“ХАР ХАЙМРАН БАЙШИН” 4-р хэсэг Шибуяагийн уулзвар

ЗОХИОЛЧ: OYUNA JIGMEDBAATAR

“Миний охин, пасспорт энэ тэрээ цүнхэлсэн биз, өглөө эрт явах байж юун орой ирдэгийм дээ, хоол унд идсэн үү”. Идсэн идсэн, ажлаар Япон явна гээд хэлчихсэн чинь найз нар гаргаж өгнө гээд жаахан оройтчихлоо. Манай ажлаас захиралтай нийлээд 3 эрэгтэй, ганцхан эмэгтэй томилолтоор явахаар болсон. Тэр азтан нь БИ, хэхэ. Анх удаа л хилийн дээс алхах гэж байна. Өмнө нь хонхны баярын өмнө ээжтэй Эрээн явж байсан ч битүү Монголчууд бэлчиж, хятад хүн цөөхөн харсан болохоор гадаадад очсон гэж хэлэхэд хэцүү, хэхэ. За, ямар үнэг нь ирээд нүдээ залгиулчихав даа надад, жаахан унтчихмаар байх юм, нойр муутай хонож арьсаа арзайлгаж, толгойгоо өвдүүлмээргүй л байна шүү. Очсон оройноо ажлынхаа нэг залуутай ойрхон харагдах нэлээд том метроны буудал дээрх дэлгүүрээр хэсэхээр гарлаа, шуурхай байгааз. Онгорхой юм байдаггүй ээ, бүгд хаачихаж, нөгөөх маань гадаадаар “А” ч байхгүй, би чинь хальт “аригато гозаймас”-тайгаа, бас англи хэлээр дажгүй ойлголцчихно, сураглаад цааш алхаад л байлаа. Гэнэт хаанаас ч юм хар шилгүй л болохоос “Men in black”кинон дээр гардаг шиг эр эмгүй бараан өнгийн хослол, цагаан цамц өмсөж, нөүтбүүкний цүнх барьсан, шороон түмэн хүн өөдөөс саррр хийтэл асгарлаа. Нүдээ бүлтийлгэж амаа ангайн төөрсөн хурга аятай урсгал сөрөн тэмцэж байгаа хүн бид 2-оос өөр алга. “Энд нэг сургууль байдгийн биш үү, форм өмссөн нөхдүүд байна” “Үгүй ээ, хүүхэд шиг харагдахгүй л байна даа, харин хоёулаа яг ажил тарах үеэр нь таарчих шиг боллоо, энэ хавийг оффисын дүүрэг гэж түрүүн захирал яриад байсан” ”Ёооё, ичиж үхмээр юмаа, бид хоёр л эсрэг зүг рүү нь яваад байна, төөрчихсөн юм бишүү” “харин ээ, асууж сураад учрыг нь олно доо, азаар залуучууд нь юм асуухаар төвөгшөөхгүй юм”. Эхний гурван өдөр диснейландын “галзуу хулгана” шиг л өнгөрөв. Байгуулагдсан цагаас хойш бидэнтэй хамтран ажиллаж байгаа нийлүүлэгч компанийхаа үйлдвэртэй танилцан “дараа төлбөр”-ийн нөхцөлтэйгээр нэлээд том захиалга хийж чадлаа. Захирал маань бидэн лүү нүдээ ирмэн додигор гэгч нь зангиагаа суллаад “За манайхаан, 5 хоногийн дараа болох үзэсгэлэн яармагт оролцоод бидний ажил дуусна, зай ч байна, лай ч байна хувцсаа сольчихоод зугаалаад байна даа”.

