“УЧРАХ ТАВИЛАНТАЙ ХОЁР” ӨГҮҮЛЛЭГ

“УЧРАХ ТАВИЛАНТАЙ ХОЁР” ӨГҮҮЛЛЭГ

Л.ДАЙРИЙМАА

Тэр бид хоёр хаа сайгүй таардаг байлаа. Дэлгүүр, кино театр, зах, автобусны буудал, зоогийн газар гээд л. Тэгсээр бид толгой дохин мэндэлдэг боллоо. Сүүлдээ – сайн уу – сайн гэж мэндлээд зөрдөг болов. Би хаа ч явсан олон дотроос түүнийг таньдаг болсноо гайхахгүй бүр дөхөж очоод – сайн уу хө гэхэд тэр – сайн сайн уу гээд л инээмсэглээд зөрнө. Хөөрхөн инээмсэглэдэг хүн шүү гэж би инээмсэглэх тоолонд нь боддог байлаа. Нэг удаа тэр өөрөөсөө нилээд өндөр залуутай явж харагдав. Би – энэ найз залуутай болж дээ гэж бодоод надруу харахад нь толгойгоо дохилоо. Тэр хариу дохиж харагдав. Гэртээ очсон хойноо би түүний тухай яагаад ч юм бодов. – Ингэхэд нээрээ түүний нэрийг хэн гэдэг юм бол оо, тэр яг найз залуу нь мөн болов уу, эсвэл хамаатан, аль эсвэл ах нь юм болов уу гэж ахин дахин бодоод байгаагаа гэнэт гайхав. Зүрхний минь тэр хавьд нэг зүйл чим чим зулгаагаад ч байх шиг. Ажил гэр гээд хэд хонотол нөгөөх чим чим салдаггүй. Үүнтэй давхцаад түүний тухай бодол толгойд хэдэн мянган удаа орж ирээд ядаж байхад энэ хэд хоногт түүнтэй таарсангүй.

Зүрхээ өвдөөд байгаа юм уу ч гэж бодов. Тэгээд түүнтэй таарах зорилгоор гадуур баахан явлаа. Таардаг бүх л газраараа юм аа гээсэн хүн шиг аажуухан удаан ахин дахин эргэж тойрч явлаа гэвч тэр алга. Тэгэхэд үнэхээр сэтгэл минь хоосон болж , зүрх минь өвдөж байгаа нь бүхий бие эд эсэнд минь мэдрэгдэж байлаа. – Тэр хаачив, тэр хаана байгаа бол, түүнтэй би хэзээ ч таарахгүй юм биш байгаа хариулт алга. Аргаа барсан би өдөржин шөнөжин фейсбүүк ухаж төстэй царайтай болгоны нүүр номоор аялаад ч олсонгүй. Тэр цор ганц байж ээ. Би гон бие гозон толгой хэвээрээ амьдарсаар л. Дөрвөн жилийн дараа би түүнтэй автобусны буудал дээр ашгүй нэг тааралдав. Тэр нэг гартаа тортой юм нэг гартаа жаахан хүү хөтлөөд зогсож байлаа. Би шуудхан түүн дээр явж очоод – сайн уу гэхэд тэр дуу муутайхан – сайн гэв. Чи хаана байсан юм бэ гэж асуухад минь тэр гайхсан янзтай – юу гэнэ ээ гэж лавлах тэр мөчид автобус ирж тэр хоёр суугаад явчихав. Би яахаа мэдэхгүй хүн шиг зогссоор хоцрохдоо хүүгийн гараа даллаж байхыг л харж байлаа.

Дахиад гурван жил өнгөрөхөд би ажил гэр гэсэн чиглэлтэй амьдарсаар тэр хоёрыг хайсаар байсан юм. Нэг өглөө би ажлынхаа үүдэнд гарч удаан цагаар компьютерын ард суусан биеийнхээ чилээ хөшөөг гарган зогсож байтал тэр минь сурагчийн дүрэмт хувцастай хүүгээ хөтлөөд бас нэг жаахан охин тэвэрчихсэн миний ажилладаг сургуулийн шат өөд өгсөж байхыг би олж хараад бас л шуудхан урдаас нь тосон очиж – сайн уу гэхэд тэр энэ удаа хэн билээ гэсэн шинжтэй харснаа – сайн сайн уу гээд хаалгаар орчихов. Би араас нь даган хүүгийн сурдаг ангийг мэдэж авлаа. Түүнийг охиноо тэврээд гарахад араас нь би гарч тэр хоёрыг сургуулийн хашааны булан тойрч харагдахгүй болтол нь удаан харж зогссон доо. Харин дараа нь бид хоёр өдөр бүр таардаг мэндэлдэг болсон ч тэр минь инээмсэглэхгүй л байв. Гэтэл нэг өдөр түүний минь харваас зөөлөн булбарай хацар хөхөрсөн байлаа. Тэр хар нүдний шил зүүсэн байв. Би – нүд нь хөхөрснөөс зайлахгүй түүнийгээ нуух гэж нүдний шил зүүсэн байна гэж бодож байсан.

