ХУЛАН: ХАЙРЫН ТУУЖ – II ХЭСЭГ
Харамсалтай нь энэ бол мэдээж Хулан биш. Тэр нэг санаа алдаад ууж байсан ундаагаа барин дэргэд нь очив. -Сайн уу? -Сайн. -Сууж болох уу? -Мэдээж . -Яагаад ганцаархнаа ийм уйтгартай сууж байгаа юм бэ? -Манай нэг найз ирнэ гэсэн чинь байдаггүй ээ. -Эрэгтэй юм уу? -Yгүй ээ. Эмэгтэй найз. -Бүжиглэхгүй юм уу? -Yгүй ээ. Надад Сараа таалагддаггүй. -За тэгвэл танилцъя, намайг Түвшин . -Лхагвамаа . Түвшин дотроо “өө, ямар сонин нэртэй юм бэ” гэж бодоод авчээ. Холоос харахад тэр Хулантай яг адилхан юм шиг байсан ч тулаад ирэхээр шал өөр царайтай ажээ. Нүд нь хэтэрхий бүлтгэр, тэгээд их бор царайтай, таруу хөмсөгтэй юм. Гэвч нэг их аалигүй ч биш, яриа хөөрөөтэй, цэмцгэр, боломжийн охин байлаа. Ялангуяа санаагаа шууд илэрхийлдэг нь Түвшинд хамгийн их таалагдав. Ийнхүү хоёулаа болонгуут тэр охин дорхноо хөгжчихлөө. Хэдийгээр Сараа таалагддаггүй гэсэн ч тэр Түвшинтэй бүжиглэн тэр оройг мартахын аргагүй хөгжилтэй өнгөрөөжээ. Хамгийн гол нь Лхагвамаа найз залуугүй, Түвшин ч найз охингүй байсанд хэн хэн нь олзуурхаж байлаа. Золтуяатай хоносноос хойш Ананд тэр шөнийг мартах гэж тарчилсаар байлаа. Хэдийгээр тэр Хуланд үнэхээр хайртай ч сэтгэлд нь орсон сэв гүнзгийрсээр. Эзэндээ захирагддаггүй хайр гэгч тайлагдашгүй оньсого нэг л өдөр хариу нэхэн гансарч эхэлдэг. Хуланг л хайрлаад байх юм бол надад хайртай болчихно гэж өөрийгөө хуурсаар өдий хүрсэн Ананд түүний сэтгэлийг өөртөө татна гэдэгтээ эргэлзэх болов. Ялангуяа Золтуяатай өнгөрөөсөн тэр гал халуун шөнө сэтгэлээс нь гарахгүй зовооно. Тэгээд ч Хулан өөрөөс нь нэг л юм нуугаад байх шиг санагдаад болохоо байжээ. Ядаж тэр Түвшингийн захиаг хадгалаад байхдаа яахав дээ. «Чамд сайхан байсан уу? Гоё байж чадсан биз дээ? Би чамд ёстой жинхэнэ массаж хийгээд өгөх үү? Чи ямар цэвэрхэн арьстай юм бэ. Яг торго шиг. Yс чинь ямар зөөлхөн юм бэ..« Тэр шөнө Золоо Анандад энэ насандаа ч сонсоогүй энхрий үгс шивнэн хайлж байсан. Хулан с**кcийг тэгэс ингэсхийн өнгөрөөчихөөд л цаашаа хараад унтаад өгдөг. Сүүлийн үед түүнийг ойртуулах ч дургүй болоод байгаа. Тэгээд ч Хулангийн амнаас хэзээ ч “Чамд гоё байсан уу” гэсэн үг унаж байсангүй. Юм л бол нэг шилэн тоглоом барьчихаад зүүлэг юм шиг гөлрөөд суучихна. Эсвэл хүүхдээ асарч байна, илтгэл бичиж байна, ном уншиж байна гэнэ. Энэ бүхний дараа Анандад ядарлаа гээд л цаашаа хараад хэвтчихнэ. “Тэр эрх охин чамд хань болохгүй ээ.” гэсэн аавынх нь үг, “Хулан шиг ихэмсэг охин чамд тохирохгүй” гэсэн найз Батхааны сануулга одоо л орой руу нь орох шиг. Энэ үгс сэтгэлд сэв орсон энэ үед зүрхийг нь өргөс шиг хатгана. Урьд нь Хулангийн хойноос гүйж байхад эрхэмсэг, хөөрхөн энэ охин дэргэд нь л байх юм бол өөр юу ч хэрэггүй мэт санагддаг сан. Хариу нэхдэггүй хайр гэж байдаггүй юм болов уу. Ямар ч гэсэн Ананд аргадаж амьдрахаас залхжээ. Зүрх сэтгэлийнх нь гүнд Хуланг хайрлах их хайрынх нь зул бөхөөгүй ч гал дөл болон дүрэлзэхээ болио юу даа. “Арван есөн насанд амьдрал эхэлдэггүй юм. Чи дэлхийд алдартай хүмүүсийг хар. Дөчин насанд л амьдрал дөнгөж эхэлдэг байхгүй юу.” гээд л найз Батхаан найзынх нь хэлж байсан үг үнэн байж дээ. Түүнийг машинаа гараашт тавиад хаалгыг нь цоожилж зогстол гар утас нь дуугарлаа. Клипэн дээр Золтуяагийн дугаар гараад ирэв. Анандыг өвөртөө оруулсан тэр өдрийг Золтуяа тэмдэглэлийн дэвтэр, орныхоо ард хадсан хуанлид улаанаар тэмдэглэж авчээ. 