“ХАНЬ…” ӨГҮҮЛЛЭГ

“ХАНЬ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Тэр нутагруугаа явж байлаа. Дөхөх тусам түүний итгэл алдарч буцаад явчихмаар санагдавч өөрийн унаа биш тул яах ч аргагүй аж. Гээд буцаад хаана аа хэнийдээ ч толгой хоргодох билээ дээ. Сүүлийн үед түүний бие нэг л базаахгүй байгааг тэр зөнгөөрөө мэдэрч байлаа. Үxэхийн өмнө төрсөн нутаг шиг минь дотно санагдах газар байхгүй шүү дээ гэж бодно. Сураг тавихнээ эхнэр нь хүнтэй суугаагүй ганцаараа дүүгийнхээ хаяанд амьдардаг дуулдсан. Тэрээр – охин минь ч яахав – аав ирж гээд л угтана, харин хүргэнийхээ царайг яаж харна даа гэж бодохоос чих нь халуу дүүгэх шиг санагдана. За ямартай ч эхлээд дүүгийндээ очъё. Эхнэр нь намайг загнана даа. – Та лав эрүүл биш байх шүү. Би танд нэг л үг хэльчихье. Та цаад хүүхэндээ хаягдаад нэг л өдөр шалдан гуяа ганзагалаад хүрээд ирнэ дээ тэр цагт би л лав таныг дүүгийн сэтгэлээр угтахгүй шүү гэж загнаж байсан даа. Би тэгэхэд – муу амтай хүүхэн бэ чи, энэ байдлаараа дүүд минь хаягдана шүү. Ямар хүүхэн мундсан биш дээ гэж хэлж байсан даа. Балган ийнхүү элдвийг бодсоор явж автобус зогсоход буун хувцсаа хийсэн жижиг цүнхээ үүрэн алхав. Зам зуур хүмүүс таарах боловч түүнийг таньсан ч үгүй. Үгүй яаж ч таних билээ. Цагийн сайханд царай зүс, нуруу туруу, мах мариа тэгш сайхан залуу байсан юм чинь. Одоо харваас өтөл царайтай туранхай ахжаал нэгнийг таньдаг байсан хүн нь ч танихгүй болсон хэрэг.

Харин ч танихгүй байх тусмаа сайн гэж тэрээр бодов. Балганг очиход наашаа гарсан гэдгийг нь сонссон дүү нь эхнэрийнхээ хамтаар хашааныхаа үүдэнд түүнийг угтлаа. Эхнэр нь – сайн явж ирэв үү та гэхээс өөр үг хэлсэнгүй нь Балганы санааг амраажээ. Хэд хоног амарч хэвтсэн Балган худалдааны газраар явж жаахан чихэр жимс аваад хүргэнийдээ очив. Хүргэн нь хашааныхаа үүдэнд гайхсан царайтай түүнийг угтжээ. Удалгүй аавынхаа араас булталзаж байсан хоёр хүү нь –энэ хэн бэ гэж асуугаад – өвөө нь гэж сонсонгуутаа л – бид хоёр нээрээ жинхэнэ өвөөтэй болчхож байгаа юм уу – ашгүй дээ та бид хоёрыг цэцэрлэгээс ирж авна биздээ гэх аж. Балганыг – тэгнэ ээ, алив үнсье гэхэд хоёр хүү хацраа өгч үнсүүлэв. Том хүү нь – манай ангийн Дашзэвэг – би хоёр өвөөтэй чамд байхгүй гээд байдаг юм гэхэд дүү нь дуурайн – манай ангийн Дашжэвэг гэхэд – битгий худлаа яриад бай танай ангид Дашзэвэг гэж байдаггүй гэхэд дүү нь – манай ангийн гэж шулганах нь нөхцөл байдлыг өөрчлөв. Хүргэн Батаа нь – алив аав гэрт орцгооё гэхэд хоёр хүү түрүүлэн гүйлдэцгээлээ. Гэрлүү алхах зуураа Балган – охин маань хаачаав – аан Заяа сургуульруугаа дугуйлангаа хичээллүүлэхээр явсан гэлээ. Тэднийг өдрийн хоолоо идээд сууж байтал Заяа ч гаднаас орж ирэв. Балганг юу гэж хэлэхээ ч мэдэхгүй хоолоо тавин сандран босоход Заяа цүнхээ орлуугаа шидээд ухасхийн ирж хүзүүнд нь зүүгджээ.

