“ХАР НҮҮРТИЙН ХАТАН” ӨГҮҮЛЛЭГ

Ц.ЭНХТҮВШИН

Эрчүүдийн бүү хэл эмc оxидын ч нүдэнд xүлхэгдсэн эгэлгүй сайхан бүсгүй манай нутагт байх. Нэр нь Агиймаа. Од мичдээс өөр түүнийг орой үдэш таалсан юмгүй, онгон салхи, аав ээжээс нь гадна олон хүн “үнэрлээгүй”тийм л нэг сайхан заяа манай нутгийг чимэх. Насны залуу, үзэсгэлэн гоог нь найланхай ааш нь бүр ч их гоодно. “Элэгддэгсэн бол энэ бүсгүйг харсан хүн бүрийн нүд жижгэрмээр. Хагардагсан бол түүнтэй ярьсан бүхний магнай хагарахаа байг гэхэд цав гармаар тийм л сайхан баяр баясгалан даа” хэмээн нутгийн ах нар дуу алдана. “Хэний өрхийг татаж, хэний өврийг дулаацуулах бол” хэмээн битүүхэндээ харцгаах ч ээрч, зуурч, эргүүлж ичээх хүн үгүй. Сайхан төрсөн бүсгүйн амьдрал сайхан шигээ байдаггүй хэмээн сумын гуанзны тогооч Бурмаа эгч нэг удаа Агиймаа эгчийн араас харж зогссоноо хэлж байсныг санав. Энэ тухай ээжээсээ асуутал “ Ээ бурхан минь, энэ Бурмаа ер нь яасан хачин юм ярьдаг хүүхэн бэ. Адилхан бүсгүй хүн байж” хэмээн ихэд дургүйцэж билээ. Жижигхэн хөөрхөн, бас жигтэйхэн хөөрхөн эгчийн тухай бодохдоо бодож, мартахдаа мартаж явтал жил сар яасан ч хурдан өнгөрөв. Айлын эгчийг нутгийн ах нараас битүүдээ харамлан тэрүүхэндээ бухимдангуй өөрийгөө голсхийх нь “Би том эр болжээ”гэдгийг минь мэдрүүлэх шиг.Нэг л мэдэхэд ахиад олдохгүй 18 настайгаа золгож эр цэргийн албанд мордлоо. Эр цэргийн албыг энэ ертөнцийг таних “их сургуулийн” эхний дамжаа хэмээн ухаарч, олон аавын хөвгүүдтэй үймж шуугьж явтал 1080 хоног ард үлджээ. Удахгүй халагдана.

Нутагтаа очиж сайхан буурал ээж, аавтайгаа золгоно. Эгчмэд ч гэсэн яахавдээ, сэтгэлийн амраг Агиймаадаа “хайртай” гэдгээ хэлнэ дээ гэж бодсоор улам их яарна. Нутагтаа ирлээ. Угтагсдын дунд ах маань ирчихсэн хөтөлгөө морьтой хүлээж байлаа. Зон олонтойгоо мэнд мэдчихээд аав, ээждээ яарсаар ахтайгаа зуслангийн зүг дэргүүллээ. Уулзаагүй удсан ах дүү хоёр юу эсийг хуучлах вэ. – Дүү минь ирчихлээ. Цаг ч мөн хурдан өнгөрлөө шүү. – Гурван жил ч дороо юм байна. – Ах нь сонин ихтэй байгаа. Дүүгээ ирэхээр нь хэлье гээд л тас нуугаад байлаа. – Тас нуухаар юу байдаг билээ? – Чи лав гайхна даа. Гэхдээ яасан их баярлах бол гэхээс хэлэх гэж их л яарч байна – Одоо тэгээд дүү нь ирчихлээ. Хэлэх болоогүй юу? – Хэлэхгүй ээ, төдийгөөс өдий хүрсэн юм чинь нэг мөсөн гэртээ очиж байгаад л хар. За энэ ч яахав. Миний дүү цэргийн албаа хаагаад ирлээ. Цаашдаа тэгээд ямар ажил алба эрхэлж, яажшуухан амьдаръя гэж бодож байна даа. Сургууль соёлын мөр хөөх юмуу? – Харин тиймээ. Дүүд нь бодсон юм байна аа. Би ямар толгой сайтай ч амьтан биш. Эрдэм ном энэ тэр ч яамай. Харин хань бүлтэй болж өөрийн гэсэн өрх гэрээ барьж, малаа л сайхан маллая. Баатар ч болох юм билүү. – Уухайс, тэгэлгүй яахав. – Уухайс гэж намайг уриалах яахав. Ингэхэд та өөрөө яагаад гэр бүлтэй болдоггүй хүн бэ. Хөгширч, хүүхэд чинь хэнзэдлээ шүү дээ. -Таван насаар ах юм гэж би ч чамайгаа андахгүй байна шүү. Чамайг чив чимээгүйхэн явж ирээд л энэ голын охидоос нэгийг нь шүүрч аваад, гал голомтоо тусгаарлах байх гээд мэдээд байсан юм аа.

