“ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ АНХНЫ ХАЙР МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“ХЭЗЭЭ Ч МАРТАГДАХГҮЙ АНХНЫ ХАЙР МИНЬ” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

Тэртээх 2005 онруу буцаад 18 настай өөрийнхөө өмнөөс чамдаа захидал бичиж байна. Цаг хугацаагаар аялах боломж хэрэв байдаг бол би шууд 18 насандаа очих байсан. Учир нь тэнд чи байгаа. 18-хан настай тайрмал үстэй, чолктой уруулаа ягаанаа будсан гэнэн хонгор охин нас минь. Юу ч өмссөн хачин гоё зохидог, ямар ч үед үргэлж өөдрөг гэгээлэг байсан цайлган нас минь. Үнэхээр их санаж байна даа. Бид тэр үед их дэлгүүрийн хажууд танилцсан. Улаан цамцтай, цэнхэр Монтана жинсэн өмдтэй цагаан кеттэй үсээ ургуулан хоёр хуваасан хөөрхөн хүү дугуйгаа ганц унуулчих гэж хэлэхэд л хоолойнд нь дурлаж билээ.

Би тэр үед чамайг дагаад хаашаа ч явсан надад бүх зүйл шинэ байж билээ. Бид хамтдаа баранд орж үзсэн, хамтдаа хоёулханаа галт тэргэнд суугаад дундаа нэг кисель , дөрвөн хуушууртай Сэлэнгэ орж байсан, хамтдаа Камертоны тоглолт үзэж уйлж намайг дагаад чи Гала-ийн тоглолт урамгүйхэн үзэж зогссон. Хамтдаа сиропоор үсээ будаж, хамтдаа байрны доор байдаг билляард тоглож найзуудтайгаа уулзахдаа намайг хамт авч очоод миний гүнж гээд зарлахад ичсэндээ өмсөж яваа куртик шигээ улайдаг байсан. Би 18 насаа үнэхээр их санаж байна.

Тэр үед л би аз жаргал гэдгийг мэдэрч чаддаг байж, тэр үед утсандаа гоё шигтгээ нааж байгаа нэгжээрээ 24 цагийн мессеж эрх аван шөнөжин хөнжил дотроо ганцаараа инээн чамтайгаа мессеж бичдэг байсан. Кассетанд дуугаа хурааж, хайрын шүлэг нууцхан бичээд дэвтрээ цоожилдог чамд зориулан 247 ширхэг цаасан шувуу шөнөжин нугалаад бэлэглэж явсан гэнэн хонгор дурламтгай нас минь. Мөнхийн репийн дуунуудыг хамт сонсож, фм рүү гэрийн утаснаасаа залгаж дуу захиалан тэврэлдэн сонсдог байсан дурсамж дүүрэн хүүхэд насны үерхэл минь. Энэ захиагаа чамд зориулан бичсэн ч чамд уншуулах зориг хүрэхгүй дуртай групптээ явууллаа.

Магадгүй хэзээ нэг өдөр чи олоод уншвал намайг таниад хэрэггүй ээ. Хүүхэд насны минь хамгийн сайхан гэгээн үеийг чи чимж өгсөн шүү. Чамайг байхад би догдолдог байж, инээдэг байж, хайрлуулдаг бас санах холдох түр зүүр муудахын хэцүүг ойлгодог байж. Одоо бол 33 нас хүрэх гэж яваа 9 настай хөөрхөн охины ээж. Охиноос минь өөр аз жаргал бэлэглэх хүн үгүй өдөр бүр аpxи уугаад ирдэг заримдаа зүгээр л дуу шүүгүй яг л танихгүй хүмүүс шиг тус тусдаа хараад утсаа оролдоод хэвтдэг нөхөртөө оройн хоолыг нь бэлдэж суугаа эмэгтэй. Хүн өөрчлөгддөггүй юм байнаа.

Хүн өөрчлөгдөхгүй харин өөрийнхөө үнэнтэй хажуудах бүсгүйгээ эвлэрүүлдэг учир өдий олон жил ингээд зүгээр л охиныхоо төлөө энгийн урсгалаар амьдарч явна. Нөхөртөө хайргүй болохын зэрэгцээ харамлах хардах, халамжлах ч мэдрэмж үгүй зүгээр л робот шиг болжээ. Эсрэгээрээ нөхрөөсөө ч бас яг л ийм мэдрэмж хайр гэдгийг мартсан харц л олж хардаг даа. Гэхдээ гэр бүлээ салгахгүй хэрүүл маргаан үүсгэж охиноо зовоохгүй ээ… Зүгээр л миний хүүхэд нас, аз жаргалтай анхны үерхлийн эзэн чамайгаа насан туршдаа нандигнан дурсаж яг л 15 жилийн өмнөх тэр л царай тэр л инээдээр чинь үүрд дурсаж явах болно. Хэзээ ч марташгүй миний 18 нас анхны хайр минь… Намайг хэдийн мартсан надад хайртай байсан хөвгүүнд…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!