“ХУРИМЫН УРИЛГА” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ХУРИМЫН УРИЛГА” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Гараас минь тавих шинж огт үгүйг мэдмэгцээ би ч алхаагаа хурдасган, түүнтэй зэрэгцэн алхлаа. Бид ёслол болох танхимаас гарч нарийхан урт коридороор амьсгаа дээгүүр алхсаар мухрын өрөөнд оров. Тэнд Баясахын хоёр эгч, үеэл дүү нар нэлээд сандарчихсан байдалтай сууж байх бөгөөд намайг хармагцаа л: -Өө ашгүй… чи хүрээд ирэв үү? Чи л одоо бидэнд тусал. Өөр арга алга гээд л бүчээд авах нь тэр. Эгч нар ямар ч тайлбар хэлэлгүйгээр миний өмсөж байсан хослолын товчийг тайлж, үеэлүүд нь буйдан дээр тохож тавьсан гивлүүр болон хуримын даашинзыг барьсаар ойртон ирлээ. -Хүүе ээ, юу болоод байгаа юм бэ? -Алив ээ, хувцасаа хурдан тайлаадах л даа. -Юу?… Юу?… Яах гэж? -Алив гялс хувцасыг нь тайлуулаад хуримын даашинз өмсүүлээдэх. Эгч нарын командлалаар үеэл дүү нар нь ч юу юугүй л миний хувцсыг тайлж шидээд, хуримын даашинз өмсүүлэхээр завдах нь тэр. Би эхэндээ болж буй бүхний учрыг олчих санаатай хичээж байсан боловч сүүлдээ тэвчээр алдлаа. -Боль… больцгоо. Надаас холд. Энд юу болоод байгаа юм бэ? надад тайлбарлаадахаач гээд тэднийг өөрөөсөө холдуулан түлхвэл Баясахын том эгч Баясгалан: -Чамд тайлбарлаад зогсож байх зав алга аа гээд гивлүүрийг толгойд минь углахаар зүтгэв. -Яагаад? Яагаад надад энэ даашинзыг өмсүүлэх гээд байгаа юм бэ? Сүйт бүсгүй хаана байна? -Тээр би та нарт хэлээгүй юу? Тайлбарлахгүй бол болохгүй ээ гэж… за алив, Уянга аа, миний дүү тийшээ гүйгээд ёслолыг хэдэн минутаар хойшлуулж бай гэж хөтлөгчид хэлчихээд ир дээ. -Долгормаа минь… үнэндээ бид балраад байна. Сүйт бүсгүй маань замдаа саатчихаад, ёслолоосоо хоцрох гээд байна. Ямар үүнээс болоод ёслолыг хойшлуулалтай биш дээ. Тиймээс түүнийг ирэх хүртэл энэ хувцасыг өмсөөд, орлоод сууж байх хүн хэрэгтэй байна аа. -Та нар чинь одоо юу яриад байгаа юм бэ? -Санаа зоволтгүй ээ, гивлүүр зүүчих учраас хэн ч анзаарахгүй. Тэгээд л сүйт бүсгүйг ирмэгц намайг эвтэйхэн танхимаас гаргаад хувцсыг нь солиулж өмсгөөд оруулчихна. Тангараг өргөхөөс өмнө амжаад ирчихнэ ээ. Санаа зоволтгүй. -Амжиж ирэхгүй бол яах юм бэ? -Тэгвэл тэгээд чи л Баясахтай гэрлэчихгүй юу? -Юу? -Тоглож байна аа, тоглож байна. Амжаад ирчихнэ дээ. Тангараг өргөхөөс өмнө чи танхимд ороод, Баясахтай зэрэгцээд л сууж байхад болно.

