“ХУРИМЫН УРИЛГА” ӨГҮҮЛЛЭГ
“ХУРИМЫН УРИЛГА” ӨГҮҮЛЛЭГ
ЦЭ.БАТТУЯА
Амьдралдаа анх удаа хуримын урилга хүлээн авлаа. Илгээгч нь хуучин найз залуу маань байсныг эс тооцвол сайхан мэдрэмж. Урилга хүлээж авмагцаа л юунд ч юм бэ, хачин их догдлон, уужуу амьсгаа ч авч амжилгүй гүйсээр Монгол руу нисэх онгоцонд суув. Хуваарьт суудалдаа тухалмагцаа л сая нэг уртаар амьсгаа авч, таван жил үерхсэний эцэст түүнээс гэрлэх санал хүлээгээд хэрэггүйг ойлгон, эв түнжинтэйгээр хоёр тийш болох санал тавьснаа эргэн дурсав. Тайван байгаа мэт харагдах гэж хэрэндээ л хичээн, байсхийгээд л хоолой засан, хуурамчаар инээмсэглэж байснаа ч санаж байна. Тэр жишүү харж хэсэгхэн бодлогошроод: -Хэрэв чи ингэж шийдсэн бол би юу хэлэх вэ дээ? гэв. Үнэндээ би түүнээс ийм хариулт хүлээгээгүй. Тиймдээ ч “чи үнэхээр итгэлтэй байна уу?” гэсэн харцаар түүний нүд рүү эгцлэн ширтлээ. Харамсалтай нь, тэр огт тээнэгэлзэхгүй байгаа бололтой, нүдээ ч цавчсангүй. -Тийм ээ, би шийдсэн. Хэдхэн хоногийн өмнө олон улсын нүүдлийн театрт ажиллах санал хүлээж авсныг минь чи мэдэж байгаа даа. Тэр саналыг хүлээж авахын тулд сэтгэлийн ачаагаа хөнгөлөх гэсэн юм гэж хэлэхдээ би өөртөө тийм ч итгэлтэй байгаагүй. Гэвч итгэлтэй байгаа мэт дүр эсгэж чадсандаа огтхон ч эргэлздэггүй. -Зөв зөв. Чи мөрөөдлийнхөө ажлыг хийх ёстой гэж хэлэхдээ тэр харин дэндүү өөртөө итгэлтэй харагдсан. Түүний тэр дэндүү итгэлтэй байдал гол зурж, гомдол төрүүлж байсан ч би өнөө л өөрийг минь эсэргүүцэж, үгүйсгэж буй бүхэнд бууж өгдөггүй зангаараа сөрж зогссон юм. -Тийм шүү, миний мөрөөдлийн ажил. Ийм боломж дахиж тохиохгүй ч юм бил үү гэж хэлээд үргэлжлүүлж чадалгүй, хэлээ хазлаа. Үнэндээ цааш нь юу гэж худал хэлэхээ мэдэхгүй байсан хэрэг… Би түүнээс ийм хариу сонсох бэлтгэл ч бас хийгээгүй. Түүний оронд: -Үгүй ээ, би чамаас салмааргүй байна. Чи миний гэргий болоод, дэргэд минь үлдэж болохгүй юм гэж үү? гэсэн тун ч энгийн хоёрхон өгүүлбэр л хүлээсэн. Миний хувьд алтнаас ч үнэтэй тэр хоёрхон өгүүлбэрийн төлөө би мөрөөдлийнхөө ажлаас татгалзаад, түүний дэргэд үүрд үлдэхэд бэлэн байсан.