Тэд чимээгүй хэсэг тэврэлдэн зогсоход Балган паривгар том гараараа охиныхоо үсийг илэхэд нусаа шор хийтэл татах Заяа гараа тавьж юм хэлэлгүй угаалтуур зүглэн очиж гар, нүүрээ угаалаа. Тэгээд орон дээрээ очиж суухад Батаа цай аягалж Заяад өгөхөд тэр чимээгүй л доош цайруугаа харан оочилж эхлэв. Түрүүнээс хойш гайхан харж байсан бага хүү нь ээж дээрээ гүйж ирэн чихэнд нь – агаа бид хоёл жинхэнэ өвөөтэй болчихсон гэв. Ах нь – хов ярихаар хогийн машин болдог гэж багш хэлсэн шүү би л лав чамайг шоглоогүй шүү гэхэд Заяа инээмсэглэн – миний хүү хов яриагүй тэ – жинхэнэ өвөөтэй болсон гэсэн гэхэд хүү инээмсэглэн толгойгоо дохилоо. Ах нь ч – аан гээд санаа нь амарсан шинжтэй хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэв. Ийнхүү сэтгэл нь тайвширсан Балган эхнэр байсан Жавзангийнхаа царайг яаж харна даа гэх ганцхан бодол л сэтгэлдээ тээж байлаа. Тэрээр – ээжийнх нь бие гайгүй юу гэхэд охин нь – гайгүй ээ гэснээс өөр үг хэлсэнгүй тул Балган ч олон үг асуугаагүй аж. Заяа – аавын царай зүс нэг л баргар харагдаад байх юм эмнэлэгт үзүүлж хэд хоног хэвтсэн нь дээр гэж нөхөртэйгөө ярилцаад сумынхаа эмнэлэгт дагуулан явж үзүүлжээ. Шинжилгээний хариу гарахад нэг их ноцтой өөрчлөлт гараагүй бөгөөд ядаргаанд орсон байна гэсэн тул сумдаа байдаг уламжлалтын эмнэлэгт хэд хоног хэвтүүлжээ. Энэ хооронд Заяа ээждээ –аав ирсэн одоо эмнэлэгт хэвтэж байгаа, шинжилгээ нь гайгүй, ядаргаа гэсэн гэж ярьжээ.

Ээж нь – аан тийм үү гэхээс өөр үг хэлсэнгүй. Заяа – ишш ээж минь өөр юу ч асуух билээ дээ гэж бодсон аж. Заяаг бага ангид байхад нь аав нь хот явж ээж нь өдөр бүр шахуу уйлдаг байхад нь охин – аав хэзээ ирэх юм гэж эсвэл – би аав дээрээ очмоор байна гэж мөн ч их зовоосон доо гэж дотроо бодов. Харин түүний хуримнаар аав нь хэлээч үгүй байхад нь хүрээд ирсэн аж. Тэгэхэд ээж нь – дүү нь гэдэг нэг юм л хэл дуулгаа биз гэсэн аж. Удалгүй Балган хүргэнийхээ хоёр хүүг цэцэрлэгээс нь авах болов. Жавзангийн хүргэнийхээ ийш тийш юманд явсан хойгуур хоёр зээ хүүхдээ цэцэрлэгээс нь авдаг ажил ийнхүү зогсжээ. Жавзан – өөрөө гэрийнхээ ажлыг хийж чаддаг цагтаа охиндоо дараа болоод юу гэхэв, ер нь худ ургийн хол нь дээр худаг усны ойр нь дээр гэдэг дээ гэж боддог хүн билээ. Эр эм хоёрт муудалцах өдөр гарахгүй гэхийн газаргүй ямар хажуудаа байгаа ээжийндээ гүйж ороод суугаад байлтай биш. Тэрнээс гадна хүний амьдралд юу эс тохиолдоо билээ, нөхөр нь алсдаа ямар ааш авир гаргаа ч билээ. Магадгүй нэг өдөр охин минь хүрээд ирэх ч юм билүү. Хоёр гараа хөдөлж байгаа цагт хүргэний царай, гар харж хаяаг нь сахиад яахав гэж шийдсэн билээ. Гэтэл азаар хүргэн нь элдэв ааш маяггүй сайн хүн байлаа. Гэвч Жавзан хөл муутай дүүдээ тус дэм болж хүүхдүүдийг нь нааш цааш гэж байхгүй бол болохгүй гэж боджээ. Гэнэт нэг өдөр охин нь – ээж ээ – аав манай хоёрыг аваад ирж явах замдаа ухаан алдаж унасан байхад нь хүн таарч Батаад хэл дуулгаад түргэн ч хурдан ирээд аваад явсан гэнэ, би шууд эмнэлэг явлаа, та манайруу очоорой гэж сандран хэлжээ.

Бүгд ажил төрөлтэй тул Балганг Жавзангаас өөр асрах хүнгүй тул – эмнэлэгийн зүгээс авах арга хэмжээгээ авч эмчилгээгээ хийсэн одоо сайн асаргаа л чухал гэсэн цагаас нь хойш асарч эхэлсэн билээ. Балганы сэтгэлд Жавзан, охин хоёроо нэг л өдөр өөртөө огт хамаагүй хүмүүс шиг орхин хүүхэн дагаад явсан өдөр нь өөр нэг өдөр сэтгэлд нь бодогдож тодоос тод оршсоор ирсэн билээ. Тэрийгээ мөн нөгөөх их хайрлаж дурлаж, итгэж эцсийн дусал хөлсөө шавхан байж олсон хэдээ харамгүй зориулж явсан эхнэр нь нэг л өдөр түүний даралт гэнэт ихсэх багасах өвчтэй болсныг нь мэдсэнийхээ дараа – чи эртхэн нутаг ус, ах дүүгээ бараадвал яасан юм гэж ёозгүйхэн хэлсэн гэдгийг ярьж дотроо онгойлгомоор байвч чадахгүй нь гачлантай. Нэгэнтээ юм хэлж чадахаа больсон Балганы нүдээрээ уучлал эрэх харцыг Жавзан аль хэдийнээс анзаарч түүнийг нэгэн цагт үзэн ядаж амьдралдаа дахиад царайг нь харахгүй явна даа гэж бодож явсан зүрх нь уярч сэтгэлдээ өрөвдөн сэм уйлдаг болсон аж. Тэгээд хотод суурьшсан нутгийнхаа хүн хараас сураг тавьж Балганы эхнэртэй утсаар холбогдон түүний биеийн байдлыг хэлж – магадгүй чамайг ирж уулзвал дээрдчих ч юм билүү гэсэн боловч бас л нөгөөх загнуулдагаараа загнуулжээ. Бас гэсний учир нь өмнө нь Жавзан түүнд – өөр сайхан залуус зөндөө л байна, миний охиныг битгий өнчрүүлээч гэж өөрөөсөө хоёр гурав дүү түүнээс гуйж очсон билээ.

Тэгэхэд нь тэр – өөртөө хайргүй хүнтэй чи яаж амьдрах гэж байгаан, тэгээд ч Балган бид хоёр бие биендээ маш их хайртай, иймэрхүү шалтаг тоочиж хөгийн царайлж явахаасаа ичээч гээд дахин ийм юм ярьж гай бололгүй байгаарай гэж загнасан билээ. Энэ удаа тэр – юу яриад байгаан, дуртай даа явчихаад би ямар өвчин тусгачихсан биш. Энд байхдаа эрүүл саруул л байсан та нар зарж байгаад өвтгөчихсөн ч юм билүү би яаж мэддэг юм. Тэгээд ч одоо эргээд чиний нөхөр болчихсон юм биш үү яах ийх нь надад огтхон ч хамаа алга битгий ахиж залгаад гай болоод байгаарай гэж загнаад үг хэлэхийн завдалгүй утсаа салгасан аж. Угаас ясны ажилсаг, хөнгөлүүн Жавзангийн уйдгүй асаргаа, охин, хүргэн, дүү, бэр, зээ хүүхдүүд мөн Балганы өргөмөл дүү, эхнэр мөн хүүхдүүдийнх нь ойр дотно сэтгэлийн ачаар түүний бие өдрөөс өдөрт дээрдэж хажуугаас нь дэм өгөхөөр өндийж чаддаг болжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Балганы бие бүр сайжирч таяг тулан муухан явдаг болсон ч юм ярьж чадахгүй хэвээрээ л дохио зангаа ашиглан хэл ам нэвтрэлцэж байлаа. Харин Жавзан Балган хоёрын дунд хайрын сэтгэл нь дахин дэлбээлж дөч гөрсөн насандаа жинхэнэ хайр сэтгэлээ олсон улс шиг аз жаргалтай байгааг нь аль хэдийнээс анзаарсан эргэн тойрныхон нь баяр хөөртэй байх болцгоожээ. Л.Дайриймаа 2020.11.15

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!