“ХҮНИЙ НУТГИЙН ХҮРГЭН” ӨГҮҮЛЛЭГ

“ХҮНИЙ НУТГИЙН ХҮРГЭН” ӨГҮҮЛЛЭГ

ЭРХЭМБАЯРЫН МИЕЭГОМБО

Хуушуур бууз банштай цай, хуушуур бууз банштай цай цуйван байна гэж чарлах нь голын дуугаараа бахиран хоолойны хөвчөө таслах нь уу гэлтэй сонсогдовч, хайрцагтай хоолоо дааж ядсан томдсон бөгөөд халтартаад хүн шижиглэхээр болсон цагаан халаттай жаал хүүгийн хувьд зүгээр л нэг дууных нь өнгө юм. Тэрийг харсан нэг хархүү өрөвдөж гадна өнгөндөө хөөе нааш ир хоол идье гэж өөрт байгаа ганц бүдүүн том эрхтэн болох хоолойгоороо хүчтэй биш ч хүржигнэн зандрангуй дуугарсан ч сэтгэлдээ өрөвдөн энэ хүүгээс л хоол иднэ гэж шийдсэн нь хүүг харах харцнаас мэдрэгдэнэ. Харахад бор, шүргэхэд шөрмөслөг, крошонкон малгай дагзан дээрээ тохсон, Монгол гээд уйгаржингаар бичсэн цагаан футболка өмсөөд, десантын ногоон шорт, хар сандайл углачихсан хоолой нь хүдэртээд дуулдаг байрын аль нэг говийн хар хүн гэлтэй нас дээр гарсан хүн харвал жаахан банди гэж голохоор харагдана. Түүний хоол идье ээ гэж хэлэхийг нь сонссон хойх нь явсан шаламгай, шазаганасан хүүхэн хүүгийн өмнүүр өрсөж ирэхэд бор залуу тун дургүйцэж та бишээ тэр банди гэж өмөөрөнгүй өчнө, эгч хүүхэн бантсандаа ядруу хүүгийн толгойг элэх төдий хүрчихээд худал инээмсэглээд сөөнгөтсөн хоолойгоор хашгиран цааш цогиуллаа. Би тэр залуугаас насаар дүү гэдгээ өмнө нь өөрт тохиолдож байсан багагүй туршлагаараа мэдэж байхад говийн бор залуу намайг та гэж гуайлж хаа нэг эгшин тааруулж элдэвийг сонирхон асуулт асууна, асуусан асуултнаас нь сонжиход анх удаа манай нутаг тэр тусмаа хангай газар зорьж байгаа юмсанжээ. Хоолоо сонгож аваад хүүд арван цаас өгчихөөд хариултаа авахаасаа өмнө гурил голдуу цуйвангаас хурдлан сэрээдэх нь амьдралын төлөө өөрийн хүчээр тэмцэж буй энгийнээс энгийн залуу. Микроны халтартаад булан хэсэгтээ шавартсан цонхны цаанаас мойнож махирсан хурууг нь харахад сайртсан юм уу гэж болох ч барилгын шаврыг мөч, мөрөө унжтал зөөгөөд хагарсан нь тэр аж.