Юу ч хийх шаардлагагүй. Угаасаа хосууд зочдоос нэлээд зайтай сууна. Хэн ч анзаарахгүй. -Яаж ийм юм байж болох юм бэ? Тэр бүсгүй чинь ямар хариуцлагагүй юм бэ? Амьдралдаа ганц тохиох баяраасаа хоцроод байхдаа яах вэ дээ. Түүнийг хурдхан авч ирэх аргаа бодож ол. Би наад даашинзыг чинь өмсөж, тэр бүсгүйг чинь орлож чадахгүй. Саяхан л миний саналыг асуулгүй, тулгаж байсан бүсгүйчүүд цөхөрсөн бололтой, бүгд суудал дээрээ лагхийтэл суугаад өгөв. Тэд шал ширтээд, уртаар санаа алдахаас өөр ямар ч үйлдэл хийсэнгүй. Тэгтэл ч Уянга хаалга тас саван орж ирээд: -Хүүе ээ, одоо болтол хувцаслаагүй байгаа юм уу? Хөтлөгч гурван минутын дараа хосуудыг суудалд нь уриад, ёслолоо эхлүүлнэ гээд байна. Хурдлаач ээ хэмээн бачимдангуй хэллээ. Бүгд мөрөө хавчаад, хариу хэлсэнгүй. Уянга над руу болон эгч, үеэлүүд рүүгээ ээлжлэн ширтээд хаалга алдалсан чигээрээ гацаж орхилоо. Өрөөнд нам гүм ноёлов. Баясахын хоёр эгч болон үеэлүүдийн над руу байсхийгээд л хяламхийхийг эгшин бүрт мэдрээд суух тийм ч амар биш аж. Тэгтэл мөнөөх нам гүм байдлыг эвдэхээр дахин хэн нэгэн айсуй. Нэлээд хүндхэн алхаатай тэр хөлийн чимээ ойртох тусам миний муу зүрх амаараа гарчих шахам түгшиж байлаа. Өнөөх алхаа хаалганд тулж ирээд: -За, сүйт бүсгүйг авахаар ирлээ гэж хэтэрхий танил хоолойгоор хэлэхэд би айснаасаа болоод түүн рүү харж ч зүрхэлсэнгүй. Тэгтэл ч мөнөөх эр байдлыг харж ойлгосон бололтой: -Сүйт бүсгүй яасан бэ? Хаана байна? Хоёр талын аавууд танхимын хоёр хаалган дээр хүлээгээд байна гэж нэлээд бухимдуухан хэлэв. Түүний нэлээд захирангуй дуунаас цочсондоо би гэдэг хүн суудлаасаа ухасхийгээд л бослоо. Гэвч юу хийж, яах учраа олсонгүй. Баясгалан эгч надтай хамт ухасхийн босоод над руу ганц алхсанаа дороо зогсоод: -Батаа минь, энэ бүсгүй зөвшөөрөхгүй байна аа… зөвшөөрөхгүй байгаа хүнд хүчээр хуримын даашинз өмсүүлээд чирээд оруулалттай биш дээ гэж аав, ээждээ тунирхаж буй хүүхэд шиг л гоншигнов. Баясахын том ах Батбаясгалан цэргийн хүний эрс шийдэмгий зангаараа намайг чиглэн алхсаар өмнө минь хүрч ирээд:

-Чи яагаад зөвшөөрөхгүй байгаа юм? гэж шууд тулган асуух нь тэр. -би… нөгөө… юу… юу л даа… гээд ямар нэгэн няцаашгүй тайлбар олоод хэлчих гэж хичээсэн боловч даанч чадсангүй. -Нөгөө юу гэсэн асуудал ерөөсөө байхгүй. Чи тайлбар хэлж чадахгүй байна аа гэдэг зөвшөөрөхгүй байх ёстой шалтаг байхгүйн л шинж. Тиймээс яг одоо хувцасаа өмсөөд намайг дагаад ёслолын танхим руу яваадах. Түүний эрс шийдэмгий энэхүү тушаалыг эсэргүүцэх зориг ч үнэндээ дутлаа. Ингээд л би гэдэг хүн үг дуугүй гар өргөн бууж өгөөд, экс найз залуугийнхаа эгч, үеэлүүдийн тусламжтайгаар хормын төдийд сүйт бүсгүйн дүрд хувилав. Миний мэдэхийн л сүрдэм том бие, сүрлэг бүдүүн хоолойтой, захирангуй аясаар ярьдаг байсан Батбаясгалан ах бол энэ гэр бүлээс надтай хамгийн ойр дотно байдаг хүн. Тэр надтай таарах бүртээ тэвэрч аваад л духан дээр үнэрлэж, халааснаасаа ямар нэгэн нандин зүйл заавал гаргаж өгдөгсөн. Гэтэл тэр энэ удаа намайг үл тоож, санаа бодлыг минь ч асуулгүйгээр шууд тушаал буулгав. Хачирхалтай нь, намайг