“ХҮНИЙ НУТГИЙН ТЭР” ӨГҮҮЛЛЭГ

“ХҮНИЙ НУТГИЙН ТЭР” ӨГҮҮЛЛЭГ

Г.БОЛОРМАА

“Тивийн хязгаараас ч гэсэн чамайгаа би олно доо” гэж хааяахан халамцуухан ирчихээд Дэнсмаа эгчийг хүзүүгээр нь тэвэрч авах гэж эргүүлдэж зовоодог нэгэн ах бидний багад манай суманд байлаа. Бодоход зориг чангарсан үедээ л тэгж аархдаг байсан биз. Сумын эмнэлэгт сувилагчаар ажилладаг Дэнсмаа эгч тогтворгүй алаг нүдтэй, зэгзгэр нарийхан биетэй, сайхан бүсгүй л дээ. Түүний аав нь нэлээд хахир хатуу зантай. Олон таван үггүй атал харц ширүүн болохоор манай хорооллынхон түүнээс их эмээнэ. Тэр ах Дэнсмаа эгчийг гэрээс нь биднээр дуудуулна. Дэнсмаа эгч харин “Намайг байхгүй байна гээд хэлчих” гэнэ. Хамар хашааны Долгор бүсгүй “Дэнсмаа Галхүүг харахаараа нүдэнд нь юм орчихсон шиг л тургих дөхөх юм аа. Ийм зүс царайтай залуу уйлж дуулаад ирж байхад сэвэлзээд л. Үүнээс өөр ямар залуу олж суух гэсэн юм бол, хм… Бидний үеийнхэн дотроо Галхүү царайлаг, биерхэг, юм, юм нь тэгшхэн залуу шүү” гэж атаархахад нь Долгорын ээж болох бүдүүн бор авгай: -Дэнсмаа багын л их хэрсүү. Дотроо өөр бодолтой байгаа вий, хошуу дэвсээд ирсэнтэй ч тийм амархан нийлчихдэггүй байхаа. Ухаалаг эмэгтэй уруул нь жимийлттэй” гэхэд Долгор дуугүй болчихож билээ. Сумын нэгдэлд эдийн засагч ажилтай, Галхүү гэх энэ эр Дэнсмаа эгчийг ажлаасаа оройтсон өдөр дөхүүлж ирнэ. Нэг өдөр ирэхдээ “Дэнсмаа чи надтай хоёр үг солихгүй юм уу, ярих юм байна” гэвэл, “Чи бид хоёр юу ярих вэ дээ, энэ хавийн хүмүүс хараад байна шүү дээ” гэчихээд зэгс зэгс алхаад хашаа руугаа орчихож билээ.

Галхүү ах хашааны банзны завсраар араас нь харж зогсохдоо гүн санаа алдаад, аажуухан алхсаар холдон явсан юм. Энэ хүн хичнээн ч удаа хөтөл давсан нарийхан жимээр газар ширтэн гэлдэрсэн билээ дээ.Манай суманд үе үехэн шуугиан дэгдээдэг нэг хүн ирж гэнэ ээ. Баруун хороололд “Планета-3”-тай залуу хаазыг нь эцэст тулган гяануулан, бараан утаа суунаглуулан давхиж одоход хэн хүнгүй л сонирхож, “Бадарчийн ганц хүү, эрхийн тэнэг дээ. Хот хороо яваад овоо томоожсон гэдэг худлаа л юм байна. Бүр xyлигаан болж л дээ. Ээ бурхан минь, аpxи уусан байна” гэж шивэр шивэр ярилцана. Хүүхдүүд хаа холоос гүйцэх л юм шиг гүйлдэн, утаат унааг шохоорхоно.Баруун хороололд цахилгаан хөрөөний дуу мэт гяанаж байсан өнөөх мотоцикльтон, манай хороололд давхиад ирэв. Сумын тодгор Хүрэл, булиа Гэрэл хоёрыг сундалсан харагдана. Өнөөх хотын залуу гэзэг үстэй, живэр сахалтай аж. Тэд манай зүүн хашааны Гончиг ахынд буулаа. Хүүхдүүд бид хашаа өнгийн харж сонжлоо. Гуйвж дайвахгүй ч нүд нь жартийж, завьж нь татвалдах атал, инээмсэглэх нь тийм ч хүйтэн царайтай биш юмсанж. “Хүүхээд, ойр байгаарай хөлчүү улс дайрчих вий дээ” гэж томчууд дуугаа намсган сануулаад өөрсдөө ч харж сонжино. Хэсэг хугацааны дараа өнөөх гийчид ирсний адил хөх утаа саагуулан, давхин одов. Ээлжиндээ гарах гэж үс гэзгээ янзалж байсан Дэнсмаа эгч энэ оройных шиг баяр баясгалантай байхыг би л лав олж хараагүй юм. Толины өмнө өрсөн будаг шунхыг нь сонирхоход, инээмсэглэн, “Гоё байгаа биз, эгч нь хумсыг чинь будаад өгөх үү.