Ингэхэд миний дүүгийн галыг асаах тэр азтай охин хэний хэн бэ? – Шүүрээд байхдаа ч яахав дээ. Ямар элээ биш. /инээнэ/ Сайн хэлж мэдэхгүй л байна. Гэхдээ дүүгийнх нь сэтгэлд 1080 хоног хамт байсан нэг бүсгүй бий. Хэд хонож байгаад очиж уулзана даа. – Зөв хө. Ах нь хамт очиж гуйж өгье. Аав ээж хоёр минь мөн ч их баярлана даа. Хоёр хүү нь зэрэг шахам гэрлэж, ачийн зулай үнэрлүүлэх нь гээд л – Юу, та гэрлэх гэж байгаа юм уу. Хэлэхгүй яасан юм бэ. Ямар муухай санаатай юм бэ. Ингэхэд миний бэргэн эгч хэн бэ? – Би чамд хэлсэн шүү дээ. Гэрт очихоороо хэлнэ гэж. Харин ч би гэж хөөргүү юм яриандаа хөөрөөд хэлчихлээ. – Овоо доо муу ах минь. Би ёстой их баярлаж байна. Миний ахыг тоогоод л суучихдаг сайхан л сэтгэлтэй бүсгүй юм даа. – Тийм шүү сайхан сэтгэлтэй гэхэд ч багадна. Ах шиг нь ийм амьтныг хэн ч тоохгүй шүү дээ. Парисийн дарь эхийн Эсмеральдо шиг амьтан байгаа. – Та ямар Эсмеральдог нь хараа юу? – Хараагүй ч гэсэн харсан юм шиг уншсан шүү дээ. Бид хоёрыг гэрлэж байгааг дуулаад нутгийнхан маань бүү хэл, хил залгаа сумынхан гайхаж байна гэсэн. Тэгэхээр ах нь азтай л аавын хүү байгаа биз дээ. Үүнийг ярихын учир гэвэл ах минь төрөхдөө нүүрэндээ битүү шахам хар мэнгэтэй төрсөн юм. Анх нь боровтор өнгөтэй байснаа явцын дунд тодорч, бүр зарим газраар нь үс ургаад хүүхэд байтугай том хүн ч аймаар царайтай болсон юм. Нутгийн лам Сомбоо гуай хэлэхдээ: -Урд төрөлдөө бурхан болсон хүнд тэмдэг тавихдаа бүслэхээс дээш тавьдаг номтой юмыг бүслэхээс нь доош хамаа замбараагүй тавьснаас болоод хойд төрөлдөө ингэж нүүр амаар нь мэнгэтэй хүүхэд төрдөг юм гэжээ.

