“ХААЛГА ОНГОЙЛГООД ОРООД ИРЭХ ЮМ ШИГ САНАГДААД ТҮЛХҮҮРЭЭ СУГАЛААД УНТДАГ” УЙЛЖ УНШЛАА
“ХААЛГА ОНГОЙЛГООД ОРООД ИРЭХ ЮМ ШИГ САНАГДААД ТҮЛХҮҮРЭЭ СУГАЛААД УНТДАГ” УЙЛЖ УНШЛАА
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд”
Сайн байцгаана уу? Би 20 настай ганц бие ээж. Амьдралдаа ганц бие ээж болохгүй юм шүү гэж их л боддог байсан ч нэг л өдөр болчихсон. Би түүнтэйгээ хувь тавилангаар учирсан гэж боддог. Бидний гэр замын наана цаана байсан.
Бид цэцэрлэгт нэг ангид байлаа. Оноор ах болохоор тэр түрүүлээд сургуульд орсон. Бид түүнээс хойш 9 жилийн дараа харьцаж эхлэв ээ. Найзын хүсэлт ирэхээр нь юм ч бодолгүй авчихлаа. Тэр үед интернэт одоогийнх шигээ биш байсан.
Байна уу гэсэн чат ирсэн байхаар нь их л догдолж байна гэж биччихээд хүлээгээд байлаа. Чатандаа орж ирэхгүй байхаар нь гарчихаад маргааш нь орсон сайн уу гээд биччихсэн.
Нэг иймэрхүү ээлжилж чатандаа орж бие биедээ чат үлдээгээд хэд хонолоо. Тэгсэн нэг өдөр нь яг хоёулаа онлайн таарав аа. Чат ирэхээр нь ичээд л улайгаад л, чат зөрөөд байдаг юм чинь дугаараа өгөөч гээд нэлээн харьцаж байгаад нэг уулзахаар болов.
Тэгсэн үнэртэй ус үнэртүүлсэн хөөрхөн залуу ирж уулзаж байж билээ. Гэрийн үүдэнд хүргэж өгчихөөд явсанаас нь хойш бид нэг их удалгүй бид харьцахаа больсон.
Хоёр жилийн дараа би төгсөх анги тэр 1-р курс болчихсон. Амралтын өдрөөр тэмцээнд орох гээд ирсэн явж байхад нь таараад хажуугаар танихгүй хүн шиг зөрөөд явчихлаа.
Тэгэхээр нь таньдаггүй ээ тэ гээд мсж биччихээд хүлээгээд байсан хариу байдаггүй ээ. Тэгээд дугаараа сольсон юм байна гэж бодоод байж байсан чинь чатаар өдөр танихгүй өнгөрчих юм аа гээд л ороод ирлээ.
Би ч хариу хүлээж байсныг хэлэх үү их л сандарч би чам руу мессеж бичсэн чи хариу бичээгүй дугаараа сольсон юм уу гэсэн үгүй ээ надад мессеж ирээгүй гээд тэгсэн би тоо андуурч дараад явуулчихсан байсан.
Тэгээд түүнээс хойш амралтын өдрөөрөө байнга ирж уулзана. Охидын хүсээд байдаг өндөр, туранхай залуутай уулздаг байлаа. Төгсөх жилийн цагаан сараар найзтайгаа байж байсан чинь надтай үерхээч гээд мессеж ирлээ.
Би ч хэлэх үгээ нэлээн бодож найзтайгаа ярилцаж нээх урт юм бичсэнээ зөвшөөрч байна гээд бид үерхэж байлаа. Тийм мессеж над руу бичихдээ хот явж байсан юм байна лээ.
Үерхсэнээс хойш 6 сар бие биетэйгээ уулзаж чадахгүй утасны цаанаас л бие биеэ санаж байгаагаа хэлсээр нэг өдөр над дээр ирэв ээ. Бөөн баяр уулзалдаад орой болгон л уулзаж байлаа.
Намар нь би ч оюутан болж өдөр болгон уулздаг ажилтай. Тэднийх кино үйлдвэрт харин би 25-р эмийн санд байдаг байсан. Яаж ч оройтсон намайг хүргэж өгдөг.
Өдөр нь уулзаж амжаагүй бол орой нь заавал ирдэг. Энэ байдлаар тэр жилийн хичээл амарлаа. Хамт аймагтаа ирчихсэн байж байтал би ахынхаа ажиллуулдаг газрыг ажиллуулах болж бид хамтдаа 1 сар амьдрах боллоо.
Үдээс хойш босож ажиллаад үүр цайхад амардаг. 1 сарын хугацаанд яг л наачихсан юм шиг байсан хоёр аймагтаа ирээд бие биеэ үгүйлэхийн аргагүй байлаа. Хааяа тэр минь хөдөө аав ээж рүүгээ явчихна.
Сүлжээ байхгүй. Оройг тэсэн ядан хүлээнэ. Орой болохоор уулын орой руу гарч над руу залгадаг. Иймэрхүү байдлаар зун өнгөрч хичээл орох боллоо. Би тэр үед зүүн 4 замд байх болоод гэр нэг зүгт боллоо.