4 дүгээр сарын 10. Энэ бол түүний хувьд баярын өдөр гэсэн үг. Түүнээс хойшхи долоон хоногийг Золоо аз жаргалаар бялхаж өнгөрүүлэв. Ананд руу утасдмаар, дуугий нь сонсмоор байсан ч түүнд нойтон хамуу шиг санагдахаас болгоомжлон тэссээр байжээ. Эр хүнийг хүсээгүй байхад нь утасдвал залхаачихна гэдгийг түүнд урьдын туршлага нь бэлхнээ хэлээд байлаа. Тэр хоёрын хоносны маргааш Анандын ээжийн тухай сонссон тул бүсгүй бүр ч их болгоомжилж байлаа. Золоотой л хоносноос болоод ээжийгээ эмнэлэгт хэвтсэн шөнө гэртээ байсангүй гэж Ананд зайлшгүй гэмшиж байгаа нь мэдээж. Тэгэхээр хүлээсэн нь дээр гэж тэр бодсон нь оножээ. Хэрэв тэр шөнийн явдал таалагдсан л бол залуу эргээд утасдаж л таараа. Гэвч өдөр хоног өнгөрсөөр Ананд чимээгүй л байлаа. Хайртай хүнээ хүлээнэ гэдэг яасан тэвчээр шалгасан хэцүү бөгөөд шаналгаатай аз жаргал байдаг юм бэ? Одоо тэр Хуланг тэврээд хэвтэж байгаа шүү дээ гэхээр л тэсэхийн аргагүй хардах сэтгэл төрөвч Анандыг харамлаад харамлаад очоод дагуулаад ирэх эрх байхгүйгээ санахаар тэвчихээс аргагүй. Сүүлдээ сэтгэлийн энэ хямрал дунд шүлгийн мөрүүд ч санаанд нь бууж байх шиг. Уг нь Золоо хэзээ ч шүлэг зохиол сонирхдоггүй билээ. Түүний сонирхож цуглуулдаг, хэрэг болгон уншдаг юм нь яавал эрчүүдийг өөртөө татах вэ, хаврын улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ, та жинхэнэ хатагтай болохын тулд юу мэдэх ёстой вэ гэсэн элдэв зөвлөгөө, эсвэл эдийн засгийн мэргэжлийн хэдэн номууд л байдаг билээ. Ядаж хайртай залуугаа бодооод хэвтэх гэхээр ээж, аав хоёр нь талхны мөнгө, мах дууссан ч гэх шиг ядуу хүмүүсийн дунд л болдог явган хэрүүл хийх нь яршигтай. Шөнө орондоо ороод бодолд автан мөрөөдөж хэвтэх шиг жаргал ховорхон. Даанч Золтуяа өөрийн гэсэн өрөө битгий булантай ч байж үзсэнгүй нэг мэдэхэд хорь хүрч байгаадаа ихэд гомддог билээ. Найзуудаа авчран уулзаж, дуртай хөгжмөө сонсон, хүнээс нуугдалгүйгээр хувцсаа сольж болдог, бас хаашаа ч харан хөлбөрч болох өргөн ор, хөөрхөн том том зөөлөн тоглоомуудаар дүүрэн өрөөтэй байх мөрөөдөл нь биелсэнгүй ингээд том хүн болдог байжээ. Анандын тухай сайхан бодолд нь саад болохгүй юм гэж үгүй. Хоёр дүүгийнх нь шуугиан, аав нь согтуу ирчихээд ээжтэй нь хийдэг хэрүүл . -Алив Цээгий, наад муу солонгос киногоо боль. Би сумо үзэх гэж байна. -Би тэгвэл кино үзмээр байна. -Чи эр хүн бөх үзэх гэж байхад битгий олон юм яриад бай. Миний хоёр хүү сумо үзэх үү? -Ганц кино үзүүлчихгүй . Чи хэзээ бөх мөх үздэг байлаа. -Битгий хуцаад бай. Мэдэв үү. Энэ муу ямбий зурагтыг хэн авсан юм. Би мэдэв үү. Алив тэр удирдлага аваад ир. Орон дээрээ цаашаа харан хэвтсэн Золтуяа ухасхийн босч аавынхаа гараас удирдлагыг нь булаан авч “Та нар одоо болиоч. Хүмүүс яаж амьдарч байгааг харахгүй байна уу? Би та нарын өмнөөс ичиж байна. Мэдэв үү? Ганц өрөө умгар оромжиндоо хэрүүлгүй байхад яадаг юм бэ? Энд ч хэрүүл, тэнд ч хэрүүл.
