“ХАНЬДАА БИ ИТГЭЖ БАЙНА” ӨГҮҮЛЛЭГ

“ХАНЬДАА БИ ИТГЭЖ БАЙНА” ӨГҮҮЛЛЭГ

О.ӨНӨРЦЭЦЭГ

Тэр нэгэн өдөр манайх гэдэг айлын гал голомт хөмөрчих шиг л болсон. Учир нь өвгөн маань хүний эрхэнд орж аргагүйн эрхэнд аавын хаалга татах болж хоёр хүүхэдтэйгээ би гэдэг хүн тал дээрх өнчин ганц гэр шиг л үлдлээ. За тэгээд нөхрийгөө эргэж очих болгонд элдвээр хэлүүлж үснээсээ зулгаалгуулж үйл тамаа үзнэ. Тэр маань галзуу юм. Хүн харахын эцэсгүй солиотой болчихсон юм тэр хэргээс болж. Гэхдээ би нөхөртөө итгэж байлаа. Тэгээд нэг удаа хоол цай хийгээд хоёр хүүхдэдээ ар гэрээ захиад холын замд гарав. Уг нь бидэнд аз жаргалтай хэнээс ч дутахгүй амьдарч байсан үе бий. Тэр үеийг бодохоор нүднээс өөрийн эрхгүй нулимс цуван алсад зэрэглээтэх намхан бор толгодыг норгочих гээд болдоггүй тэгсхийгээд уйлахаа болилоо. Би чинь одоо эр нөхрийнхөө оронд хоёр хүүхдэдээ эцэг нь болж элгийг нь дэвтээж явах ёстой хүн шүү дээ гэсэн бодол толгойд харван орж ирэхэд нээг их том амьсгаа аваад вагоны үйлчлэгчийн авчирч өгсөн цайг хоёр гардан тосож аван амтархан сорлоо. “Аз жаргалтай хором байсаан” гэсэн энэ гуравхан үг тархийг минь түншсээр авч яваа юмандаа түүртэн чирсээр арай гэж вагоноос буун эргэн тойрноо ажлаа. Хүнийх биш дээ миний эх орон шүү дээ болох л байлгүй гэх өөриймсөх сэтгэлээр өөрийгөө хуураад ийш тийш харан цааш явах унаа хайлаа. Арай гэж явсаар нөхрийнхөө байдаг газар ирэхэд хүйтэн чихарсан төмөр торны цаанаас хоёр хуягаар харгалзуулан хүнд гэмт хэрэгтэй ялтан гэж миний дэргэд авчирч суулгав.-Эвий дээ өвгөн минь цай уу гэж шаазан аяга цүнхнээсээ гаргаж ирэн сүүтэй цайнаас аягалах гэтэл авч шидээд муухай инээв. Миний дотор палхийгээд явчихлаа.

Түүний нүд, шүд харц нь нэг л бишээ. Үс толгой нь сэгсийгээд сүг сүүдэр юм уу л гэмээр болчихож. Би биеэ барин хойш займчин суугаад аргадангуй түүнтэй хэдэн үг солилоо. Тэр ойлгож байгаа ч юм алга. Ингээд тэрнээс хойш арав гаруй жил ханилсан алт шиг сайхан ханиа ингэж хүний гарт орчих гэж дээ гэж шаналсаар хүйтэн төмөр хаалгыг нь халуун гараараа атган мөн ч олон удаа нааш цааш явж байна даа. Заримдаа би нөхөртэйгөө ажиллаж дарвиж цэнгэж явсан нөхөдтэй нь гудамжинд таардаг юм. Тэд одоо ч ганган жийп унан газарт хөлөө хүргэхгүй шахуу тансаг амьдарч байгаа. Харин миний муу нөхөр тэдний хийсэн үйл лайг үүрээд шоpонд орсон гэдгийг тэд хумсын толионы чинээ ч юманд санадаггүй. Болдог юм болоод л өнгөрсөн. Хүчгүй нь хүчтэйнхээ золиос болдог орчлон л гэсэн араатны дүрэм тэдэнд үйлчилдэг бололтой. Хорсох сэтгэл байвч тэнгэрлүү хараад уртаар санаа алдана. Надад өөр чадах юм даанч байсангүй. Нөхрийн маань сайн найз Сэргэлэн уг нь цуг ажиллаж байсан юм. Тэд хамтдаа төрийн байгууллагад ажилд орж олон ч он жилийг цугтаа бараг л нэг ширээний ард өнгөрүүлсэн хоёр л доо. Гэхдээ тэдний хүн чанар нь тэс өөр байж. Би ч Сэргэлэнг таниагүй байж. Түүнийг сайхан инээн орж очих болгонд цай цүй болон сүйд болдогт нь би баярладаг байлаа. Гэтэл тэр ингэх л гэж тэгж нүүр дүүрэн инээдэг байж л дээ гэж бодохоор өөрийн эрхгүй цээжийг нь хорсол базан бачууруулав. Тэр л авлига авснаа нууж яваад сүүлд нь нөхөр дээр маань тохчихсон юм билээ.

