдана. Хамгийн үнэ цэнэтэй зүйлс минь энд л байж…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!