“ХАЙРЛА ГЭХДЭЭ ХЭМЖЭЭТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ

“ХАЙРЛА ГЭХДЭЭ ХЭМЖЭЭТЭЙ” ӨГҮҮЛЛЭГ

ЗОХИОЛЧ: Г.ИКУ

Алга дарам цаасан дээр нулимс асгаруулан бичсэн энэхүү захидлыг би хогийн савнаасаа олсон юм. Эмэгтэй хүн гэх нэр томъёо бардам зан гэгчийг үргэлж дотроо агуулж байдаг бол надад тэр зүйл нь байгаагүй эсвэл хэн нэгнийг хайрлах замын дунд гээгдсэн юм шиг байна. Бүхий л амьдралдаа хайж явсан тэр хүн нь гэнэт гараад ирсэн үүлэн дээрх өдрүүдийг эргэцүүлж суухдаа инээмсэглэж, тэгснээ тольруу бага зэрэгт хавдаж хөхөрсөн нүүрээ хараад захиагаа дахин уншиж энэ удаад түүний гараар биш үзэг барьж үгс нийлүүлсэн өөрийн гараар хогийн савруу чулуудаад чемоданаа чирэн гадагш гарлаа. Амнаас минь урсаагүй үгс бичгээр очихдоо түүнд сонсогдоогүй бололтой. Магад танд ч сонин санагдахгүй биз. Гэхдээ л уншина бид өөрийн түүхээс илүү өрөөлийн муу муухайд чихээ сортолзуулан амаа билүүддэг араатан учраас та цааш нь уншина. Би түүнтэй учраад дөрвөн жил болж байна.

Төсөөлж байна уу? Эхний хоёр жил аз жаргал гэж ийм юм байдаг юмуу гэмээр хүн болж төрсөндөө баярламаар энэ залууг олсондоо өөрийгөө ямагт азтайд тооцож, зүгээр л дүүлэн ниссэн. Өглөө бүр өндөг шарж зогсохдоо араас ирээд тэврэхийг нь хүлээж тэгэх бүрт нь амьдрал ямар амттайг гайхна. Яг ингээд л үргэлжлэх хэдэн арван жилийг төсөөлөхийн ч аргагүй сайхан байж. Гэвч хүн шаналахаа мэдэхгүй дурладаг юм байналээ. Анх тэр надруу фэйсбүүкээр бичсэн юм. Юу гэж бичсэнийг нь санахгүй ч түүнээс хойш өдөр бүр чатлаж уулзахаар ч болсон. Болзоо харин мартагдахын аргагүй сайхан болж, сар ч болоогүй хамт амьдарч өнөөдрийг үзсэн. Та нар намайг хямдхан, үнэ цэнэгүй гэж хэлж болно юу ч гэж бодож болно. Харин өөрийгөө өмөөрч хэлэх ганцхан зүйл бол би дурлаж үзээгүй байсан юм. Гэвч надруу хэн ч бичдэггүй байсан уу гэвэл үгүй. Би сургуульдаа олны анхаарлын төвд байдаг байсныг манай найзууд, эргэн тойрныхон маань гэрчилнэ.

Надруу бичдэг миний хажууд суух гэж оролддог залууст би зүгээр л муухай хандаад холдуулчихдаг байсан. Яагаад ингэдэг байснаа ойлгохгүй юм. Магадгүй хүн бүрээс ямар нэг өө олж харан өөрийнхөө доторх төгс нэгнийг хайсан байж мэднэ. Харин яагаад бусдаас ялгарах юмгүй тэр залууд боломж олгосныг бурхан л мэдэх байх. Аав ээж маань намайг бага байхад хоёр тийшээ болж тус тусдаа амьдрал зохиосон. Би ээжтэйгээ мөн ээжийг минь ёстой газар гишгүүлдэггүй сайн хойд аавтайгаа амьдардаг байсан юм. Намайг дагавар гэж нэг ч удаа бодож үзээгүй тэр хүнийг л би аавыгаа гэж бодож явдаг учир нь миний төрсөн эцэг намайг дурсаж хайж сураглаж яваагүйгээр барахгүй дөрвөн настайдаа нурууг нь хараад хоцорсноос хойш тэр хүнийг гэх ганц ч зүйл ой тоонд үлдээгүй билээ. Би ээжийнхээ өмнөөс туйлын их баярладаг. Ээж минь хамгийн зөв шийдвэрийг хийсэн. Заримдаа салалт гэдэг хэцүү буруу шийдвэр байх боловч заримдаа төсөөлж ч байгаагүй шинэ аз жаргалыг авч ирдэг гэлтэй.

