MngNews

“ХАЙРТ ААВ МИНЬ” ӨГҮҮЛЛЭГ

Хуримлагч хосуудын хөлөглөж машин дотор оршуулгын ёслолынх шиг дүнсгэр уур амьсгал ноёлсон байлаа . Сүйт бүсгүй , хархүү хоёр юу ч дуугаралгүй баргар царайлан хоёр тийш харан сууна . Угтаа бол тэд хуримын ёслолоо өндөрлөөд “ Шинэ гэр ” рүүгээ явцгааж буй нь тэр юм . Тэд хуримын ёслол эхлэхээс машинд суух хүртлээ хүчээр инээмсэглэсэн дүр эсгэцгээсэн тул ихэд ядарцгаажээ . Тэд энэ өдрийг хэчнээн их хүлээж байсан билээ дээ … Тэр хоёр танилцаад хоёр жилийг ардаа үдсэн төдийгүй нэг нэгэндээ ч ухаангүй хайртай байв . Тийм болохоор хуримын өдөр амьдралынх нь хамгийн жаргалтай өдөр байх болно гэж Мэxлика төсөөлж байлаа . Тиймдээ ч мөрөөдлийн хуримыг нь сүйтгэж орхисон хадам ээжийгээ үзэн ядна. 

Хадам ээж нь бүхнийг ганцаараа шийдэн үнэ хямдад нь болоод жижигхэн хуримын ёслолын танхим түрээсэлснээс уригдан ирсэн зочид хуримын ёслолын турш үглэсэн боловч Абдуллах тоосон шинжгүй байсан тул Мэxликагийн эцэг эх охиныхоо өмнөөс санаа зовж зогсож буй зочдын ая тухыг хангах гэж чадлаараа зүтгэж , тэдэнд сандал ширээ гаргаж өгөхөөр хичээж байв . Хуримын ёслол дууссаны дараа Мэxликаг эцэг эхтэйгээ салах ёс гүйцэтгэх үеэр ээж нь гомдоллон байж ” Түүнд хайртай гэсэн болохоор чинь л энэ гэрлэлтийг зөвшөөрсөн болохоос энэ харамч амьтдад охиноо өгөх байсан гэж үү ? ” гэж амандаа үглэхэд охин нь юу гэж хариулах учраа олсонгүй . 

Харин аав нь охиндоо бусдын нүднээс далд нэгэн дугтуй атгуулаад “ Үүнийг гэртээ очоод заавал уншаарай ! ” гэж чихэнд нь шивнэв . Мэxлика дугтуйг авч цүнхэндээ хийлээ . Хосуудын хэн нь ч гэртээ харих хүртлээ ганц ч үг ган хийсэнгүй . Хаалганы гадаа ирээд Абдуллах хаалгыг нээхээсээ өмнө Мэxликад хандан : “ Хайрт минь , энэ таагүй байдлыг хаалганы гадна үлдээгээд гэртээ дурлалт хосууд шиг аз жаргалтайгаар орцгооё . Болсон бүх үйл явдал бид хоёроос илүү чухал биш шүү дээ ” гэж хэлэхэд Мэxлика хүлээн зөвшөөрч чадсангүй . Хуримын ёслолын турш бухимдсан түүнд нөхөртөө хэлэх үг их байлаа . Түүнийгээ ил гаргахаас нааш санаа амрахгүй гэдгээ мэдээд : “ Чамд ингэж хэлэх амархан байгаа байх . Хуримын ёслол жинхэнэ сүйрэл байлаа . Мэдээж чи ээжийгээ муулуулахыг хүсэхгүй байгаа . Үүнээс хойш ээжийг чинь харахыг ч хүсэхгүй байна ” гэхэд : ” Энэ миний ч хурим байсан . Чамайг уурлахад надад ч гэсэн хэцүү байлаа . Гэхдээ бүх зүйл нэгэнт болоод өнгөрсөн . Энэ бүхнийг энд орхиё гэж чамаас наминчлан гуйя ” . ” Хаалгаа онгойлго . Ядарсандаа хөл дээрээ ч зогсож чадахгүй нь ” гэж Мэxликаг уурсан хэлэхэд Абдуллах : ” За за , би ч гэсэн их ядарч байна . Өнөөдөр хурим дээр болсон үйл явдалтай холбоотой юу ч сонсохыг хүсэхгүй байна . Маргааш энэ талаар ярилцъя ” гэв . Тэд гэртээ ороод дахин юу ч ярилгүй орондоо орцгоолоо . Нэг нэгэндээ хүрэхийг ч хүссэнгүй . Мэxлика хуримын анхны шөнөө өмсөхөөр бэлдсэн байсан торгон дотуур хувцасны оронд бамбарууштай унтлагын хослолоо өмсөөд орныхоо нэг буланд эвхрэлдэн хэвтэв . Их ядарсан хэрнээ хэн хэнийх нь нойр хүрэхгүй дэмий л орондоо хөрвөөцгөөнө . Энэ зуур аавынх нь өгсөн дугтуй Мэxликагийн санаанд орж ирэв . Орноос зөөлөн босож цүнхээ аваад зочныхоо өрөөнд орлоо.Дугтуйн дотроос нэг захиа гарч иржээ . 