Хичээлийн цаг зөрүүтэй. Хичээл тарсан хойно хамтдаа дүүгийн хичээлийг хүлээж байгаад дүүгээ аваад гэр гэр рүүгээ явдаг. Цагаан сарын өмнөхөн хоёр талын эцэг эх уулзаж намайг хулгана жил гарахаар бэр гуйна гэж хэлээд би ч удахгүй айлын бэр болох нь гээд их л айдастай байлаа.
Ингэж явсаар зун боллоо. Тэр маань хамт амьдаръя гээд их л ярьдаг байсан юм. Тэр хотод дадлагат гарч би аймагтаа гэртээ бид сар гаран уулзаж чадаагүй. Аав ээж хөдөө явах ажил гараад би ч үлдэхээр шийдээд их л гуйлаа.
Тэр маань ирчээд буцна гэсэн болохоор яг зөрчих гээд байгаа юм шиг санагдаад ааваасаа их л гуйлаа. (Аав минь хатуу чанга төрлийн хүн) Их гуйсны эцэст би үлдэж орой нь хайрттайгаа нус нулимсандаа хутгалдан уулзаж билээ.
Бид ч хоёр талдаа хамт амьдарна гэдгээ хэлээд ашгүй нэг юм зөвшөөрөв. Цагаа тулсан чинь бидний бүх зүйл бүтэмжтэй болж байлаа. Аль болох шинэ зүйл авахгүйгээр болгох санаатай. Жилийн дараа байр аваад тусдаа гарахдаа бүгдийг шинээр авна гээд.
Бид 7 сарын дундуур хамт амьдарч эхэллээ. Нэг л итгэж өгөхгүй байлаа. Өглөө босоод л хоёр тийшээ гараад орой нь гэртээ уулздаг нэг бол орой намайг дадлага хийж байгаа газраас ирж авдаг байлаа. Гэрийн эзэгтэй болсон анхны хичээлийн жил болж хоёулаа л хичээлдээ явсаар өвөл боллоо.
Тэр нэг муухай өдөр одоогоос жил гарны өмнө өглөө нь ерөөсөө хичээлдээ явмааргүй санагдсан ч түүнийгээ хүчээр сэрээж үнсээд гарсан юм. Хичээлийн дундуур утсаа авдаггүй байж тэр өдөр утсаа аваад сургуулийн коридорт нэлээн удаан түүнтэйгээ ярьсан.
Хичээлээ хийж ангийнхаа хүүхдийн гэрт хононо гэхдээ яаж ч магадгүй гэдгээ хэлээд тасаллаа. Өдөр нь би гэрт ирээд ирэх үгүйг нь асуухад очиж магадгүй цуйван хийчих гээд тасаллаа. Би ч гэр орноо цэвэрлээд хоолоо хийж байтал орой нь залгахаар нь баярлаад л утсаа авсан найз нь түүнийг минь бурхан болчихлоо гэсэн.
Тийм юм сонссон хүн ерөөсөө итгэхгүй. Зүгээр л надаар тоглож найзындаа аваачих гэсэн байх гэж бодоод дахиад залгахад танихгүй хүн аваад ийм юмаар тоглоно гэж юу байхав дээ миний дүү хурдан хүрээд ир гээд тасаллаа.
Би гэрээс гарч найзууд руу нь ээлжилж залгаж тэр найзынх нь гэрийг заалгаад очлоо. Галзуу хүн шиг яаж ганцаараа оройн цагаар явснаа одоо ч санадаггүй юм. Тоглоом л байгаасай гэж дотроо залбирсаар очтол нь орцонд нь цагдаа, найз хоёр нь байлаа.
Тэр л үед үнэн байдалтай нүүр тулсан юм. Өглөөхөн инээгээд үлдсэн хүн ахиж гэртээ ирээгүй юм. Хаалга онгойлгоод ороод ирэх юм шиг санаж орой болгон түлхүүрээ сугалж унтдаг байсан. Бодох бүрт дотроо асгартал уйлдаг байлаа.
Бурхан болсноос нь яг сарын дараа бидний бяцхан үр хэвлийд минь байгааг мэдсэн юм. Яах ч учраа олохгүй нэлээн бодсоны эцэст түүнийг минь орлох бяцхан үрээ өлгийдөж авсан. Жирэмсэн байхдаа нөхрийн хайр халамж мэдрээгүй ч ээж аав найзуудынхаа хайранд эрхэлсээр хүүгээ төрүүлсэн.
Миний бяцхан үр удахгүй 4 сар хүрнэ. Хэрвээ тэр минь байсан бол хөл нь газарт хүрэхгүй л гүйх байсан байх даа. Дараа насандаа хэрэв чамтайгаа учирвал чинийхээ дэргэдээс хэзээ ч холдохгүй ээ. Чамдаа хүү бид хоёр нь хязгааргүй их хайртай шүү. Чамайгаа дэндүү их санаж байна…