Би бүх бичиг баримтыг нь шалгасан. Нөхрийгөө шоpонд орсон тэр өдөр нүдээ улайтал шөнөжин ширээ шүүгээг нь ухаж бүх бичиг дансыг нь тулгасан. Муу ч үгүй би чинь тэр хэдэн тоог ялгахтайгаа боловсролтой хүн шүү дээ. Бүх юм Сэргэлэнтэй л холбоотой байсан. Гэвч түүний үеэл ах нь албан тушаал өндөр, УИХ-ын гишүүн байсан хүн болохоор түүнийг яаж ийгээд л аваад үлдсэн байж таараа. Надад ийм л таамаг байна. Нөхрийг минь aлax гэж хүмүүс хайж явсныг би мэднэ. Аятайхан байхгүй бол aлaaд хаячихна шүү авгай минь гэж бакь бакь биетэй залуус гэрийн ойролцоо маань эргэлдэж байхад үнхэлцгээ хагартлаа би айсан. Бушуухан орж ирээд л хоёр хүүхдээ тэвэрч авсан. Эцсийн эцэст эх нь үрээ л боддог юм билээ. Ингээд шүүх хурал болж түүнд 20 жилийн ял оноолоо. Сэргэлэн огт гэмшсэн шинжгүй над руу харсан. Тэр өөрөөс нь бүх ял холдох тэр мөчид тэгж ичгүүр сонжуургүй надруу харсан. Тэр харцыг нь би хэзээ ч мартахгүй. Харин нөхөр минь огт өөр хүн болчихсон юм шиг санагдсан. Магад түүний тэвчээрийн хязгаар тасарсан байх. Хүмүүс ихэнхдээ дотроо жинхэнэ хүнээ нууж явдаг юм байнаа гэдгийг тэгэхэд л би энэ хоёр харцнаас мэдрэх шиг болсон. Удалгүй нөхөр маань галзуурсан гэх мэдээ ирэв. Тэр маш их сэтгэлийн хямралд орж түүнийгээ даалгүй галзуурчээ гэсэн дүгнэлтийг эмч нар хийлээ. Ингээд энэ явдлаас хойш арваад жил өнгөрч, би шоpонгийн босгыг илтэл явлаа. Амьд үлдэхийн тулд галзуу солиотой болж жүжиглэж байгаа нөхрөө харахаар өрөвдөх сэтгэл минь тэвчихийн эцэсгүй болов. Түүнийг ам нээхвий гээд хэзээ ч хороочихож магадгүй болохоор тэр галзуу хүний дүр эсгэж байгаа гэж би итгэж байв.

