“ХУВЬ ТАВИЛАН” ӨГҮҮЛЛЭГ

“ХУВЬ ТАВИЛАН” ӨГҮҮЛЛЭГ

АМУР

Хүү өлсөж байлаа. Жавар тачигнаж хацар нүүрийг нь хайрах мэт болж даарснаасаа хөл гар нь мэдээгүй болжээ. Хүү өлсөж байлаа ч зарж буй чихэр печенээсээ идэж үл болно. Аз болж хэдэн чихрээ зарчихвал өл залгах талх, бэлэн гоймон авч үлдсэнээр нь ахиад чихэр печенээ авна. Тэр цадах гэж юу болохыг бүр мартжээ. Үеийнх нь хүүхдүүд баяр хөөртэйгээр аав ээжийнхээ гараас хөтлөн зах дэлгүүрээр явж энэ тэр элдэв чамин хувцас хунар авахуулж байхыг хараад дотроо сэм атаархана. Аавыгаа хүү мэдэхгүй л дээ. Ээж нь одоо өвчтэй гэртээ байгаа болохоор хүү чихрээ л сайн зарахыг бодно. Хэрэв хүүгээ хоосон ирвэл ээж нь хоолгүй хононо. Даарч байвч, өлсөж байвч тэр гэртээ очиж болохгүй. Гуанзанд орж дулаацах гэхээр ууртай зөөгч нарт хөөгдөн гарна. Гэвч хүү сайн хүн байдаг гэдэгт итгэдэг. Ихэнх хүмүүс хүүг ад шоо үзэж дээрэлхэж загнаж байвч аяга халуун цай, ганц хоёр бууз авч өгөх буюу эсвэл хүүгээс овоо хэдэн чихэр худалдан авах хүн ч бас байна. Харамсалтай нь хүү тэр зарж байгаа амттангаасаа амсаж ч үзээгүй гэж бодохоор даанч өр өвдмөөр.

Хүү ээждээ дэндүү хайртай. Ижий нь түүнд байгаа цорын ганц эрхэм хүн нь. Ээждээ зөндөө их мөнгө аваачиж өгч баярлуулахсан гэж хүү мөрөөддөг. Цадталаа идэхсэн, дулаан гуталтай болохсон, үеийн хүүхдүүдтэйгээ хамт сургуульд явахсан гэсэн олон мөрөөдлөөсөө ч илүү ижийгээ л өвдөхгүй байгаасай гэж хүү үргэлж залбирна… Хүү өнөөдөр хичээлдээ явсангүй. Нойр нь хүрээд, тэгээд ч гадаа хүйтэн байх шиг түүнд санагдав. Аав нь машинаараа сургуульд нь хүргэдэг боловч, ээж нь хичээлдээ яваарай гэж хошуугаа унжуулан гуйж байвч өнөөдөр түүний залхуу нь хүрчээ. Хүү багаасаа л хүссэн бүхнээ авахуулж хүсэл бүхэн нь үргэлж биелдэг болохоор түүнд мөрөөдөл гэж байхгүй. Бас тэр ээж аавыгаа төдийлөн их хайрладаггүй. Түүнд мэдэхгүй мэдрээгүй зүйл их олон бий. Тэр өлсөж даарч огт үзээгүй. Хар зах гэж юу байдаг, үеийнх нь хүүхдүүд чухам яагаад хичээл сургуульдаа явдаггүй ажил хийдэг болохыг мэдэхгүй. Хүмүүс яаж мөнгө олдог талаар бодож ч үзээгүй. Хүүд бүх юм бий. Хүү ээж ааваасаа амттай чихэр авч дэрэн доогуураа хийгээд дулаан хөнжилдөө буцан шургаад амтат нойрондоо умбалаа…

Гадаа маш их хүйтэн байлаа. Хүү хэдийгээр гарангуутаа даарч эхэлсэн боловч хэдэн чихэртэй хайрцгаа тэврээд автобусны буудал руу гүйлээ. Гүйхээр жаахан ч болов дулаацах боловч хүү хоол унд муутай байдаг болохоор дорхноо сульдаж гүйх ч тэнхэлгүй болно. Энэ үед эхнэр нөхөр хоёр зоргоороо зантай хүүгийнхээ талаар зовинон ярилцаж явтал гэнэт урдуур нь нэг хүү гарч ирээд халтиргаатай зам дээр яаж ч чадсангүй машинд мөргүүлэн хол шидэгдлээ. Ухаангүй болсон хүү чихэртэй хайрцгаа тас тэврээд өвдөлт, өлсөх даарахыг мэдрэхээ нэгэнт болиод нэг л гоё зөөлөн үнэр таатайхан үнэртээд, бүүр түүрхэн ухаандаа аав ээж хоёр нь түүнийг тэврэн байгааг мэдэрлээ… Одоогоос найман жилийн тэртээ эмнэлэгт хоёр эхийн хүүхэд солигдсоныг хэн ч мэдээгүй бөгөөд хоёр хүүгийн хувь заяа өөр өөрөөр эргэж, эрх дураараа өссөн хүү энэ л хөөрхий чихэр зардаг хүүгийн амьдралаар амьдарч, чихэр зардаг хүү төрсөн ээж аавынхаа гар дээр ухаангүй эмнэлэгт хүргэгдэж байхад болох болохгүй бүхнийг огт анзаарсан шинжгүй амьдрал хөвөрсөөр л байлаа… Ай Хүний хувь тавилан гэдэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!