MngNews

“ХАДАМТАЙГАА, ХАНЬТАЙГАА ЖИЖИГХЭН БАЙШИНДАА ЧИХЦЭЛДЭН АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН”

“ХАДАМТАЙГАА, ГЭРИЙНХЭНТЭЙГЭЭ ЖИЖИГХЭН БАЙШИНДАА ЧИХЦЭЛДЭН АМЬДРАХ ХАМГИЙН САЙХАН”

“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно!

Хэдхэн хоногийн өмнө өөр нэг группт хадмындаа амьдардаг олуулаа хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнасан амьдралдаа гутарсан нэг ээжийн пост хараад бодлоо. Өөр нэгний зовлон эсвэл бухимдал өөр нэг хүний хүсч байсан жаргал байж болдог юм байна гэж. Би эсрэгээрээ хадам болон нөхөр түүний гэр бүлийнхэнтэй жижигхэн байшиндаа чихцэлдэн амьдрах нь хамгийн сайхан амьдрал гэж боддог. Бүгд намайг ямар сонин бодолтой юм бэ гэж бодох байх. Гэхдээ эхлэлээс нь эхлэн уншаад дараа нь тэгж бодохгүй байгаасай гэж хүсч байна.

1987 он. Би төрсөн юм. Ээж минь төрөхийн хүндрэлээр өөд болсон гэсэн. Надад ээжийн маань нэг ч зураг байдаггүй би төсөөлөлдөө л ийм төрхтэй байсан байх гэж боддог. Аав маань ээжээс хойш аpxинд орж би аавынхаа эгчийнд хүн болсон. Аавыгаа эрүүл байхыг огт харж байгаагүй. Намайг 1-р ангид орох жил аав аpxины хордлогонд орон бурхан болсон. Ингээд би аавынхаа эгчийнд хоног төөрүүлэх болсон. Миний айдас аавынхаа эгчийг алга болчихвий, нас барчихвий, намайг эсвэл хөөчихвий гэж боддог байсан. Надад тэр эгчээс маань өөр хэнч үлдээгүй байсан юм. 1-р ангийн охин хичээлээ хийж, хүүхэлдэйн кино үзэж, тоглож , гоё ганган хувцас авахуулж зураг зурж суудаг байсан бол би усанд явж, мод зөөж, цай чанаж, хувцасаа өөрөө угаадаг байсан. Хүүхэд байсан учир хувцсаа дутуу угааж үргэлж халтар үрчинхий хувцастай хичээлдээ очдог байлаа. Бүгд намайг шоолдог надтай найзлах найз бас байгаагүй. Зарим нь өрөвднө. Дуудаж хоол өгнө чихэр өгнө. Өрөвдүүлэх үeдээ л түр зуур хайр халамж хэсэгхэн хором мэдэрдэг байсан санагдана.

Ээжийгээ огтхонч харж байгаагүй учраас огтхон ч санадаггүй байсан. Харин аавдаа маш их гомдож зарим шөнө ганцаараа уйлж хононо. Би бүх хүүхэд гэртээ ингэж л ажилладаг байх гэж бодож явдаг байлаа. Гэтэл би л ганцаараа ээж аавгүй бас зарим шөнө хоолгүй, буруу хэрэг тариул зодуулна ус түлээнд явж, хог шороо шүүрдэн, хувцасаа угаан 3-р ангийн охин байхдаа гурил зуурдаг байлаа. Өвчин орооно, байсхийгээд л ханиад хатгаа, хатиг гээд би үргэлж л эм ууж эм авах мөнгө олдоогүй эсвэл тэжээгчээ алдсаны тэтгэмж аавын эгчийн гэр бүлийнхэн аваад надад өгөөгүй бол эмнэлэгт хэвтэтлээ хүндэрдэг байсан. 4-р ангид байхад хичээлээ тараад үхтлээ алхан байж хашаандаа орж ирэхэд аавын маань эгч бас л бурхан болсон байв. Би ингээд хорвоо дээр цор ганц хоцорсон. Намайг ажил явдал өнгөрөөгөөд л хөөсөн юм. Би өвөл нь асрамжийн газар очлоо. Тэнд 16 нас хүртлээ байсан. Гэхдээ бас л хэнтэй ч найзлаагүй миний нэрийг ч санах хүн байгаагүй он жилүүд өнгөрсөн. Үргэлж ганцаараа, төрөөд дараа нь бага ангид ороод ч. Миний төрсөн өдрийг хэн ч мэддэггүй би өөрөө ч мэддэггүй байлаа. Төрсний гэрчилгээгээ харж байж л нээрээ миний төрсөн өдөр өнгөрөөд 1 сар болж байгаа юм байна даа гэж боддог байлаа. Хэнээс ч баяр хүргэe гэж үг сонсож байгаагүй бас бэлэг ч авч үзээгүй болохоор төрсөн өдөр гэдгийг мэдэхгүй өссөн байсан. Асрамжийн газраас явсан жилээс жинхэнэ ганцаардал нөмрөн авсан даа.

