“ХАНЬСАХЫН ЖАРГАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Т.БУМ-ЭРДЭНЭ

Болд байрнаасаа яаралгүйхэн гарч ирлээ. Гадаа өглөөний тунгалагхан агаар тааламжтайяа сэнгэнэж, зарим нэг моддын навчис цагийн аясаар шарлажээ. Арай унаж амжаагүй навчисын завсраар бор шувууд үзсэн харсан сонин бүхнээ бие биенээсээ өрсөн ярих мэт зай завсаргүй шулганалдана. Болд машиныхаа зогсоол уруу зугуухан алхлаа. Түүний хөлөөр түрүүлж унасандаа харамсан гомдоллох мэт шар навчис түүгээр үүгээр хөглөрөн гуниг үелзүүлнэ. Болд зэргэлдээх хотод сурч буй хоёр хүүхдээ эргэхээр ганц хоногийн чөлөө аваад явах гэж буй нь энэ. Замаараа дэлгүүрээр дайрч хүүхдүүдийнхээ дуртай амттанг авахаар төлөвлөв. Хэдийгээр сайхан зассан цардмал замаар гурав дөрөвхөн цаг яваад хүрэх газар боловч хол явах гэж буй хүний зангаар машинаа тойрон дугуй юмхныг ажиглаж хэд алхалснаа тэргээ асаан хөдөллөө. Тэрээр хаа ч явсан авч явдаг эхнэр бага хүү хоёрынхоо зургийг хажуу сандал дээрээ тавилаа. Явж буй зүг нь наран сөргөө болоод тэр үү сэтгэл нь сэргэн солгой хоолойтой ч гэлээ дуу аялмаар. Кабиндаа ганцаараа юм чинь яах вэ дээ. Тамxи татдагсан бол нэг сайхан нэрчихмээр. Гэвч тэр угаас тамxи татаж чаддаггүй. Яг одоо тэр аавынхаа тамxиа улаан цог болтол нь сороод, удаан гэгч нь уушиглан, утааг нь аажуухан үлээж, анисгаа хагас анин бодол дундаа умбан суугаа дүрийг санан “Аав маань тэгж суухдаа жаргалтай л байдаг байхдаа” хэмээн бодон хаазаа гишгэлээ. Тэрээр нэгэнт тамxи татаж чадах биш. Харин замын уртад суунаглах бодлоо гайгүй сайн бүдүүхэн шиг ороож байгаад тавтайхан “уушиглахаар” шийдлээ. Хоёр том нь өөр хотод сурдаг. Эхнэр нь бага хүүгээ аваад нутаг буцсан байгаа тул Болд одоохондоо ганцаараа байгаа юм. Болд бага хэнзийгээ л эрхлүүлээд байхаас гараас гарсан хоёр томтойгоо нэг их нялхамсаад байх нь ховор. Гэхдээ тэр энэ удаа хоёр томыгоо санасан байлаа. Босон суун бодогдоод бас ч гэж хоёр хүүхэд дээрээ очно гэхээр сэтгэл дотор нь нэг хөөрхөөн юм хөгжөөд байхыг бодоход санасан хэрэг л дээ. Болдын унасан тэрэг хурдны замаар намбайтал давхина. Замын хажуугаар болцондоо ханан байгаль дэлхийн чинэрсэн дэлэн аятай түнтийн шаргалтах эрдэнэ шиш бүхий талбай жирэлзэн өнгөрнө. Хүү охин хоёрынхоо хөөрхөн багын төрхийг санах гэж Болд тархи толгойнхоо нугалаа болгоныг нэгжин самнах мэт тэртээ арван хэдэн жилийн өмнөх бяцхан хүүхдүүдийг бодох зуур өнөөх сүүлд гарсан хэнзхэн амьтан дундуур нь сарвагнан гүйж бодол сарниана.