Зуны адаг сар ч гэлээ эд зундаа байгаагүйгээр нар шарж бараан микроны кабинд суухын эцэсгүй болгож өөрийн эрхгүй хараал тавин гарч зогсоход хүргэв. Уйдаж байна гэж жигтэйхэн Нарантуул дээр нутгаас ирсэн ганц унаа нь болон зогсож үзээгүй болоод тэр биз, уг нь бол манай микроны ах нараас нэг нь ч атугай байвал мар мар хийгээд цаг хурдан өнгөрөөд аятай байдаг ч, нас залуу цус шингэн дөнгөж хүн зөөгөөд энэ зуныг авч буй надад зорчигч хүнээ өрсүүлээд бас л бэрх шүү. Хүн дүүрэх болоогүй байхад энэ муу бор залуу л юм мэдэхгүйдээ өглөөний цайгаа ч уулгүй эртээ ирээд хамтдаа наранд шарагдаж байгаа нь энэ. Манай нутгийн хот хоорондын тээврийн зогсоолын хажууд барилгын суурь хундам яг найзладаг энэ нь жолооч ах нарын маань хоёр дахь суудал болсон билээ. Бүгд дотроо чимээгүйхэн хүнээ булаацалдан ярайтал элдэв сэг хайсан тас шиг сууцгаадагсан хана хүртэл чихтэй гэдэг шиг энэ хундам ч тэнд болсон олон хуйвалдааны гэрч нь юм. Чамд хэдэн хүн байгаа юм, надад тэд байна, тэрэнд тэд байгаа гэсэн, чи тэрийг авчихсан биздээ, тэр п*здаа надад суудаггүй сонин п*здаа, өнөөдөр ах нь гаръя хүнээ надад өгнө шүү гэх мэтээр хэрүүл маргаан хөгжил цэнгэл дүүрэн, тэр дундаас хамгийн сайхан нь бүгд хөдөөний хээгүй гүндүүгүй харчуул ч гэсэн үүргээ ухамсарласан хүмүүс гэдэг нь хар дарсыг цээрлэж байгаагаас нь даруй тод харагддагсан. Хуучин муу хундам дээр суугаад бүх ухаанаа цуйвандаа өгч буй залуугийн хажууд үг дуугүйгээр очиж суусанд гэнэт зог тусан амаа арчаад та идэх үү гэж махгүй шахам гурил дохилоо, би ч шижиг цээр байхгүй, голж шилдэггүй ч үнэндээ хоол идэх хүсэлгүй байсан тул өө үгүй сая юм идсэн гэж итгэлтэй өгүүлчихээд ямар нэгэн буруу сэтгэгдэл төрүүлчихээгүй байгаа гэж зовно. Нөгөө хоолны жаал хүү залууд жаахан сарвуугаараа цаасан аяганд цай дүүргэн барихад ам гар хоёр нь завгүй залуу, хүүгийн гар нь цайндаа халаад алдаж асгахын даваан дээр шүүрч авлаа

Мань жаал тэрийг модны өлөн өргөс орохын чинээ тоосон шинжгүй баярлалаа агаа гээд цааш эвлэгхээн бахирч ачаагаа дааж ядсан жингийн тэмээ шиг алхалж гарав. Хэн хаана энэ хоолнуудыг хийгээд энэ хүүгээр зөөлгөдөгийг чөтгөр л мэдэх байх тийм байхад мань эр зүгээр л өрөвч сэтгэлээр хандаж хүүд багахан ч гэсэн хөрөнгө оруулна, энэ үйлдлийг нь ажихад өөрөө ийм амьдралд өссөн байж магад ч юм шиг. Ардын амьдрал үнэндээ бараан төр засаг нь тогтворгүй байгаа нь Нарантуулын хашааны буланд найркаандаа тас үсэрсэн хөгшин, түүнийг хэнэг ч үгүй пид пид хийтэл элэг бөөрлүү нь өшигчиж буй залуухан ахлах ахлагч хоёроос л илхэн… …Монхор микрондоо тооцооны хүн нь багтахаа больмогц тооцоонд байхгүй байсан говийн бор залуу доод ангийн сурагч байсан залуу хоёрт нугасандаа суудал засч өглөө, цаг милээдгүй хэвийж микроны минь зүүн талын цонхнуудад нэгэнтээ нар тусахааргүй болж тэр өдрийн хурц наран баруун хойно холын холд үзэгдэх өндөр хайрхантай хаяа нийлжээ. Аян замын ерөөлөө амандаа нэг айлдаад, арван таван хүнийг арай хийн ардаа багтаагаад сэтгэл амар сэнгэнэтэл дуу аялан явж л байвал жолооч бидний хувьд хуй салхи, хүйтэн шуурга, үер устай байсан ч нар хур тэгширсэн налгар сайхан өдөр нь болдог билээ. Хуучин муу утсаа халтар гарнаасаа хором ч салгалгүй тачигнатал мессеж бичин нугасны хатуу суудлыг огтхон ч ажирахгүй яваа даруухан залууг бодоход үнэхээр бахдалтай харин нус царайлан нальчиганан бууж сууж, донслохын төдий эрүү өвдөг нь нийлсэн эмгэн өвгөн шиг ёолж яваа нутгийн залууг нугасан дундуур нь тас тохойлдчихмоор санагдана. Өөдөөс нь эгцлэн суугаа арван жилийн сургуулийн ахмад багш хэний хүүхэд үү хүүхээ гэж сонирхон асуухад ичингүйрэн аниа би танай нутаг биш ээ айлд очих гэж явна гэтэл хижээл насны шогч авгай ааан шинэ хүргэн байх нь гэж голыг нь олон хэлж орхилоо мань залуугийн хүүхэд шиг ичиж байгааг яана.

