“ХАЙРЛА ГЭХДЭЭ ХЭМЖЭЭТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

“ХАЙРЛА ГЭХДЭЭ ХЭМЖЭЭТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ – ҮРГЭЛЖЛЭЛ

Би бүхнийг баллаж түүнрүү орилох тэнэг эмэгтэй биш гэж тухайн үедээ бодож цагийг хамтдаа түүний хүссэнээр өнгөрүүлэв Одоо бодоход тэр л буруу шийдвэр байсан юм шиг. Тэр үйлдлийг хийгээгүйгээс болж бүхэл бүтэн хоёр жил дотоод тамдаа тарчлан өнгөрөөсөн. Харин хөөрхий тэр залуу намайг юу олж мэдсэнийг анзаараагүй юм. Хосууд бие биенээ дэндүү сайн мэддэг гэж боддог ч үнэндээ өөрсдийгөө ч бүрэн мэддэггүйд асуудал байдаг юм билээ. Анхны хайраа мартаж чадаагүй түүнд буруу өгч чадсангүй. Анх удаа дурласан өөртөө ч буруу өгч чадсангүй. Чухам хэнд ч буруу байхгүй. Сэтгэл гэдэг хүний хүссэнээр удирдаж болдог зүйл ч биш. За тэгээд мэдээгүй юм шиг яваад л байлаа. Тэд ч болзоцгоож би ч цонхоо харуулдсаар тэр минь намайг үнэхээр мэдээгүй гэж бодон яваад байсанд инээд ч хүрэх шиг.

Чатаа устгалаа гээд яах ч билээ түүнийг гэсэн сэтгэлээ устгаж болох биш. Хэд хэд томоохон муудалцаад авлаа. Та нар гайхаж байгаа байх яагаад хуураад байгааг нь мэдсээр байж салж чадахгүй байгаа юм бэ гээд өөрөө дурлахаараа ойлгоноо тэр хүнгүйгээр цаашаа төсөөлж ч чадахгүй байсын. Больё гэж бодоод үгээ бэлдээд сууж байхад орж ирээд тэврээд хэвтэнгээ ирээдүйгээ ярьж байгаа түүнийг би түлхэж чадахгүй за тэр эмэгтэйгээсээ больсон байлгүй дээ гэж бодон тэврүүлээд мэгшинэ. Сэтгэл нь өөр зүгт байгаа хүнийг хүлээх хамгийн хэцүү хормууд үргэлжилсээр. Тэр хооронд өөрийгөө ч өөрчилж үзэв. Хамгийн гоё даашинзаа өмсөн өмнө нь эргэлдэхэд утаснаасаа нүдээ салгаагүй хэр нь хөөрхөн байна гэх худал үг шүднийхээ завсар сийгүүлнэ. Чихээр минь орж зүрхээр минь шуурч байлаа. Тэдний харилцааг мэдэн будилж жил явсны дараа би жирэмсэн боллоо.

Нойлын суултуур дээр сууж байхдаа тэр хоёр зураасыг нүдээ томруулж нэг, онийж нэг харлаа. Буржгар үсээ хойш нь гараараа самнаад нүүрээ таглан удаан уйллаа. Энэ хоёр зураас намайг, бидний хайрыг аврах юм шиг санаж догдлон байж хүлээлээ. Тэр ирсэнгүй. Харин “өнөөдөр ажил ихтэй байна эндээ хонох байх гэсэн” зурвас л ирлээ. Уртаар санаа алдахад цээжин тушаа нэг юм хөндүүрлэн зурж хацрыг зүсэн нулимс урслаа. Маргааш орой нь би үнэхээр тэссэнгүй. Уйлж дуулаад дотроо байсан бүхнээ орилж, хашгирч, бүх мэдрэмжээ илэрхийллээ. Хариуд нь яасан гэж санана. Уйлах үед минь нулимс арчдаг байсан тэр гар нүүрэн дундуур минь хүчтэй буулаа. Цочсондоо бас их өвдөлтийг даасангүй шууд л уначихлаа. Түүнээс одоо бүр ийм авир гарна чинээ төсөөлж ч яваагүй тул цочирдлоо. Жирэмсэн гэдгээ ч хэллээ.