Oh my god! Тал талаас ёстой арзайтал ороод ирлээ, ийм олон хүн ингэж хурдтай зөрж байж мөргөлдөж шүргэлцэж асуудал үүсдэггүй гэжуга. Манайхан шиг омогтой хүмүүс бол мөргөлдөж мөрлөлдөөд барьцалдаад авах байлгүй. Япончуудыг төрөнгүүт нь “хэн нэгэнд гай болж болохгүй” гэж өсгөдөгийнх байх. Дэлхийд алдартай Шибуяагийн уулзвар (Shibuya Crossing), явган зорчигч нар нь 5 талаас 5 зэрэг өөд өөдөөсөө дайрч зам гарна гээд бод доо. Шибуяа нь маш том метроны буудал бөгөөд үүгээр өдөрт 2,4 сая хүн зорчдог, бараг л Монгол улсын хүн ам тэр чигээрээ юм бишүү, харин уулзвараар нь зөвхөн нэг удаадаа 2000-3000 хүн зам хөндлөн гардаг. Тэгж яривал, бүр 2009 онд энэ олон хүний гишгэлтийг ашиглан “цахилгаан үүсгэх” төхөөрөмжийг газар доор нь суулгаж байсан гэсэн. Бага байхад аав маань эгч бид хоёрыг ирээдүйд эргүүлэх залуучуудаас хамгаалж байна гээд хачин гоолиг, өндөр, гялгар хар нохой авч ирэв. Хенко маань манайд ирэхдээ дөнгөж хоёрхон сартай, хойд хоёр хөл дээрээ цомцойн суухад толгой нь миний сугаар татдаг байсан гээд бод доо. Түүнийг манайд ирээд хэдхэн хонож байхад Ричард Гир-ын тоглосон, эзнээ нас барснаас хойш үхэн үхтлээ буюу 9 жил 9 сарын турш метроны буудал дээр хайртай эзнээ хүлээсэн үнэнч нохой Хачикогийн тухай кино дэлгэцээр гарав. Би ч уяран хайлж нохойныхоо нэрийг шууд л Хачико болгов. Гэрээр дүүрэн муухай үнэр гээд эгч тийм ч дуртай биш, харин би Хачикотойгоо хоолоо хувааж иднэ, хамт унтана, заримдаа шөнө гарч шээлгэнэ, баалгана, хичээлээс бусад үед бид хэзээ ч салж байгаагаагүй. Намайг бүр “15-н Дог-той охин” гэж манай тэр хавийнхан ярьдаг байсныг хожим нь мэдсэн. Харамсалтай нь нэг л өдөр ээжийн хамар битүүрч, нус нулимстайгаа холилдсон ба шинжилгээ өгтөл нохойны үс, үхрийн сүүл, ерхөг согоовор юу юу гэлээ 10 гаруй төрлийн харшилтай илрэв. Ингээд Хачико бид хоёрын халуун нөхөрлөл 2 жил хүрэхгүй төгссөн дөө. Тэгсэн энэ Шибуяагийн уулзвар дээр “жинхэнэ Хачико”-гийн хөшөө байдаг юм байна, дэлхийн олон жуулчид ирж хамтдаа зураг хөргөө даруулна, би ч юу дутахав. Хачико минь зөвшөөрөл эрэх бүртээ над руу тэр данхар биенд хэтэрхий нялхадсан, “Шрекийн муур”-наас хавь илүү хайр татам, өрөвдөж энхрийлмээр, ямар хөөрхөн хардаг байсан гээч. Тийм эгдүүтэй царайг эгч маань харин нөгөөдөх чинь нөгөө “заваан царай”-гаа гаргаад байна хар даа гэдэг байв. Хайртай нохойтойгоо байсан дурсамжууд сэдэрч, нүдний аяга нэлээд их усаар дүүрч ирээд хаашаа ч юм шингэн алга болов. Чийг манан болсон сэрүүн өглөө Японы уламжлалт дэн буудлын өрөөнийхөө цонхоор татами дэвсгэр дээрээсээ нүдээ нээгээд л алдарт Фүжи уулыг бишрэн харлаа. Яахын аргагүй л үзэсгэлэнтэй юм. Хэлмэрч маань “Фүжи уулын нэр нь “үхэшгүй мөнх уул” гэсэн утгатай Фүшисан гэдэг үгнээс гаралтай. Эрт дээр үед өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байв. Нэг удаа өвгөн түлээнд явж байгаад ойн гүнд гэрэл цацруулж буй хулс модыг хараад голоор нь цавчтал дотроос нь бяцхан охин гарч иржээ. Ингээд үр хүүхэдгүй тэд хөөрхөн охинтой болон амар сайхандаа жаргаж байтал охины явах цаг болж, аав ээждээ “мөнхийн ус” өгөөд өөрийн төрсөн газар сар луу буцжээ. Өвгөн эмгэн хоёр, хайртай охиноо байхгүйд мөнх амьдраад ч яах вэ гээд өндөр уулын оройд очоод нөгөө усаа асгачихав. Тэр цагаас хойш Фүшисан буюу “мөнхийн уул” бий болсон ба цаг хугацааны эрхээр Фүжи гэж дуудагддаг болжээ” гэж их л хөгжүүн аз жаргалтайгаар ярив. Нээрээ л дээр нь цас асгачихсан юм шиг орой нь шовх, мөнх цастай ба хаанаас нь ч харсан тэгш хэмтэй, яг адилхан гурвалжин дүрс шиг харагдаж байв. Гэтэл манайд уулс маань тал талаасаа өөр харагддаг шүү дээ, араараа битүү модтой, урдуураа өндөр, хажуу талаасаа налуу ч юмуу. Фүжисан бүх талаасаа яг адилхан үзэгддэг ба Японы бэлгэ тэмдэг, хамгийн өндөр цэг нь юм байна.

