“УХААРАЛ” ӨГҮҮЛЛЭГ

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Зуухны амсар тачгинах чимээнээр Галсан сэрлээ. Тархи нь ангалзаад задрах шахам өвдөж байгааг мэдрээд нүдээ нээвэл цэвэрхэн, анхилам үнэртэй цагаан хэрэгсэлтэй оронд унтаж байгаагаа мэдээд гайхсан авч яаран өндийсөнгүй. Бага ахуй насандаа ийм сайхан цэвэрхэн оронд сэрж ээжийнхээ гарын халуун цайнд боорцог хөшиглөн идээд үүргэвчээ үүрэн хичээлдээ гардагсан. Модны шат пад хийн шатах чимээ сонсогдож удалгүй аагтай цай даргилан буцлах үест “алив Миний хүү бос дүүгээ сэрээгээд хувцасла хоцорлоо. Хэд дуудуулах гэсэн юм бэ? Гэх бүсгүй хүний дуунаар өндийх гэсэн боловч толгойгоо дийлсэнгүй. Бүсгүй сая Галсанг сэрснийг анзаарч ” Та босож чадах нь уу? өнөөдөртөө манайд хэвтээд өнжвөл өнждөө наад толгой чинь айхтар гэмтсэн байналээ” би хоёр хүүгээ сургуульд нь хүргэчихээд ажилдаа явна” гээд хүүхдүүдээ цайлж дулаан хувцаслаад гарах хооронд том хүү нь “Ээжээ номын мөнгө багш нэхээд өнөөдөр авч ирэхгүй бол хичээлд суулгахгүй гэсэн би л ганцаараа үлдсэн” хэмээн хошуу унжуулахад бүсгүй хэсэг чимээгүй байснаа “за миний хүү ээж нь цалин буухаар өгнө багшдаа тэгж хэлээрэй, одоо түргэл” гээд гарч одов. Галсангийн орны дэргэд тавагтай боорцог халуун савтай цай гар хүрэхээр ойрхон тавьжээ. Арайхийн толгойгоо дааж өндийгөөд цай аягалж тавьчихаад эргэж хэвтлээ. Өөрийн эрхгүй нүд нь хэсэг унтаад сэрлэв. Толгой нь арай хөнгөрчээ босож бие засах санаатай өндийгөөд гутлаа хайгаад олсонгүй бүсгүйн углаашыг олж өмсөөд гарлаа. Эргэж орж ирээд орны хажууд байсан явган сандалын татаж суугаад эгээтэй л уначихсангүй. Жаажийсан сандалаас арайхийн босоод сая нэг гэр доторхыг тойруулан харав. Хойд талын орон дээр хоёр хүү нь зэрэгцэн унтаж эзэгтэй харин зүүн орон дээр тухалдаг бололтой. Зүүн хойно тавьсан тольтой шүүгээний хаалга нь унжчихсан, хоол хүнсний шүүгээний хаалга бүр нугасаараа салчихсаныг аваад тавьчихсан харагдана. Энэ айлд эр хүн амьдардаггүй нь илт. Толгойг нь ороосон боолтноос эмнэлэгийн үнэр үнэртэл дух, ар дагзандаа хүрэхийн аргагүй хөндүүрлэх ажээ. Галсан огт танихгүй айлд ийнхүү гутал ч үгүй үлдсэндээ гайхах нэрэлхэх зэрэгцэн хэсэн суусанаа босож үүдний амбаараас багаж хайлаа. Нэг модон хайрцаганд хэдэн муруй сарий ч гэсэн хадаас иш нь салсан алх зэвтэй бахь сэлт байгааг олж авчраад саяын өөрийг нь унагах шахсан явган сандлаас эхлээд засаж гарлаа. Шүүгээний хаалганууд сандалнууд гээд нэг удаадаа л яв цав болчих нь тэр. Үдээс хойшхон гал ч намжих талдаа орж хийж байсан ажил нь ч дуусав. Хашааны хаалга дугарч хөнгөн хөлийн чимээ наашлах нь лав хүүхэд бололтой.