эсэргүүцэж, үгүйсгэж, захирах гэсэн бүхний өөдөөс мятралгүй тэмцдэг би өөрөө түүнд үг дуугүй захирагдав. Мөнөөх л танил коридороор Батбаясгалан ахын гараас сугадан алхсаар, хэзээ нэгэн цагт ааваасаа ч илүү хайртай байсан залууг минь зүсийг нь үзээгүй бүсгүйтэй үүрд холбох гэж өнөөх танхимын хаалган дээр хүрч ирлээ. Танхимын хаалган дээр Мунтар гуай намайг тосон авч, гараас минь зөөлөн атгаад, суган доогуураа оруулан татаад тохойн дээрээ алгыг минь тэнийлгэн тавиад гараараа хэдэнтээ зөөлөн товшив. Би уг нь хэнээс ч үл хамаарагч, хязгааргүй эрх чөлөөт нэгэн билээ. Гэтэл ингээд л далавчаа тасдуулсан шувуухай шиг бусдын эрхэнд орчих гэж. Тэд энэ бүхнийг надад зүгээр л тулгасан. Хөх тэнгэрт дүүлэн нисэгч шувуухайг хэн нэгэн эзэрхийлэгч зөвшөөрөлгүй барьж, өд сөдийг нь түүж орхиод, торонд хорьчихдогоос ялгаа юу байна аа. Гэвч би бас яагаад энэ бүхнийг эсэргүүцэхгүй байгаа юм бол оо? Эсвэл эсэргүүцэх тэнхэл надад огт байхгүй юм гэж үү?

Ийнхүү өөртэйгөө зөвшилцөж, хариулт олохыг хичээж зогстол өмнөх хаалга алгуурхан нээгдэн, ёслолын хөгжим эгшиглэж, алга нижгэнэсэн том танхим руу би өөрийнхөө хөлийг ч мэдрэлгүй л ороод явчих нь тэр. Эвгүйцсэндээ бүрхэг тэнгэр шиг барайчихсан царайг минь бусдаас бүрэн нууж чадаж байгаа хэдий ч энд болж буй бүхний юугч надаас халхалж чадахгүй торон гивлүүрийн цаанаас орчноо сэм ажихаар шийдэн, зовхио алгуурхан дээш өргөлөө. Даахын аргагүй хүнд бодлуудаасаа болоод хэтэрхий хүндэрчихсэн зовхио арайхийн өргөөд л хамгийн түрүүнд олж харсан зүйл минь гэвч дахиад л намайг цочирдуулав. Цочирдсондоо нүдээ тас аничихлаа. Нүдээ гэнэт анисанаас болоод урт даашинзныхаа хормой дээр гишгэж, түүндээ тээглээд эгээтэй л урагшаа годройтчихсонгүй. Мунтар гуай гараас минь сайн барьж байсан тулдаа тогтоон барьж амжив. Сандарснаасаа болоод нүдээ жирийн үеийнхээсээ ч том нээж, өмнөх зам болоод эргэн тойрон дахь зочдыг сайтар харлаа. Шар хилэн угалзтай, цав цагаан хослолтой Баясах өнөөх л өөртөө хэтэрхий итгэлтэй байдлаараа өөдөөс минь алхаж явна. Түүний энэ байдлыг хараад би ч бас зориг ороод л шулуухан алхчихмаар санагдлаа. Гэвч… гэвч түүний зорьж яваа хүн нь би биш шүү дээ… гэсэн бодол сэтгэлд харвахын зуурт хоёр хөл ч урагш гишгэх зориггүй болчих нь тэр. Дахиад л нүдээ тас аниад, энэ бүхнээс өөрийгөө чөлөөлөөд, мөрөөдлийнхөө ертөнц рүү жигүүр дэлгэн нисмээр санагдлаа. Нүдээ аниад, эрх дураараа халин дүүлэхэд минь саад болох юу ч үгүй тэнүүн уудам хөх тэнгэрийг төсөөлөх гэж хичээв. Төсөөллийн минь толинд миний эрх чөлөөт хөх тэнгэр тодрохын агшинд би томоо гэгчийн цэнхэр далавчаа дэлгээд нисэхээр завдлаа. Далавчаа дэлгээд, яг газраас хөндийрдөгийн даваан дээр хэн нэгэн далавчнаас минь зуураад авах нь тэр. Тэвдсэндээ нүдээ нээгээд, бодит ахуйдаа эргэн ирлээ. Эрх чөлөөнд минь аймшиггүйгээр халдаж зүрхэлсэн мөнөөх увайгүй нэгний зүгт хорсолтойгоор харлаа. Том гэгчийн алаг нүдээ бага зэрэг онийлгон, зузаан боловч хэлбэрлэг уруулаа жимийлгэн үл мэдэг инээвхийлэх тэр залуу гэвч миний хорсол занал дүүрэн харцыг төдхөнөө зөөлрүүлж орхих нь тэр.