Харихын өмнөх орой. Буудлын ресторанд группээр явж байгаа аялалын багийнхантай танилцан сакэ макэ уун, ярилцаж сууваа бид. Хүмүүс шингэрсээр эцэст нь захирал бид хоёр л үлдэв. Захирлыг ингэж их согтож, ийм олон юм ярьдагийг анх удаа л харж байна тэгээд бүр өөрийнхөө хувийн амьдралын талаар шүү. Хичнээн нууцлаг хүн билээ. “Тимберланд аа, чи 2-р анги төгстлөө “ааваасаа төрсөн” гэдэгтээ итгэдэг байсан гэл үү”. Ажилд анх орохдоо хөглөснөөс болж ажлынхан намайг заримдаа ингэж өхөөрддөг ч энэ хүн хэзээ ч ингэж дуудаж байсан удаагүй. “Тийм ээ, ангийн хүүхдүүдийг чи худлаа ярьж байна, бүх хүн ээжээсээ төрдөг гэхээр нь “үгүй ээ, би ааваасаа төрсөн, би та нараас өөр” гэж тэдэнд хэлчихээд дотроо ганц ч болтугай жирэмсэн эрэгтэй хүн олоод харчих юмсан гэж боддог байж билээ”. Хахаха, чи аавдаа тийм их хайртай байжээ, харин би аавыгаа “хойд эцэг” гэж бодон үзэн яддаг байсан гэж хэлээд тэр үргэлжлүүлэн ярилаа. Цонхоор харагдах аварга том арзайж сарзайсан улиас модны дүрс, харанхуй сүүдэр, салхинд шаржигнан шуугих мөчирсийн тэр аймаар чимээ. Бэмбэгнэтэлээ чичирч, хөнжилдөө гүн шурган, нус нулимс, шүлс, хөлсөндөө усан хулгана болтлоо норж, босч чадахгүй байсаар орондоо шээж, битүү орон дотор амьсгалах гэж тарчилдаг байсан тэр цэцэрлэгийн ор. Намайг хэзээ ч авахгүйгээр орхичихож, би буруу зүйл хийсэн учраас тэд сайн хүүхэд авчихаж. Ээж ээ, аав аа, намайг ирээд ав л даа, гуйж байна. Би дандаа үгэнд чинь орж байна, та нар хаана байгаан бэ, намайг хүүхдүүд зоддог, өдөр унтахгүй байхаар багш загнаж, харанхуй өрөөнд гар өргүүлэн зогсоодог, тэр өрөөнөөс бас шөнө орондоо орохоос би үхтлээ айдаг гэж дотроо мэгшдэг байлаа. Тэр нэгэн өдөр аав минь витсамо ундаа, диско печень надад авч өгөөд аав нь удахгүй ирнэ гээд орхиод явсан аавыгаа тийм удна гэж тэр бяцхан амьтан яаж мэдэхэв дээ. Бага насны дурсамж гэхээр гаранд орсон өргөс шиг энэ хэсэг санаанд орж ирэн хөндүүрлүүлдэг байв. Тиймдээ ч аавын намайг гэсэн үйлдэл болгон хуурамч санагдаж, төрсөн хүүхэд нь байсан бол хүн хэзээ ч хайртай үрээ тийм аймаар газар орхихгүй байсан гэж бодон бухимдана. Хэлсэн бүхнээс нь эсрэгээр хийж, сургуульдаа байнга хэл ам татлан, алдартай “атаман” ч боллоо. Нэг удаа аав дуудагдан ирээд багштай ярилцаж байхад нь тэдний яриаг санаандгүй сонсчихов. Ээж маань миний доод талын дүүг төрүүлэх үеэр аарцаг яс нь гэмтэж, хэсэгхэн хугацаанд аав дөнгөж төрсөн нярай, нялх биетэй хөдөлж чадахгүй эхнэр, 4 настай намайг асрахын хажуугаар, амь зуулгаа зохицуулахын тулд ажлаа ч алдахгүй байх хэцүү сорилттой тулгарч. Тэгээд арга мухардахдаа намайг ердөө 7 хоног л 24 цагийн цэцэрлэгт өгч үзжээ. 