MngNews

“ХАЗГАР ХҮРГЭН ХАДАМСАГ” Бодит амьдралаас

“ХАЗГАР ХҮРГЭН ХАДАМСАГ” Бодит амьдралаас

А.ЧИМЭД-ОЧИР

Хазгар хүргэн хадамсаг гэж энэ үг хаанаас гарсан юм бол оо. Заа яадаг юм, хадмаа магтанаа. Хадмындаа амьдардаг байлаа. Эхнэр маань анагаахын оюутан. Би гагнуур, төмөр сараалж хийдэг, машин засдаг, тостой хутгалдсан баагий. Хадам аав ээж маань жирийн л нэг тэтгэврийн хөгшчүүл, намайг хайрлана гэж жигтэйхэн. Хадам ээж маань хоол өгөхдөө хамаг л махыг нь надад аягална. Хадам аав маань надад мах ирэхээ байлаа гээд инээдэгсэн. Ээж маань хүнд ажил хийж байгаа юм зайлуул гээд өмөөрнө ккк, залуу ч байж дээ. Хүнээс 1000$ зээлээд гагнуурын аппарат бас бус юм авчихсан, ажил орж ирэхгүй, чүү чамай л гэж хүүгээ өгнө. Тэр нэгэн өдөр ажлаа тараад гэртээ иртэл галын өрөөнд жирэмсэн эхнэр маань уйлчихсан сууна. Хадам аав маань “Хүү минь өртэй юм бол 1000-н долларт нь таарах юм байдаг бол ачаад аваад яв” гэчихсэн зогсож байдаг юм. Нөгөө мөнгө зээлүүлсэн залуугийн эгч нь гээд 3н бүдүүн авгай ороод ирчихсэн даналзаж байнаа. Би ч хэллээ, хүү мүүгээ цаг тухайд нь өгөөд яваа шүү дээ. Юу болоо вээ гэсэн чинь Тэр ямар хамаатай юм, нөгөөдөр бид хойшоо явна, мөнгө өгөөдөх гэж чарлаад аймаар юм болов оо. Нөгөө өрөөнд хадам ээж маань хоёр чихээ дараад сууж байсансан. Ямар өрөвдөлтөй харагдсан гэж бодноо. Би ямар юм үзээгүй хүмүүс вэ, та нар чинь. Урьдчилж хэлж болноо доо.

Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг сэн. Ямар юмандаа чарлаад байгаа юм. Маргааш аваачаад өгье гээд хэлээд тавьчихлаа. Хаанаас ч олж өгөх гэж байгаа юм зайлуул. Нөгөө хэд ч гарын үсгээ зур, за яг шүү гээд гараад явлаа. Хоёр хөгшин юм хэлсэнгүй өрөөрүүгээ орсон. Эхнэр маань -Чи ийм их өртэйгээ хэлэхгүй яасан юм. Би айл андуурлаа гэж бодсон шүү дээ. Чиний нэрийг хэлээд гээд санаа алдаад Одоо яахав гэсэн сэн. Уул нь удахгүй ажил орж ирээд өгчихнө гэж бодож байсан юм. Чамд хэлж санааг чинь зовоогоод юу хийх вэ гэж бодоод. Найз нь аргалчихнаа. Чи тайвшир гээд унтуулчихаад галын өрөөнд мөн ч их юм бодож суулаа. Байгаа байдлаа, эднийгээ ингэж зовоох гэж дээ гэж өөрийгөө зүхлээ. Үе үе ээж маань миний хүү унтаа гэх юм би ямар ч гарц олсонгүй, шөнийг өнгөрөөлөө. Өглөө эхнэр маань хичээлдээ явсан би ч босоод цайгаа уугаад сууж байтал хадмууд маань дуудаж байна. Би өрөөнд нь яваад ортол авдараа ухаад бор даавуунд боосон юм гаргаж ирээд -Хүү минь уг нь аав ээж нь гурван хүүхэддээ үлдээнэ гэж бодож байсан юм. Энэ миний ааваас дамжиж ирсэн хэт хутга, 2ш мөнгөн аяга, сүүжин алтан ээмэг. Байгаа нь л энэ байна. Эхнэрийн чинь эгч дүү ойлгоно. Үүнийг зараад өрөө өг дөө хүү минь гээд өгөхдөө аавынхаа үе дамжсан үнэт зүйлээ 2 гараараа хүндлээд өгсөн сөн. Би “Заа” гээд шагнал авч байгаа юм шиг авсан ш дээ, үнэн тэнэг толгой шүү. Заа тэгээд ах өвөртлөөд гарлаа. Замдаа бодлоо.

