“ХҮНИЙХ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ХҮНИЙХ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Авгайтай залууд дурлачихаад юугий нь хүнд ярих билээ дээ. Өдрийн цайны цагаар Mөнхжинг ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нэлээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залуу руу залгав. – Өө, өглөөний хүргүүлсэн бүсгүй юу? За, байз, миний машинд тийм юм харагдаагүй дээ. Дахиад үзэх үү? – Зүгээр, зүгээр. Би хүнд баахан төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол мэдээж над руу утасдаж хэлэхгүй яахав дээ. За, баяртай. Энэ нь чи над руу ярихгүй яасан юм бэ, би өдөржин хүлээлээ гэснээс өөрцгүй үг байлаа. – Юун төвөг байхав дээ. Хоёулаа ер нь нэг хоолонд орчих уу? Ингээд л Мөнхжин өгөөшинд нь орж эхэллээ гэж үү? Хүүхэн аргаа өөрчлөн бага зэрэг үнэд орж эхлэв. -3а байз, миний ажил амжих нь уу, үгүй юу? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яахав дээ. – Аль ресторанд орох дуртай вэ? – Таны урьсан газар чинь л оръё. Хүүхэн үүгээрээ “Би чиний хүссэн бүгдийг чинь биелүүлэхэд хэзээд бэлхэн шүү” гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.  – Тэгвэл найман цагт “Модерн номадс”-ын кабинд.  – За, түр баяртай.

Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хашир толгой болохыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсондоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. Хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа. Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлтдэг хар торон цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой. Уyлзалт үнэхээр романтик учрал боллоо. Mөнхжин жижигхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв… Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд л орхих хэрэггэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”-аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг: – Бид хоёр чинь бараг хөршүүд байсан юм байна ш дээ. За баяртай. Сайхан амраарай гээд санаа алдсанаа давхин одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салахаа болив. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив.

Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. Цолмон ч айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй “Кама сутра”-гаас бууж ирсэн хүүхэн мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцсыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодрохыг Цолмон соргог гэгч нь ажиглаад “Гэртээ харьж хувцсаа солилоо” гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгээд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднийхээс гарч байж сэтгэл нь онгойж билээ. Ийнхүү халуун дулаан гал голомтоо нууц цэнгээнийхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой, маргаашнаас нь тавилгатай хөлсний байранд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй хамт угтсан анхны өглөөний тэр хүнийрхлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран, нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатгалан муур шиг л сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартагдав. Хөшиг татах бүрдээ санаа алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь.

Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах болов. Мөнхжингийн эхнэр нь ажлаар ганц сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болохоор тэр салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан л байлаа. Урьд нь авгай, хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа. Ямар ч гэсэн эгзэг нь тэгээд л таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Tэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан.Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдуурсан юм уу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд нь ч анх татагдсан л даа. Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд “Эр хүн. Согоо шиг амьтан дагуулчихаж” гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль, авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадахаасаа салах гэж бөөн юм болов оо.” хэмээн зэмлэцгээх болжээ. Цолмон тэр хоёрын анхны учралын бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийг гэмшил, шаналал зовоож эхлэв.

Хүүхэн ч түүний эхнэрийг эзгүйчлэн, муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ. Tэгсэн мөртөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам л тэр яаж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юм сан хэмээн мөрөөдөх болов. Нэгэн шөнө тэр хоёр хайр дурлалын “нуувчиндаа” уулзан байтал Мөнхжингийн гар утас нь дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасны дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг нь харж байгаа хадам нь ярив бололтой . – Халуураад аа, аавын бүлтүүш үү? Яачихсан юм бол доо? Би гадуур л явна. Одоохон очлоо, ээж ээ гээд залуу ухасхийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад: –Манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночихно биз дээ? гээд түлхүүр ширээн дээр гаргаж тавьчихаад яаран гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлдээ дотроо эхнэр хүүхдээсээ уучлал гуйн залбирч, өөрийнх нь завхай явдлын төлөө тэнгэр бурхан бяцхан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэхэн агшинд сэтгэлээс нь ор тас арчигдсан байлаа.

Tэр түүний тухай бодохыг ч хүссэнгүй. Маргааш ирэх эхнэрээ л хэмжээгүй их санан гансарч байлаа. Таг харанхуй хаврын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүйн зүрх дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч, аз жаргалаар бялхаж байсан тэр өдрүүд нь үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр нь ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө. Тийм ээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. Тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүйтэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь л би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай, хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх нь байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэхэн мөчид тов тодхон ухаарчээ. Тэр хүний аз жаргалаар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хэд хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх …Одоо эзэн нь ирж яваа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!