MngNews

“ХАЛУУН УСНЫ ГАЗРЫН ЗАЛУУ” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Халуун усны газар хүн ихтэй тул Тэгшээ фейсбүүкээ ухан сууж байв, халуун усны газрын залуу хүмүүсийг энэ тэр өрөөнд ор гэж хэлэх нь дуулдана. Тэгшээд түүний хоолой яагаад ч юм таалагдана, хүмүүстэй эелдэг харьцах түүний зан байдал түүнд нэг их амгалан тайван байдлыг мэдрүүлдэг тул гэртээ ойр байх халуун усанд оролгүй эднийхийг зорьдог юмсанж. Мэдээж нөхрөө байгаа үед ойрхон газраа л усанд орно. Бараг сайхан үг амнаасаа унагаж мэдэхгүй гэмээр авиртай нөхрийнхөө хараал, басамжилсан үгсийг энд л мартдаг билээ. Тэгшээ утсаа оролдовч угтаа залуугийн үйл хөдлөлийг сэм ажиглан эргэн тойрны хүн хар, өөрийнхөө амьдралыг мартан сууж – эгч та тэр өрөөнд ор гэх үед л сэхээ орон – за гээд босохдоо хойноос ороод ирдэг бол гэж хачин бодол нэхэж өөрөөсөө ичих аж. Уснаас гарахад нь эелдгээр – за баяртай эгч, баярлалаа гэж хэлээд үлдэнэ. Бүсгүй 7 хоногийн алдсан эерэг энергиэ эндээс аваад гэрлүүгээ инээмсэглэн дуу аялан явдаг байв. Ийн зорьж, хүсдэг бодлоо боддогоороо бодож, дуу аялан явсаар нэг жил хоёр жил өнгөрөв. Залуу найз бүсгүйтэй болсон харагдав. Бүсгүйгээ энхрийлэн тэвэрч ямархан нэгийг шивнэн инээлдэж аз жаргалтай байхыг нь харж Тэгшээ ч дотроо – сайхан юм аа надад ийм сайхан мөч өдрийн од шиг ховор байж дээ эхний хэдэн сард л байсан байхдаа гэж бодон хосуудыг өхөөрдөн харна. Араас ороод ирдэг бол гэх бодлоо ч бүр таягдан хаяв. Өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрч Тэгшээ шанхандаа мөнгөрөх үсээ харж хорвоогийн жам гэдэг хаалга тогшиж ирээд хажууд суух болсныг мэдэвч сэтгэлдээ аз жаргалаа цуглуулж нөгөөх халуун усны газраа боломжтой үедээ зорьсоор ажгуу. Энэ удаа залуу байсангүй, Тэгшээ жаахан гунигтай усандаа орчихоод гарч явтал – эгч гэх танил дуу дуулдав, эргэн харвал халуун усны газрын залуу хөл дээрээ тогтож чадахгүй шахам гуйвж байх нь харагдав. Тэгшээ – үгүй энэ чинь cогтуу юм уу эсвэл бие нь муу байгаа юм уу гэж бодон дэргэд нь очвол залуу – та сайн уу гэснээ суун тусахад Тэгшээ түшин авав.