Миний суудлын яг ард хажуулдаж нэг, хойш нэг харан суусан болохоор хов базахын дайны яриагаар миний нойрыг сэргээн явна, кабинд уянгалах зохиолын дуунуудыг алгасалгүй хамт аялан явахад нь өөрийн эрхгүй зүүн хоолойтойгоо умартан хоолой салган солгойрч онигоогоо чирнэ, хөгжимний дуугаа жаахан суллан сайхан дуулах юмаа аль нутаг уу хө гэсэнд Дорноговийн Мандах гэж тун чиг бахархалтайгаар хэлээд үргэлжлүүлэн нүдээ анин толгой хаялаж сэтгэлээсээ хайрын дууг амандаа сулхан аялах нь гэргий болох бүсгүй дээ дэндүү хайртайгийнх магадгүй бас тэрэндээ яарч нутаг усаадаа гүйж буй хөл нь хөнгөрсөн үрээ шиг байгаа биздээ гэж би санана. Хангай газрын харанхуй шөнө нь хүртэл үзэсгэлэнтэй хаана ч явсан гэгээ татмаар тод, цэнхэртэн харагдах өндөр уулс, хэдэн бээрээс ч хамаагүй урсгалын чимээ нь сонстох гол горхины сайхан, холын зам нь хүртэл хурдан барагддагийг алмайран явсан залууг хөгшин авгай, нойрмоглон яваа бид хоёроос өөр хэн ч ойшоосонгүй ам нээж мэндлэн холын аянд хань болгох хүн нэг ч үгүй, үнэндээ тэр өмссөн хувцас, барьсан утсаар нь дүгнэсэндээ тэр биз нэмээд халчихсан байвал хажууд нь хүн дөхөж сууж зүрхлэхгүй л байсан байх. Хаа нэгхэн маш дотноор нойр нь зүгээр үү хө гэж асуух нь таалаамжтай бөгөөд сэтгэлээсээ санагдана. Сумын төвийн барааг хойноосоо харахад гэрэл гэгээ мундахгүй их, Мандах сумынх нь дэргэд малийтал харагдаж байгаадаа гэж бодож явтал урд хороо болон дээд хорооны гудамжны гэрэл унтраалттай байгаа нь харамсал төрүүлж байв. Хойд хороо буюу Сансар хорооллоос эхлэн хүнээ буулгах үед говийн бор залуу май хө манай найз охинтой ярьдаа гэж утсаа өгөөд бид хоёрын яриаг амьсгаа даран чагнана. Цээлхэн хоолойтой бүсгүй хүн намайг таньдаг аятай аан Цэнд үү? сайн явж байна уу манай хүнийг доод гудамны үзүүрийн Борлог ахын дэлгүүр дээр буулгаад өгөөч би тэнд байж байя гэж эелдэгхэн хэлээд найз залуутайгаа эргэн ярилаа.

Хойноосоо эхэлж буулгаж эхэлтэл хоёр дахь хүн нь болон буухаар болж нөгөө болзсон дэлгүүрийнх нь үүдэнд ирээд микрон дээрээ гаран том хэр нь хүнд чемоданыг нь буулгаж зогстол чемодан нь газарт буухын хооронд цахилгаан нь задарч хэд хэдэн шилтэй үнэтэй архинууд, таван килограмм татахуйц олон төрлийн том чихэрнүүд, шар тор дүүрэн боов боорцог газар уналаа тэгж бүтэлгүйтэхтэй зэрэгцээд хоёр насаар эгч хойноосоо залуучуудыг их гуйлгуулж, гүйлгүүлдэг байсан сурлага сайт, хүмүүжил өндөр Хүрэн Болдоо гэх нягт нямбай айлын дунд охин мишээсээр айсуй. Найз охинтойгоо энэ зундаа уулзаагүй нь мэдэгдэж байвч буйр зааж нялуурсангүй хацар дээр нь нэг үнсэж байгаа харагдана бас л айж ичихээ мэддэг мэдрэмжтэй залуу юм гэсэн сэдэл өөрийн эрхгүй төрүүллээ, харин найз охин нь нүднээс гарсан бор залуугаасаа зовсон шинж ер алга харин ч нүдэнд нь гал гийж ээж аавдаа хурдан танилцуулах хүсэл нь найз залуугаа амтлахыг хүсч буй хүслээс нь илт давуу байгаа нь асгаж цутгасан юмыг нь маш цэвэрхэн янзалз хийж байгаагаас харагдаж байв. Хамаг цалингаараа хадамлачихаж дээ хөөрхий гэж миний өрөвдсөн гэж мэхгүй. Хуучны гэмгүй танил бүсгүйтэйгээ мэнд мэдчихээд танай хүнийг эсэн мэнд эрүүл саруул шинэ нутаг хадам аав ээж хайртай гүнжтэй нь уулзууллаа шүү гэж их хэлэмгий хэлсэн ч нутгийн сайхан бүсгүйгээ голдоо ортол харамлаж билээ. Яг харамласан уу гэвэл бас үгүй, ийм юмтай нийлчих гэж бодсондоо болон энэ залууд атаархсандаа тэр л дээ. Ахмад багш Цэмпалмаа гуай ч энэ нэг эцэж цуцсан, хамуурсан даага шиг хархүү чинь гайгүй сайхан айлд хүргэн орж байна шүү шаггүй л эр юмдаа гэж хэлсэн нь надад арчаагүй амьтан гэж хэлж байгаа ч юм шиг санагдана. Эр хүнийг дагуулж яваа бүсгүйгээр нь дүгнэдэг гэж үнэн бол бас л нээрэн догь эр баймаар.