7-хон хоног шүү. Гэтэл тэр нь надад 7 ч биш 70 жил шиг урт байсан. Аав тэр үед дунд сургуульд зургийн багш хийх ба өглөө ээжид хоол хийж өгчихөөд том улаан хүүхдийн тэргэн дээр дүүг хэвтүүлэн өөдөөс нь намайг харуулан суулгаад замаараа хүүхдийн сүүний газраас сүү тараг худалдаж аваад ажил руугаа яаран шогшино. Өдөр цайны цагаараа ирээд ээжид хоол хийж өгчихөөд буцаад ажил руугаа бид хоёрыг түрээд л гүйнэ, заримдаа ангийнхаа хүүхдүүдээс гэртээ авчирч туслуулна. Аав шөнө дүүг уйлахаар тэвэрч байгаад ээжийн хөхийг хөхүүлж эсвэл угжчихдаг байсан гэсэн. Энэ бүхнийг сонсоод олон жилийн гомдол минь цээжнээс дэлбэ үсрэн гадагшилж би нэг сайн уйлж авсан ба харин оронд нь аавыгаа өрөвдөх, хайрлах, бишрэх сэтгэл үерийн ус мэт бие рүү минь цутган орж намайг тайтгаруулсан. Ингэж л би “төрсөн эцэг”-ийгээ олов.

Тэр цагаас хойш аав хаана байна, би тэнд. Аав зах зээлийн системд шилжих үед ажилгүй болсон бөгөөд намайг дунд сургуульд байхад зураг зурж зардаг байлаа. Зардаг ч гэж дээ бүтэн сар зурсан зургаа ихэнхдээ л нэг шил юмнаас өгөөд халамцуу ирнэ. Ээж маань бас багш, гэхдээ монгол хэл уран зохиолын. Ашгүй ээж тэтгэвэртээ гартлаа халагдалгүй хайлаастын эцэст байдаг сургуульдаа багшилсан. Аавын уугаагүй, эрүүл өдөр ховордож, түүний зөв ч байсан буруу ч байсан би худал үнэн хэлж түүнийг ээжээс өмгөөлж хамгаалдаг байв. Нэг өдөр хичээл тараад ирсэн чинь аав нэлээд согтуу, бид нарын нуугдаж тоглодог 100-н поошгин дотор өөрийнхөө болон ээжийн авч байсан бүх баярын бичиг, өргөмжлөл, талархлуудыг хийгээд шатаах гээд асааж байв. Би ч гал гаргах нь гэж сандран 8-н хувингаар ус дүүргэн нөгөө поошиг руу 2 удаа цутгав. Аав маань үнэхээр цөхөрсөн байлаа.

Дараа өдөр нь аав хашаанд гэц татан нөгөө баярын бичгүүдийн лидринэн гадрыг цааснаас нь хуулж салгаад дэлгэн хатааж байв. Аав ер нь янз янзын зүйл сэдэж байдаг ч энэ юу болохыг, яах гэж байгааг би ухаж ойлгосонгүй. Хэд хоногийн дараа аавыгаа ямар ухаантай, одоогийнхоор бол creative хүн болохыг харж, биширсэн. Нөгөө хөөрхөн жижиг дөрвөлжингүүд яг л савхи шиг харагдаж байсан ба аав маань түүгээр өөртөө таарах куртик 2-г оёсон байв. Аав угаасаа оюутан байхдаа л ангийнхныхаа өмдийг хасч, үсийг нь засч өгөн орой нь ээжтэй бүжгэнд явах мөнгөө олчихдог байсан гэсэн. Ингээд аав нөгөө куртикуудээ аван зах луу явав. Мэдээж би юу гэж ааваасаа салахав. Тэр өдөр баярын бичгийг норгон цааснаас нь хуулж, савхи болгоод жижиг дөрвөлжингүүдийг уйгагүй нийлүүлж, өөрөө загварыг нь гарган эсгэж оёсон аавын минь куртик цагийн дотор л эздээ олсон. Бид хоёр мах сүү, баахан шоколад чихэр авч гэрийн зүг нислээ. Аав маань ор налан газар суугаад хоёр дүү, ээж бид дөрвийн баярлан хөөрч амаа олохгүй идэж байгааг сэтгэл хангалуунаар чимээгүйхэн инээмсэглэн ажих аж. Тэр мөчид түүний нүдэнд гэрэлтэж байсан тэр их хайр, итгэл найдвар, баяр хөөрийг би одоо ч санаж мэдэрдэг. 