Яг л өнөө өглөөний болжмор шиг шулганасан хоёр жаахан юмнууд ээжийнхээ урд хойноос чаргууцалдан цэцэрлэг яслидаа явдагсан. Хүрэн шкафны дээр байх жижгэвтэр улаан хайрцганд ээж нь аль өнгөтэй өөдтэй чихэр жимсээ хадгална. Өглөө босоод өнөө хоёр маань албандаа явж нэг л их гийгүүлэх гэж байгаа амьтад улаан хайрцгийг ширтэн хажууд нь зогсоно. Санаа нь тэндээс урмынхаа чихрийг авах гэж байгаа нь тэр. Болдын эхнэр гэж хөөрхөн жижигхэн бор хүүхэн өнөө хайрцгийг авах гэж хүрэхтэй үгүйтэй арай ядна. Болд ухасхийн очиж эхнэртээ туслана. Ингээд л тэр хайрцагнаас хамгийн нандин юм гарч ирэх гэж байгаа юм шиг л гэр бүлээрээ харж зогсоно. Ээж нь онгойлгоно. Хоёр хүүхдийн нүдэнд тэр гэхийн тэмдэггүй аз жаргал гэрэлтэнэ. Хорвоо дээрхи хамгийн хоргүй нүд тэр л байх. Ээж нь бага нь юм болохоор охиноосоо эхлэн -Миний охин алийг нь авах вэ? гэхэд ой нилээн гарсан жаахан амьтан хэмжээгүй их эрх дархаа эдлэн энийг ч авмаар, тэрийг ч идмээр болон барьж тавилна. Дөрөв дөхөж байгаа хүү нь өөрийнхөө ээлжийг иртэл тэвчээртэй хүлээнэ. -За Агаа нь алийг авах вэ? гэж ээж нь хамгийн их хайраар хүүгээ шагнаж харна. Агаа гэж дуудуулж байгаа даа хүү ихэд урамшин томыг нь авмаар байвч жижиг чихрийг заана. -За яахав миний хүү энийг авчих гэж том чихэр өгөхөд хүүгийн баяр жаргал нүдэндээ байтугай нүүрэндээ багтахгүй гэрэлтэнэ. Эхнэр нь Болдоос -Миний өвгөн авах уу? -Үгүй дээ хө. Наадуулаа хэд хоног хуурахыг бод гэхэд эхнэр нь -Би тэгвэл нэгийг авлаа гээд шуртхийн аваад ичсэн эрхэлсэн аль нь ялгагдахгүй харцаар Болдыг харж юм хэлэхээс нь өмнө -Яадгийн идмээр байхад гэж өхөөрдөм хацраа бомбойлгоно. Гэр бүлийн аз жаргал тэрүүхэн хооронд боргилон булиглах нь сайхан. Миний хүүхдүүд ийм л хүүхдүүд байсан гэж бодон Болд өөрийн эрхгүй жаргалтай инээмсэглэснээ “Харин бид хүүхэд байхдаа яадаг байлаа. Манай ээж бас л хэдэн чихэр олдвол “Муусайн золигнууд хүн орж ирэхээр тавган дээр тавих юмгүй болтол хуурайлчих юм” гэж үглэсээр жижигхэн эрээн авдартаа хийж, сайн гэгч нь түгжээд ажилдаа явна. Харин манай эхнэр шиг аавд эрхлэн ганц нэгийг үмхдэг байсан болов уу. Цаг цагийн хайр ижил юм чинь дээ тэгдэг ч байсан байж болох л юм. Ээжийг явсан хойгуур бид авдарны арын хавтанг эвтэйхэн сөхөж байгаад л аваад идчихдэгсэн. Гэтэл одоо бол тэгж болохгүй шүү дээ. Тэгвэл хулгай л болно.