Та хоёр хот явахаараа ямар ч байсан надруу эхлээд залгаарай гэж хэлж дугаараа үлдээчихээд бусад зорчигчидоо буулгахаар хөдлөхдөө хос хоёрын яриаг хальт сонсоход хувцаснууд энэ байна хаана солих уу гэх нь гайхшил төрүүлсэн ч сүртэй зүйл мэт бодогдсонгүй одоо манайх биздээ гэж сануулах эгчийн ярианд сатаарав. Энэ явдалаас хойш хагас сар гаран өнгөрч үл таних дугаараас дуудлага ирсэн нь говийн бор залуу баргил хоолойгоор юу байна даа гэх нь хотруу явах хүн хайж яваа надад их чимэгтэй сонсогдлоо найз охин бид хоёр явнаа хө гарах дөхөхөөрөө хэлээрэй гээд харилцуураа таслав. Хот гарах дөхөөд гэрээс нь очиж авсанд говийн залууд хангай нутаг зохиж ээ махлаж өнгө ороод, цайрч зүс ороод найз охин хадмууддаа багагүй бордуулсан харагдана, өмссөн хувцас нь хүртэл юун тэр захын хундаман дээр цуйван цохиод сууж байсан залуу дахин дахин ажихад л хаанаас ирсэн залуу вэ гэмээр л, мөн эрдэмтэй хүн даруу гэдэг шиг Онон мөрөн адил нэг л дөлгөөхөн. Тэр хоёр хамгийн эрт залгасан нь байсан болохоор нь урд суудалдаа аваад замдаа гарлаа тэр үед найз охин нь мань залуугийн талаар буруу сэтгэгдэлтэй байсан надад жаахан хачиртай ч чин үнэнийг өгүүлсэн юм. Манай хүн чинь сая хавар сургуулиа төгссөн ШУТИС-ийн барилгын инженерийг бараг л улаан дипломтой их сургуульдаа магистарт сурангаа багшлах урилгатай төгссөн шдээ сая зун практик туршлага, дадлага хэрэгтэй гэж зөрүүдэлсээр байгаад ахынхаа компаны барилга дээр бүр тэгээд барилгын туслах гурван сар хийж тэнэгтээд би ч сүүлдээ ирүүлэх гэж хамаг аргаа бараад сүүлдээ бараг чамаас саллаа гэж айлгаж байж ажил дээрээс нь шууд ирүүлж байгаа юмдаа. Надгүйгээр бүүр царай зүсээ алдаад, хувцас хунар гэж өрөвдмөөр юм ирсэн биздээ чи гэж найз залуугаа нэг үнсэн одоо хичээл чинь эхэллээ шинэхэн багш минь амралтгүй ажилласан ядарна даа гэж хэлээд бахархалтайгаар жавхалзлаа. Энэ үед мань залуу юу ч дуугарсангүй нүдний булангаараа ширвэсэн надад зүгээр л хөнгөхөн мишээж үзэгдэнэ. Төгсөв 2016.04.19 “ЦАЙ УУХ ЗУУР” БҮЛГЭМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!