Аав маань өдөр шөнөгүй л оёдлын цахилгаан хөл машин пижигнүүлдэг боллоо. Тэр үед аавын куртикны загварууд захын загварын хандлагыг тодорхойлдог байсан гэхэд хилсдэхгүй. Шинэ загвар гаргалаа, хэд хоногийн дараа баахан дууриамлууд захаар дүүрнэ. Аав дахиад л шинээр сэтгэх хэрэг гарна. Амьдрал маань цэцэглэж эхэллээ, 120 мянгатын 5 давхар саарал байшингийн 1 давхарт бид 4 өрөө байранд нүүж оров. Аавд архи уух зав ч, сонирхол ч байсангүй. Гэртээ тод өсгөгчтэй систем хөгжим аван чангаар бахируулан урамтайгаар юмаа оёдог байлаа. Нэг орой аав хэсэг амран зурагт харж сууснаа гар хөл нь татчихав, бид ч сандран түргэн дуудаж, эмч тариа хийн иллэг хийсээр байгаад тавиулав. Витамины дутагдал, архаг ядаргаа гэнэ. Ингээд ээж ч үглэн аав ч аль болох биеэ ядраахгүй мөнгө олох арга хайдаг болов. Тэгээд нэг багын андтайгаа зах дээр тааран хамтдаа урагшаа гуталны наймаанд явахаар болов. Нөгөө найзынхаа ятгалгаар байраа барьцаалан баахан зээл аваад нэлээд хэдэн удаа гахай чирсэн дээ. Тэдний хамтын бизнес амжилт олоогүй ба аав маань байдгаа барж, бид орох оронгүй гудманд гарлаа. Ингээд аав ээжийн хамаатан садан, найз нөхөд гээд хоног төөрүүлж болох бүх газраар л бид хэд явсан даа. Өдөр бүр гутлаа эргэтэл гудамж метрлэсний эцэст аав минь монгол гэр хийдэг газар олж, хэдэн сар үнэгүй гэрийн мод хээлэн ажилласны шанд будаг нь ханхалсан, хээ угалз болсон 5 ханатай Монгол гэрт бид нүүж орсон юм. Аав ээж хоёр хоёулаа ажил албатай, халуун ам бүлээрээ хүнээс илүү гарахгүй ч бусдаас дутахгүй сайхан л амьдарч байв. Намайг 10-р ангид ордог жил хамаатных нь нэг хөгшин бурхан болж, аав тэр орой хойдоход нь зориулж, өөд өөдөөсөө өрсөн догшин хоёр бух зурж өгөөд ирсэн байв. Орой ээжээр маргааш ажил явдалд явна гээд дулаахан хувцас бэлдүүлээд унтав. Маргааш өглөө нь аав минь дахиж сэрээгүй. Хожим сонсохнээ, аав ч тэр настан ч тэр 2-лаа үхэр жилтэй байж таараад хоорондоо харшилсан гэсэн. Толгой сэлүүхэн байх мөч бүрт би аавыгаа санадаг, хэлж байсан үг, бидний төлөө хийж байсан болгонд нь, анх удаа зах дээр куртик зарчихаад биднийг хайрлан ширтэж байсан тэр бишрэм харц одоо ч зүрхэнд минь сийлээстэй байна. Аав чинь эртээд чамайг авахаар ирэхэд би ямар их атаархсан гээ. 2 өвдгөө тохиолдон тонгойсон Билгүүний мөр чичрэн уйлна. Нулимс нь хамрын угалзыг даван үзүүрт нь бөнжигнөн байснаа хурдтайгаар дусална. Би түүнийг тэс өөр хүнээр харж, эрхээрээ хатсан баян айлын гөлчгөр цагаан хүү л гэж боддог байлаа. Аливаа юм харагдаж байгаа шигээ байдаггүй гэж үнэн юм даа. Түүний наснаасаа “ухаалаг” харц ийм л учиртай байж. Чиний минь үнэн төрх энэ. Яриаг нь сонсонгоо урссаар байсан нулимс маань нүүрний будгийг урсган нүд рүү орж, ямар их хорсгож байна аа. Хоёр гараас нь барин өндийлгөөд мөрөөр нь тэврэн толгойг нь энгэртээ наалаа, сэтгэлээ онгойтол уйл даа хонгор минь…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!