Тэгэхээр тэр үеийн хүүхэд, одоо үеийн хүүхдийн сэтгэхүй өөр өөр байжээ. Миний үед тийм байсан юм чинь манай аавын үед бүр л өөр байсан байж таарна. Бараг л овсгоо самбаатай талдаа орох биз. Хөгшчүүд сүүлийн үеийн хүүхдүүдийн яс чанар мууджээ гэж ярьдагсан. Тэдний ойлголтоор бол тийм л байх. Миний муу хүү хорь хүрч байгаа гэхэд тэр үеийн залуусын өдөр тутмын ажил болох адуунаас дурын морио барьж аваад эмээллээд уначихаж чадахгүй шүү дээ. Гэтэл миний хүүгийн чаддагийг тэр үеийнхэн байтугай би ч гэсэн чадахгүй байж мэднэ. Тэгэхээр хүмүүн гэдэг цаг хугацаа улиран өнгөрөх тусам улам л дотогшоогоо хөгжиж байгаа юм байхаа даа” гэж Болд тэнэж зуларсан бодлоосоо хүүхдүүдээ өмөөрнө. Хурдны зам гэдэг сайхан ажээ. Дөрвөн цагийн газрыг дөрвөн цагтаа л давхиад ирнэ. Зам зуур хоёр хүүхэд нь -Одоо хаана явна? Ойртож байна уу? хэмээн ээлжлэн утасдана. Болд “муусайн хүүхдүүд минь хүлээж ядаж дээ” гэж бодсоор ирээд бага сага тортой юмаа буулгаж байтал ард нь -Өө аав! Сайн уу? гэж дуугарахад эргэж харвал хэдхэн хоног хараагүй хүү нь дэнхийсэн том юм болчихсон ч юм шиг. Бодвол санасных байх. -За миний хүү сайн уу? гэж хүүгээ үнсээд -Дүү нь яасан? гэж харцаараа эрэлхийлэв. -Гэрт байгаа гээд хүү нь юмыг нь аван түрүүлэн алхав. Тэр мөчид хамар нь шархирах шиг болоход Болд “Би ч аав шигээ л болжээ дээ” гэж аавыгаа бас давхар бодож амжив. Хүүгээн дагасаар ортол охин нь үүдэн дээрээ угтав. Болд эхнэрийнхээ залууг харчихав уу гэлтэй болж зог туслаа. Жаахан өндөрхөн л болохоос яг л ээж ажээ. Болд охиноо үнсэв. Хүүгээ дахиж үнсэв. Бодвол замын турш бодсоных уу багынх нь үнэрийг мэдрэх гэсэн бололтой. Одоо тэр үнэр яаж байв гэж дээ. Харин хүүгээс нь өөрийнх нь, охиноос нь эхнэрийнх нь үнэр үнэртэх шиг болов. Санаа дагаад тэр байх. Хэдий том болсон ч гэсэн хоёр хүү нь аавдаа ойрхон сууж ямар нэгэн юм хүлээх мэт харах нь яг тэр багадаа улаан хайрцагнаас чихэр хүлээдэг шиг нь харагдахад Болд -Өө, аав нь… гээд мартсанаа санасан мэт гараа савлаад, тортойгоо задлан хүүхдүүддээ өглөө. Өнөө хоёр нь эгээ л авах ёстойгоо авсан бололтой гал тогоо уруугаа цувралдан оров. Тэднийхээ хойноос харж суухдаа Болд “Хөөрхийдөө! Хичнээн том болсон ч нялхаараа л байх юм даа. Хүүхдүүдээ гэж…” хэмээн бодон суулаа. Хүү нь нэг тавган дээр хэдэн бууз, нөгөө дээр нь хэдэн хуушуур, охин нь банштай цай барьсаар орж ирлээ. “Аавыгаа ганцаараа байгаа учир ажил төрөл гээд олигтой хоол ундгүй байгаа байх” гэж санасан бололтой. Ганцхан хонох учир аавынхаа дуртай монгол хоолыг бөөнджээ. Болдынх гэр бүлээрээ хамтдаа байхдаа элдэв янзын баяр ёслол болохоор гадуур дотуур хоол идээд яваад байж чадахгүй дээ, чааваас.

