“ХАДМЫГАА ТАГТАН ДЭЭРЭЭС TVЛXЭЖ УНАГААГААД 8 ЖИЛ СУУГААД ГАРЧ ИРЛЭЭ” БОЛСОН ЯВДАЛ
“ХАДМЫГАА ТАГТАН ДЭЭРЭЭС TVЛXЭЖ УНАГААГААД 8 ЖИЛ СУУГААД ГАРЧ ИРЛЭЭ” БОЛСОН ЯВДАЛ
Далавчгүй сахиусан тэнгэрүүд
Уран нугардаг, хүүхдийн ордоны бүх л дугуйланд явдаг хүүхэд насаа найрамдал, янзага, ундраа гээд л үнэхээр хөгжилтэй үр бүтээлтэй зуслангаар амарч эмээгээ хормойдож өссөн азтай охин билээ би. Эмээ минь намайг тогос шиг гоёж сүүдрээс ч харамлан эрхлүүлж өсгөсөн. Аавын минь ээж л дээ. Намайг төрүүлээд ээж минь савны халуун гэдэг айхтар зүйл болж бурхан болсон.
Аав маань хөдөө том машин барьж тоотой ирнэ. Эмээ бид хоёрын хоол унд бүх л зүйлийг бэлдэж өгч хэдхэн хоног нар гартал гэрт дүүрэн байж байгаа д л буцаад л явдаг байлаа. Би уралдаан тэмцээн, олимпиад гээд л өөрөө ёстой зүгээр суудаггүй охин байж. За тэр ч яахав. Ул болсон зүйл. Гэхдээ л энэ тухайгаа бичиж жоохон инээмсэглэх шалтгаан олж авах гээд.
Би сургуулиа амжилттай төгсч тухайн жилдээ шууд сурахгүй ажил хийхээр болж нэг байгууллагат оператор хийж эхэллээ. Эмээдээ дэмтэй цалингаа буухаар тортой сүү талх бариад л орж магнайгаа хагартал баярлаж байгаа эмээгээ харах дуртай байлаа.
Манайх 7 буудалд хашаандаа өнгө өнгийн цэцэг тарьсан, мойл чацаргана мод суулгасан хашаа хороо үргэлж цэмбэгэр гоё айл байлаа. Аав ирэх бүртээ хашаандаа юм хийж байгаад явна. Эмээ аав хоёр маань үнэхээр ажилсаг хүмүүс байж билээ. Эмээгийн минь банштай цай өглөө орноосоо нүдээ аниастай сэртэл хамар цоргидог байлаа.
Ажилд ороод 5 сар болж байхад манай ажилд нэг залуу шинээр орж ирлээ. Захирлын хамаатан гэнээ гээд л жиг жуг хийгээд л. Тэр залуу удалгүй миний хойноос гүйж цэцэг бэлэг барьж гүйх болов. Надад анхандаа таалагдаагүй л дээ. Өглөө ирэх бүртээ тэнд тэгж шоудаад энд ингэж уугаад гэж орж ирдэг байсан болохоор.
Намайг хүргэж өгөх гэж гуйна, ажилчдад миний тухай ярьж намайг болзоонд урьж хамт олноороо л бараг дэмжсээр байгаад нэг л мэдэхэд би өвөл нь түүнтэй үерхсэн юм. Тэр надтай байснаас хойш засарч өөрчлөгдсөн их ухаан суусан гэдэг байлаа.
Тэр жилийнхээ цагаан сараар би анх удаа түүнийг дагаад гэрт нь орлоо. Ээж нь шууд л үл тоомсорлов. Бараг надруу хараагүй. Аав нь мөн л адил. Нэр хэн билээ гэж асууснаа хариулах гэтэл шууд амаа арчаад босоод явж билээ.
Энэ үеэс л би буруу замруу алхсан юм. Түүнийг эмээ дээрээ дагуулаад ирэхэд эмээ минь хөл хөөрцөг болон бууз банш чимхэн хоол цай болон угтав. Аавдаа утсаар хэлэхэд аав минь бөөн баяр очоод хүргэнтэйгээ танилцнаа гээд л..
Эмээ минь түүнд үйтэн хуар эсгэн дээл оёж дуусгасан даа. Тэр хавар нь би жирэмсэн боллоо. Аав ирсэн үе л дээ. Аавдаа хэлэлгүй шууд л эмээдээ хэлэв. Эмээ нулимс унаган бурхандаа залбиран бүр үнэн голоосоо баярлан хүлээн авав.
Харин тэдний гэрт очиход ээж нь манайх баахан ажилгүй ам тэжээх гэж хүүгээ сургууль соёлд сургаагүй юм шүү гэж хэлсэн. Аав нь бүр юу ч хэлээгүй. Тусдаа гарахгүй угаасаа гаргахгүй энд байна гэвэл наад хүүхдийг чинь зөвшөөрье гэж хэлсэн.