Даанч хувь тавилан, хайрын минь эзэн хоёр төсөөллөөс минь огт өөр зүг рүү томилолт өгөөд явуулчихсан юм. Миний аз таарахад, Олон улсын нүүдлийн театрын зохиолч гэдэг санаснаас хэд дахин завгүй ажил байсан. Энэ ч утгаараа өнгөрөгч хоёр жилийг би даанч ажралгүй туулсан. Мужаас муж, хотоос хотын хооронд аялж, хүсэл мөрөөдлийнхөө ертөнцөд дураараа сэлгүүцэж, түүнийгээ тайзан дээр жүжиг, шоу үзүүлбэр болон амилуулаад л… Шинэлэг соргог сэрэл мэдрэмжээр дүүрэн хүмүүстэй уулзаж, ярилцаж, өдөр тутам учрах шинэ шинэ адал явдлуудаас хөвөрсөн бодлуудаараа дахин нэг цоо шинэ гариг ертөнцийг бүтээж, цаасан дээр сүндэрлүүлээд л… Түүнтэй хамт өнгөрүүлсэн хайр бялхсан таван жилийг энэ бүхэнтэй харьцуулахад дэндүү үр бүтээлгүй, уйтгартай өдөр хоногууд байсан мэт санагдаж байлаа. Чухамдаа өдөр бүр хайрандаа нялхарч, нялуурч, эрхэлж, элгэмсэж, түүнээсээ дээд зэргийн аз жаргалыг мэдэрсээр байсан ч би тэдгээр жилүүдэд юу ч хийж бүтээсэнгүй. Гэтэл би хоёрхон жилийн дотор хүүрнэл зохиолын дөрвөн ч томоохон бүтээл гараас гаргаж, 80 гаруй шоу тоглолт, 10 гаруй жүжгийн зохиол бичиж амжлаа шүү дээ. Энэ бодол л намайг түүний тухай бодох бодол, санах дурсамжаас минь чөлөөлж байсан юм болов уу. Харин тэр хайр дурлал, албан ажил хоёроо эн тэнцүүхэн авч явдаг өнөө л нягт нямбай зангаараа бүхнийг амжуулжээ. Хэдэн жилийн турш мөрөөдөж тэмүүлсэн урлагийн сургуулиа байгуулж, шавь нарынхаа хамтаар Олон улсын хөгжмийн наадмын гран при шагналыг эх орондоо авчирчээ. Түүгээр ч зогсохгүй, сэтгэл нийлэх бүсгүйгээ олчихсон, хэдхэн хоногийн дараа хуримын тангаргаа өргөх гэж байна. Би гэнэт ирсэн хуримын урилгыг задалж үзмэгцээ л интернэт рүү орж, энэ бүх мэдээллийг олж уншсан. Гэхдээ яагаад ч юм бэ, цочирдож гайхаагүй, харамсаж халаглаагүй. Бүр эсрэгээрээ хачин их догдолчихсон. Чухам юунд ингэтлээ догдлоод байгаагаа өөрөө ч мэдэхгүй юм. Магадгүй, түүн шиг төгс төгөлдөр нэгний гэргий болж буй тэр азтай бүсгүйн өмнөөс л баярлаад байгаа болов уу даа.
Монголд ирснийхээ маргааш үд өнгөрч байхад Баясахтай холбоо барилаа. Тэр нэгэн загварын салон дээр хуримын хувцасныхаа хэмжээг өгч байна гэнэ. Загварын салон дээр очоод залгасан боловч утас нь холбогдсонгүй. Гэвч олж ядаад байх юу байх вэ дээ. Жижүүрээр нь ахлах оёдолчны өрөөг нь заалгаад л яваад очлоо. Тэр өрөөний үүдэнд Баясахын багын найзууд зогсож байв. Тэд намайг хармагцаа л -Хөөх, алдарт зохиолч Долли. Чамайг Баясахын хуримын гэрч болохоор ирнэ гэж ёстой бодсонгүй шүү хэмээн дуу алдацгаав. -Бүгд сайн уу? Ирэлгүй яахав дээ, Хонгорууд минь. -Баясах хувцасныхаа хэмжээг өгч байна. Дараа нь бид хэд орж хэмжээгээ өгөх юм билээ. Ингэхэд чи дан эрчүүдтэй хамт л зогсох нь дээ. -Зүгээр дээ. -Эксийнхээ хуриман дээр сүйт бүсгүйгээс нь дэгжин даашинз өмсөөд зогсож байх учиртай байтал гэрчийн үүрэг гүйцэтгээд эрчүүдийн эгнээнд зогсож байна гэдэг гомдолтой санагдахгүй байна уу? -Дуугүй байгаач. Чамайг хэлсэн, хэлээгүй л тиймхэн байгаа