“ХАРЦАГА” ӨГҮҮЛЛЭГ

“ХАРЦАГА” ӨГҮҮЛЛЭГ

БАЗАРНЯМЫН ГАНСҮХ

Миний санахаар намайг 5 настай байхад аав ажлын хүмүүстэйгээ ганц шил юм уучихаад ирлээ гээд ирэхдээ түлхүүр багажныхаа цүнхэнд хөөрхөн бандгар гөлөг хийчихсэн орж ирсэн юм. Аав хааяа бага зэрэг аpxи амсана аа. Аргагүй дээ өвлийн хүйтэнд гадаа даарч зарим өдөр чихээ хөлдөөсөн ирдэг. Орж ирээд л хөлөө зуухны өмнө ээн суудагсан бодвол их л даардаг бололтой. Хэдэн хүүхдээ хүнээс дутаахгүй гэсэндээ машины тос маслотой зууралдаж орой доод давхараас алхаж ирдэг. Аав минь машинтай бол сайхан аа өдөр бүр сургуульдаа хүргүүлнэ бас ажлаасаа даарахгүй ирнэ. – Доод гүүрээр гараад өгсөж явахад энэ муу амьтан хашааны буланд эхээсээ төөрсөн байдалтай олдохоор нь аваад ирлээ адилхан л амьтны үр алив миний охин усанд оруулаад бага зэрэг хоол өг өглөө аав нь босч үүр барьж өгье үүднээс уяаад унтаарай гэсээр эгчид өглөө. Эгч бид хоёр бөөн баяр нөгөөхөө усанд хөөсрүүлж угаагаад сүү талхны гол өгөөд гаднаас хэц татсан байсан уяаг оруулж ирж уяаад үүдэнд ямааны арьсан дээр хэвтүүллээ. Эгч байн байн гэрэл тусгаж харна өглөө ээж сэрээд юу гэх болоо аваачиж хая гэвэл яах уу?

Сургуульдаа аваад явах уу? цүнхэнд багтах болов уу? гэж олон талаас нь ургуулан бодож ярилцсаар бид унтлаа. Нэг сэрэхэд ээж дуу муутай аягаа угааж зогсоно нөгөө гөлөг үүдэнд алга би бушуухан орноосоо өндийж цонхоор харвал аав хашааны буланд үүр хийгээд өгчихөж ашгүй дээ гэсээр эргээд орондоо орж хэвтлээ. Ээж тэр гөлгийг авчирсанд биш аавыг аpxи уусанд уурласан байж. За нэг хэсэг л үглэх нь дээ Болороо эгч байхгүй босч усандаа явахгүй бол намайг ч бас загнана гээд хувцсаа өмсөж гарлаа. Аав ээж хоёр ч өглөөний цайгаа уугаад цуван гэрээс гарав. Би өнөөх гөлөгтөө Харцага гэж нэр өгөв. Хараад байхад хөөрхөн амьтан юм аа ээж чинь лав чамайг хайгаад санаж байгаа байхдаа. Болдогсон бол уулзуулмаар л байна даанч хаанаас олох билээ. Чамд би хань болноо намайг орхиж болохгүй шүү гээд гарт байсан боорцогоо шидэж өгчихөөд гэртээ орлоо. Өдөр хоног өнгөрсөөр Харцага маань манайд ирээд нэг сар болжээ. Манай гэр бүл шинэ гишүүнтэй болсондоо баяртай байлаа. Эгч бид хоёр нохойгоо яг л амь шигээ хайрлана. Хашааны үүдээр ороод нохойгоо эрхлүүлж зав л гарвал салхинд авч гарч хамтдаа тоглоно. Аав минь тэр өдөр оройтоогүй бол нохой маань хаана байх байсан бол.

Хэн нэгэнд зодуулж хог идэж гудамжинд явах байсан болов уу? бурхан биднийг учруулах гэж л аавын замд тавьж. Сэрүүн ороход дулаахан байр барьж өгөөд бид иддэг хоолноосоо өөрийнх нь тавганд хийж аваачиж өгдөг байв. Харцага манай гэрт халуун дулаан уур амьсгал авчирч чадсан эрхэм гишүүн минь боллоо. Ээж нэмнээ хийж өгч аав энд тэндээс үүрийг нь засахаар элдэв янзын юм авчирна. Манайх хашаандаа тахиа галуу тэжээнэ. Харин харцага маань тэднийг хөөж айлгахгүй харин ч бусад амьдтаас харамлаж байгаа мэт хашааны үүлэнд манан хэвтэнэ. Нэгэн өглөө амбаарын үүдэнд байсан модон хаалга салхинд унахад харцага доор нь байсан юм. Аав бушуухан очиж хаалгыг ээжтэй хамт өргөхөд нохой маань босч явах битгий хэл хөдлөх ч үгүй байв. Эгч бид хоёр аавын гарнаас барин туслаач хэмээн уйллаа. Мал эмнэлэгийн эмчийг гэртээ авчиран үзүүлэхэд шингэн зүйл өг дотор эрхтэн гэмтсэн гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Эгч бид хоёр оройн хоолоо ч идэлгүй гэгээ тасартал нохойныхоо хажууд суулаа. Хөөрхий минь ямар их өвдөж байгаа болоо ингээд үхчихвэл гэж бодохоос л нулимс хацар даган бөмбөрнө. Би уулан дээрх суврага дээр гаран мөргөлөө. Маргааш нь хичээл дээр юу ч ойлгосонгүй нохойгоо яаж аврах тухайгаа л бодон суув.

Гэртээ ирэхэд үүр нь эзэнгүй идүүр нь хоолтой хэвээрэй байлаа. Би гэрт гүйн орвол аав алга ээж гурил элдэн суув. – Ээж ээ Харцага хаачсан юм бэ? яасан юм хэмээн уйлах шахам хэлэхэд аав нь аваад явсаан гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Уяан дээр нь очиход эгч бид хоёрын хийж өгсөн хүзүүвч чимэглэл бүгд хайчаар тасдсан бололтой газар хэвтэнэ. Нохой минь үхчихжээ хэмээн цурхиран уйллаа. Аав орой нэг л дуу муутай орж ирээд юу ч ярилгүй буруу харан хэвтэв. Энэ өдөр манай гэрт зурагтын дуунаас өөр ямар ч чимээгүй нам гүм байв. 10 гаруй хоног өнгөрлөө. Аав нэг л чухал юманд явах гэж байгаа бололтой эгч бид гурвыг дагуулан доод гүүрний цаахан талд байдаг өндөр төмөр хашаатай нэгэн айлд очлоо. Биеэр нэлээн махлагдуу ах үүдээ онгойлгов. Хашаанд нь ороход бурхан минь Харцага минь амьд байна. Тэр ээжтэйгээ тоглон эрүүл саруул байлаа намайг дөхөн очиход урдаас гүйн ирж гар долоов. Аав хөөрхий гөлгийг олсон биш энэ айлаас хөхнөөсөө ч гараагүй нялхаар нь ээжээс нь салгаж худалдаж аваад гэртээ аваачиж. Ээжээс нь салгаад аваад ирлээ гэвэл хэн хэн нь дургүйцнэ гэж бодоод олсон гэж хэлсэн байх л даа. Амьтан ч бас эх үрийн холбоотой байдаг аж. Одоо манайд Харцага маань байхгүй ч эхийнхээ хажууд эсэн мэнд байгаад нь бид хамгаас их баяртай байлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!