Яавч үүнийг зарж болохгүй. Чи ийм дээрээ туллаа гэж үү гээд л. Хүн болгоны таньдаг мэддэг дуучин эгч дээр очоод үнэнээ хэлтэл миний яриаг сонсоод надад ямар ч барьцаагүй, хүүгүй 2000$ зээлж билээ. Гайхалтай, дэлхийд данстай эгч минь. Орой нь өрөө өгөөд 3 хоногийн дараа наймааны замд эргэлт буцалтгүй орсон доо. Энэ хугацаанд аав ээж, эхнэр маань нэг ч удаа үнэт эдлэлээ дурссангүй. Хоёр сарын дараа өрөө өгөөд юмаа аваад гэртээ ирлээ. Бүх өрөө дарчихлаа, одоо өргүй болсон гээд бяцхан баяр болоод. Аав ээж намайг магтаад л, сайн байна миний хүү гээд л ккк. Нөгөөдхөө хэлээгүй юм чинь эхнэр ч мэдээгүй. Сэмээрхэн авдар дээр нь өрөөд тавьчихлаа. Манай хоёр өрөөндөө ордоггүй би яараад байдаг. Тэгсэн чинь аав маань орлоо. Араас нь орсон чинь аав аавынхаа хэт хутгыг элгэндээ тэврээд Миний хүү гээд нулимсаа арчихад би тэвэрлээ. Бодвол аав нь нүдэнд нь харагдсан байх даа зайлуул. Энгэрт минь наалдаад хүүхэд шиг уртаар санаа алдаж билээ. -Та хоёртоо маш их баярлалаа. Хүү нь ингэсэн юмаа. Одоо бүгд сайхан болноо гэж билээ. Би азтай хүргээн. Хүний орчлонд хадмууд нэг л нэр муутай, кино жүжигт эсрэг талын баатар. Буруутан болох жишээтэй. Амьдрал дээр өөр шүү дээ.

Миний аав ээж эхнэрийн маань хадам, эхнэрийн маань аав ээж миний хадам их л ойрын хүмүүс. Хэн нэгнээ илүү дутуу харвал аянга буух мэт хагарал үүснэ. 80 дөхсөн уймраа болсон хадам ээжтэйгээ орон гэрт нь амьдарч байгаа хэрнээ ач тач хэрэлдэж байгаа бэрүүдийг харахад, даль жигүүр нь ургаж, хөлөө дөнгөн данган олж байгаа хүргэн бэрүүдээ өөрийнхөө хүүхдээс дутуу үзэж гоочилж, үнэн үг хэлсэн хүүхдээ Хуруу хумсаа хугалан байж өдий хүргэлээ, ингэж тус хариулдаг юмуу гэж амыг нь таглах хүргэн бэртэйгээ барьцсан аав ээжийг харахад нэг л уйтай. Хүүгээ хайрлая гэвэл бэрээ хайрла, охиноо хайрлая гэвэл хүргэнээ хайрла гэдэг дээ. Энэ их танай манай гэсэн талцалын бул чулууг өөрсдөө өмнөө өрөөд түүнийгээ давах гэж бүдэрсээр л явах юм даа. Өөрсдөөсөө эхлэе, бие биенээ хайрлаж хүндэлье, эвтэй байя, айл өрх болгон улс орны маань тулгуур багана гэдгийг битгий мартаарай. Хэрүүл хийвэл хэрүүл л ирнэ, тус хийвэл тус л ирнэ, хайрлавал хайр ирнэ, халамжилвал халамж л ирнэ. Юу хийж үйлдэнэ тэр л чамд ирнэ. Их энгийн ойлголт. Хариу нэхвэл бүгд үгүй болно. Ѳөрөө биш юмаа гэхэд өрөөлөөр ирдэг өгөх авахын хорвоо шүү. Зүгээр л эргэн тойрон байгаа дотно хүнээ хайрлан хамгаалья..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!