Өөрсдөө дүүрсэн улс юм бол энэ хүүхдүүдээ бодооч хэмээн хашгираад зурагтыг нь унтраачихав. Удирдлага булаалдан хэрэлдэж байсан ээж, аав хоёр нь таг болов. Гал тогооны өрөөнд боорцогны хэрүүл хийж байсан хоёр дүү нь ч бас энэ чимээнээр нам болж, нэг нь аяга угаан, нөгөө нь хичээлээ хийхээр нусаа татан суув. Энэ даржин амьдрал, энэ давчуу орон гэр, энэ ухамсар дорой, ядуу эцэг эх хоёр. Дэндүү бухимдмаар. Тэгэхэд Хулан ямар нөхцөлд амьдардаг билээ. Тэдний таван өрөө цэлийсэн байр, өнгө зохицуулан тохижуулсан цэлгэр өрөөнүүдийг санахаар боож үхмээр санагдана. Ялангуяа Хуланг төрөхөөс гарч ирэхэд нь тэднийд очсоноо саналаа. Хулангийн өрөө ямар билээ? Микки Маустай хөшиг, өөрийнх нь мөрөөддөг том том чихмэл тоглоомууд. Хананаас шал хүрсэн Бритни Спирсийн аварга том хулдаасан зураг. Интернетэд залгаатай компьютер, дэндүү хорхой хүргэм шив шинэ систем “Sony” хөгжим. Дэлхийн болон Монголын хит цомгууд, англи, монгол ном зайгүй өрсөн аварга том ханын шүүгээ. Дүүгийнх нь өрөөнөөс эгшиглэх төгөлдөр хуурын намуухан аялгуу. Ай хөөрхий, тэр хоёрын ахуй амьдралын хооронд ямар харьцуулшгүй том ялгаа байнаа. Дандаа айлын хүүхдийн компьютер тоглоом, DVD тоглуулагч, унадаг дугуй, “орги” пүүз зэргийг нь шохоорхон нүд нь уначих шахаж явдаг хоёр дүүгээ тэр өрөвдөвч энэ бүх хэрэгцээг ганцаараа яахин хангаж дийлэх билээ. Бүсгүй Анандын зургийг гарган харснаа санаа алдаад ухасхийн бослоо. ”Одоо ээжийнх нь биеийг асуудаг хэрэг ээ. Золоо ямар ч байсан сэтгэлээр унахгүй шүү. Ингэж нэг ярьчихаад дараагийн уулзалтаа зохион байгуулна даа. Цаашдаа Анандтай чөлөөтэй уулзаж байхын тулд халаасны ч хамаагүй өрөө хөлслөе байз.“ гэж тэр бодлоо.Удаан гиеүрэх нь түүний зан биш. Аз болоход ховор тарчиг амьдрал, бусдаас дутахгүй сэн гэсэн хор шар нь эмэгтэйчүүдэд ховорхон байдаг шийдэмгий занд түүнийг сургажээ. 9191… гээд гэрийнхээ утсаар залгах гэснээ болив. Ананд тэдний гэрийн утас клипэнд нь гараад ирвэл авахгүй ч юм бил үү. Танихгүй дугаартай яриад байдаг хүн биш гэдгийг гэнэт санав. Тэр ямар ч үед нэгжтэй явдаг болохоор Ананд руу “дохих”-оор шийдлээ. Хэрэв тэр гайхамшигт шөнө таалагдсан л бол өөрийнх нь дугаарыг хараад эргүүлж залгах л учиртай. Ананд руу залгаад дийд… дийд … гэсэн дуудлага сонсонгуутаа тэр утсаа салгалаа. Хэдэн мөчийн дараа гар утасных нь сулхан жингэнэх дуу түүнийг ухаангүй баярлуулав. Гэвч тэр утасныхаа дэлгэцнээс клипээ харахаас зүрхшээн зүрхнийхээ догдлолыг хоромхон зуур намжаагаад харвал Анандын дугаар гараад иржээ.-Байна уу? Сайн уу, Золоо чи залгасан уу? -Байна. Бүсгүй хоолойнхоо чичирхийлэхийг намдаах гэж түр азнаад шүлсээ залгин уруулаа хазлаад: -Ээжийн чинь биеийг асуух гээд л залгасан юм . Чи жолоо барьж яваа юм биш биз дээ. Тэгвэл дараа нь залгахгүй юу гэж хачин энхрий бас санаа зовнисон янзтай хэллээ. Цаана нь гудамжны шуугиан гарахыг сонсоод түүнийг лав л гэрээсээ өөр газар байгаа юм байна гэж дотроо их л уужирчээ. Харин Анандын хувьд түүний энэ яриа сэтгэлийг нь нэлээд хөндөөд авав. Золтуяа ямагт цагаа олж утасддаг нь мань хүнд үнэхээрийн их таалагджээ. Одоо л гэхэд ээжийгээ эргэчихээд яг өөрийнх нь тухай бодож явтал ийнхүү залгасан нь юутай тааламжтай хэрэг вэ. Ангийнх нь энэ охиныг өөрт нь хайртайг ам султай охид шивэр авир хийхийг сонсч байсан ч өөрөө Хуланг гэж гүйгээд сохор юм шиг явсан билээ. Гэтэл өөртөө тэмүүлсэн Золоогийн тэр их хайрыг