Тэгээд л гэртээ шаагилдаж өнгөрөөдөгсөн. Болд түүнийгээ нуух гэсэн шиг -Өнөөдөр сайхан монгол хоол хийж иднээ л гэдэгсэн. Цаад учрыг эхнэр нь л ойлгоно. Болдын эхнэр цай хоол сайтай нэгэн. Орж гарсан хүмүүс ер нь л болж л өгвөл магтах талдаа шүү. Олон жил ханилахаар хоол унд нь хүртэл нэг болчихдог нь жам. Эхнэрийнхээ цай хоолноос олигтойг Болд бас нэг их мэдэхгүй. -Ямар сайхан юм бэ хүүхдүүд минь. За бүгдээрээ сууцгаая. Өнөөдөр ч сайхан монгол хоол идэх нь ээ гэж гараа үрчихэд аавыгаа баярлуулж чадсандаа тэр үү хүүхдүүдийнх нь нүдэнд урмын үрэл өнхөрнө. Яг хоолоо идэж эхлэхэд яагаад ч юм бүгд чимээгүй болцгоочихов. Бодвол ээж дүү хоёроо үгүйлээд байгаа бололтой. Өдийд ээж нь байсан бол хамгийн түрүүнд “Өвгөөн аваарай” гэж хоол руугаа дохиод, “Хүүхдүүдээ идээд байгаарай” гэдэгсэн. Өнөө жоохондоо буузны гурил үлээж байгаад л бариулна. Тэгээд л бүгдээрээ тэр тэгсэн, энэ ингэсэн гээд л ярьж гарцгаана. Аз жаргал гэдэг нэг их юманд биш ерөөсөө энэхэн агшинд л байдаг бололтой. Хүүхдүүдийн хийсэн хоол ээжийнхийг нь яаж гүйцэхэв. Гэхдээ Болд хоол цайгаа амтархан идэж тэдэндээ урам өгнө. Тэр ч байтугай цайгаа хурдан хурдан оочлон, хөлсөө арчина. Хөндлөнгөөс харахад энэ аав хүүхдүүддээ эрхэлж байгаа юм шиг харагдана. Гэвч эцэг хүн хүүхдүүдээ шагнаж байгаа нэг хэлбэр юм даа. -Аа, мөн сайхан байна шүү. Миний хүүхдүүд хоол цайгаа яг л ээж шигээ амттай хийдэг болжээ гээд нүүр дүүрэн инээнэ. Хожим хойно хүүхдүүд маань энэ өдрийг дурсан “Аавыгаа нэг тэгж баярлуулж билээ” гэж санан цааш амьдрах тэнхээгээ авна гэдгийг Болд мэдэж байлаа. Болд ч гэсэн өөрөө аав ээжийгээ бага ч гэсэн баярлуулчих юмсан гэж бодож явдгаа санан суугаа. Ингэж суухдаа Болд хаа нэгтэйгээс уншсан “хүн халанд биш хайранд хүн болдог” гэсэн үгэнд улам бүр итгэж байлаа. Оройжингоо хоёр хүүхэдтэйгээ хөгжилдөн мөн монголд байгаа ээж дүү хоёроо ярьцгааж, бага насныхаа хөгжилтэй явдлуудаа дурсацгааж ёстой нэг санаж бодох юмгүй гэнэн цагаан инээдээр инээцгээв. Охин нь арай бага юм гэсэндээ эцгийнхээ бөөрнөөс тэр орой салсангүй. Маргааш нь амралтын өдөр тул хүүхдүүд л болсон хойно өглөө нь жаахан унтацгаав. Болд харин эрт сэрчихлээ. Хүүхдүүдээ нялх бага шиг нь санан гэтэн гэтэн очиж өрөөгөөр нь шагайх гэснээ яагаад ч юм орж чадсангүй. Цаанаасаа л болсонгүй. Бодвол хэдийгээр эцэг хүүхдүүд ч гэсэн хүмүүн болохын ялгаа зааг энүүхэнээс эхэлдэг үү яадаг вэ, ямартай ч гэсэн “Том хүний өрөөнд зөвшөөрөлгүй орчих гээд байгаа юм шиг” санагдаад Болд өрөөнийх нь үүдэнд хэд эргэцсэнээ буцлаа. Урд нь эцгийн хувьд бүх л юм нь болдог мэт байсан бол одоо хүүхдүүд том болоод болохгүй юм гэж байдаг болж байгаа юм байхаа даа. Болд өрөөндөө орж ганцаар жаахан суулаа.