Аавынхаа бичсэн захиаг сониучирхан уншиж эхлэв .

Хайрт охин Мэxлика минь ! Үр минь энэ өдөр үүрнээсээ нислээ . Одоо өөрийнхөө үүрийг засах цаг чинь иржээ . Миний охин аз жаргалтай амьдрах болтугай . Аз жаргалтай амьдрахад чинь тус болох болов уу гэж аав нь охиндоо хэдэн үг хэлэхийг хүслээ . Энэ бүхнийг чамд өөрийн биеэр хэлэхийг хүссэн боловч ” Үг нисэж бичиг үлддэг … ” гэдгийг санан ийнхүү бичихээр шийдсэн юм . 

Магадгүй чи ” Аав аа , таны гэрлэлт хэр их аз жаргалтай байсан болоод одоо надад сургаал айлдах болов ? ” гэх байх . Миний гэр бүлийн амьдрал тийм ч сайхан байгаагүй гэдгийг мэдэж байна . Тийм ч учраас энэ бүхнийг бичихийг хүслээ . Ээж бид хоёр чинь хайр сэтгэлээр холбогдон гэр бүл болсон ч бидний хайр нэг их удаан үргэлжлээгүй . Бид хоёр хоёулаа алдаа гаргасан . Бидний хайр сэтгэл яагаад үгүй болсныг , яагаад хайргүй мөртлөө хамт амьдарч байсныг би өөрийнхөөрөө , ээж чинь өөрийнхөөрөө тайлбарлах байх . ” Охид ээжээсээ үлгэр дуурайл авдаг ” гэлцдэг . Чамайг ч гэсэн алдаа хийх вий гэсэндээ намайг ээжийг чинь өмнөх шигээ хайрлахаа болиход хүргэсэн тодорхой шалтгаануудыг хэлж өгөхийг хүслээ . Учир нь чи эмэгтэй хүн болохоор эр хүний юунд эмзэглэдгийг мэдэхгүй . Эдгээр үгс минь чамд сургамж болоосой . Үр минь , эр хүн гурван зүйлд хамгийн их эмзэглэдэг : 

Эхнэрийнхээ хүндэтгэлийг хүлээхгүй , тоогдохгүй байх эр хүнийг эмзэглүүлдэг . Эмэгтэйчүүд нөхрөө гэрийн эзэн биш хүмүүжүүлэх шаардлагатай хүүхэд шиг шүүмжилж , дорд үзэн эрэгтэй хүний мөн чанарт халдах юм бол эхнэр нөхрийн харилцаанд ан цав үүсдэг . Охин минь , эр нөхрөө хүндэтгэн дээдэлж явбал тэр ч гэсэн чамайг хүндэлнэ . 