байлгүй. Манай Долли ч угаасаа эршүүд бүсгүй дээ. Иймэрхүү зүйлийг ажрахгүй биз. -Цогтоо, Чи зөв хэллээ. Тэртээ тэргүй та нар намайг Баясахтай үерхэж эхлэхээс өмнө эмэгтэй хүн гэж хардаггүй байсан гээ биз дээ? -Тэр нь ч бас юу юм бэ? Хэдийгээр эрчүүдтэй нөхөрлөж, хамтдаа тамхилж, хамт наргиж, ноцолдохдоо хүртэл ноцолддог байсан ч чи бол бүсгүй хүн шүү дээ. -Би бүсгүй байна уу, бүстэй байна уу, ямар хамаа байх вэ? Хуримынхаа бэлтгэлийн тухай ярилцъя. Ингэхэд гэрчүүд ямар хувцас өмсөх юм бэ? -Тэрийг чамаас л асуух хэрэгтэй байна. -Би та нарт харуулах гээд нэг зураг аваад ирсэн. Би тэдэнд гар утсан дээрээс зураг үзүүлэх санаатай зогстол: -Цогт оо, Долли ирэв үү? гэх танил дуу гарах нь тэр. Би энэ удаа ч мөн огт сандарч тэвдсэнгүй. -Тийм ээ, би энд байна гээд л урагш шулуухан алхлаа. Ганц алхмын зайд ойртож очоод гараа сунгавал Баясах гараас минь чангахан атган татаад, намайг цээжиндээ наан тэврээд, нуруун дээр минь зөөлөн товшин мэндчиллээ. Бид үерхэж эхлэхээсээ өмнө л уулзах бүртээ ингэж мэндчилдэг байсан юм.
Ялгарах зүйл гэвэл, тэр духан дээр минь үнссэнгүй. Баясах гараас минь хөтөлсөөр Ахлах оёдолчны өрөө рүү дагуулж ороод гэрчийн хувцасны хэд хэдэн загвар үзүүллээ. Би ч бусад найзуудтай нь ярилцаж байгаа тун энгийн юм шиг хэрнээ дэгжин загвар сонгож, хэмжээгээ өгөөд гарч ирэв. -Сүйт бүсгүй хаана байна? -Цаг гаруйн дараа энд ирчихнэ ээ. -Тэгвэл тэр хүртэл чи надад цаг гаргах юм байна, тийм үү? -Тэгэлгүй яах вэ… -Ойрхон нэг газар орж, хоол идэнгээ хэсэг хууч хөөрөх үү? -Тэгье. Загварын салоны хаалгаар гарах үедээ л Баясахын нөхдийг биднийг дагаж явааг анзаарлаа. -Хөөе, ингэхэд та нар хаачих гэж байгаа юм? -Бид ч бас хоолонд оръё л доо. -За, ёстой уучлаарай. Баясахыг надтай хамт ганцхан цаг үлдээчихэж болно биз дээ? -Та хоёр хоёулхнаа… -За, Билгүүнээ… битгий олон юм яриарай. Би багын найзыгаа насан туршийнх нь ханьд үүрд тушаахаасаа өмнө ганцхан цаг ашиглачихъя. -Багын найз ч гэж… экс найз залуу чинь биз дээ? -Чи гоншигнодог хэвээрээ л байх шив. Тийм байсандаа ч яах вэ дээ, тэгвэл би экс найз залуутайгаа ганцхан цаг хоёулхнаа хамт байчихъя. Болно биз дээ, эсвэл таниас зөвшөөрөл авах уу? -Билгүүнээгээс биш сүйт бүсгүйгээс нь зөвшөөрөл авсан нь дээр байх аа. -Та нар ер нь эндээ үлдээд, сүйт бүсгүйг нь хүлээж бай. Ирэхээр нь багын найз нь ирээд хамт хоолонд орох гээд явчихлаа гээд хэлчихгүй юу. -Чи ч Баясахтай нийлэхээрээ биднийг жийдэг хэвээрээ л байх шив. -Би энэ залууг оргуулчихгүй дээ… Билгүүн бид хоёр мэтгэлцээд эхлэхээрээ мөддөө өндөрлөдөггүйг мэдэх учир Баясах миний гараас гудхийтэл татаад цааш алхлаа. Найзууд нь ч тамхилсаар хоцров. Баясах бид хоёр ойролцоох рестораны VIP өрөөнд орж, хооллох зууртаа диван дэлхийн сонин хачныг хамж шимэн ярилцсан боловч өөрсдийнхөө тухай бараг л ярьсангүй. Үнэндээ хэн хэн маань асуугаагүй юм. Урьдын л адил халуун дотно яриа, элгэсэг дулаан уур амьсгал бидний дунд оршсоор байгаа нь илт.