одоо түлхмээргүй санагдах нь юу билээ. -Өө, баярлалаа. Манай ээж овоо гайгүй ээ. Би яг одоо машинаа тавьж байна. Чамаар сонин юутай вэ? -Надаар уу? Юу байхав дээ. Хичээл , гэр гээд л өдөр өнгөрөх юм. Хүү чинь сайн уу? Урьд нь Золоо худлаа ч гэсэн “Танай хоёр сайн уу” гэж асуудаг байсан бол энэ удаа ганцхан хүүг нь асуусан учиртай билээ. Анандаас тэр дургүй хүргэм Хулангийн тухай сонсох гэдэг ямар муухай зэвүүн санагддаг байлаа даа. Ананд утасны цаана инээд алдаад: -Миний хүү дажгүй ээ. Чи төрснөөс нь хойш хараагүй бил үү ? Одоо үс нь ургаад том залуу болсон. Миний хүү ээж , аав, гэрийнхнээ таниад инээдэг болсон ш дээ. Түүний санаандгүй хэлсэн “ээж” гэдэг үг Хуланг хэлж байгаа болохоор Золтуяагийн зүрх рүү нь хатгаад авах шиг санагдсан ч тэсээд анзаараагүй мэт өнгөрөөлөө. -Өө, мартах шахлаа. Би бас чамаас Фридманы “Хувь заяагаа сонгосон нь “ гэдэг ном байна уу гэж асуух гэж бодож байснаа мартчих шахлаа. Чамтай ярихаараа ингээд ертөнцийг тэр чигээр нь мартчихсан байдаг юм аа гэхдээ тэр сүүлчийнх нь өгүүлбэрийг үнэн сэтгэлээсээ хэлчихлээ. Ананд үүнийг нь ялгаж ойлгосон эсэхийг бүү мэд . -Байгаа ш дээ . Тэгэхдээ англиар л бий . -Болно , болно. -За байз, тэр номыг чамд яаж өгдөг юм билээ? гэж Анандыг их л уриалгахан гэгч нь хэлэхэд ухаангүй баярласан Золтуяа : -Би өөрөө чам руу залгая. За by. Гадаа шороогоор шуурч байна. Чи ор доо . Хамаг юм чинь шороо болчихно гэж халамжлахаа мартсангүй. Анандад түүний энэ халамж таатай байсан нь мэдээж. -За byе. Орж мэдээгээ үзье гэлээ. Бүсгүй утсаа тавиад бослоо. Тэр ном мом гэдэг бол үнэндээ Анандтай уулзах гэж түүний зохиосон заль билээ. Түүнээс биш Золоо Фридманыг унших хэмжээнд англи хэл мэдэх биш. Харин Хулан бол арван жилдээ хоёр удаагийнхаа зуны амралтаар Шотландад амарсан тул англиар ёстой л “ус цас “ гэсэн үг . Золоо Хулангийн тухай санаад уур нь дахиад хүрчих шахав. Түүнийг орондоо очиж хэвтэхэд аав, ээж хоёр нь эвлэрчихсэн “Зүрхэнд шингэсэн намар “-ын энэ хүүхэн чинь “Зочид буудлын эзэн”-д бас тогло луу, Золоо ? гэчихсэн сууж байв Ээ , хөөрхий ийм улстай чинь юу ч ярих юм билээ дээ. Ананд одоо гэртээ орчихсон ВВС -гийн мэдээ англиар үзээд сууж байгаа биз.Золтуяа өдөрт 10 англи үг цээжлэх гэж орныхоо ард хаддаг билээ. Түүнийг .. гэсэн хэдэн үг харж хэвттэл гар утас нь дуугарлаа. Клипээ харвал нууц амраг Бадралынх нь дугаар гараад ирэв. “Авгайтайгаа муудалцчихаад л муу Золоо хэрэгтэй болоо биз дээ. Анандын хажууд Бадрал юу юм бэ гэж “ бодоод салгах гэснээ гэнэт нөгөө өрөө хөлслөх тухайгаа санажээ.
Хулангийн аав , ээж хоёр эмнэлэгт хэвтсэн худыгаа эргээд харьж явлаа. Жолоо барьж бодолд дарагдан яваа Батболд : -Охин маань нэлээд ядарсан царайтай харагдах юм . Хэд хоногийн өмнө бүр орой залгасан чинь Ананд ирээгүй байсан. Хар нялхаар нь хадмынх руу нь явуулчихсан нь буруудсан юм биш байгаа гэж авгайдаа хэлэв. Цэцэгмаа суудлынхаа түшлэгийг налан нүүрнийхээ энгэсгийг сэргээж явснаа: -Хуланка эмнэлэг рүү гүйгээд хичээлдээ яваад жоохон ядарч байгаа байх .