Залуу халамцуу байх агаад – та их сайхан хүн шүү гэснээ зогьсож яриа нь тасалдсанаа үргэлжлүүлж – дүү нь хүнд хаягдчихсаан, сар шахуу хүлээлээ, ирсэнгүй, би түүнд хань болж чадахгүй хүн гэнэ ээ гэж уйлах нь гэлтэй хоолой нь хэсэг сааралтсанаа – та надад сайн тийм ээ, би мэднэ ээ гээд өндийж алхах гэснээ Тэгшээгийн энгэрийг түшин нүүрээ наахад бүсгүйн бүх биеэр тог гүйх мэт жирэлзэн энэ мөчийг удаан үргэлжлээсэй гэж хүсэх бодлоо арай ядан үлдэн хөөж халуун усны газрын хаалга онгойход – алив туслаарай халуун усны газрын залуу cогтчихож гэж хэлэв. Залуу гэнэт Тэгшээгийн уруулд хүрч зөөлнөөр үнсээд – уучлаарай гэж шивнэжээ. Тэгшээ юу хэлэхээ мэдэхгүй зогсож байтал халуун усны газраас гарч ирсэн хүн залууг түшин оруулахад ганцаар хоцорч зүрхээ булгилан цохилохыг л гагцхүү анзааран хэсэг зогсоод гэрлүүгээ алхав. Гэртээ дөхөх тусам хацар нүүр нь халуу оргиж байх шиг санагдан – хэрвээ нөхөр маань ирсэн байгаа бол би яаж нүүрийг нь харна аа гэж гэм хийсэн юм шиг халган үүдэндээ түр зогсоод хаалгаа нээн орвол охин нь галаа түлэн хоолоо тогоондоо үйсэн байв. Тэгшээ хувцсаа тайлан сольсон хувцсаа угаалгын машинд хийгээд галаа нэмэн – миний охин дүү нь даалгавараа хийсэн үү гэхэд охин нь – сая хийлгээд дуусгачихсан – ах ярьсан таны утсыг холбогдохгүй байна гэж байна лээ гэхэд – аан халуун ус хүн ихтэй ээж нь фейсбүүкээ ухсаар байтал утас унтраад аа гэвэл – яана аа ээж минь та ямар залуухан бүсгүй биш дээ тэр фейсбүүкд чинь олигтой юм бараг байдаггүй ш дээ гэж зэмлэхэд Тэгшээ дуугүй л инээмсэглэв. Удалгүй хоол болоход нөхөртөө халуун саванд хоолыг нь хийж тавиад бүгд хоолоо идэн тогоо шанага аяга халбагаа угааж, хогоо шүүрдэн гэрээ цэвэрлээд орондоо орцгооход бага ангид сурдаг хүү нь ээжийнхээ мөөмийг барин өвөрт нь унтлаа. Охин хүү хоёр – аав хаачив ч гэж сурсангүй. Гэвч Тэгшээгийн нойр хүрэхгүй эргэж хөрвөөсөөр хашааны хаалга дуугарахыг чих тавин чагнавч чимээ гарахгүй л байх агаад Тэгшээ – бодвол нөгөө нэг хүүхэдтэй хүүхний дээ байгаа байхдаа гэж санаа алдан бодоод мөн түрүүчийн үнсэлтийг санаж уруулаа тэмтэрч үзэн хэвтэв…

Энэ явдлаас хойш Тэгшээ гэрийнхээ ойр байх халуун усанд хоёр гурван удаа ороод өөртөө – чи тийшээ явах хэрэггүй байх шүү дэмий юм дэмий гэж хэлэвч сэтгэл нь тийш тэмүүлсээр байлаа. Ийн гурван сар хиртэй тэсээд байж байтал нэг орой найз хуурай эгчийнхээ дэлгүүрээс охиныхоо 20 000 аасаа авч өгсөн торон xөxөвч плавкийг өмсөн аминдаа л нөхөртөө аятайхан харагдах гэж хичээсэн нь талаар болж нөхөр нь – хнн чиний наад унжсан xөx, гэдэс хоёрт зохилоо юу гэж шоолонгүй хэлсэн үг Тэгшээгийн зүрхийг зулгаах шиг л санагдаж бушуухан босон дээлээ өмсөхөд нөхөр