MngNews

“ХАНЬ МИНЬ ӨВӨӨ БОЛОХДОО БЭЛДЭЭРЭЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“ХАНЬ МИНЬ ӨВӨӨ БОЛОХДОО БЭЛДЭЭРЭЙ…” БОДИТ АМЬДРАЛААС

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно

19 жилийн тэртээ би бяцхан охин байхдаа ухаангүй дурлаж байлаа. 18 нас… Би гэнэн томоогүй бас их мөрөөдөлд умбсан хоёр салаа гэзэгтэй хөрслөг бор охин жижигхэн тосгонд өсөж хүмүүжсэн. Дурласан залуу минь надаас ах. Ах ч гэж дээ тэр 22-той байсан. Сургуулиа хаяад сумандаа мотоциклочин болсон шилийн сайн эр байлаа. Би түүнийг мотоциклоо унаад хаа сайгүй давхиж савхин хүрэмтэй, варэнглэр нэртэй жинсэн өмдтэй ганган залуу болохоор нь дурлаагүй ээ. Зүгээр л худгаас ус авч байхад минь өргөж туслаад 40 бэтонтой устай минь хамт ардаа сундлаад салхи татуулан гэрт минь хүргэж өгсөн тэр цагаас эхлэн дурласан юм. Түүний үнэр миний хайрлах хүслийг бадраасан юм. Ингээд л дурлачихсан. Энэ цагаас хойш тэр залуу хашааны маань буланд ирж нэг хаазлахад л би толинд үсээ харж аваад л гараад гүйдэг болсон байлаа. Болзоо гэх юмуу даа. Нэг удаа аавыг минь ардаа сундалчихсан хүргэж ирэв.

Аав маань халамцуу. Cогтуу гудманд сууж байхаар нь аваад ирлээ гэчихсэн ирж билээ. Аавыгаа түшиж аваад хамгийн анх удаа зориг гарган уруул дээр нь үнсэж орхисон. Аавынхаа хажууд. Хөөрхий муу аав минь юугаа ч мэдээгүй л дээ. Үүнээс хойш энэ хайраа их л нандигнан нууцлаж орой болохыг л хүлээнэ. Нар жаргах бол бидний хувьд аз жаргалтайгаар хэнээс айхгүй болзох, хөтлөлцөх, хайрлах, үнсэх боломж олгодог ганц зүйл байж билээ. Нэг үдэш түүнийхээ ард суучихсан нуруунаас нь тэврээд сумын төвийнхөө захаар салхи татуулан хоёулаа пажигнатал давхиж байхдаа булан тойроод гарч явсан нэг хүнийг мөргөнгөө алдаад сандраад давхисан юм. Орой нь гэртээ хүргүүлээд яваад орсон аав минь хачин ууртай сууж байна. Энэ муу дарвайсан булдруу энэ хар төмрөөрөө яг хүн aлнa. Сагсуу гэж яанаа. Намайг дайрч унагачаад нэг муу сэгсийсэн годгоносон охин суулгачихсан сагсуурч явна лээ. Муу цус. Ямар айлын сэгсгэр толгой нь эргэсэн юм тэрний ард наалдаад шороо царайлаад хийсч явдаг байнаа гээд бууж алдаж байна.

Аав минь их сүржин хүн байсан юм зайлуул. Ханиад хүрсэнийгээ хатгаа авсан мэт сүртэй ярьж тэрэндээ өөрөө баясдаг цагаахан хүн байсан юм. Дотроо инээд хүрээд л аав минь тэр шорой татуулсан сэгсгэр охин нь таны охин байсан шүү дээ гээд л хэлмээр санагддаж байж билээ. Нууцласаар л явлаа. Тэр хавар би биe давхар болж тэр бид хоёр хашааны маань ард ирээдүйн үрээ хэн гэж гэрлэж ямар мэргэжилтэй болохоо хүртэл ярилцаад сууж байлаа. Сайхан мөч минь. Хашааны хойд хаалгаар аав хашгираад гарч ирж байна. Хөөe Сувдаа… Хэн бэ. Хэнтэй хэлхэлдээд байгаан бээ, өө лүд гэж энэ шүдэнз нь бас яачихваа гээд үглэсээр наашаа том том алхаад ирэх мөчид тэр маань хэдийн зугтаж амжсан байлаа хэхэ. Аав минь тэр оройжин ямар юм миний охиныг хар шөнө уруу татаж харанхуйд авч гараад байна олно гээд хамгийн инээдтэй нь намайг уруу татаад байгаа нууц ноёнтонг хайхаар өнөө хараагаад байдаг мотоциклотой сагсууруу явлаа даа.

Тэрний маань ард сундалчихсан том том үг чулуудсаар намайг уруу татдаг бүтэхгүй тэр хүнийг сумын төвөөр хайж хэд тойрсон доо. Хөөрхий хэхэ. Үнэн хэрэгтээ хайгаад байгаа бүтэхгүй хар юмаа өөрөө ард нь суучихаад хайгаад байгаа хэрэг. Муур хулгана шиг л тааварт тоглоом шиг юм болж байж бид хоёр 5 сартай гэдсээ томорч эхлэх үeд аав ээжид минь хэлж билээ. Өнөө их том дуугараад байсан аав минь бид хоёрыг хараад итгэж өгөхгүй өмөлзөж өмөлзөж байгаад хоёулангийн маань духан дээр үнсэж билээ. Ингэж л аав минь ээж минь өвөө эмээ болж байсан цаг саяхан мэт. Харин одоо 19 жилийн тэртээх тэр бяцхан сахиусан тэнгэр минь намайг эмээ болгох гэж байгааг өглөөхөн мэдлээ. Яг л цагийн хүрд эргэж байгаа мэт үнэхээр сонин мэдрэмж. Хань минь өвөө болж би эмээ болох нь дээ. Залуу нас өсвөр нас юу ч хийхэд бэлэн омголон залуу нас минь дахин дурсагдах шиг. Ийм нэг дурсамжаа хуваалцаж эмээ болох бэлтгэлээ базаая даа гэж бодлоо хэхэ. 40 нас хүрэлгүй эмээ болдог юм байжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!