Өөрийн эрхгүй түүний хэнз бяцхан хүү нь нүдний нь өмнүүр тоглон гүйж, эхнэрийнх нь борхон царай үе үехэн жирэлзэнэ. Одоохондоо Болд тэр жаахан хүүгээ яаж ч эрхлүүлсэн, тэр байтугай тэр хүүгийнхээ өрөөгөөр олон юм бодолгүй орж чадна. Болд одоо тэр хоёрыгоо санаж эхэллээ. Хүн санаж, үгүйлэх юмтай байна гэдэг сайхан ажээ. Тэрээр жаал сууж байснаа босож хоёр хүүдээ өглөөний цай бэлдлээ. Сонин болов уу гэж санан гамбир хайрч, хярам чаналаа. Хүүхдүүд нь уван цуван босод ирлээ. Хүү нь -Хөөх! гамбир гэж дуу алдав. Ойрд хараагүй болохоор тэр байх. -Чихэр хийсэн биз? гэж охин нь лавлаж байна. Бүгдээрээ ширээндээ сууцгааж, гамбираа хөшиглөн хярмаа хийж уулаа. Болд бага байснаа санан бүр албаар хуруугаараа авч идлээ. Яг л бага байхдаа ээж аавтайгаа ингэж л байсан нь санагдана. Дурсамж хүнийг хөглөдөг ажээ. Нэг мэдсэн Болдын явах цаг болжээ. Буцаад дөрвөн цаг давхиад л ажилдаа очно. Тэр хүүхдүүдээ ээлжлэн үнсэж -За миний хүүхдүүд хичээл номоо сайн хий. Гол нь хүнтэй эвтэй байдаг юм шүү. Хүний орчлон гэдэг хүнд яаж хандана яг л тэгж хариу нь ирдэг нэг бодлын уулын цуурай, усны тусгал гэсэн үг юм шүү дээ. Хүнд дандаа сайн сайхныг өгөхийг бодож байгаарай гэж үргэлж хэлдэг хэдэн үгээ энэ удаа бас л хэлэв. Тэгээд хүүхдүүдээ харсан чинь нэг л урвайх янзтай. Тэгэхээр нь -За сэргэлэн байна шүү залуусаа Явах явах цаг боллоо хүүхдүүд минь Яаруухан ч гэсэн биднийг Ямар хурдан салгана вэ . . . гэж орчин үеийн залуусын хип хоп гээчийг дуурайж үзүүлэв. Болдод үнэхээр зохиогүй тэр хөдөлгөөн охиных нь инээдийг илүүтэй их хүргэв бололтой гурвуул хөгжилдөн инээлдэв. Энэ инээд дуусахаас өмнө Болд гарах ёстойгоо мэднэ. -За, аав нь мөдхөн дахиад нэг амрахаараа ирнэ за гээд хоёр хүүхдийнхээ толгойг нэг нэг илчихээд гарлаа. Тэргээ асаагаад түргэхэн шиг байшингийн булан тойрох хэрэгтэй. Тэгэхгүй бол хүүхдүүдээ нялцайлгачихна. Цонхон дээр даллан зогсох хүүхдүүд рүүгээ хариу дохиод булан тойронгуут цээжин дотроос нь хэсэгхэн бүлээн нурам нургив уу гэлтэй аньсаган завсар халуу оргив. Тэрээр – Муусайн хүүхдүүд минь овоо л болж дээ гэж хэнд ч юм шивнээд цааш бодолд дарагдан замдаа гарлаа. “Муу хань минь яаж шүү явдаг болдоо. Осолдохгүй эцэг эх элгэн садныхаа дунд байгаа юм болохоор болж л байгаа байхдаа. Түүнээс одоо ч бид хичнээн ойрхон ч гэлээ өөр бусдын хажууд идээшнэ гэдэг хэцүү дээ. Хүн болж төрнөө гэдэг зүүний үзүүр дээр шар будаа тогтохтой адил л гэдэг. Гэр бүл болон амьдарч, амьдрал зохионо гэдэг түүнээс нэг их өөрцгүй юм даа” гэж бодон өдий дайны амьдарч яваа нь ханийхаа ач хэмээн санана.