Эр хүн гээд ичээд байна уу, айн” гэж ирээд л, босож, суухдаа амандаа дуу аялаад улам ч үзэмж төгс харагдаж байлаа. Чимээгүй суусан аав нь “Өнөөдөр чиний жижүүрийн ээлж биш биз дээ” гэж хоомойхон асуухад нь Дэнсмаа “Чимэг эгч аймаг яваад ирье. Ээлжээ сольё гэж гуйгаад” гэлээ. Дэнсмаа эгч улаан эмжээртэй, цэнхэр өнгийн торгон тэрлэг өмсөөд хар цүнх үүрэн, ээлжиндээ гарахаар гунхаж өгөв өө.Түүнийг явсны дараа Дэнсмаагийн ээж “Охин минь Бадарч ажаагийн хүүд уг нь сайн л юм шиг. Тэр нь аpxи уудаг, танхай, тэгээд ч газар орноор хэсүүчлээд тэнээд явчихвал яана. Гэхдээ ус нутаг ойр юм даа…” гэвэл Ажаа: -Энэ танхай эр миний охинд хань болохгүй дээ гээд зэрвэс харлаа. Эхнэр нь ихийг эргэцүүлсэндээ нүдээ сүүмийлгэн: -Хүнийг гаднах байдлаар нь яаж харах вэ дээ. Охин өөрөө сайн. -Сайн хүн нь дэргэд нь байж л байна. -Хэн?-Яагаав ээ, Галхүү. -Хн, Хүний нутгийн бурханаас, өөрийн нутгийн чөтгөр дээр гэдэг дээ. Тэр чинь бас л хааяа балгадаг. -Уусан ч учиртай ууна. Миний нүдэнд л лав хазгай гишгэж харагдаж байгаагүй шүү. Үг дуу цөөнтэй. Амиа аваад явчих ухаантай, бас ч гарын дүйтэй. -Аа, мэдэхгүй удам судрыг нь мэдэхгүй хүн шүү дээ. Эхнэр ингэж хэлээд харц шилбүүрдэхэд эр нөхөр дуугаа хураав. Энэ өдрөөс хойш манай хорооллоор Галхүү ах ер ирсэнгүй, түүний тухай яриа ч хүмүүсийн дунд гарсангүй. Харин “Бадарчийн хүү сувилагч Дэнсмаад үнэтэй торго бэлэглэж гэнэ. Ирэх зун ирээд хот руу авч явах юм гэнэ…” гэхчлэн хоёр гурван хоногийн турш сумын клубт “таанз эргэж”, хамаг л амьтны нүд хужирласан тухай дэгстэйхэн шуугиан дэгдээд удалгүй намжлаа.