Би тэр үед л яагаад больчиж болоогүй юм болдоо. Гэр бүл нь, хадмууд чинь хүлээж авахгүй байхад охин минь сайхан амьдрал мөрөөдөн бүү өөрөө очоорой. Чи үнэ цэнтэй айлын охин үр болохоос үнгэгдэж халтардсан тогооны алчуур биш шүү.
Ингээд юу ч бодолгүй эмээгээ орхиод хадмындаа ирлээ. Эмээ маань бэр гуйхгүй бол явуулахгүй гэхэд нь эмээ одоо бэр гуйх хоцрогдсоон, манай хадмууд надад үнэхээр сайн би эрхэлж өгдөг гэсээр байгаад худлаа үнэн хэлэн байж гэрээсээ нүүлээ.
Нөхөртэйгээ хамт өөрсдөө очоод батлуулчив. Ирсэн өдрөөс хаалга тайлагч, угтагч, аяга угаагч, хоол хийгч, угаалгын өрөөний манаач болов. Энэ ч яахав. Эмэгтэй хүн хийж л байдаг. Гэвч хадмууд маань намайг хүн биш робот эсвэл зарц худалдаж авсан мэт үзэж байв.
Би за яахав дараа жил төрөөд сургуульд ороод хадам ээжийн хайртай бэр болно доо гэж төлөвлөсөөр. Хадмын найз ирээд хүү чинь хүн амьтантай үерхэж байна уу гэхэд хадам ээж үгүй чишшшш. Манай хүүд хэн байхав гэж хэлсэнээ гэнэт намайг хараад санаснаа өөөөө тийнш дэээ энэ нэг хүйтэн харцтай юмыг чирээд ирсэн.
Эхгүй эхийнхээ толгойг залгисан юм гэсэн. Нэг өнөө маргаашгүй хөгшинтэй хаана ч билээ байдаг байж байгаад манайд ирчихээд л байж байна гэж хэлсэн юм даа. Би бас яагаад тэр үед эмээгээ доромжлуулан хэн ч биш харагдаж байгаа газартаа үлдсэн юм бол. Яагаад явчихсангүй вэ?
Ингээд төрөн төртлөө гомдол тээн үнэхээр шантарч сэтгэлийн дарамттай байсаар төрлөө. Намайг төрөхөд эмнэлэгийн үүдэнд эмээ аав нөхөр гурав л байсан. Хадмууд ирэх нь байтугай нэг ч утасдаагүй ээ. Ингээд ээж боллоо. Би хөөрхөн хүүтэй боллоо.
Ээж болоод хамгийн түрүүнд тэнгэрт байгаа ээждээ үг дамжуулмаар санагдсан. Миний хэзээ ч харж байгаагүй ээжээ. Охин тань яг тан шиг ээж боллоо. Та үргэлжилж байгаа шүү ээжээ… Та миний зүрхэнд холбоотой одоо ч…
Төрөөд эхний 7 хоног эмээ дээрээ очиж байлаа. Миний амьдралын хамгийн сайхан 7 хоног. Тэнд байсан хүүхдийн чийгтэй даавууны үнэр, эмээгийн хийсэн сармистай хар шөлний үнэр, аавын үнэг зорж байгаа үеийн модны үртэс тоонын гэрлээр орж ирж байгаа нар. Миний гэр. Миний эрдэнэ үүд бүгд хамт…
Ингээд буцаад хадмынд очлоо. Эмээ минь бэр гуйхыг хүлээсээр л хөөрхий. Би 75кг болж төрсөн ч хүүгээ төрүүлээд 48кг болтлооо турж хадмынд өглөөнөөс үдэш болтол хоол цай оймс гуталтай зууралдсан. Нөхөр ажилдаа яваад өглөө гараад орой ирнэ.
Ядарч үхлээ гэсэн юм орж ирээд хүүгээ ч үнсэхгүй орондоо орох нь олон. Харилцаа нэг л биш. Би тэр үеийг яагаад тэссэн юм бол. Удалгүй нөхөр арван жилийнхээ охинтой уулздаг бүр facebook дээрээ үерхдэг тохиргоотой байгааг би олж мэдлээ.
Надтай найз байсан хаяг нь хуурамч хаяг байж. Тэр үед ( 2010) онд би facebook сайн мэдэхгүй болохоор надтай үерхэж байхдаа л давхар хаягтай гэхдээ надтай хэзээ ч албан ёсны хаягаараа найз болоогүйг сүүлд мэдсэн юм. Би конкурс өгөхөөр бэлдэж эхэллээ. Салах тухай бас хааяа бодож эхэлсэн.