Тэр сонсоод үнэхээр балмагдаж доош суун намайг тэврэн уйлж уучлал гуйлаа. Би хичнээн удаан хууртахаа мэдэхгүй ч хүүхдээ төрсний дараа өөр болох байх гэж найдан хүлээлээ. Харин тэр цохилт нь шөнө бүр зүүдлэгдэж хөлрөн сэрэх бүрт хажууд минь тайван унтаж байгаа түүнийг хараад заримдаа өрөвдөж заримдаа зэвүү хүрч байлаа. Тэд ч хэсэгтээ харьцахаа больсон юм. Амьдрал дахиад л аятайхан үргэлжилсээр. Хамтдаа эмнэлэг явж, хүүхдийн дэлгүүрээр орон гадуур хооллож буцаад нөгөө сайхан цагруугаа буцчихсан юм шиг. Гэхдээ би түүнийг хүчлээд байгааг мэдэрсээр л байв. Яаж ч хичээгээд болиулж чаддаггүй тийм хүчтэй хайрыг би тэр хоёроос бас өөрөөсөө олж харсан. Намайг зургаан сартай жирэмсэн байхад тэр хоёр манай гэрт байж байгаад баригдлаа. Орой нь бас бөөн хэрүүл би л буруугаар ойлгосон юм байх.

Дахиад л өөд өөдөөсөө чанга чанга орилж өөрсдийнхөө зөв гэдгийг батлах гэж дайрцгаалаа. Энэ удаад би түүнийг алгадчихав. Тэр маш их уурлан намайг цохиж цохилтууд нь чангарсаар би ухаан алдан эмнэлэгт сэрлээ. Аврал гэж бодон бодон тээж байсан сахиусан тэнгэр минь намайг орхин оджээ. Түүнийг бүтээсэн эцгийнхээ гараар эхийнхээ хэвлээс хагацан үүрд байхгүй болчихож. Тэгээд л надад итгэл найдвар хумсын толион чинээ ч үлдсэнгүй. Би түүнийг тэр намайг таниагүй байжээ. Би гэртээ харьсан хойноо зүгээр л амьд үxтэл болон хувирлаа. Төгсөх курс байсан ч хичээлдээ явалгүй жилийн чөлөө авч, ээждээ ч хаалга тайлж өгөхөө болив. Тэр үргэлж дэргэд минь байж тэгэхдээ хязгааргүй ихээр гэмшивч би аль хэдийн өөрийгөө алдчихсан байсан тул бид дэмий л хурц гэрлийн дор өөр өөрийн харанхуйд амьдарна. Ингэж удаан явж чадахгүй ч бие биенээ чөлөөлөхгүй байсан харилцааг түүний сүүлийн гарны хүчинд захирагдсан миний царай дуусгаж өгөв.

Эхлээд цохиход нь айж балмагдан уучлал гуйгаад ирэхэд нь дахиад ингэхгүй дээ гэж өөртөө итгүүлж сүүлдээ дөжирчихэв. Сонин юмаа хэд цохиулаад л хаширдаггүй байсан гэхээр. Өнөөдөр миний төрсөн өдөр. Одоо Улаанбаатар хотод 23 цаг болж байна. Өглөө аваад гарсан чемодан, дахин эхлэх итгэл хоёроо өвөрлөн ээжрүүгээ явж байна. Намайг уучлаарай дэндүү эрт, таньж ч амжаагүй залуудаа бүхнээ зориулж эрэмдэглэгдсэн хойноо эхрүүгээ тэмүүлж байгаад. Гэхдээ би хайрласандаа харамсахгүй ээ. Дахиад ч хайрлах байх гэхдээ дараагийн удаад илүү болгоомжтойгоор. Надад хэлэх ганцхан үг байна. Битгий яараарай. Тавьж явуулж өөрөө явж сураарай. Дараагийн шинэ түүхээр дахин холбогдоно гэдгийг мэдэж байна. Би зүгээр л амьд байгаадаа баярлаж байна. Амьдрал баялаг шүү. Хайрла гэхдээ хэмжээтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!