Гэхдээ надад юм хэлэхгүй л байна лээ ш дээ. Цэрэнханд охингүй болохоор Хуланкад сайн байдаг ш дээ гэв. Дөчин хоёр хүрсэн гэхэд гучтай юм шиг л харагддаг Цэцэгмаа ёстой л амьдралд эрхэлсээр өдий хүрсэн хүүхэн билээ. Хотын төвийн сэхээтэнайлын ганц охин бага насаа хайранд умбаж өнгөрөөгөөд Эрхүүд бэлтгэлд явсан . Тэнд очоод л энэ Батболдын асрамжинд орсон. Сурлагадаа сайн, аминдаа арчаатай сайн нөхөр таарч эцэг , эхээс нь байнга мөнгө , тарваган малгай, нэхий дээл явуулах тул Эрхүүгийн бэлтгэлийн хамгийн тансаг охидын нэг нь Цэцэгмаа л байлаа. Москвад очоод хоёрдугаар курстээ тэр Хуланг төрүүлж хадам эхдээ орхиод л сургуульдаа явсан. Их сургуульд нэртэй эрдэмтэн ээж нь сурлагаар тийм ч гоц биш сонирхсон мэргэжил ч үгүй охиноо Москвагийн Плехановын академид оруулж дөнгөсөн билээ. Сургуулиа төгсч ирээд тэр аавынхаа хаалгаар Гадаад худалдааны яаманд хуваарилагдсан. Орон байргүй хоёр залуу нэг хэсэг Цэцэгмаагийн аавынд сууж байгаад тэднийхийг шинэ байр авахад нь 50 мянгатын гурван өрөөнд эзэн суусан ажээ. Зах зээл эхлэхэд Батболд Ардчилсан холбоог дэмжээд гүйж явсных Эвсэл ялахад агентлагийн захирал болсон. Түүнээс ч өмнө мань эр эхнэртээ европ хувцасны дэлгүүр нээж өгсөн . Тэднийх гурван жилийн өмнө шинэ байр авч аавынхаа байрнаас нүүсэн билээ. Хэн ч тааралдсан эргээд харалгүй өнгөрдөггүй нуруу туруу тэгш, ааш зан хөнгөн энэ бүсгүйд бурхан юу ч харамласангүй. Анх бэр болоод ирэхэд нь хэрсүү ухаантай хадам эх нь их л баярлаж “ Миний хүүг яаж тоосон юм бол доо, энэ эрвээхэй нүдэн охин “ гэсээр угтаж одоо ч “Миний охин “ гэхээс өөрөөр дууддаггүй. Амьдралын хатуу хүтүүгээс түүнийг Батболд гэдэг бат бөх цайз хамгаалчихдаг тул Цэцэгмаа юунд ч санаа зовохгүй амьдраад сурчихжээ. Хулан хүртэл Анандынд ирчихээд нэг удаа ээждээ их л атаархаж билээ. Ээж нь түүн шиг сэтгэлгүй хүнтэй сууж шанална гэдгийг мэдэхгүй . Арван наймтайдаа л дурласан хүнийхээ хайранд умбаж яваа тул хайртай хүнээ санаж сэтгэлгүй залуутай амьдарч яваа Хулан үзсэн зовлонгоороо ээжээсээ илүү хөгшин ч юм шиг санагдан бяцхан атаархаад авсан нь тэр. Тэр “Кристиан Диор”-ын энгэсгээ далд хийгээд -Дөрөвдүгээр сарын 20 гэж ямар өдөр билээ ? Мартаагүй биз ? хэмээн нөхрөөсөө эрхлэнгүй асуулаа. Энэ бол Батболд түүнийг эхнэрээ болохыг гуйж сүйн бөгж бэлэглэсэн өдөр билээ. -Яалаа гэж дээ. Хөгшин чинь харин яаж тэмдэглэх билээ гээд л бодоод байгаа гэхэд -Хоёулаа Эрхүү явъя . Тэгэх үү? “Эрхүүгийн хавар “ гэж дуу гарснаас хойш тийшээ нэг очих юм сан гэж би мөрөөдөөд л байгаа юм . Эрхүүд очилгүй хорин гурван жил болчихжээ гэж Цэцэгмаа хэлэв. -Худын бие ингээд гайгүй бол явдаг ч юм бил үү. Зээгээ л санах байх даа. Би өвөл Герман яваад Очирыг их санасан шүү гэж Батболд яриад : -Ингээд л өвөө , эмээ хоёр болчих ч гэж гээд инээмсэглэлээ.
Ээж аав хоёроо ийнхүү арван наймтууд шиг эрхлэн явахад Хулан хүүгээ хөхүүлэн бодолд автан сууж байлаа. Дөрвөн сартай бяцхан хүү нь өвөр дээр дэгэж дэрвэн хоолой татан хөхөрч ид өхөөрдөм дээрээ байлаа. Дэгдээхэй шиг өрвийн ургаж байгаа даахинаас нь, нугалаа татсан хөөрхөн хүзүүнээс нь нялх хүүхдээс л үнэртдэг сүүний өхөөрдөм хонгор үнэр ханхална. Хэрэв Цэрэнхандын бие муу биш сэн бол Анандтай учраа ярилцаад гэртээ харимаар санагдана. Гэтэл хэнд ч гэм хийгээгүй бяцхан хүүгээ яах билээ? Ээж болоод Хулан амьдралаас ухаараагүй явсан олон ч юмыг ойлгож их ч юм боддог болж дээ. Ганцхан жилийн өмнө Бритнигийн дууг чихний хэнгэрэг хагартал чанга тавиад л, найз охидоо эцэг эхээсээ дээгүүр тавихаа дөхдөг байсан гэхэд инээд хүрмээр. Ээж нь түүнд Англиас хэрэг болгон Бритни Спирсийн биеийн өндөртэй тэнцүү асар том хулдаасан плакат авчирч өгснийг найзууд нь их л шохоорхоно. Одоо тэр том хулдаасан Бритни аавынд нь түүний өрөөнд “ганцаараа” үлдсэн