“ХАНЬТАЙ БАЙНА ГЭДЭГ САЙХАН ЮМ АА” БОДИТ АМЬДРАЛААС
“ХАНЬТАЙ БАЙНА ГЭДЭГ САЙХАН ЮМ АА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Гэр бүлээрээ тойрч суугаад хоол идэхийг хүсдэг, аав нь хүүгээ унтуулж байгааг харахыг хүсдэг бүсгүйтэй тааралдахаасаа өмнө би өдөр бүр ханьдаа эрхэлж орой нь охиноо хамтдаа унтуулж буйдан дээрээ зэрэгцэж хэвтдэгээ жаргал гэж боддоггүй явлаа. Амьдралаас илүү аз жаргал, өөр өнгө хайх тусам холддог байж ээ. Анх нөхөртэйгээ 2-р курст сурч байхдаа танилцаад бид хоёр нууцаар байр түрээсэлж, их хурдан дотно болсон л доо. Удалгүй манай хүнийг орос руу сургуульд шилжүүлж би уйлаан майлаан болон үлдэж байв. Санана гэж жигтэйхэн. Орой бүр хайрын дуу сонсож, хайрын кино үзэж зургийг нь харж хэвтдэг байлаа. Нэг орой зурагтаар ‘Notebook’ киног анх удаа олж үзэв. Үзэж дуусаад л шууд шийдэв. Би түүний хойноос очно гэж шийдсэн. Яагаад ч юм гурван жил хүлээж чадахгүй бид салах юм шиг санагдаад болж өгдөггүй би шийдсэн эрчээрээ ааваасаа гуйж залчирч байж намар нь хайр дээрээ очих гээд вагонд явж байлаа. Сургуулиа хаяад.
Очингуутаа гэнэтийн бэлэг бариад шууд яваад очно гэж бодсон ч Москва ямар том билээ хэл мэдэхгүй төөрөөд аргагүйн эрхэнд дуудаж өөрийгөө авахуулж байлаа. Ингээд манай хүн байр хайж бид хоёр дотуур байрнаас нь хамтдаа нүүж нийтийн орон сууц түрээслэлээ. Би зүгээр суугаад хайрынхаа хажууд нэрмээс болохгүйн тулд удалгүй цагийн ажил хийж ядаж хөргөгчөө дүүргэдэг байя гэж хичээх болсон. Бид хамтдаа маш амжилттай төгсөж (бид гэнээ хэхэ манай хүн л төгссөн л дөө) ирлээ. Би бие давхар болоод иржээ. Хүүхдээ ганцаараа шахуу үзүүлж харуулж, ганцаараа хордлого өгөн нэлээн нус нулимстай ээж боллоо. Манай хүн ирээд шууд ажилд орсон учир аргагүйн эрхэнд бид оройдоо л хамт байж чаддаг байлаа. Охиндоо бүхнээ зориулхад бэлэн ханийгаа орой тардаг, амралтын өдөр хүртэл дуудагдаад явахад нөхрийгөө өрөвдөх хайрлах ядарч байна даа гэж боддоггүй байжээ. Надтай хамт байсангүй, цаг заваа гаргасангүй гэж гомдолж суудаг байж.
Хань маань өвдлөө. Эмнэлэгт би сахив. Охин хадмынд долоо хонов. Эмнэлэгт хэвтэж байхдаа хацар илээд ханьтай байна гэдэг чинь ингээд л сайхан юм аа, хоол халбагдаад, духан дээр гараа тавиад сууж байх ханьтай байна гэдэг аз шүү тэ гэж билээ. Би гэхэд охин бид хоёрт бүхнээ зориулдаг, төрийн алба хаагаад өөртөө ч ганц чанартай хувцас авч амжихгүй яваа түүндээ талархаж бодож амжаагүй эрхэлж явж шүү. Одоо хань нь хичээнээ. Чамайгаа ирээдүйнхээ төлөө ажиллаж байгааг илүү сайн ойлгох болно. Хэдхэн долоо хоногийн өмнөөс хэвлийд минь ирсэн шинэхэн үрээ стресстэж гомдололгүй аз жаргалтайгаар эрүүл тээхийн төлөө улам их хичээнээ. Цалинтай ээжийн мөнгөө цуглуулаад чамдаа гоё юм авч өгнөө. Хайртай шүү