нь – за чи чинь хаачих нь вэ арай гүйж нисэх гэж байгаа юм биш биз гэж мар мар хөхрөхөд Тэгшээ арайхийн – бие засаад ирье гэхэд нөхөр нь дуугарсангүй. Тэрээр гэрийнхээ хажууд суугаад хэсэг уйлаад сайхан цэвэр агаарыг хамраараа шуналтай сорон амьсгалж суусаар нилээд удан гэртээ ортол нөхөр нь нам хурхиран унтаж байлаа. Хамтдаа унтахгүй удаж байгааг нь анзаарсан охин нь -нагац ахынд очиж хүүхдүүдтэй нь тоглож хононо гээд дүүгээ дагуулан явсан аж. Хэд хоногийн дараа Тэгшээ нөгөө халуун усны газраа зорин очжээ. Залуу түүнийг инээмсэглэн угтаад – сайн уу та манайхаар ирэхгүй байхаар тань миний санаа зовлоо гэхэд – сайн сайн, би хөдөө яваад аа гэхэд – өө тийм үү та жаахан хүлээх нь дээ гэв, Тэгшээ толгойгоо дохин сандалд сууж дэмий л утсаа оролдоно, тэрээр халуун усны газрын залуу түүнийг аль түрүүнээс хойш харсаар байгааг анзаарч жаахан ичингүйрэвч анзаараагүй царайлан сууж – миний нэр уул нь Тэгшдүүрэн юмсан тэгээд тэгш дүүрэн амьдарч байгаа нь хаана ч байгаа юм, дүүд минь миний нэрний Дүүрэнг оруулж Дүүрэнбаяр гэж нэрлэсэн нь миний дүүрэнг өгчихсөн юм шиг гэж бодсоноо – хэ хэ би энийг бараг наснаасаа олон шахуу бодож байна даа муу ёр байгаа даа муу дүү минь сайн ханьтай хөөрхөн үрстэй сайхан амьдарч байна тэгэхээр л боллоо, би яахав ийм тавилантай төрсөн л хүн юм байгаа биз гурван хүүхэд минь л сайн сайхан явбал би сайхан амьдарсаан л гэсэн үг гэж бодож суутал – Тэгшээ эгч тэнд ороорой гэх дуулдахад Тэгшээ босч өрөөнд орон хувцсаа тайлаад байтал гэнэт хаалгыг нь тогшив, гайхсан бүсгүй буруу өрөөнд нь орчихов уу гэж бодон – хэн бэ гэхэд – эгч хаалгаа би байна гэх нь халуун усны газрын залуугийн дуу мөн бай.

Тэгшээ – яасан бэ гэвэл – хүн харах нь хаалгаа нээлдээ гэхэд цамцаараа биеэ халхалсан бүсгүй хаалгаа тайлж өгөхөд залуу орж ирээд хаалгыг түгжин – би нурууг тань угаагаад өгье гэхэд Тэгшээ сандарсан дуугаар – би өөрөө гээд суухад залуу бүсгүйн цамцыг аяархан авч хажуу тийш тавиад бүсгүйн уруулд дөхөхөд Тэгшээ өөрийн мэдэлгүй нүүрээ даран уйлж эхлэв, залуу бүсгүйн унжсан үсийг хойш болгон хавчаараар нь тогтоогоод гарыг нь буулган нулимсыг нь арчиж нүд, хамар, хацар, уруул дээр нь үнсэж эхлэхэд Тэгшээ хөдөлгөөнгүй суусаар байх тул залуу цамцаа тайлж бүсгүйг цээжиндээ наан тэврэхэд бүсгүй нүдээ нээж чадахгүй нөгөөх нөхрийнхөө хэлсэн -унжсан xөx xарвинтай гэдсээ л бодон ичиж -чи над шиг хөгшин хүүхнээр яах нь вэ одоо гарчих гэхэд залуу – та их сайхан бүсгүй ш дээ та наснаасаа овор багатай харагддаг энэ үнэн шүү гэж түүний мөр xөxийг үнсэнгээ хүн сонсож мэдэхээр чанга хэлэхэд Тэгшээ – яана аа яасан чанга хэлдэг юм бэ гэж сандарсандаа нүдээ нээвэл залуу бүсгүйн