“ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ

Ялтан Ганбатыг шоронгийн даргын өрөөнд яаралтай дуудуулжээ. Хилсээр авсан хорин жилийн ялтай түүнийг дарга нь барагтайд дууддаггүйсэн. Ганбат нэг их догдолсон ч үгүй. Тэртээ тэргүй арван таван жилийг нь ардаа үдчихсэн хүн. Ажлаа дуусгаад их л хөл хүндтэй амьтан даргын босгыг алхлаа. Хорихын дарга гэж их зовлон туулсанаас болсон болов уу гэмээр халцархай дух, унжсан зовхитой өвгөн хурандаа халуун цай тамхи дөхvvлж сандал татаад зэрэгцэн суулаа. Тэд нэг нэг рvvгээ хараад сэтгэлээ барих хэрэгтэй болох нь гэдгийг Ганбат гадарлалаа. Хурандаа түүнийг хугацаанаас нь өмнө өршөөлөөр суллах болсон тухай ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгоод яах нь вэ гэсэн аятай харцаар Ганбатыг харав. Ганбат жишим ч хийсэнгvүй харин ч уйтгарт дарагдах шиг болоход хурандаагийн дотор харахуйлав. Урьд нь ингэж суллах тогтоол ирэхэд хүн баярладаг байсан уу гэхээс гутарч суухтай таараагүй учир бүр яахаа мэдэхээ байчихлаа.  Тэгээд л хашаан дотуур чөлөөтэй явуулж хорихийн зооноос ойр зуур гаргаж хоол унд нэмээд байж гэж Ганбат бодлоо.  Зарлигаа аваад гадаа салхинд гарч тамхиа асаав. Энэ суллах тогтоол ирэх өдрийг их ч хүлээсэн юм шиг үгүй ч юм шиг. Энгэрээ ухаж үнгэгдэж хуучирсан ганц гэрэл зураг гаргаж ирээд удаан гэгч нь харлаа Энэ түүний шоронд орохоос өмнө хуримаа хийсэн залуу сайхан эхнэрийнх нь зураг. Гэхдээ арван таван жилийн өмнөх.. 

Хилсээр орсоноос хойш энэ л зургаар хань хийж хайртай эхнэрээ сэтгэлдээ тээж түүнийхээ хүчинд өдий хугацааг туулсан. Эхнэр нь түүнийгээ шоронд эргэн ирж уйлж унжиж байгаад л явдаг байсан. Хоёр гурван жил захиа бичиж сурагтайгаа байсан. Харин хожим сонсох нь ээ хүнтэй суугаад Увс руу явсан дуулдсан. Голдоо ортол гомдмоор байвч бас чиг тvvний зөв. Яаж тэр залуу сайхан бүсгүй хорин жилийн ялтай хүнийг хэзээ гарна гэж хүлээх вэ. Түүнээс хойш сураг гарлаа ч сонсъё гэж ч бодохоо больж. Зүгээр л хайрлаж дурлаж цэцэг барин гvйж унаж туниж vнэд орж, vлгэр шиг амьдрал мєрєєдєж од шуугдтал ярьж хондог байсан тэр л сайхан мөчvvдээ амьдралынхаа алтан дурсамжуудаа тэр л гэгээн ариун хэвээр нь хадгалж үлдээхээр шийдсэн. Хайртай бүсгүйгээ хүний эхнэр болоод хүний хүүхэд төрvvлээд эргэх гэж нэг удаа ирэхэд нь харж ч чадаагvй явуулсан. Илгээсэн захиаг нь унших ч сэтгэлийн тэнхээ байгаагvй. Тайтгарах гэсэндээ, үхэж болдоггvй энэхэн хорвоогийн үнэн нь гашуун нэг өдрийг барах гэсэндээ захиагаар нь тамхи ороогоод татдаг байж билээ. Тосон балны эхүүн амт хоолойд тээглэвч тоглоом нь хатуу амьдралын тохууг бодохоор хүчлэн залгина. Байсан бvхнийг нь булааж, байх бүхнийг нь төөрүүлсэн ертөнц хэмээх авгайтайгаа тангараг тасарч үзсэн ч нөгөө л гэнэн багын итгэл сэтгэл, хайр дүүрэн эхнэрийнхээ зургийг хараад бүхнийг уучилж бvтэн арван таван жил бүсээ чангалсан билээ. 

Хорвоод өнгөрvvлсэн цөөхөн жилийнх хором бvр нь алт байсан тэр л үеийнхээ нандин дурсамжаа хадгалж тэр л хайрынхаа төлөө амьдралтай ам хэл ололцож энэ өргөстэй торон хашаандаа ижил дасал болсон. Гэтэл өнөөдөр суллагдах тушаал авчихаад явж байдаг. Одоо хэндээ ч очих билээ. Хүний мөрөөр орж хүнийх болсон түүн дээрээ очиж чи миний эхнэр байсан гэлтэй ч биш. Шоронгийн хашаанд зураг хараад суух нэг хэрэг, шороонд түмний дунд суух өөр хэрэг болчихоод чухамдаа өөрөө ч яахаа мэдэх ээ байчихлаа. Гармааргvй ч юм шиг. Муу шүүрээ аваад хашааныхаа хогийг овоолж, хааяадаа нэг зургаа харж сэтгэлээ баясгаж суусан шигээ байвал жаргалтай ч юм шиг. Гараад нээрээ яах ч юм билээ дээ. Тосоод авах үр хүүхэд хань ижил байх биш. Тоостой амьдралын тортог наалдсан хувь заяандаа тэр бүр дасчихжээ. Эргэлзэж суусаар байтал өдрийн хоолны хонх цохилоо. Хоригдлууд ажлаасаа бууж байна. Ганбат ч бас хоолоо авахаар бостол түүний гарт байсан зураг салхинд алдууран шоронгийн торон хашаан дээгүүр даван одлоо. Хамгийн эрхэм үнэтэй хамгийн хайртай зүйлээ алдах вий гэж айсандаа Ганбат араас нь ухаан жолоогүй гүйлээ. Үүнийг л хэрэв алдвал тэрэнд энэ хорвоод амьдрах ямар ч утгагvй болох юм шиг санагдах авай. Урьд нь хэзээ ч давамгүй санагдах өргөст торон хашааг гар хөлөө урж тасдан байж даван цаашид цэлийх хязгааргvй тал руу салхины аясаар улам холдох зурагныхаа араас газар тэмтчин гүйхэд өглөөний ээлжнээс бууж амжаагvй байсан харуулын цэрэг ямар ч хэл үггүй орос винтовныхоо мөрөвчийг мултлан шагайлаа…….. Ганбат зургаа гүйцэн газраас шүүрэн авах агшинд араас нь хүчтэй лүгхийн ёврохыг анзаарсан ч үгүй. Гарт нь тас атгаатай зурган дээрээс ширтэх харцнаас Ганбат түүнийг биш амьдралыг хайрлаж байснаа ганцхан агшинд ухаараад инээвхийлсэн чигээр гэдрэг харан унасаныг гагцхүү хөх тэнгэр л гэрчилж үлдэв ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!