Өвөл, хавар, дараа нь зун болов. Нэг өдөр хичээлээ тараад харих замдаа нэгдлийн хашаанд хөрөөн дуу хангинах чимээнээр сониучирхан очлоо. Галхүү ах мод хөрөөдөөд завгүй байна. Намайг хараад, хөрөөгөө унтрааж, үртэс болсон хувцсаа гөвөнгөө инээмсэглэж өөдөөс ирэв. Тэгээд хоёул гэрийн сүүдэрт суулаа. Намайг дэргэдээ суулгаж: -Дүү хүү үзэгдэхгүй хаагуур яваад байна? -Хичээл ном гээд л. Удахгүй шалгалтаа өгнө дөө. -За сайн байна. Шалгалтаа сайн өгнө шүү. Чи ном их уншдаг хүүхэд. Хол явах учиртай. -Та юу хийж байна? -Юу л даа. Дэнсмаад нэг тавиур хийж өгнө гээд амлачихсан юм. -Аа, та Дэнсмаа эгчтэй уулзаж байгаа хэвээрээ юу. -Үгүй ээ, үгүй л дээ. Гэхдээ… Ингэхэд томчуудын явдал зургадугаар ангийн бацаанд юуных нь хамаатай юм. Хичээлээ л хий, тоо бодлогоо л бод за. -За за. -Дүүгээ гомдоочихов доо. Ээж минь намайгаа хүний нутагт дагаж ирээд, саяхан бурхан болчихлоо. Дэнсмаа өөр хүнтэй болсон. Надад энэ нутагт сэтгэл хоргодох юмгүй болоод байх шив дээ. Ёстой л ертөнц надаас нүүр буруулсан юм шиг л санагдаад байна. Дэнсмаа эгч чинь миний тухай ярих юм уу? -Үгүй ээ, огт ярьдаггүй. Ахиад Галхүү ах үг дуугарсангүй. Ингээд би нэгдлийн хашаанаас урамгүйхэн гарч алхахдаа “Дэнсмаа эгч удахгүй төрнө” гэж хэлж зүрхлээгүйдээ сэтгэл баахан зовж байлаа… Энэ явдлаас хойш олон жил өнгөрсөн хойно нэгэн зун ээлжийн амралтаа аваад нутагтаа очиход минь өнөөх хашаанаас цахилгаан хөрөөний дуу хангинахад их л танил санагдаж, бушуухан явж очлоо.

Галхүү ах байж байна аа.Тэр нэлээд өтөлсөн ч намайг танилаа. Гэрийн тавилга урлаж байна гээд л баахан хууч хөөрцгөөлөө, бид. Нэгдлийн хашаанд барьсан таван ханатай гэрийг зааж “манайд орооч” гэлээ. Гэрт ормогц Дэнсмаа эгч тас тас инээгээд намайг хүзүүдэн авч үнсэв. Бид эрт хождын явдал хуучилж суутал Галхүү ахын гар утас дуугарч байна. Тэр хүүтэйгээ их удаан ярилаа. Тэгээд дуусангуут инээмсэглэж, “Энэ гар утас, интернэт гэдэг хөгжлийг, өтөлсөн хойноо үзэж байна. Жаахан залуу байхад ингэж хөгжсөн бол ч би энэ Дэнсмааг тоохгүй байх. Болоогүй ээ пээсбүүхийн найзуудаасаа нэгийг нь аваад суучихсаан” гэхэд тэдний хэн ч уурласангүй тас тас инээлдэж “Том хүү биднийг удахгүй Сингапурт аялуулах юм. Тэр тухайгаа л яриад байна” гэж Галхүү ах хэллээ. Би нутгаас буцаж явах замдаа жаахан хүүгээс зориг гаргаж Галхүү ахын өмнөөс Дэнсмаа эгчид хайрын захиа бичсэнээ санаад “гэм хийгээгүй л юм байна” гэж бодож билээ. Нүдэнд нь цөхрөл шингэж, саарал хүрээ татсан Дэнсмаа эгч хүүгээ тэврээд, бүүвэйлж зогсохдоо хөмсөг зангидсан ч, дургүйлхсэнгүй, нэг л горьдлогот харцаар хараад, миний гараас захидлыг авч байсан юм…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!