Тэгээд сургуулиас гарахад нь араас гарч – хүүе хэн ээ гэж дуудлаа. Тэр гайхсан шинжтэй эргэж харахад нь би шуудхан явж очоод нүдний шилийг нь авсан юм. Нүд нь үнэхээр хөхөрсөн байжээ. Тэр – хүүе ээ чи чинь яаж байна аа алив наад шил өг гэхэд нь би – чамайг зодоо юу, нөхөр чинь үү, яах гэж ингэж амьдардаг юм бэ, өөрийгөө бодооч наад байгаа байдлаа хараач гэж бараг л загнасан санагдана. – Чи хэн юм, чи миний нэрийг ч мэдэхгүй юм байж, чамд миний амьдрал ямар хамаатай юм гэж тэр намайг гэнэт загнаж эхлэхэд л би чимээгүй болж билээ. Өдөр хоног өнгөрсөөр л бид бие биенээ харсан ч ус балгасан мэт дуугүй л байдаг болов. Харин би хүүд хэн нэгэн дээрэлхэх вий гэж битүүхэн анхаарлаа хандуулдаг хэвээрээ л байлаа. Хагас жилийн дараа би түүнтэй толгойгоо дохин мэндэлдэг болов. Дахиад хагас жил өнгөрөхөд бид хоёр дахин мэндэлдэг боллоо. Заримдаа тэр хар нүдний шилээ зүүж явах нь харагдана. Би дахин түүний нүдний шилийг авсангүй, угтадгаараа угтаж үддэгээрээ үдсээр л байв. Харин нэг өдөр тэр биш нөгөөх залуу хүүгээ хүргэж ирэхийг би харлаа. Би завсарлагаанаар хүүгээс – ээж нь хаачаав гэж асуухад хүү – ээж эмнэлэгт хэвтсэн гэв.

Ээж нь өвчин тусаа юу – үгүй ээ ээж ааваас болж өвдсөн гээд хүү уйлж эхэллээ. Би түүнийг аргадаад аав чинь ээжийг чинь зодоо юу гэхэд хүү гайхсан шинжтэй надруу харснаа – тийн, та мэддэг юм уу – тийм ээ мэднэ гэв. Тэгээд би гэр бүлийн xүчиpхийллийн эсрэг төвд хандсан билээ. Одоо би түүнийг хайхаа больсон. Яагаад гэж үү тэр минь миний дэргэд өдөр бүр инээмсэглэглэж байгаа. Би мөн ч сайхан инээмсэглэдэг хүн шүү гэж бодсон хэвээр ээ. Би бас нэрийг нь мэддэг болсон. Нарангэрэл. Хүү маань дунд ангид, охин маань бага ангид харин бага хүү маань цэцэрлэгт явж байна. Тэр минь одоо отгон хүүхдийг минь хэвлий дээ тээж байгаа. Хүү юм уу охин ч юм уу мэдэхгүй. Тэр л өөрөө отгон гэж яриад байгаа болохоос биш бүр отгон эсэхийг нь ч би бас л мэдэхгүй байна даа. Ээж минь намайг багад – миний хүү ганцаараа хүн том болоод олон хүүхэдтэй болоорой гэж захидаг байсан юм. Би ээжийнхээ захиасыг биелүүлж олон хүүхэдтэй болох хүсэлтэй тэрийгээ ч гэргий дээ хэлсэн. Харин аав гэдэг хүнийг би өдий болтол мэдэхгүй хэвээрээ л амьдарч байна. Ээж амьд байхдаа – аав чинь үхсэн гэж хэлээгүйг бодоход би том хоёр шигээ аавдаа гологдсон хүүхэд байсан нь тодорхой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!