Дахиад л юу ч хэлж, ямар ч эсэргүүцэл үзүүлж чадалгүйгээр түүнийг сугадаад л урагш алхлаа. Яг тэр агшинд эргэн тойрон дахь хүмүүс сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлж, чухам ямар хөгжим бидний алхааны хэмнэлд чимэг болон эгшиглэж байсныг ч анзаарсангүй. Нэг л мэдэх нь ээ, бид хуримын ёслолыг удирдаж буй хөтлөгч залуугийн өмнө ирээд зогсчихсон байлаа. -Мунтар овогтой Баясах та… гээд хөтлөгчийг үгээ үргэлжлүүлж амжаагүй байтал ард хаалга онгойх чимээ гарав. Танхим дүүрэн эгшиглэх хөгжим, шуугилдах олноос өөрийгөө бүрэн чөлөөлчихсөн зогсож байсан надад тэр багахан чимээ хэтэрхий тод бөгөөд түгшүүртэй сонсогдов. Саяхан л алга нижигэнүүлээд, инээлдэж шуугилдаад байсан зочид ч нам гүм болчих нь тэр. Бүгд цаашид өрнөх үйл явдлыг амьсгаа даран хүлээгээд байх мэт. Харин миний амьсгаа бүр эсрэгээрээ ойж буун тонгочоод, хэдэн арван километр гүйгээд ирчихсэн мэт тогтворгүйтээд эхлэх нь тэр. Дахиад л бодит үнэнтэй нүүр тулахгүйн тулд би эргэж харж ч зүрхлэхгүй байлаа. Тэгтэл хөтлөгч хоолойгоо засаад ямар нэгэн зүйл хэлэхээр завдав. Түүний хэлэх үгийг төсөөлөхөд ч хэцүү. Тэр хэцүүтэй нүүр тулахгүйн тулд бушуухан л гараад гүйчихмээр санагдав. Тэгэхтэй зэрэг “ганц ч секунд алгуурлаж болохгүй” гэж өөртөө шивнээд, огцом эргэлээ. Гэвч Баясах гараас минь чанга атгачихаад тавьсангүй. Гараа хэдэнтээ угзчин татаад хүчрээгүйдээ шаралхан, нүдээ гурвалжлуулан, уруулаа татвалзуулсаар түүний нүд рүү эгцлэн ширтлээ. Тэр юу ч болоогүй мэт нүдээрээ инээмсэглэн, гараас минь татаж, өөртөө ойртуулаад: -Чимээгүй… Хөтлөгч үг хэлэх гээд байна гэж шивнэв. Түүний үгэнд ороод хөтлөгч рүү харан, тушаал авсан цэрэг шиг л томоотой зогссон боловч “Сүйт бүсгүй хэзээ, хаанаас гарч ирээд намайг эсвэл Баясахыг үсдээд авах бол…?” гэсэн бодол намайг эгшин ч амраахгүй байсан учир хөтлөгчийн хэлсэн үгсийг ч анзаарсангүй. Хөтлөгчийн ам хий ангалзаад л, ганц өгүүлбэр хэлмэгцээ л Баясах бид хоёр руу ээлжлэн ширтэж, хуурамчаар инээмсэглээд л байлаа. Энэ бүхнээс өөрийгөө аврахын тулд юу хийх ёстой талаараа эргэцүүлэх гэтэл анхаарал ч төвлөрдөггүй. Тиймээс нүдээ хэсэгхэн аньж, өөрийгөө тайвшруулаад бушуухан Баясахын гараас мултраад л хар хурдаараа гүйн зугтахаар шийдэв.

