“ХОЁР ААВ, НЭГ ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ХОЁР ААВ, НЭГ ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Тэр хоёр Монголоос ирсэн хошин урлагийнхны тоглолт үзэнгээ бас ч зүгээргүй хоёр, хоёр лааз шаp айpаг шимцгээлээ. Хайртай залуугаа санаж, “Удахгүй ирнэ” хэмээн хүлээж, ядаж байгаа бүсгүй бага зэрэг талимаарчээ. – Хүн ганцаардах бас хүний ну­тагт амь зууж, идээшнэ гэдэг ямар амаргүй даваа вэ гээд Соко толгой сэгсэрснээ: – Хүний ёсоор тусалж, сэтгэлийн дэм өгч байгаа чамд их баярлаж байна хэмээн талархал илэрхийлэв. – Би чамайг анх хараад “Ямар хөөрхөн бүсгүй вэ? Яагаад ганцаараа явж байгаа юм бол” гэж гайхсан шүү. Ганхүү ингэж хэлээд чангаар худлаа инээснээ Сокод ойртон суулаа. Цаг оройтсон тул Соког гэрт нь хүргэж өгөх болжээ. Гэрийнх нь гадаа ирснээ: – Хоёулаа буу халж, жаахан сууя л даа. Би бас уйдаж үхэх гээд хэцүү байдаг юм аа гээд Ганхүү Сокотой хамт дотогшоо орсон байна. Энэ тэрийг хуучилж, “Энд тааралдсан нь бурхны төөрөг биз” гэж бие биеэ доргиосон хоёр үүрийн 04.00 цаг хүртэл сууцгаажээ. Эхэндээ өөд өөдөө­сөө хараад сууж байсан тэд ойртон ойртсоор хорвоогийн нэгэн жар­галтай мөчийг хамтдаа үджээ. Шаp айpганд нам цохиулж, сэт­гэлийн жолоо алдсан Соко сэрээд цагаа хартал ажил эхлэхэд тавхан минут дутуу байлаа. Утсаа аван угаал­гын өрөөнд орж: – Бие өвдөөд байна… хэмээн эзэн­дээ худал хэлж чөлөө аваад эргэхдээ Соко зогтусав. Тэрхэн зуур “Би мөнгө олох гэж ирсэн биш үү? Золбоот минь ирэх гэж байгаа” гэсэн бодол тушаад авах шиг болжээ. Соко хүйтэн усаар биеэ зайлчихаад хана налан хэсэг зогсов. Тэгснээ үүдэн дэх өлгүүрээс хувцас авч өмсөөд, өлмий дээрээ гэтсээр яаран гарчээ. Ажлынхаа газрын үүдэнд очсоноо орж зүрхэлсэнгүй. Ийш, тийш хараад ч аврал алга. Хаалга түшээд мэгшин уйлах Солонгыг яаж аргадахаа мэдэхгүй сандарсан эзэн нь хэсэг харж зогссоноо түүнийг хөтлөн өрөөн­­дөө оруулав.

Хацар даган урсах нулимсыг нь гараараа зөөлөн арчаад аргадаж байгаа бололтой шулганах аж. Соко хэсэг уйлснаа тайтгарч, халуун кофе уучихаад бостол эзэн Ким нь “Харьж амар” гэж байгааг ойлгожээ. Солонго гэр рүүгээ явсангүй. Хувцсаа солиод индүүгээ авч, ажилдаа оров. Өг­лөөнөөс хойш дуугарсан утсаа арай гэж нэг юм автал: – Хаана явна… гэх Ганхүүгийн хөлчүү дуу гарчээ. – Би очиж чадахгүй нь. Чи хаалга түгжээд яв… Соко ингэж хэлээд ут­саа таслав. Юу болсныг ойлгоогүй ч сэтгэл гонсгор байгааг нь мэдэрсэн Ганхүү түлхүүрийг хүргэж өгөх да­лимаар Сокотой уулзжээ. – Намайг дахиж битгий зовоо­гоорой. Баяртай. Сокогийн энэ үгийг Ганхүү сон­соогүй юм шиг үг дуугүй гараад явсан байна. Ажлаа тарж ирээд Солонго гэрээ цэвэрлэж байтал Зол­боот утсаар ярилаа. – Хайр нь явах гэж байгаагаа аав, ээж хоёрт хэлсэн. Тэр хоёр минь хүртэл бөөн баяр. Миний хайр өөдрөг байгаарай. Хайр нь удахгүй очно. Золбоотын жигтэйхэн баярласан дууг нь сонсоод Сокогийн зүрх ха­ранга дэлдэх адил түг түг хийлээ. Найм хоногийн дараа Золбоот Инчёны нисэх буудал дээр хөл тавь­­сан байна. Соко ажилдаа гурав хоног явсангүй. Хайртай залуутайгаа өдөржин шөнөжин эрхлэлдэж, Сөүлийн төвөөр ханатлаа зугаалжээ. – Аавын найз нь хүүдээ юм өгч явуулсан. Түүнийг нь аваачиж өгье. Золбоотыг ингэж хэлэхэд Соко “Түндэмүн” рүү явах тийм дуртай биш байсан атлаа хамт гарчээ. “Түндэмүн” гэх гудамж монгол­чуудын очих дуртай хамгийн сайн мэддэг газар нь. Монголоос ирсэн илгээмж, нутаг руу явуулах бараагаа энд л өгч, авалцаад сурчихаж. Тэр дагуу Золбоот, Соко хоёр болзсон газраа очтол Ганхүү зогсч байжээ. Соко түүнээс харц дальдран, мэндийн хариуд толгой дохисон бо­лоод зөрүү харан зогсов.