Тэр нэг хаврын хавсаргатай хүйтэн өдөр бага хүүгээ дагуулаад xориход ирээд байлаа. Би түүнд ердийнхөөрөө хоол цайг нь аягалж өгсөн. Тэгээд аядуу намуун дуугаар “Өвгөөн хоолоо ид” гээд барьтал улаан нүүр рүү минь нулимчихав. Арай ч дээ, тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ гэж гомдоод би ухасхийн босож, түүний нүүр рүү өнгөрсөн арван жилийнхээ гомдол цөхөрлөө нэг дор цөлөх мэт хэсэг хором ширтээд юу ч хэлж хэлэлгүй мэлтэлзсэн нулимсаа тогтоон барьж дийлэлгүй асгаад өрөөнөөс гүйн гарав. Хүү маань араас “Ээжээ…” гэж дуудсаар хоцров. Би олон удаа ингэж доромжлуулсан. Хүний тэвчээр гэж байдаг бол намайг ойлгомоор доо гэж хэн нэгэнд хэлмээр санагдаж, дээшээ тэнгэрлүү нэг хараачлаад доошоо газар ширтлээ. Эргэн тойрон минь нам гүм, чимээ аниргүй. Нэг мэдэхэд хүйтэн төмөрнөөс тас зуурчихаад гомдоллон цурхирч байгаагаа сая л ухааран гараа татаж авлаа. Хашлаганы хүйтэн төмөр хүртэл хөлсөж байхад нөхөр минь надад итгэхгүй… даанч яав даа… гэж бодон “Эмэгтэй хүн гэдэг чинь үр хүүхдийнхээ төлөө үүнээс ихийг тэвчиж чаддаг юм” гэж нөхрийг шоpонд орсны дараа өнгөрөхдөө ээжийн минь хэлж байсан үг санаанд орж, эргэлтийн өрөө рүү эргэн алхлаа. Тэр галзуурсан, одоо бидний амьдрал ингээд дууссан. Би эндээс өөрийнхөө амьдралыг шинээр эхэлье гэж шийдэн дотогш орж түүнийг ажиглан эцсийн үгээ хэлэхээр өөдөөс нь харан суулаа. Хүү маань гайхсан шинжтэй надруу юу ч хэлэлгүй бүлтэлзэн харж байв. -Чи бид хоёрт зовлон жаргалаа хуваалцах цаг зөндөө байлаа. Гэтэл чи бүтэн 10 жил надад юу ч ярьсангүй. Миний тэвчээр одоо барагдлаа. Хэрвээ чи одоо надад галзуу биш гэдгээ мэдрүүлэх ямар нэг хөдөлгөөн ч юм уу хийгээд үзүүлчихвэл би чамайг албаар ингээд байгаа юм байнаа гэж ойлгоё. Хэрвээ тэгэхгүй бол би дахиж хэзээ ч чам дээр ирэхгүй шүү гэж чин сэтгэлийнхээ үгийг түүний нүүр рүү харж байгаад хэлэхэд,

Тэрээр хөшсөн мэт атийн суугаад өрөөний булан руу гөлийн ширтэн юу ч дуугарсангүй. Тэр мөчид миний арга барагдаж, явах гээд бослоо. Гэтэл хоосон ходоодны мухраас нь хонгинож байна уу гэмээр гаслант өнгөөр дуугаар нэгэн дууг аялав. Энэ үед сэтгэл өмрөх шиг болов. Түүний хоёр нүднээс нь нулимс тасралтгүй цувж байлаа. Би яаран цүнхнээсээ алчуур гарган түүнийхээ нулимсыг арчиж өгөхөөр сарвайтал тэр хэрэггүй гэж дохилоо. Хэн нэгэн харж байвал түүнийг бүх юмаа санаж байна гээд aлчиxна гэдгийг би санан буцан суулаа. Одоо л би нөхөртөө дахин итгэж эхлэв. Өөрийн эрхгүй гол зуран урсах нулимс минь урьдынхаас өөр байв. Яг л ангасан талд бороо цутгах мэт мэдрэмж төрж байв. Түүний аяласан тэр аялгуу замын турш чихэнд минь сонсогдов. Вагоны цонхоор намхан бор толгодыг жирвэлзэн өнгөрөхийг харж нулимсаа арчин явахад анхны хайраа дурсан түүний аялаж өгч байсан тэр дуу зүрхийг минь шивэх шиг болж байв. Ямар сайхан дуу вэ гэж сэтгэлдээ хэчнээн жил нандигнан хадгалж явлаа даа. Зөвхөн бид хоёрын л мэдэх хамгийн сайхан дуу. Магад тэр л дуу бид хоёрыг айл болохыг урин дуудсан. Түүнийг аяласаар байгаад л бид хоёр айл гэр болсон. Тэр дуунд хоёулаа учиргүй дуртай байж билээ. Гэтэл олон жилийн дараа түүнийгээ ч мартчихаж. Харин тэгтэл тэр дуу маань бид хоёрыг үxэл сэхлийн зааг дээр дахин холбох учиртай байж гэж би дотроо залбиран “Би чамайгаа хэзээ ч орхихгүй ээ, дараа жил дахиад л очно. Чамйг гартал хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлээд сайн хүн болгоод байж байя. Чи минь хурдхан гарч ирээд тэднийгээ ямар сайхан амьдарч байгааг хараарай” гэж өөрөө өөртөө амлан урам зоригтойгоор гэрийн зүг явлаа. Бүх найз нөхөд нь түүнийг хаяж, бүгдээрээ түүнийг галзуурсан гэдэгт итгэж байхад би ч болов түүнтэй хамт байх ёстой. Хүний хань гэдэг чинь ийм л байдаг юм гэсэн бахархах сэтгэлтэйгээр амьдралыг туулаад ээждээ очихдоо би хэзээ ч харамсахгүй. Нэг л өдөр жинхэнэ гэмтнүүд гэсгээлээ хүртэж, нөхөр минь шоpонгоос гарч амьдрал минь сайхан болно гэдэгт итгэсээр байх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!