Явмаар байгааг нь явуулж өөрөө явмаар байгаа бол явж сурах нь амьдралын хамгийн энгийн хэрнээ хамгийн хэцүү шийдвэр. Би одоо үүнийг бичиж байхдаа маш тайван байна. Тэгээд л та нарт бүхнээ яриад суумаар санагдсан учраас, хэн нэгэн хөөрхөн охин миний алдааг битгий давтаасай гэсэндээ үүнийг бичиж сууна.Ахин дурлалынхаа сэдэв рүү орцгооё. Бид хоёр бие биенээ үнэхээр жинхэнэ утгаараа хайрлаж байв. Үгүй ээ ядаж л би тэгж боддог юм. Тэр намайг инээлгэхийн төлөө тэнэг тэнэг царай гаргаж, хөгжилтэй түүх зохиож яриад л заримдаа миний хацар өвддөг байсан. Жаргалтай сонсогдож байгаа биз? Би анзаараагүй ч нэг л зүйл болохгүй болсныг хоёр дахь жилийн ойн дээрээ гадарласан юм. Өдрөөс өдөрт нэг л хөндий болж өглөөд гал тогоонд юм идэх гэж л орж ирдэг болж, оройдоо хамт кино үздэг байсан бол нойлд их цагийг өнгөрөөж, утсандаа бүх анхаарлаа шилжүүлээд байгаа нь надад мэдрэгдсэн ч хэрүүл хийх дургүй болохоороо аль болох өөр зүйл бодож эдгээр өөрчлөлтүүдийг нь хараагүй мэдээгүй юм шиг өнгөрөөж байлаа.

Нэг удаа унтаж байхад нь утсыг нь аваад хартал кодоо сольчихсон байх юм. Даанч дээ чи минь надаас ингээд л юмаа нуудаг болчих гэж. Маргааш нь өглөөний цайгаа уунгаа утсыг нь бариад кодоо сольчихсон юмуу гэсэнд чимээгүй л ммхм гэж байна хэлдээ гэсэн чинь чи одоо яах гээд байгаа юм? Хувийн орон зайруу халдлаа нтр гээд гэнэт хашгичаад эхлэв. Би үнэндээ юу ч ойлгосонгүй. Сарын өмнө л би түүний бүх зүйлийг мэддэг байлаа. Гэхдээ тэр үед миний мэддэгээс тэс өөр хүн надруу хашгичиж байсныг санаж байна. Тэгээд л уурандаа гараад явчихлаа. Уг нь тэр өдөр бид хоёр аавынд очих гэж байсан юм. Би яах учраа олж ядан компьютер дээр хадгалагдсан байсан фэйсбүүкрүү нь орж үзлээ. Миний таних тэр бүсгүйтэй харьцсан байх юм. Тэр эмэгтэй бол түүний минь анхны хайр. Гадаадад олон жил суралцсан болохоор хол зайг давж чадахгүй хоёр тийш болсон тухайгаа надад анх танилцахдаа хэлж байсан түүнээс өөр эмэгтэй амьдралд нь байгаагүй болохоор түүндээ их хайртай байснаа ч хэлсэн.

Гэтэл тэр нь эргээд иржээ. Түүгээр ч үл барам уулзалдсаныг нь ч мэдлээ. Энд үед л жинхэнэ бодит байдал намайг алгадаад авсан. Өөрөөсөө ч илүү мэднэ гэж бодож байсан хүн минь төсөөлж ч байгаагүй зүйлүүд хийгээд явсныг би анзаараачгүй болохоор өөрийгөө л буруутгаж байв. Гэхдээ маш их гомдсон тэгээд уйлаад ч нэмэргүйг ойлгож бодит байдалтай нүүр тулах гэж хичээв.Хэдхэн цагийн дараа ээж залгаад ирнэ гэсэн яагаав гэхэд нь гэнэт ажлаас дуудаад гээд л худлаа ярьж гарлаа. Би яагаад ээждээ шууд хэлчихээгүйгээ мэдэх юм алга. Орой нар жаргахыг хараад цонхон дээрээ зогсож байтал түлхүүр шажгинах чимээ гарч тэр цэцэг барьсаар орж ирлээ. Үнсээд л өглөө уурласандаа гэмшиж байна гэдгээ ч хэлж киноны хоёр тасалбар гартаа барин сэгсэрч хуурамч хэр нь нөгөө л сайхан инээмсэглэлээрээ намайг аргадаж дөнгөлөө. Би бүхнийг баллаж түүнрүү орилох тэнэг эмэгтэй биш гэж тухайн үедээ бодож цагийг хамтдаа түүний хүссэнээр өнгөрүүлэв. Одоо бодоход тэр л буруу шийдвэр байсан юм шиг. Тэр үйлдлийг хийгээгүйгээс болж бүхэл бүтэн хоёр жил дотоод тамдаа тарчлан өнгөрөөсөн. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!