Хоёр хүү юу ч юм шулганалдан ярилцсаар орж ирснээ Галсанг хараад бишүүрхэнгүй доош харан зогсцгоолоо. Галсан ч юу гэхээ мэдэхгүй хэсэг тэвдсэнээ ахын дүү нар хувцасаа сольцгоо. Ах нь ингээд явъя даа гээд өндийсөн боловч гутал хувцас байхгүйгээ санаад дэмий л ийш тийш ханан зогсов. Том хүү гэнэт та гуталгүй шүү дээ гэв. Галсан буцаж орон дээр суув. Бага хүү нь – ах аа таныг хэн гэдэг вэ? – Ахыг нь уу? Галсан – Аа галсан ах аа та манай шүүгээний хаалгыг засчихсан юм уу? – Өө харин тийм зүгээр байхаар гээд л тэр хоёрын яриаг таслан том хүү ” за миний дүү хувцасаа солиод цайгаа уу. Ах нь гал нэмээдэхий тэгээд хоёулаа хичээлээ хийнэ шүү.” гэснээ Галсанруу ширүүн дүртэй харж “тэр хаалгыг угаасаа би өнөөдөр засах гэж байсан юм” гэв. Галсан түүнийг өхөөрдөж инээд нь хүрсэн боловч гаднаа сонсоогүй дүр эсгэн тооно өөд ширтлээ. Өвлийн үдэш эрт харанхуй болж хоёр хүү ээжийгээ тосох юм болон дулаан хувцаслаад гарцгаалаа. Удалгүй тэр гурав гангар гунгар ярилцан орж ирэв. Бүсгүй гадуур хувцас гутлаа тайлангаа – Таны толгой яаж байна – Гайгүй дээ… Би одоо явъя миний гутал хувцас… – Та манай хашааны хаалгыг налаад гутал ч үгүй цусандаа холилдчихсон хэвтэж байсан би том хүүтэйгээ арайхийж оруулж ирээд шархыг чинь цэвэрлээд боосон юм. Эмнэлэгт үзүүлээрэй. Одоо харин миний утсаар гэр орныхлнтойгоо ярьж гутал хувцасаа захь даа гээд утсаа сарвайлаа. Галсанд ярих гэр орныхон гэж байхгүй. Найз гэдэг хэдэн нөхдүүдэд тогтвортой утас барьдаг амьтан ч байхгүй. Галсан бүсгүйн гар утсыг нь барьж хэсэг дэмий суусанаа. “Би зүгээр ингээд явчихна аа” гээд өндийлөө. Бүсгүй үгүй ээ тэгээд гутал ч үгүй гэж гайхаж зогссоноо гар чийдэн явч гарлаа. Эргэж орж ирэхдээ гартаа тоос болсон эрэгтэй хүний биеийн тамирын шаахай барьжээ. ” Энэ манай амбаарт удсан юм. Та голохгүй бол хөл жийрэглээд явахгүй юу даа” гэв. Галсан тэднийхээс гарахаар хувцаслах хооронд бүсгүй хоол хийх гэж буй бололтой хөргөгч шүүгээгээ ухаж байснаа за мах ч алга ногоо ч дууссан гуравуулаа сайхан цагаан хоолтой л хонох нь дээ гэж хоёр хүүдээ хандан хэлэх нь сонсогдов. Тэр оройдоо өөрийн амьдардаг газартаа очтол хөнжил ойр зуурын юмыг нь боогоод гаргаад тавьчихсан байв. Тэрээр нэгэн орцны шатны хонгилд сарын хэдхэн төгрөг төлж амьдардаг боловч сүүлийн хоёр сар мөнгөө төлөөгүй болохоор ингэж хөөгдсөн гэдгээ өөрөө ч мэдэж байлаа. Орцны гадаа боодолтой юмаа барин хэсэг суув. Галсанг багад аав нь ажлынхаа газрын нэг эгчтэй суугаад явсан бөгөөд эргэж нэг ч удаа ирээгүй. Харин ээж нь ганц хүүгээ өлсгөж дааруулахгүй гэж болохоосоо болохгүй хүртэл зүтгэсэн аж. Автобусны буудал дээр ТҮЦ ажиллуулж олсон хэдийгээ Гаслангийн өмсөх идэхэд арайхын хүргэдэг байлаа. Наймдугаар ангиа төгсөөд Галсан шалгалтын оноогоороо цааш дунд сургуульдаа суралцах боломжтой байсан боловч мэргэжлийг сургалтын төвд суралцахаар шийджээ. Сар бүр улсаас цөөнхөн хэдэн төгрөгний тэтгэлэг авна бас үнэ төлбөргүй мэргэжилтэй болно.

