“ХАНЬДАА УУССААР Л БАЙДАГ ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
“ХАНЬДАА УУССААР Л БАЙДАГ ЮМ БАЙНА” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Залуу явахад насаа нэмж танилцдаг байлаа. Харин одоо насаа дарах юм уу аль болох дурсахгүй өнгөрдөг болждээ. Би бээр 50 за бараг хүрэх гэж байгаа нэг өрхийн тэргүүн, үрсийн аав, хоёр дайсны цэргийн өвөө байна. Гэхдээ нас 5-ын тоогоор эхлэнэ гэдэг хайр сэтгэлтэй үнэхээр хамаагүй юм байна шүү. Дүү нар минь. Жил ирэх бүрт хамт байгаа хань чинь чиний нэг хэсэг болж санаа дагаад ч тэр байх адилхан болж орхидог юм байна. Хүн насны эцэст юунд харамсдаг вэ гэж бодоход хангалттай хайрлаж байгаагүй дээ бас хангалттай аяалж байгаагүй дээ харамсдаг юм байна гэх юм билээ. Одоо энэ захиа захиасаа бичиж байхдаа үгэн сумаар бөмбөгдүүлэнгээ бичиж байна. Тагтан дээрх хогийг гаргаж хаяна гэж гурван жил боллоо гэнэ дээ намайг.
Уг нь гурван сар л даа. Заримдаа ингээд үглүүлээд загнуулаад нэмж хачирлаад гүтгэж байгаа нь хүртэл миний л юм шиг дотно бүр ч сайхан санагдах болжээ ууссаар л байдаг юм байна. 35 жилийн өмнө эхнэрээ усны тэргэн дээр дүүгээ суулгаад хоёр салаа гэзэгтэй борооны ус туучин гүйж байхад нь харж байжээ. Жаахан байсан юм байна миний хань. Би яахав үeийхэндээ том биeтэй хөрслөг бор чийрэг нэгэн байсан учраас 15-тай нусан чавх гэдгээ нууж 18 настай гэж байгаад л эргүүлсэн дээ. Их амархан эргэсэн санагдана. Тэр үeийн хоёр салаа гэзэгтэнгүүд ах хүмүүст дуртай талтай байсан шүү нээрээ бодоход. Энэ хүнтэй л сууна суухгүй бол хэн болох болдоо гэж найз нартаа мөрийцсөн шүү. Мөрийний шагнал маань Биттлес хамтлагийн пянз чанамал жинсэн өмд. Эхнэртэйгээ уулзах гэж ганган дэгжингээрээ алдартай найзынхаа чанамал жинсийг гуйж өмсөөд хашааных нь гадаа очоод эхлээд завсраар нь харж нэг тайвшраад пролддог байлаа.
Прол нь гэрийнх нь дэргэд байх төмөр пингийн дээвэрлүү чулуу шидэх. Ингэж болзож хамт байж нэг нэгнээ гэсээр дөрвөн жил ижилдэн дасаж сүүлдээ тэрний хийсэн алдаа дутагдал бүхэн сайхан санагддаг болж гүн гүнзгий хайрлаж байлаа. Дорнодын техник технологийн коллежд би явахаар болж за ингээд явбал би ингээд салах нь тодорхой. Энэ хүн ч эндээ уусч би ч хүний газрын хүн болно гэж бодож eр нь л аваад явъя гэж бодож билээ. Яг явахынхаа өмнө пургон машинаа хашааных нь буланд зогсоож байгаад хоёр салаа гэзэгтэй охиныг хормогчтой хөл нүцгэн машиндаа суулгаад төмс хураагаад ирьe гэж хуурч аваад шууд Дорнод нутгийн зүг гарсан юм. Замдаа мэдээж бөөн юм болсон. Тэр мэдээж. Бууна барина буцаад алхана гэж. Буугаад буцаад алхаагүй ээ. Монголын зүүн хязгаарт хөл нүцгэн эхнэртэй залуу бууж байлаа.
Хоёр жилийн дараа өнөөх хөл нүцгэн охин хөл хүнд болоод түрийтэй гуталтай богино үстэй намайг нэг мөсөн атгаж авсан юм даа. Дуу муутай үргэлж миний үгээр байдаг гэргийнхээ уурлах үглэхийг олж харалгүй залуу насаа өнгөрөөж билээ. Заримдаа чив чимээгүй байх нь маш аймшигтай шийтгэл байдаг байлаа. Эмэгтэй хүн орилж хашгирч бууж мордож байвал эр хүн айлаггүй юм билээ. Чив.чимээгүй харцнаас нь сөгдөж мөргөсөөр 31 жил болж. Одоо харин цаг нь болсон бололтой. Үглэхийг үзүүлж үлгэх ярьдаг болоод байна даа. Төлөвлөж бэлдэж тооцоолсоноос илүү мэдрэмжээ хүслээ дага л гэж захимаар байдаг юм. Хүүхдүүддээ ч ингэж хэлсээр ирсэн. Хөл нүцгэн эхэлсэн амьдрал хөнжлөөрөө дүүрэн болоод үржээд л байдаг юм. Миний хүүхдүүд өөрсдөө шийд гэж хэлсээр л ирсэн өөрийн хүүхдүүддээ. Залуу хүн ялангуяа эр хүн нэг алдаад үзчих гэмгүй. Аавын шанаа үзэж амьдралд алгадуулах гэмгүй.