Ханийнхаа гэр бүлийнхэнд хүндэтгэлтэй хандаж тэднийг хайрлахыг хичээ . Тэднийг муу хэлэх хэрэггүй . Мэдээж санаанд чинь таарахгүй үйлдэл хийж , алдаа гаргах нь дамжиггүй . Бүх хүн алддаг шүү дээ . Хийсэн буруу үйлдлүүдийг нь ургуулж бодон өөрийгөө зовоох ч хэрэггүй . Аль болох тоохгүй байхыг хичээгээрэй . Ямар ч эрэгтэй хүн “ Би чамд хайртай . Гэхдээ ээжид чинь дургүй ” гэж хэлсэн эмэгтэйн хайранд бүрэн дүүрэн итгэдэггүй . Эмэгтэйчүүд тэр болгон ингэж ил тод хэлээд байдаггүй ч ээжид нь дургүй гэдгээ хийсэн үйлдлээрээ илэрхийлээд байдаг . Эрэгтэй хүнд “ Ээж чинь хов ярих дуртай , ээж чинь харамч , тэр намайг далдуур муулдаг , ээж чинь бохир заваан … ” гэх мэтээр хэлэх нь “ Чи ховонд дуртай , чи муу ээжийн муу хүү … ” гэж ойлгогдохоос биш “ Чи муу ээжийн сайн хүү шүү ” гэж хэзээ ч ойлгогдохгүй . Эр хүний хамгаалах мэдрэмж байгалиас заяасан байдаг . Гэр бүл , эх орноо хамгаалах нь эр хүний эрхэм үүрэг . Зөвхөн эхнэр хүүхдээ ч биш ээжийгээ , охин дүүгээ ч хамгаалсаар байхыг хүсдэг . Нөхрийнхөө ээжийн талаар хэлсэн муу үг бүхэн чинь түүний зүрхэнд шигдэх хадаас адил . Тэр хадаас зүрх сэтгэлийг нь өвтгөж шархлуулна . Хадаасны мөр олон байх тусам том шарх үүсгэнэ . Шархалсан сэтгэлээр чамайг хэр удаан хайрлаж чадах бол? 

Эрэгтэй , эмэгтэй хүмүүс бие биедээ зүрх сэтгэлээ өгдөг . Хань чинь зүрхэндээ чамайг гэсэн хайрыг хадгалж яваа учир түүний зүрх чинийх . Тиймээс тэр зүрхийг өвтгөж шархлуулахын оронд сайн харж хандан хайраа хамгаал ! Нөхөртөө ээжийнх нь алдааг ойлгуулах гэж цаг үрэх хэрэггүй . Эмэгтэйчүүд нөхрүүдээ ээжийнхээ хийсэн алдааг олж хардаггүй гэж ойлгодог . Угтаа бид ээжийнхээ хийсэн алдаануудыг яг л адилхан олж харж байдаг . Гэхдээ тэрний алдааг эхнэрээрээ хүлээн зөвшөөрүүлэх учраа олдоггүй . Ээж минь биднийг багад яаж хайрлаж халамжилдаг байсан шиг бид ч гэсэн тэднийгээ хамгаалж явахыг хүсдэг . Ийм л учраас эхнэр нь ээжийнх нь алдааг хэлэхэд эрэгтэйчүүд мэдээгүй юм шиг царайлж эсвэл ээжийгээ өмөөрдөг . Хадам Ээж чинь чамайг муулж байсан ч түүний талаар муу зүйл ярих Хэрэггүй , охин минь . Нэг нэгнийгээ муулах хоёр эмэгтэйн дунд байгаа эрэгтэй хүн ээжийнхээ талд орж , илүү ихээр түүнд итгэдэг . Яагаад гэвэл тэд хүйн холбоотой ээж хүү , илүү их цаг хугацааг хамт өнгөрүүлсэн хүмүүс . Өөрийг нь төрүүлж , хамаг бүхнээ зориулан өсгөж хүмүүжүүлсэн ээжээсээ нүүр буруулан эхнэрийнхээ талд зогсох нь юу л бол . Ухаантай эхнэр ямар ч үед нөхрөө ийм сонголт хийх нөхцөл байдалд оруулдаггүй . 