Болд өөрийгөө шоолов бололтой царай нь нэг мушилзсанаа “Би гэдэг амьтан царай муутай сүүмийсэн, зүрх зориггүй юм байж билээ. Тэгээд бас болоогүй ээ, энэ эхнэрээ анх харчихаад л үгүй ээ мөн их юм болсонсон. Тэгж тэгж нэг юм сэтгэлээ нээсэн нь аз таарсан гэх үү дээ. Муу хань минь яаж нэг юм намайг тоож, сэтгэл итгэлээ өгсөн юм бол. Энэ л миний энэ насны хань болно гэж яаж итгэсэн юм бол. Сонин юм шүү. Хувь заяа л юм байхаа даа. Тэгээгүй бол энэ амьдрал, энэ хүүхдүүд цөм байхгүй байсан гэж бодохоор санаанд нэг л буумааргүй. Магадгүй би хэнтэй ч суусан хүүхэдтэй болж болох, чи минь ч гэсэн хэнд ч юм бэ хүүхэд гаргаж өгөх байсан байж болох л юм. Гэхдээ л зөвхөн надад л энэ гурван сайхан үр төрүүлж өгсөн гээд бодохоор чамайгаа би хайрлаад хайрлаад ханамгүй. Энгэрийнхээ товчийг тайлах эрхийг надад л өгч, эмэгтэй хүний хамгийн нандин бүхнээ надад л дэлгэж, энгэрт минь уусан нялхарсан тэр их хайрыг би яахан мартана. Гар гараасаа хөтлөлцөн гүйсэн он жилүүд саяхан л юм шиг санагдавч бас ч гэж тэртээ ард үлджээ. Үр жимс нь боловсорсон намрын модод ямар байдаг билээ. Яг л тэрэн шиг бид ч гэсэн үр хүүхдээ хүний дайнд хүргэсээр насны намартай золгох нь дээ. Тэр жилийн намар налайсан, урт намар байж билээ гэдэг шиг чи бидний амьдралын намар ч гэсэн тайван налгар, урт намар байх болноо хань минь. Үндсийг нь манасан шороог сэндийчээд өгөхөөр ургамал ногоо сэргэдэгтэй адил бид ч гэсэн хааяа хоёр биендээ тунирхаж, гэрийнхээ жаргалыг манасан халуухан хайраараа оролддог байж. Тэрэндээ ч тэр үү хоёр биенээ гэсэн сэтгэл минь улам бүр нялхардагсан. Залуу байхад юм болгоныг сайхнаар харж чаддаг хойно доо чамд минь ч гэсэн сонголт хиймээр үе байсан гэхэд би эргэлзэхгүй. Гэсэн ч битүү ургасан тайгын шугуй мэт юу нь үл мэдэгдэх энэ амьдрал дундуур “энэ л намайг чирээд явна даа” гэж итгэж чадсан тэр хувь заяанд би баярлаж бас бялуурч явна даа. Тиймээ чи минь намайг “Энэ л миний эр хүн” гэж харж чадсанд баярлахгүй гээд ч яах билээ дээ. Хүн ханисан байж жаргадаг нь л үнэн юм. Хань минь би чамдаа хайртай…” Болд бодолдоо болоод нилээд хурдтай давхиж явна. Түүний хойно, урд мөн сөрөг урсгалаар ч гэсэн олон машинууд цаг хугацаатай уралдан давхилдана. Энэ олон машин болгонд өөр өөрийн гэсэн өнгө аястай, хөг аялгуутай амьдрал яваа. Энэ олон машинууд хурдны замаар л ингэж хурдлан давхиж чаддагтай адилхан хүмүүн бидний амьдрал зөвхөн хайран дээр л учир утгаа үл алдана. Тиймээ амьдрал хайр дээр тогтдог. Болдын өмнө алс тэртээг чиглэсэн уртын урт харгуй зурайсаар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!