Нүдээ алгуурхан анилаа. Тэгтэл Баясах тохойгоороо хэдэнтээ зөөлөн ёврох шиг болов. Анзаарахгүй байгаа мэт дүр эсгэн, хэсэг бодолхийлээд нүдээ огцом нээмэгцээ гараа угз татаад аваад л зугтахаар төлөвлөлөө. Төлөвлөж төлөвлөж байгаад л нүдээ нээтэл танхим дүүрэн уянгалаг хөгжим эгшиглээд явчих нь тэр. Тэр хөгжмийн аянд сатаараад төлөвлөгөөгөө ч мартчихав. Тэгтэл хөтлөгч залуу нүд рүү минь харан инээмсэглээд: -Сүхбаатар овогтой Долгормаа та Мунтар овогтой Баясахыг эр нөхрөө болгож зовлон шаналал, аз жаргал, баяр гунигийн аль нь ч тохиолдсон үхэл та хоёрыг салгах хүртэл хамт байна гэдгээ тангараглаж байна уу? гэж асуух нь тэр. Сонссон зүйлдээ итгэж ядан: -Юу? Хэн… хэнийг гэнэ ээ? гэж дуулдах төдий лавлан асуулаа. Хөтлөгч залуу миний энэ байдлыг төвөгшөөж байгаа нь илт байсан боловч өөрийгөө хүчлэн инээмсэглээд мөнөөх л үгээ давтан асуулаа. Энэ үгний үнэн эсэхийг асуухаар Баясах руу харвал тэр өөртөө итгэлтэй өнөөх л зангаа хадгалан, үл мэдэг инээмсэглэн толгой дохив. Хоёр талд эгнэн зогссон хуримын гэрчүүд рүү ээлжлэн харж, харцаараа асуувал тэд ч мөн тун итгэлтэйгээр инээмсэглэж байлаа. Гэвч толгой сэгсрэх нэг ч хүн энэ танхимд үгүй гэдгийг баттай мэдэх хэрэгтэй. Толгой болоод биеэ алгуурхан эргүүлэн, танхимд цугласан олны царайг нэгбүрчлэн ажлаа. Тэд бүгдээрээ надаас хариу хүлээн, амьсгаа дарж зогсох аж. Тэр бүх уярмаар зөөлөн харцны дундаас намайг хамгийн эрс шийдэмгийгээр эсэргүүцэх үл таних сүйт бүсгүйг хайгаад олсонгүй. Эцэст нь, хамгийн нүүрний эгнээнд Баясахын аав, ээж хоёртой зэрэгцэн суугаад хүрэн хамбан дээлийнхээ ханцуйгаар нулимсаа арчих аавыгаа олж харлаа. Аав минь нүдээ хэдэнтээ нухалснаа над руу эгцлэн ширтээд зөөлөн инээмсэглэв. Тэр харцыг олж хармагц л: -Тийм ээ, тангараглаж байна гэсэн үг амнаас минь өөрөө л гарчих нь тэр. Баясах гивлүүрийг минь сөхөөд, төгөлдөр хуурын торгон товчлуур дээр дураар бүжигч хуруунуудаараа хоёр хацрыг минь зөөлөн илээд, духаа духанд минь ойртуулах агшинд хоёр нүдэнд нь дүүрэн нулимс мэлмэлзэж байв. Яг энэ агшинд… яг л энэ агшинд хязгааргүй уудам огторгуйг эзэгнэнхэн дүүлэгч эрх чөлөөт шувуухай би тэр хоёр том нүдний аяган дахь нулимсан нууранд насан туршдаа үдлэхээр шийдлээ. Тийм ээ, үхэл биднийг салгах хүртэл…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!