Зүрхний минь хэмнэлийг алдагдуулдаг тэр харц, тэр инээмсэглэл, кино, жүжгээс өөр юунд ч төвлөрдөггүй анхаарлыг минь нэлээд удаан хугацаанд тогтоон барьж чаддаг ухаалаг яриа, огт санамсаргүй л нээчихдэг шинэ шинэ нээлтүүд ч яг л хэвээрээ. Хэдийнэ хоёр жил өнгөрсөн ч юу ч өөрчлөгдөөгүй мэт санагдах аж. Гэвч сайн анзаарвал олон зүйл өөрчлөгджээ. Нүд рүү минь эгцлэхийн төдийд хэмнэлээ алдчихдаг зүрх минь түүнээс ямар ч онцгой зүйл мэдрэхээ больчихсон мэт тун тайван, нэгэн хэмнэлээр цохилж байна. Цаг үргэлж дэндүү сонирхолтой, амтлаг санагддаг яриануудад нь анхаарлаа төвлөрүүлж чадаж байгаа ч урьдын адил уулга алдан догдлохгүй байна. Тэр ч бас хааяахан гараас минь чанга атгаж, мөрөн дээр минь зөөлөн алгадаж, нүд рүү минь эгцлэн ширтэх хэрнээ энэ үйлдлүүд ердөө л зуршил болчихсон төдий мэдрэмж төрүүлэх аж. Бид дунд сургуулийн дөрөвдүгээр ангиасаа эхлэн дотно нөхөрлөж, Ахлах ангид ормогцоо л хоёр биен рүүгээ тэвчиж тэсвэрлэхийн аргагүйгээр догдлон тэмүүлж, их сургуулиа төгсмөгцөө л үерхэж эхэлсэн. Таван жил үргэлжилсэн тэр үерхлийн турш бид өдөр бүр уулзаж, аль болох удаан, бүр удаан хамт байхыг хичээж байсан ч бие биенээсээ ганц ч удаа уйдаж байгаагүй. Гэтэл гэв гэнэтхэн л нэг өдөр тэр бүхэнд цэг тавиад, хоёр тийшээ одсон. Түүнээс хойш хоёрхон жил өнгөрөхөд л биднийг холбож байсан тэр их догдлол, тэр их хайр, хүндлэл ор мөргүй алга болчихсон байх гэж… сонин юм аа. Хүний амьдрал үнэхээр тааварлахын аргагүй оньсого юм. Бид ийнхүү ярилцаж суусаар хэдий хэр хугацаа өнгөрснийг ч анзаарсангүй. Хооллож дууссан ч хэд хэдэн удаа уух юм нэмж захиалан, удтал суусан байлаа. Тэгтэл Билгүүнээс дуудлага ирж “Сүйт бүсгүй ирж, хувцасаа өмсөж үзээд яараад явчихлаа” гэж хэлэх нь тэр. Ингээд л би түүний сүйт бүсгүйтэй танилцаж чадалгүй алдчихлаа. Танилцахсан гэж үнэндээ яарсан ч үгүй. Хуримын ёслолын бусад зохион байгуулалтанд ч мөн би сайн дураараа оролцоход бэлэн байсан боловч тэд бүхнийг намайг ирэхээс өмнө нарийн төлөвлөөд бэлтгэчихсэн аж.