билээ. Тэр хүү гаргачихаад Барби хүүхэлдэйн цуглуулгаа дүүдээ тэр чигээр нь өгөхөд Бөртэ бөөн баяр болон дэвхцэж байсан сан. Одоо түүний тэр олон Барбинаас аав, ээж хоёр нь Англид амраад ирэхдээ авчирч өгсөн Мэрилин Монрогийн дүртэй ганц гоё хүүхэлдэй л өрөөнд нь бий. Хулан хааяа аавындаа очихоороо тэр хүүхэлдэйгээ харах дуртай . Одоо бол найзуудын төрсөн өдөр , ч юмуу , тэдний хэн нэг нь найз залуутайгаа муудалцжээ гэдэг урьдынх шиг том асуудал биш болжээ. Хичээлээ тараад л хүүдээ яаран ирнэ гэдэг түүнд жаргал. Тэр бас аав, ээждээ санаа тавих нь ихэссэн.. Ялангуяа төрснийхөө дараа ээжийгээ хачин их өрөвдөж билээ. Аавынх нь дүү нар “Цэцэгээ эгч ямархуу эмээ болох болоо? Жийнс мийнс өмсчихсөн үсээ задгай тавьсан ийм танхил хүн байж “гэцгээн жаахан “явуулж” тоглоом хийцгээж байсан. Гэтэл бүх насаараа нөхөртөө эрхэлсэн ээж нь хар үүрээр мөөгтэй шөл бариад төрөх дээр ирснийг хараад л Хулангийн хамар шархирч билээ. Тэгээд ч тэр тэсэхийн аргагүй өвдөлтийг давж өөрийг нь бас дүү Бөртэг нь гаргасан гэж бодохоор ээжийгээ урьд нь жижиг сажиг юмаар гомдоож байсандаа зүйрлэшгүй их гэмшсэн сэн. Хүү нь гангар гунгар хийн шүлсээ гоожуулах нь өхөөрдмөөр. Одоо ингээд Анандад учраа хэлээд харьдаг юмаа гэхэд ээж, аавдаа юу гэж тайлбарлах вэ гэдэг л бүсгүйг зовоож байлаа. Уг нь хүүгээ жаахан торниулчихаад Түвшингийн хойноос Америк явчих юм сан гэсэн бодол түүнд тэр нэг өдөр амаржих газарт байхад нь төрөөд байх болсон билээ. Бас өөрт нь үнэхээр дотно байдаг хадам Цэрэнхандыг яах билээ. Тэр Куба хүүгийнхээ тухай эмнэлгээс гараад нөхөр, хүү хоёртоо яаж хэлэх юм бол ? Хулан үүнд бас санаа зовохгүй байж чадахгүй байлаа. Гэтэл гар утас нь дуугарч нэгэн танихгүй хүүхний дуу гаран” Хүүе чи 4 дүгээр сарын 10 -нд нөхрөө хаана хоносныг мэдмээр байна уу “ гэж тун доогтой гэгч нь асуух нь тэр…
Золтуяагийн хагацашгүй сайн найз Урнаа Хулан руу залгасан нь энэ байлаа. Анандыг өвөртөө оруулчихсан шүү гэж тэр нэгэн өглөө Золоог баяртай гэгч нь ярихад нь л Урнаа “Тэгвэл энэ хөзрөө Хуланд яаж шуухан барих вэ “ гэж найзынхаа өмнөөс бодож эхэлсэн. Гэтэл Хулангийн занг дэндүү сайн мэддэг Золоо л одоохондоо чимээгүй байя гээд байгаа билээ. Хэдий хуримаа хийгээгүй ч гэсэн нөхрөө өөр хүүхний өвөрт орчихоод байхад юу ч болоогүй юм шиг ихэмсэг царайлаад байгаа энэ амьтныг нэг хатгаад үзье гэж Урнаа гэнэт шийдээд залгасан нь тэр.Гэтэл утасны цаанаас Хулан:-Өө тийм үү.Мэдээлэл өгөх гэсэн явдалд баярлалаа.Би даанч завгүй байна гэж эелдэгхэн хэлээд утсаа тасалчихлаа.-Yгүй ер. Айхтар соёлтой хатагтай байх нь ээ гээд Урнаа тамхиа гарган ууртай асаажээ. Тэр тийм нэг “номын “, эсвэл ухаантай царайлсан , соёлтой “юмнуудад” ясны дургүй билээ. Тэр Ананд, Золоо хоёрт найр тавьж өгсөн хөлсний байрандаа ганцаараа сууж байлаа. Бүсгүй Хулантай ярьчихаад “This” хэмээх солонгос тамхины хоосон хайрцгийг тас базан хогийн сав руу чулуудаад бөөн бөөн утаа үлээн сууснаа Золоо найз руугаа залгав. Өнөөдөр тэр нууц амрагтайгаа муудалцчихсан тул тун ч завтай, хэн нэгэнтэй шавайгаа ханатал чалчмаар эсвэл хэн нэгэнд уураа гаргамаар ч юм уу сэтгэл нь үнэхээр тавгүй байжээ.-Hi. Золоо, найз нь нөгөө ихэмсэг хатагтайг чинь утсаар нэг хатгаад авсан шүү. Тэгсэн чинь “Баярлалаа. Би завгүй байна.” гэнгүүтээ утсаа таслаад намайг ёстой нэг “байдалд” оруулдаг байна ш дээ.-Hi. Хүүеэ чи тэгээд Хуланд яг юу гэж хэлсэн юм бэ?