Нөхөртөө ээжийнх нь хийсэн алдааг харуулахыг хүсвэл ээжийг нь магт , ээжийнх нь тухай сайхан үгс хэл . ” Эхнэр чинь эмх замбараагүй … ” гэж ээж нь хэлж байхад чи “ Чиний минь ээж их сайхан эмэгтэй . Би түүнд хайртай ” гэвэл нөхөр чинь юу гэж бодох бол ? ” Эхнэр минь ямар сайхан сэтгэлтэй юм бэ ? Ээж минь түүнд атаархсандаа муулдаг юм байна ” гэж бодох болов уу . Тэгээд ээж нь чиний талаар юу гэж муулж байсан ч итгэхгүй , эсрэгээрээ чиний хариу үйлдлийг сайшааж , чамайг магтах болно . Ийм л байна , хайрт охин минь . 

Нөхрийнхөө гэр бүлд төвөг удаж хайр сэтгэлээ өөрийн гараар үгүй хийх хэрэггүй . Хадам чинь юу ч хийсэн байлаа чи л сайхан харилцаатай байвал та хоёрын харилцаанд ан цав үүсэхгүй . Бэрүүд өөрсдөө л туслахгүй бол хадмууд гэрлэлтэд хор хөнөөл учруулж чаддаггүй юм . Нөхөртэйгөө яаж ч муудалцлаа гэсэн гэр бүлийнхнийг нь оролцуулах шаардлагагүй . Гэр бүл нь түүний сул тал . Угаасаа нөхөр чинь тэднийг өөрчлөх гэж оролдоод ч дийлэхгүй . Тийм учраас нөхрийнхөө сул талыг оролдож өөрийгөө үзэн ядуулах шалтаг гаргахгүй байгаарай . 

Аав нь охиндоо ингэж хэлэх нь хэр тохиромжтой болохыг мэдэхгүй юм . Гэхдээ орондоо эхнэрээрээ хайрлуулахгүй байна гэдэг эрэгтэй хүний хувьд хамгийн том доромжлол байж түүний сэтгэл хөрөх шалтгаан болдог . 

Хайрт охин Мэxлика минь , Миний хэлэхийг хүссэн зүйлс ердөө энэ . Энэ бүхнийг зүгээр уншаад өнгөрөлгүй амьдралдаа хэрэгжүүлж яваарай . Энэ үгсийг би өөрийн амьдралын туршлагад тулгуурлан хэлж байгаа юм шүү . Харамсалтай нь энэ бүхнийг ээжид чинь ойлгуулж чадаагүй учраас бидний амьдрал аз жаргалтай өнгөрөөгүй . Гэхдээ чи минь энэ бүхнийг ойлгож аз жаргалтай амьдар , үр минь . Аав нь чамдаа маш их хайртай … 

Мэxлика захиагаа дахин дахин уншиж удаан бодлоо . Тэгээд энэ шөнө өмсөхөөр урьдаас бэлтгэсэн торгон дотуур хувцсаа өмсөж үс гэзгээ янзлаад орондоо орж цааш харан хэвтэх нөхрөө тэвэрлээ . Чихэнд нь “ Таагүй үйл явдлуудыг дахин сөхөлгүй , “ Хайртыг минь төрүүлсэн эмэгтэй ” -д сайн хандана гэдгээ амлаж байна ” гэж шивнэх мөчид өөр рүү нь эргэн харсан нөхрийнхөө нүднээс гэрэлтэх хайраас өөр чухал зүйл байхгүй юм байна гэдгийг ойлголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!