– Ганхүү мөн үү? – Тийм байна. – Аав чинь юм өгч явуулсан. Золбоот жижигхэн цаасан хайр­цагтай юмыг Ганхүүд өгөхөд – Баярлалаа гэж цаадахь нь сулхан дуугарчээ. – Танай аав, манай аав хоёр бүр багын найзууд шүү дээ. Чи мэднэ биз дээ? Гурвуулаа хамт хоолонд оръё. Золбоотын энэ урилга Соког бүр балмагдуулах нь тэр. Ганхүүд дэндүү халуун байсан ч ширээний нэг талд гурвуул зэрэгцээд суултай биш. Сокогийн харалдаа өөдөөс нь харж суулаа. Түгшүүртэй атлаа түүх өгүүлэх энэ уулзалтаас хойш Ганхүү­тэй тааралдаагүйдээ Соко дотроо баярлаж байв… ЭСЯ-ныхны дэмжлэг туслалцаа­тай­гаар Золбоот Солонгосын ма­шины үйлдвэрт ажилд оржээ. Тэр­бээр Сокогоо татаж тэр үйлд­вэрийнхээ шилний хэсэгт оруулж чадсан байна. Тэд гурван жил өнгөрс­нийг ч эс анзаарах шахам зүтгэжээ. “Суусан цэцнээс явсан тэнэг дээр” гэгчээр Золбоот, Соко хоёр байртай, унаатай, хувиараа юм хийх эх үүсвэрийн хэдэн төгрөгтэй болж чадав. Тэр байтугай, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Сокогийн хоёр дүү их сургуулиа төгсөөд, нэг нь байртай болсон нь хүртэл тэдний хөлс, хүчээ шавхсаны үр дүн байлаа. Түр амсхийх зуурт Соко бие давхар болжээ. – Хүний газар төрүүлэхгүй. Ядаж бэрдээ аяга хар шөл хийж өгөөд ачийнхаа зулайг үнэрлэе. Аав, ээжийн үг Золбоотод хууль учраас нэг их удалгүй эхнэрийгээ нутаг буцаажээ. Зургаан сарын дараа, тулгар биетэй эхнэртээ са­наа зовон яаран, яарсаар Золбоот нутгийн зүг хөлгийн жолоо залжээ. Тэд хүүтэй болж, гурван сар хүрээ­гүй байхад нь хуримын зар тараасан байна. Хуримын зочдын хамгийн хүндтэй суудалд суучихаад, хөлс нь дааварлан баяр, гунигийг хослуулах хоёр хүн байгааг өөрсдөөс нь өөр хэн анзаарах билээ. Энэ бүхнийг эхлэл, төгсгөлтэй нь мэдэж байгаагаараа Элбэгийн хөлс урьд урьдынхаас илүү дааварлана.