Ингээд би гэдэг хүн экс найз залуугаа гэргийд нь хүлээлгэж өгөх тэр өдрийг хүлээх л үлдлээ. Баясах намайг сүйт бүсгүйтэйгээ танилцуулахаар хэд хэдэн удаа цаг товлон болзсон боловч бид яаж ийж байгаад л зөрөлдчихөөд байв. Ингээд л түүний сүйт бүсгүйтэй уулзаж амжаагүй байтал хуримын өдөр болчих нь тэр. Аав маань “Баясахынхаа хуриманд заавал очно” гэж зөрүүдэлсээр дүүг дагуулаад надтай хамт очив. Хүүгийнхээ хуриманд оролцох гэж байгаа аятай л догдолж байгааг нь хараад сэтгэл багахан тавгүйрхсэн ч тэгсгээд л мартаж орхив. Баясах хуримаа миний төсөөлж байснаас цомхон хүрээнд зохион байгуулж байгаа аж. Зочдын дунд миний таньдаг хүмүүс цөөнгүй байсан учир хуримын ёслол эхлэхээс өмнө тэдэнтэй уулзаж мэнд мэдэхээр шийдэн, хувцасаа сольж өмсмөгцөө л гол танхим руу зүглэлээ. Танхимд ормогцоо юун түрүүнд Баясахын аав, ээж хоёрын мэндийг мэдэхээр тэднийг чиглэн алхав. Багаасаа л тэднийхээр орж гарч өссөн ч хүүтэй нь үерхэж эхэлснийхээ дараа би тэдэнтэй уулзахаас бага зэрэг ичингүйрч эмээдэг болчихсон байж билээ. Харин энэ удаа эгээ л төрсөн аав, ээж хоёртоо духаа үнэрлүүлэх гэж байгаа мэт яаран тэмүүлэх нь хачирхалтай ч юм шиг. Садангийнх нь голдуу хүмүүс тэднийг бүгчихээд, зогсоо зайгүй гар барьж, баяр хүргээд байсан учир надад боломж олдохгүй байсаар багагүй хугацаа өнгөрөв. Тэгж тэгж ёслолын хөгжим эгшиглэхтэй зэрэгцээд зочид суудал руугаа зүглэцгээж, би ч боломж олдсон дээр нь золгохоор гар сунгаад, хацраа үнсүүлэхээр урагш бөхийлөө. Тэгтэл хэн нэгэн Баясахын аав Мунтар гуайгаас өрсөөд гарыг минь атгачих нь тэр. Царайг нь олж харж ч амжаагүй байтал тэрхүү бахим мутрын эзэн жижигхэн муу гарыг минь лавхан атгаад цааш эргэлээ. -Хөөе, юу болоод байгаа юм бэ? гээд хашгирчихмаар байсан ч танхим дүүрэн зочдоос санаа зовоод: -Хөөе, яав аа? гэж дуулдах төдий асуулаа. Мөнөөх эр хаалга онгойлгох зууртаа над руу зэрвэс эргэн харахыг нь ажвал Цогтоо аж. Би ч хаалгаар гармагцаа л гараа угзчин татаж: -Хөөе, чи яагаад юм бэ? хэмээн уцаарлав. -Балраад байна аа, балраад байна. Чи дуугүйхэн намайг дагаад яваадах л даа гэж тун сандруухан үглээд, цааш хурдан хурдан алхалсаар байлаа. Гараас минь тавих шинж огт үгүйг мэдмэгцээ би ч алхаагаа хурдасган, түүнтэй зэрэгцэн алхлаа. Бид ёслол болох танхимаас гарч нарийхан урт коридороор амьсгаа дээгүүр алхсаар мухрын өрөөнд оров… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.