20 мянган төгрөгөөр айлын хашаа хоосон гэр сахиж толгой хоргодож цайны газар угаагч бэлтгэгч хийж амь зогоох болсон. Үeийн охид оюутан болж, шинэ хувцас шинэ сургууль, найз нөхөд кино тeaтр гэж явахад би ажилласан цалингаа өдөртөө авч түүгээрээ нүүрс хагас кг мах, 100 гр будаа , талх гээд л ширхэгийн хоолоор өөрийгөө болгож байв. Би үүнээс илүү амьдрахгүй гэж боддог байсан. Цагаан сараар ч ганцаараа, шинэ жилээр ч ганцаараа, төрсөн өдрөөрөө ч ганцаараа. Эрх биш ажил хийж байсан тулдаа төрсөн өдрөөрөө өөртөө бялуу авч, цагаан сараар нүүрсээ ахиухан авч дулаан гэртээ буузаа чимхээд идчихдэг байлаа. Зарим шөнө яагаад ч нойр хүрэхгүй шөнөжин хэзээ ч харж байгаагүй ээжийгээ дуудан уйлж хононо. Зарим шөнө согтуу хөлчүү эзгүйчилсэн хүмүүс хашааны хаалга нүдэн айлгаж ичээж өнжнө. Би амиа xоpлох тухай нэг биш удаа бодож байсаан. 3 жил ажилласан цайны газрынхаа шинэ жилээр захиралдаа шагнуулж будаа агшаагч 50 мянган төгрөгөөр шагнуулаад харьж явахдаа яагаад ч юм маш их баярлаж амьдрах итгэлтэй болж билээ. Надтай хэн ч суухгүй дээ гэж боддог байсан учраас өөртэйгээ ижил хэн ч байхгүй өнчин хүүхэд өргөж авна даа гэж байнга боддог байлаа. Би төрсөн цагаасаа хойш цор ганцаараа хэний ч чухал хүн биш амьдарсаар 24 жил болсон байсан. Надад бүх юм ганц байлаа. 1 аяга 1 халбага 1 таваг 1 сандал 1 сойз.. Хамгийн анхны удаа намайг эрэгтэй хүн танилцъя гэж билээ. Миний өдөр бүр орж 1 хоолны мах хамгийн багаас нь грамлан авдаг дэлгүүрийн залуу. Би үгүй гэж хэлээгүй яагаад ч юм шууд л нэрээ хэлээд танилцаж орхисон.

Маргааш завтай юу кино үзэх үү гэхэд нь завтай тэгьe ээ гэж орхисон. Гэртээ ороод эхлээд завгүй гэж хэлэх ёстой байсан уу арай түргэдчихвүү гэж өөрөөсөө асууж байлаа. Өөр хэнээсээ асуухав. Анх удаа кино тeатр орж үзсэн дээ 24 насандаа. Өмнө нь орж үзээгүй гэдгээ нуух гэж хичээж ямар их сандарч айсанаа санаж байна. Би найзтай ч байж үзээгүй учраас маш хурдан дасаж хайрлаж орхисон. Яагаад ийм гэнэн цагаан цаас шиг юм бэ гэж намайг шоолдог байлаа. Гэхдээ би түргэдэж хариулж болзоонд явсандаа харамсаагүй ээ. Тэр хүн миний нөхөр болсон. Үргэлж ганцаараа амьдарсан намайг бурхан шагнаж жил дараалан 2 бяцхан охин үр илгээсэн. Хоёр охины ээж болсон. Намайг нөхөр, хоёр охин гээд гурван хүн хайрлаж байгаа гэж бодохоор хүнд хэрэгтэй, хүнд хайрлуулах ямар сайхан юм бэ гэдгийг мэдэрч эхэлсэн дээ. Хадмындаа нөхрийнхөө ээж аавтай бас өвөөтэй нь бөөндөө бужигнан амьдарч байна даа. Ээж ус ууя, ээж гутал , ээж чихэр идьe, ханиа оймс хаана бна, ханиа хоол хийсэн үү, ханиа тэр хаана бна… хадам ээжийнхээ тэрийгээ тэгэхгүй яасын, тэр нь тэгвэл зүгээр гэх мэт бүх л үг намайг амьдарч байгааг илтгэх нотолгоо би энэ хүмүүст хэрэгтэй чухал хүн гэсэн баталгаа болдог учир би маш их аз жаргалтай амьдарч байна. Ганцаардал шиг аймшигтай гомдох ч хүнгүй байх шиг аймар хувь тавилан гэж үгүй юм билээ. Би анх удаа л гэр бүлтэй байж үзэж байна. Хоёр бяцхан охиндоо өөрийнхөө амссан зүйлийг амсуулахгүйн тулд хичээж явна. 31 насандаа оюутан болж үзлээ. Одоо л би амьдарч эхэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!