Ах минь багадаа хүүхдийн доромжлолоос болоод сургууль соёлд ч олигтой сураагүй юм даг. Ахын нүүрэн дэхь битүү хар мэнгийг анх харсан хүн эрхгүй жийрхэнэ. “ Хоёр хацар, хамар, дух, шанаа гээд нүднээс бусад бүхий л нүүр нь тэр чигээрээ үст мангаа шиг хар амьтан боллоо доо муу хүү минь” хэмээн ээж минь далдхан хааяа нулимс унагах. Би хүртэл аливааг бүрэн ухаарах насанд хүрээгүй жаахан байхдаа ахтайгаа муудалцахаараа “Хар мангас, халтар нүүрт” хэмээн хашгичиж байгаад аавын алганы амтыг бишгүй л нэг хүртдэгсэн. Цэрэг цуухад ч явалгүй адуу малтай ноцолдож өссөн ах минь томрох тусмаа өнөөх хар мэнгэнээсээ улам их ичнэ. Олны хөлийн газар тэр бүрий яваад байхгүй. Ахыг нутаг орон даяараа Самдангийн хар нүүрт хэмээнэ. Томрох тусмаа улам л их ичдэг биз дуу шуу нь улам л цөөрсөөр байх болсон юм. Гэхдээ ээж аавыгаа зовоочихно гэж боддог биз. Харин нэг удаа сонин уншиж сууснаа“ гадаадад арьсаа солиулж болдог л гэсэн. Тэгэж арьсаа солиулж болдоггүй юм байхдаа” гэж хэлэхэд нь гэрт байсан ээж бид хоёр юу ч хариулж чадаагүйсэн. Намайг цэрэгт явдагийн хойд зун Борын гол үерлэж хавь нутгийг ус бүрхжээ. Агиймаагийн аав ээж хоёр тэтгэвэр тэтгэмжээ хөөцөлдөх гээд аймаг явсан юмсанж. Агиймаа аав ээжийгээ ирэхийг нь харуулдан цай цүүгээ үйн гэрт гадаагүй хөдөлж байж.Тэнгэр бүүдийж ирснээ гэв гэнэт аянга цахилгаан энд тэндгүй тас нясхийн бууж, тэгснээ хувингаар асгасан мэт бороо цутгах нь тэр. Ойрын арваад жил олигтой ч хур бороогүй, ангаж цангасан газар орон их усыг өөртөө шингээж дийлэлгүй хавь ойрыг хамж аван урсав. Илүү гэрийнхээ өрхийг татах гээд цув нөмрөн гарсан Агиймааг ирж буй их усан гэртэй юутай хийтэй нь урсган авч оджээ. Бүүр түүрхэн ухаан орж нүдээ нээхэд тэрээр эмнэлгийн орон дээр хэвтэж байлаа.

Нүүгэлтсэн их усанд хөвж явахад нь хониныхоо дийлэнхийг алдчихаад үлдсэн хэсгийг нь тэр хавьдаа арай л өндөрлөг гэсэн газар луу гаргаж явсан ах маань Агиймааг анх олж хараад өөрийн мэдэлгүй, барьцгүй их ус руу орсон гэдэг. Хамаг хувцас нь шалдарсан чармай нvцгэн бүсгүй урсан ирэхэд ах минь амийг нь бодсоноос Агиймааг гэж таниагүй юм билээ.Саарь дагаж буудаг над шиг ийм тэнэг толгой байх уу хэмээн Агиймаагийн аав толгойгоо шaaн уйлж байсан гэдэг. Аймаг ороод буцаж явсан хоёр хөгшин асгаран шаагих бороотой өрсөж оронгийнхоо барааг харах нь хэмээн өндөр хөтлөөр давтал гэр нь байдаггүй. Сайр дагасан их усанд гэр нь, бас бус зүйл нь урсаж явах харагджээ. -Тэнгэр минь, үр минь гэхээс өөр юу ч хэлж чадахгүй орилолдох тэдний нүдэн дээр шахам нэгэн хүн ус захлан гүйж явснаа шууд үсрэн орохыг харав. Газар дээрх ганц охины нь амийг аварсан тэр ачтан “хар нүүртэй” халтар ах минь байсан гэнэ. Ач санасандаа ч биш ахын минь сайхан сэтгэлийг Агиймаа таньж татагдан тэр хоёр маань бие биедээ дасан төд удалгүй дэр нэгтгэсэн аж. Энэ тухай харьсан хойноо л мэдэж билээ. Гэрийн бараа харагдан манайхан гарч орж үзэгдэнэ. Гэрээ мөн ч их санаж дээ. Манайтай айлсан шив шинэхэн таван ханат дүнхийнэ. Ахын маань өргөө гэнэ. Өргөө ч яахав, өрхийг нь татсан бүсгүйхэн юм бол гэх бодол тархинд үргэлжилсээр. Уяан дээр буухад аав, ээж минь тосон ирэхтэй хамт томоо гэдэстэй Агиймаа зэрэгцэн зогсч байлаа. Овоо доо муу ах минь, орчлонгийн хамгийн сайхан сэтгэлтэй миний муу ахыг олоод, тоогоод өрхний нь оосрыг татсан түүнд ямар их баярласан гэж санана. Овоо доо та хоёр минь гэхээс өөр хэлэх үг олдохгүй байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!