бүсэлхийгээр чанга тэврэн – хэ хэ сонсвол сонсоно л биз гэхэд бүсгүй – чимээгүй л дээ гэв, аль хэдийн хувцсаа тайлсан залуу бүсгүйг тэврэн шүршүүрийн дор очиж ус гоожуулахад бүсгүйд эхлээд хүйтэн даруу нь бүлээн сүүлдээ халуу шатсан мэдрэмж төрөх агаад залуугийн үнсэлтэнд автсан бүсгүй өөрийн эрхгүй нүдээ дахин аньж гарынх нь аясыг дагаж түүнд бүхнээ даатгахад нэгэн гайхамшигтай бүжиг хийж байх шиг санагдан байв аа. Тэгшээд – ийм сайхан учрал анх удаагаа тохиож байгаа мэт хачин санагдахад – би чинь одоо юу л хийж байна даа одоо энэ залуугийн нүүрийг яаж харна аа гэж бас л санаа нь зовж эхлэв, залуу мэдсэн юм шиг нурууг нь савандаж хөөсрүүлэн угаангаа – чиний бүтэн нэр хэн бэ гэж дотнохоноор асуухад бүсгүй – Тэгшдүүрэн гэхэд – сайхан нэр юм аа нэр чинь үнэхээр тохирч гээд миний нэр Эрдэнэбат гэснээ – за боллоо чи ер нь ингэж над шиг сайн угааж үзээгүй байх шүү гээд – за алив одоо миний нурууг угаа гэхэд Тэгшээ залуугийн нурууг савандангаа сая л араас нь өргөн булчинлаг цээж хөрслөг бор арьс, цэх нуруу шөрмөслөг гуя, булчинг нь сайн харж байлаа, бүсгүй – одоо боллоо гэхэд залуу эргэн бүсгүйг тэвэрч үнсэн – би ч бас ингэж сайн угааж байгаагүй байх шүү гэв, хоёул хувцаслахад бүсгүй сандран нойтон биед нь хувцас нь наалдахад залуу татан засаж өгөөд – ирэх долоо хоногт ирнэ биздээ гэхэд Тэгшээд хэлэх үг олдсонгүй залуу – би хүлээнэ шүү гээд түрүүлэн гарч явсны дараа бүсгүй хэсэг сууж байгаад өрөөнөөс гарч шуудхан хаалга зүглэжээ.

Тэгшээгийн унжсан xөx, харвинтай гэдсийг үл тоох Эрдэнэ долоо хоног бүр халуун усны газраа түүнийг хоног тоолон хүлээдгийг бүсгүй мэдэх тул дуу аялан инээмсэглэн алхах болов, тэрээр – миний нэр сайхан нэр шүү түүний минь нэр ч бас сайхан нэр гэж боддог болжээ. Эрдэнэбат Тэгшээг анх – нэг л сайхан тунгалаг харцтай эгч юм надаас ихээр бодоход гурав, дөрөвхөн л насаар эгч байх гэж бодон сонирхон хардаг байсан бол аажимдаа цаанаа л нэг түшигтэй, намбатай байдал нь түүний товчхон асуулт, хариулт нь хүртэл оновчтой болохыг анзаарч угаас олон үгтэй чалчаа хүнд дургүй тул татагдаж эхэлсэн аж. Өөрийг нь сэм ажиглан байхыг анзаарч эхэлсэн тэр цагаасаа яагаад ч юм түүнийг хэн нэгнээс харамлах сэтгэл төрдөг болжээ. Одоо залуу сэтгэлдээ нийцсэн нэг их том бэлэг бурхны мутраас гардаад авчихсан юм шиг баяртай байх агаад хэн нэгэнд ам алдан ярихааргүй тийм сайхан нууц болгон сэтгэлдээ хадгалж Тэгшээд ямар нэг эрсдэл тохиолдохоос маш их сэрэмжилж байлаа. Гэвч тэдний энэ учрал цаашид хэрхэн өрнөх болоод магадгүй төгсгөл ирж мэдэх мөн тэр цагт хэрхэн шийдэх тухайгаа бодохыг ч хүсэхгүй байв. Тэгшээ нэг өдөр – нөхөр маань надад – дуртай даа биш гурван хүүхдээ бодоод л амьтны нүдэнд чамтай амьдарсан болж харагдаж явна, чи бүгдийг мэдсээр байж яаж ингэж мэдээгүй юм шиг царайлж энэ гэрт юу ч болоогүй юм шиг сууж чаддаг байна аа, би өөр хүнд хайртай болоод удаж байна, би чиний оронд байсан бол аль хэдийн баяртай ч гэлгүй явчих байсан гэж хэллээ гэж хоолойгоо чичрүүлэн яриад – одоо надад энэ гэрээс явахаас өөр зам үлдсэнгүй, Дарханд байдаг авга эгчийндээ очвол ажил төрөл олдох болов уу, энд дүүгийнхээ амьдралд дараа болохыг хүсэхгүй байна том хүү минь оюутан, бид гурав орох оронгүй айлд нэрмээс болж байхаар дүүгийн амбаарт байгаа аавын гэрийг авч яваад барьдаг бол, яг үнэндээ яаж амьдрахаа сайн мэдэхгүй байна даа гэж уйлан ярихад

Эрдэнэ түүний нулимсыг арчиж үнсэн – би чамд тусална аа, эхлээд чи дүүгийндээ хоёр хүүхэдтэйгээ оччих, дүү бэр хоёртоо үнэнээ хэл, би унаа олж дүүтэй чинь хамжилцаж ачиж өгье, зардлыг чинь ч өгье, та нарт төвхнөтөл мөнгөний хэрэг их гарна гэж хэлэхэд Тэгшээ Эрдэнийн мөрийг түшин – за тэгье, баярлалаа гэж хэллээ. Хэд хоногийн дараа Тэгшээг хоёр хүүхэдтэй нь дүү Дүүрээ нь гэртээ аваачжээ, тэгэхдээ хүргэн ахдаа – танд эгчтэй минь амьдрах хэцүү байгаа бол энэ хүн ах дүүсээ бараадсан нь дээр, харин хүүхдүүдийг чинь таниас хөндийрүүлэхгүй хүссэн үедээ нааш цааш ирж очиж байна биз гэж хэлэхэд хүргэн ах нь хар цагаан дуугүй гэртээ үлджээ. Мөн удалгүй Эрдэнийн олсон машинд Тэгшээ аавынхаа гэрийг ачуулан хоёр хүүхэдтэйгээ Дархан хотын зүг хөдлөв, тэднийг явснаас хойш Эрдэнийн сэтгэл санаа тогтохоо больж утсаар яривч зүрх сэтгэл нь ханахгүй хий хоосон мэт санагдах болсон тул Дүүрээтэй уулзаж халуун усны газраа тал үнээр нь аваад аажимдаа үлдсэн мөнгийг нь авах наймаа санал болгоход аль хэдийн эгч Эрдэнэ хоёрын байдлыг ажигласан Дүүрээ зөвшөөрч үнэ өлтгөндөө мал өгье гэхэд Эрдэнэ ч зөвшөөрч хэдэн хүнээр малаа нядлуулж махыг нь зоогийн газар, гуанзнуудад тараан зарав. Ийнхүү нутгаасаа алхам ч холдохгүй гэж ганцаараа үлдсэн Эрдэнэ хотод амьдардаг ах, эгч хоёртоо шилжих болсноо хэлж хотод биш Дарханд амьдарна гэхэд тэр хоёр нь эхлээд жаахан гайхсанаа угаас нэг үг хэлбэл яг тэрэндээ хүрдгийг нь мэдэх тул – аан тийм үү тэг дээ гэхээс өөр үг хэлсэнгүй. Тэгшээ Эрдэнийн ирэхээр болсныг сонсоод чихэндээ итгэж ядан ахин лавлаад догдолсон сэтгэлээ дарж ядан хоног тоолон хүлээж байлаа. Тэгшээ – аав ээжийн минь хайрласан нэр үнэхээр Тэгшдүүрэн юм аа гэж эцэг өвгөдөөсөө өвлөж ирсэн бурхандаа цай, хоолны дээжээ өргөхдөө олон жилийн өмнө бурхны оронд заларсан аав, ижий хоёртоо талархан залбирч нүднийхээ аяганд аяндаа мэлтэрсэн нулимсаа цамцныхаа заханд шингээв ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!