“ХОЁР НӨХӨРТЭЙ БҮСГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

“ХОЁР НӨХӨРТЭЙ БҮСГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

Би 35 настай эмэгтэй. Нөхөр, сургуулийн насны хүүгийн хамт амьдардаг байлаа. Би гурван жилийн өмнө Солонгос руу хараар ажиллахаар явж, нөхөр хүүхэд минь гэртээ үлдсэн юм. Би тэнд ажиллаж байхдаа өөр эр хүнд дурлаж, хамт амьдрах болсон. Би дур тачаалдаа шатан хайрлаж, хайрлуулахын жаргалыг эдэлж байв. Тэгээд жирэмслээд хүүхдээ ч гаргахаар шийдсэн. Би хуучин нөхөртэйгээ уулзаж, гэр бүлээ салгаад хүүгээ авчран хамт амьдарна гэж бодож байлаа. Ингээд утсаар яриад яахав гэж бодоод дараа дараа гэж явсаар өнөөг хүрч ирлээ. Би охиноо аавд нь үлдээгээд учраа ололцох гэж Монголдоо ирсэн юм. Хол байхад бүх юм амархан байж. Нөхөр маань сэхээтэн, сайхан сэтгэлтэй болохоор намайг ойлгож уучилна, тэгээд би хүүгээ аваад буцаж ирэн гадаад оронд хүүдээ сайн боловсрол эзэмшүүлнэ гэж шийдсэн билээ.Гэтэл ирснээс хойш тамд орох шиг болов.

Миний бүх найз нөхөд нэгэн дуугаар нөхөр маань хоёр жил намайг үнэнчээр хvлээж өөр эмэгтэй рүү хардаггvй байсан гэлээ. Хүү маань жаахан хүү байсан бол том залуу болон хувирч, намайг хүлээнгээ аавтайгаа маш дотно болжээ. Би тэднийг салгаж чадахгүйгээ маш сайн ойлголоо. Тэр тусмаа шилжилтийн насны хүүхдэд маш хүнд тусна шүү дээ. Цаг хугацаа өнгөрсөөр байдаг. Гэтэл би тэдэнд нөгөө гэр бүлийнхээ тухай ярьж чадсангүй. Тэгээд мөн анхны нөхрөө одоог хүртэл хайрласаар хүндэтгэсээр байгаагаа ойлголоо. Тэр миний хувьд өөр талаасаа нээгдэж, би түүнийг улам их хайрлах болов. Миний шинэ нөхөр Солонгос хүн л дээ, тэр маань их ухаалаг, мэргэн хүн байжээ. Тэр намайг Монгол буцах гэж байхад “Хэрэв чи нөхөр хүүгээсээ салж чадахгүй бол бүү шаналаарай, би охиноо өөрөө өсгөж чадна, гэхдээ чи ядаж жилд нэг удаа утасдаж, ирж уулзаж бай” гэж захиж явуулсансан. Би тэгэж хэлэх үед нь за юу гэж дээ, заавал ирнээ гэж хэлээд л хүрээд ирсэн.  Би заавал буцах ёстой, тэр хоёр маань тэнд надгүй яаж байгаа бол доо гэж байнга шаналах юм. Гэтэл намайг ирснээс хойш хуучин нөхөр маань хоёр дахь хүүхдээ гаргая гэх болов. “Хүү маань ч том боллоо. Харин охин төрвөл чи бид хоёр дахин гэрлэсэн мэт бүр аз жаргалтай болно” гэдэг. 

Эдгээр үгсийг сонсоход зүрхээр хатгуулах шиг л болдог. Би шөнөжингөө уйлж, тайвшруулах эм уудаг болсон. Тийшээ утасдах үедээ л арай тайвширдаг. Тэгэхдээ хоёр настай охин маань утас аваад шулганахад өдрийн үлдсэн хагасаа яаж өнгөрөөхөө мэдэхээ байдаг. Хэн ч миний нууцыг мэдэхгүй. Би бүр ээждээ ч өөр оронд охинтой болсон гэж хэлээгүй. Би том болсон, нас тогтсон эмэгтэй байж яаж ингэж чадаваа гэж өөрөө өөрийгөө гайхах юм. Тэр маань мэдвэл нөхрөө алдах вий гэж мөн хамгийн гол нь түүний хүндэтгэл итгэлийг алдахаас айж байна. Хүү маань ч ээжийгээ үзэхээ байвал яана? Мөн охиндоо ээж нь яагаад хаясан гэдгээ яаж тайлбарлаж хэлэх вэ. Би бүгдэд маш их хайртай, харин тэдний хувьд би зөвхөн зовлон шаналал авчрагч болжээ. Хоёр галын дунд л амьдарч байна. Ингээд сэтгэлээ нээсэн ч дотор минь хөнгөрсөнгүй дээ.

One thought on ““ХОЁР НӨХӨРТЭЙ БҮСГҮЙ” БОДИТ АМЬДРАЛААС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!