Элбэгийн дагавар хүү Ганхүү Сокотой нэгэн шөнийн жаргал эдэлсэндээ маадгар байвч хармын сэтгэл төрөн зүрх нь оволзох аж. Энэ өдрийн баяр хөөрийг амтлан, жаргалтай байгаагаа гайхуулах мэт Насаа Золбоотын духыг байн байн үнэрлэн, малилзтал инээж суув. Насаагийн сэтгэл хангалуун байгааг Элбэг сайн мэдэрч байлаа. Түүний тэсвэр алдагдав уу гэлтэй босч, Золбоотын хоёр хацрыг чанга гэгч нь удаан үнсэхдээ аньсага дүүрэн нулимстай байгааг Догоо анзаарчээ. Амьдрал гэгч хөлгөн далай адармаатай агаад ямар аугаа юм бэ хэмээн Элбэг хашгирмаар са­нагдаж. Хоймор ханхайн суух Золбоот аавтайгаа дэндүү адилхан харагдана. Энэ үед Насанбат “Миний сайн найз” гэж бахархан суусан хэдий ч Золбоот, Элбэг хоёроос харц салгаж чадахгүй байлаа. Тэгснээ “Миний хүү” хэмээн чангаас чанга хэлэхийг нь Элбэг сонсчээ. “Өсөхөөс өдий хүргэсэн эцгийнхээ хайрыг миний хүү аяндаа мэдэрнэ…”. Элбэг хайрын нүдээр хүүгээ энхрийлж, чийг даасан аньсагаа сэмээрхэн шудрахыг харсан Догоогийн зүрхэнд 25 жилийн өмнөх тэр нэгэн хайрын дөл нь дахин бадамлах шиг болов. Хуримын дараа Догоо хүүгээ сугадан гэрэлтэй гудамжаар алхаж явлаа… Үнэмшмээргүй юм шиг хэрнээ үлгэр мэт амьдралын тухай сонсоод Золбоот ээжээрээ бас ааваараа улам их бахархжээ. “Хорвоо дээр хоёр сайхан аавтай над шиг азтай хүн байна уу? Хүү нь та хоёр шигээ сайн аав байх болно оо” гэх бодлоо цалгиулан яралзтал инээгээд ээжийн­­хээ шанхны үсийг зөөлөн, зөөлөн илж, – Хүү нь бүгдийг ойлголоо. Та минь ийм адармаатай “нууц”-ыг ямар олон жил сэтгэлдээ тээгээ вэ? Миний ээж одоо сэтгэлдээ хөндүүргүй яв даа. Хүү нь тандаа маш их хайртай гэж хэлэхдээ дотогшоо уйлж байгаа нь илт. Ээжээрээ, бас аавуудынхаа үерхэл, нөхөрлөл, хүнлэг чанараар бахархсан түүний энэ нулимс зөө­лөн, бүлээн байсан болохоор дотор сэтгэлийг нь улам зөөлрүүлэх шиг санагджээ.

Энэ үед Насанбат, Элбэг хоёр бие биеэсээ гэрэвшиж дөлөв үү, аль эсвэл дотор нь онгойгоод налайж тайвшрав уу гэлтэй хэсэг чимээгүй сууцгаалаа. Тэгснээ гэрийн эзэн Насанбат: – Алив хө, нэг тогтоочих гээд жvнз­тэй аpxи Элбэгт хоёр гардан барив. – Сайн эхнэр, сайхан хүүтэй, ийм аз жаргалтай амьдарч яваа минь чиний хүч шүү. Ачтай болчихлоо. Найзад нь юу дутуу гэх вэ? Насаагийн ярихыг сонсч суугаа Элбэгийн царай цаанаасаа гэрэлтэх нь түүний сэтгэл хангалуун байгааг илтгэнэ. – Уг нь би түрүүлж аав болсон мөртлөө чи түрүүлж өвөө болчихлоо. Найз нь гэхдээ удахгүй бас өвөө болно гэснээ Элбэг гүн амьсгал авч: – Манай Ганхүүгийн эхнэр тулгар биетэй. ЭХО-д харуулсан, ихэр гэсэн гэнэ ээ гээд Насаа руу хүүхэд насны дүрсгүй, ёжтой харцаараа харлаа. – Тэгвэл чи бүр нэг дор хоёр ач тэврэх нь гээч. Бурхан чамд яахаа­раа ингэж үр, хүүхдийн заяаг харамгүй өгдөг байна аа гэснээ найзынхаа мөрөн дээр алгадав. Насаа­гийн харцнаас огт өөр баяр баясгалан байгааг, бас нэг юм хэлэх гээд дүлэгнээд суугааг олж уншсан Элбэг: – Миний найз нөгөө оточ өвгөн дээр дахиж очсон уу хэмээн шимтэн­гүй асуулаа. Цаадахь нь толгой дохисноо: – Чамд бас нэг оньсого шиг юм хэлэх үү? гэв. – Тэр өвгөн чинь жин­хэнэ шидтэй хүн. Нөгөө муу төмcөг чинь амь орсон. Тэгээд… Тэгээд… хэмээн Насааг түгдчин гацахад Элбэгээ аманд нь орчих шахан дө­хөж очсоноо, – Ашгүй дээ… гээд яралзсан цагаан шүдээ гайхуулан инээлээ. Найзынхаа хэлэх гээд чадахгүй байгаа үгийг хоёр жvнз аpxи тат­саныхаа дараа ойлгосон Элбэг: – Хорвоо уудам, амьдрал баян гэдэг чинь энэ шүү дээ. Миний найз зовох хэрэггүй. Хүү, бэртэйгээ зэрэг­цээд хүүхэд төрүүлж болохгүй гэж бурхан хэлээгүй л байхгүй юу гээд Насаатай хундага тулгажээ. Яг энэ үед гаднаас Догоо, Золбоот хоёр орж ирэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!