-За юу гэхэв дээ. “Чи нөхрөө 4 дүгээр сарын 10 -нд хаана хоносныг мэдмээр байна уу?” гэж л асуусан байхгүй юу. Ер нь яах нь вэ янзыг нь үзсэн байхгүй юу.-Цаадхитай чинь утас мутсаар яриад нэмэргүй ээ. Ёстой явган хэрүүл тоодоггүй элит амьтан байхгүй юу. Тэгж л байг. Тэртэй тэргүй Ананд минийх болох юм чинь гээд Золоо жингэнүүлэн хөхөрчээ.-За яасан? Дуу хоолой чинь Сараагийн нөгөө “Би жаргалтай” гэдэг шиг их жаргалтай сонсогдоод байх чинь?-Яахав. Би сая Аагийтай ярьсан. Надад аймаар хандтай байсан гээд л бодчих. Хүүш ээ, Урнаа чи наад байраа хэдээр хөлсөлсөн бэ?-Yнэтэй ш дээ. Гэхдээ хавар өдийд бол намраас гайгүй байх аа. Жилээр нь төлөх юм бол найман зуун мянгаас наашгүй дэг. Яахнав? Түүний энэ хэрэгт дурласан өнгө яагаад ч юм Золоог нэлээд бухимдуулчихав.-Юу яахнав гэж. Би бас байр хөлсөлдөг юм бил үү.-Мөнгийг нь Бадрал агаа чинь төлнө биз дээ?-Мэдээж.-Тэгээд тэнд чинь чиний Ананд Бадрал гуйтай мөргөлдчих юм биш биз дээ? гээд Урнаа доогтой инээжээ.-За чамд инээдэм надад ханиад мэдэв үү гээд Золтуяа утсаа тасалчихав.Тэр ямар ч байсан Бадралаас мөнгө салгаж байр хөлслөхөөр хатуу шийдсэн байлаа. Бадралын мөнгөөр байр хөлсөлчихөөд Анандтай тэнд жаргана гэдэг… Бүсгүй сэтгэлийнхээ гүнд Бадралыг бяцхан өрөвдөж байвч “За яадаг юм. Өөрөө яах гэж авгайтай мөртөө арван естэй охин эргүүлдэг юм бэ? Хохь нь. “ гэж бодон гэмшлээ цайруулж байв. Цохны цаана хаврын шөнийн тэнгэрт гялалзах хүйтэн одод түүний энэ зэвэргэн бодлыг нь дэмжих мэт аальгүйтэн жирвэгнэх ажээ.
Ананд Золтуяатай утсаар яльгүй сээтгэнэчихээд их л хөгжилтэй амьтан гэртээ орж ирлээ. Тэднийд Хулангийн дүү охин Бөртэ ирчихсэн бөөн дуу шуу болчихсон байв. Түүнийг ороход дүүтэйгээ инээлдчихсэн сууж байсан Хулан Анандын бараанаар царай нь хувьсхийгээд угаалгын өрөө рүү орчихов. Харин Бөртэ охин хүүг нь тэвэрчихсэн ирж:-3а миний дүү аав нь ирлээ. Ананд ах аа Очироо танд очих гээд байна гээд тэврүүлчихэв. “Найз хүүхэд авсаар байгаад гар нь чилчихээд л салахын түүс болоо биз “ гэж бодоод Анандын инээд хүрэв. Тэр Цэндээг дуудан хүүгээ өгөөд гараа угаах гэтэл угаалгын өрөөнд байсан Хулан бас л үгийн солиогүй хажуугаар нь зөрөн гарчээ. “За ямар тахил нь буруу өрөгдчихөө вэ? Өдөр ярихад л зүгээр байсан ш дээ” гэж бодсоор Ананд хүүгээ авлаа. Хулан өрөөндөө ороод дүүтэйгээ юуг ч юм их л аминчлан ярьж байгаа дуулдана.Ананд аль багын л дүүтэй болохыг хачин их мөрөөддөг сөн. Нэг эцэг эхээс зулай зулайгаа гишгэн төрсөн ах дүүс гэж ямархан амь нэгтэй улс байдгийг хараад атаархан “Ээж ээ, та надад хэзээ эрэгтэй, эмэгтэй хоёр дүү гаргаж өгөх юм бэ? ” хэмээн ээжийгээ мөн их шалдаг сан. Даанч ээжид нь дахиад хүүхэд гаргах зав болоогүй .Тэр Хулантай анх үерхэж эхлэхдээ түүний дүү Бөртэг хараад багын мөрөөдлөө эрхгүй эргэн санаж билээ.Аав нь хормогч зүүчихсэн гал тогооноос шагайж :-Миний хүү ирээ юу?Цайгаа уу. Удахгүй хол болно гэж халамжлав. Түүнийг хүүгээ тэврэн гал тогоондоо ороход :-Энэ Хулан дүүтэйгээ нялуураад л нөхөртөө аяга цай хийгээд өгөхгүй хүн юм аа гэж үглэсээр угтжээ. Ананд өөрөө Хулантай хичнээн ч муудсан бусдаас өмөөрөх сэтгэл нь арилдаггүй нь хайртайнх л байх даа.-Хулан завгүй байх шиг байнаа. Ер нь ээж ч танд цай хийж өгдөггүй биз дээ гээд инээв.-За, за. Ээж чинь дандаа завгүй байдаг хүн. Чи өнөөдөр ээж дээрээ очсон уу? Би өдөр тахианы шөл аваачиж өгөөд ирсэн . Нээрээ маргааш эмнэлгээс гарна гэсэн гэх зуураа аав нь бяслаг, талх, гахайн утсан мах нимгэн нимгэн хэрчин таваглаж өмнө нь тавилаа.