Нөхөр 10 жилийн уулзалт гээд 3 хоног явлаа. Тэр өдөр яагаад ч юм ядраад хүүгээ дагаад унтаад өгч. Унтаж байтал хадам ээж өрөөнд орж ирээд нүүрлүү ус асгачихав. Хүү маань цочоод дав хийтэл сэрээд тасралтгүй уйлж эхэллээ. Мөнгөн аяган дотор байсан алтан ээмэг бөгж хоёр гаргаад ир гээд улаан галзуу.
Би үг хэлэх сөхөө байдаггүй. Ээжээ юун бөгж вэ гэж гайхан хажуугаар нь хүүгээ саатуулах гэж хичээсэн. Хүү мань үнэхээр аймар цочсон учир тасралтгүй уйлж…. Хадам ээж надаас тасралтгүй ээмэг бөгж нэхэн миний бүх хувцасыг шидлэн нэгжиж харааж загнав.
Би сүүлдээ тэсгэл алдан хулгайч гэж бодоо юу та, би олон удаа тэслээ гээд цаашаа яаснаа санахгүй хамаг хувцасаа шидэж хүүгээ тэврээд л хамаг юмыг нь өшиглөж эхэлсэн. Хадам наад гарал угсаагүй зyлбасгаа аваад манайхаас зaйл. Тэр хөгшин зөнөгрүүгээ яв.
Аpxичин аавыгаа дуудаад ирж ав гэж хэл гэхэд үнэхээр тэвчээр алдан толгой тархи дүүрч яг тагтан дээрээ тамхи асаах гэж байсан хадам ээжийг очоод зуураад авсан. Би нэг мэдэхэд хүүгээ тэвэрчихсэн тагтан дээрээс доош харж байсан. Хадам ээж уначихсан. Би буруутай тиймээ… Тэнэг миний л буруу.
Хадам ээж хөл нуруу хугарч тархиндаа хоёр оёдолтой их л хүнд гэмтсэн. Би харин тэр оройгоо эмээгийндээ байж байгаад баригдаад явсан. Намайг баригдаад цагдаагийн машинд сууж байхад нөхөр хашааны гадаа ирчихсэн намайг үзэн ядсан харцаар цоо ширтэж байсан.
Аав минь хөл нүцгэн гудам даган уйлан гүйж эмээ минь хүүг минь тэврээд майжигнан уйлсаар хаалганы тэнд хоцорсон… Ялын тогтоол гарч миний шүүх хурал их хурдан болж өнгөрсөн. Шүүхээр би энгийн дэглэмтэй хориход 8 жил 2 сар ял эдлэхээр болж хүүхдээ өсгөх асрах эрхийг маань түдгэлзүүлж аав нь хүүгээ өсгөх эрхтэй гэж шийдвэр гарсан.
Хөхний сүү цамцыг минь даган урсан, нүдээ дов болтол уйлсан би шүүхийн танхимаас шууд ачигдсан. Аав минь давж заалдсан ч ялын тогтоолыг хэвээр үлдээсэн. Ингэээд 21-хэн насандаа төмөр торны цаана орсон. Амьдрал дахин нэг алгадаж эмээ минь хүүг минь ирээд булаагаад явсаны дараа цус харван бурхан болсон тухай мэдээ олж сонсов.
Би aмиa xорлохоор шийдсэн. Оролдож ч үзсэн. Гэхдээ чадаагүй ээ. Хүүгээ л бодсон. Хөх чинэрч, хатуурч ганцхан удаа бумбагар хацрыг нь илбээд үрээ хөхүүлэх юмсан даа, үнэрийг нь үнэртэх юмсан. Бурхан минь….
Аав минь хүүг минь авах гэж их явсан ч чадаагүй ээ. Намайг сууснаас хойш 1 жил 7 сарын дараа хүүг минь аваад аав нь гадаад явсан байсан. Би суллагдаад 2 жил болж байна. Одоо болтол хүүгээ нэг ч хараагүй явна.
Аав минь энэ хугацаанд их өтөлжээ. Эмээгийнхээ газар дээр ч очиж чадахгүй хүүгээ харуулдаж хайсаар хоёр жил болж байна. Миний хүү одоо 10 нас хүрч байгаа. Хичнээн том залуу болсон бол. Хэнтэй адилхан байгаа бол.
Тэртээ 2010 онд төрөх эмнэлэгт 7, 8 цаг өвдөн ээжийнхээ хэвлий дээр мэндэлсэн үр минь. Ээжийгээ уучлаарай. Үр минь чамайгаа заавал олж уулзана. Ээж нь чамайгаа энгэртээ тэврэх хувь дутсан ч уулзах заяа түших болов уу гэж найдаж байна. Алганд багтам жижигхэн байсан шүү дээ үр минь…