Ананд талхан дээр утсан мах бяслаг тавингаа зурагтаа асааж:-Би сая эмнэлгээр ороод ирлээ. Ээж бүр дажгүй болчихсон байна лээ. Аав энэ хараач SАRS-тай хүнийг эмчилж байсан канадын эмч нас барчихаж. Аймаар юм. Нөгө тракточдын жагсаалыг бас SАRS-аас болоод тараачихсан биз дээ. Энэ Ху намынхан ёстой далимдуулах юм аа хэмээн ярьж суутал Хулан хүүхдийн аяга авчран ширээн дээр тавиад бас л хар цагаан дуугүй шуртхийн гарлаа. “Арай Золоо Хуланд элдэв юм ярьчихаагүй байгаа даа” гэж Ананд түгшүүртэйеэ бодлоо. Аавынхаа өвөр дээр шүлсээ гоожуулан дэгэж дэрвэх нялх хүү л баясгалантай гэгч нь ганганан маасайх аж.Харин Хулангийн хувьд түрүүний хүүхний хэлэх гээд байгаа юм үнэний хувьтай гэдгийг мэдрээд байсан болохоор өөртөө , Анандад дургүй нь хүрсэндээ тийнхүү уурлаад байжээ.Цэрэнханд гар утсаараа дөнгөж Москва руу ярьчихаад сэтгэл уужран дэрээ наллаа. Мэс заслын дараахь бүх аюул ард хоцорч Родриго буюу Оргил хүүгийнх нь амь нас баттаай аврагдсаныг сонсоод тэр ганцаараа инээмсэглэв. Ой гаруйхантай дөнгөж хөл дээрээ унага шиг тэнцэж ядан байхаас нь хойш гар дээрээ энхрийлэн өсгөж чадаагүй амьдралын эрхээр хоёр газар холдчихсон алдрайхан үр минь. Ээж нь гуравхан жил болоод очно хэмээн бодсоор зүрхэндээ амласаар очиж чадаагүй.Анандыг төрүүлчихээд тэвэрч суухдаа ч тэр таван ой хүрч байсан Оргилыгоо бодон бодон сэтгэлдээ “Ээжийгээ уучлаарай” хэмээн шивнэн суусан сан.Гэтэл хүү нь дөнгөж саяхан утсаар “Ээж ээ, баярлалаа” гэж монголоор цэвэрхэн гэгч нь хэлсэн билээ. Энэ үг хорин жил гэмшиж явсан эхийн сэтгэлийг бага ч гэсэн тайвшруулжээ. Хэдий өөрөө буруугүй ч гэсэн бусдын үүрэнд өндгөө орхидог хөхөө шиг алаг үрээ төрсөн эхийн хайр амсалгүй алсад өссөнд түүний сэтгэдл хэзээ ч тайван байж чадаагүй билээ.-Чи хагалгааны төлбөрийг нь өгөөгүй бол бид хэцүүдэх байлаа. Чамд маш их баярлалаа гэж Хосе хэлсэн. Цэрэнханд дэвтрээсээ Оргилын таван настайдаа авахуулсан зургийг гарган “Ээж нь ямар ч байсан хүүгийнхээ аминд орж чадлаа. Одоо миний хүү алзахгүй ээ “ хэмээн шивнэв.“Одоо харин Ганхуяг, Ананд хоёрт хэлэх цаг нь боллоо. Маргааш эмнэлгээс гараад л шууд хэлчихье “ гэж тэр сэтгэл шулуудан бодлоо. Одоо ингээд бодоход яаж ийм юмыг сэтгэлдээ өдий олон жил хадгалж чадаа вэ гэж гайхмаар. “Анх суухдаа л Ганхуягт энэ тухай хэлчихдэг байж” гэж Цэрэнханд хожим их харамсч билээ. Уг нь тэд бараг гуч шахчихсан хойноо хайр дурлал гэхээсээ илүү хоёр биенээ ойлголцоод суусан хоёр. Тэр нэгэн өдрийг хүртэл хэн хэнд нь нэгээр тогтохгүй учрал байсан нь тодорхой. Тэгээд юунд ханилсан ханиасаа төрсөн үрээ нуусан юм бол? Өнөөдөр энэ асуултад шууд хариулчих үг Цэрэнхандад олдохгүй л байлаа.Өөрийгөө газар дээр ганцаараа хэмээн их л гунигладаг Ананд эх нэгтэй ахтай гэдгээ мэдээд баярлах л байх. Харин нөхөр нь? Жаахан үглээ, олон зантайгаас биш Ганхуяг эмэгтэй хүнийг хүндэлдэг, халамжтай сайн хань билээ. Өөрөө ээжгүй өссөндөө бүсгүй хүнийг дээдэлдэг хүмүүжилтэй, бас түүний мэргэжил, чадварыг нь үнэлдэг ийм хүнтэй учраагүй сэн бол Цэрэнханд өдий зэрэгт хүрээ ч үү, үгүй ч үү.Хүний урманд хиртэй цамц , оймсоо угаалгаж үзээгүй ханиасаа ингэж өнгөрсөн амьдралаа нууж явах ч гэж дээ.”Эргэлзэх цаг алга. Айвал бүү хий, Хийвэл бүү ай “ гэж тэр бат шийджээ.
Bayrlalaa daraagiin hesegiig tesen ydan huleene