Энэ бол ээжийнхээ нуруун дээр ачаа нэмэхгүй гэсэн бас нэгэн шалтгаантай байлаа. Одоо бодоход дөнгөж арван зургаахан настай ч энгийн сургуулийн сурагчидаас илүү эрт бие даасан бас зарим тохиолдолд аpxи шаp айpаг ууж, тамxи татаж буруу зүйлд дурлаж хазгай гишгэх эхлэл байсан аж. Өөрсдийгөө насанд хүрсэн том хүмүүс гэж бодож цээж хаялан алхах сургуулийн атмануудийн нэг нь байлаа. Хичээлээ таслаж, цахим тоглоом тоглож, оройхон болвол яаж ийж байгаад шар айраг ууж гадуур хэсэж, эзгүй нэгнийдээ хонож хичээлээ таслах нь ч их болов. Сүүл сүүлдээ мөнгө олдохгүй бол муу ээжийнхээ ТҮЦ-нээс хүртэл хулгай хийдэг болсон юм. Найзуудтайгаа хамт хоёр хоног цахим тоглоомын газар тоглоод өглөө гараад ирсэн цас орчихож. Даархын эрхээр хувцасаа сольё гээд гэртээ иртэл хашааны нь гадаа хэдэн машин зогсож байлаа. Хашаан дотор танихгүй хэдэн залуу мод хагалж гэрээс нь лам нарын уншлага хангинах нь нэг л эгэл биш. Гэрийн хаалгаар ороод нүдэндээ итгэсэнгүй. Ээжиййнх нь цэл залуугийн инээмсгэлсэн зурагны өмнө зул өргөсөн бөгөөд нагац ах нь ээжийнх нь найзууд цугласан байлаа. Үг ч дуугарч чадсангүй. Яг цагаа тулахад уйлах нулимс ч ивлэдэггүй юм билээ. Нүд чих энэ орчлонгийн буй бүхэнд итгэсэнгүй. Ээж нь бурхан болихлоо. “ТҮЦ-г минь албадан нүүлгэнэ гэнэ би юугаараа амьдралаа залгуулах болж байна” гэж уйлан хайлан нагац ахруу залгасан гэнэ. “Хүү маань ирэхгүй алга болчихлоо санаа зовоод байж сууж чадахгүй байна” гээд хамар хашааны хөгшинд ярьж суусан гэнэ. Ээж нь Тархины цус харвалт өгсөн байж. Ажил явдал нь Галсангийн оролцоо ч үгүй шахам болж өнгөрлөө. Бор гэртээ ганцаараа торойж үлдэх хүртэл хагацлын гашууныг үнэндээ бүрэн мэдэрч амжсангүй. Хоёр гурав хоногоос найзууд нь ирж гуниг тайллаа. Найзуудаа дагаад гадуур хэд хоног явж байгаад ирнэ. Ирж яваа өвлын жихүүх жавар гэрт хургаж савтай ус дээгүүрээ мөсөн өрөм татсан байх. Гансрал ганцаардлаа дааж ядан тэсэж тэвчишгүй мэт санагдаж эргээд л гарна. Гараад архи уух найзууд, аpxи ч мундахгүй олдох атлаа аяга халуун хоол бол олдохгүй. Хоолтой хоолгүй ууна, маргааш нь шараа тайлна. Дандаа хүний юм уухгүй гэрийнхээ юмнаас нэг нэгээр нь барьж гараад архинаас өгдөг болжээ. Ээж нь бурхан болоод дөчин ес хонож байна. Бас л нагац ах нь ээжийнх нь ганц хоёр найз нөхөд нь ирж хоног хураагаад буцлаа. Эрх биш ганц хүү нь гэж энэ хоёр хоногт уусангүй. Хашааны эзэн авгай орж ирээд Галсанг хашааны түрээс төлөхгүй бол нүүгээрэй гэж хэлчихээд гарлаа. Галсан орондоо нойргүй хөрвөөж хоноод өглөө гэрээсээ гарахдаа авдарнаас ээжийнхээ цэнхэр торгон өнгөтэй хурган дээлийг аваад гарах гэснээ хоймрын авдар дээрхи зураг өөд хэсэг ширтэж зогсов. Том цөгцөнд өргөсөн зул жаргаагүй ээжийнх нь идэр залуугийн инээмсгэлсэн зургийг гэрэлтүүлнэ. Тэр энэ удаад хэд хоног ууснаа ч мэдэх юм алга.

Нэгэн байрны зоорийн давхарт амьдардаг бас нэг найзындаа сэрлээ. Найз ч гэж дээ гудамжинд ганц юм тойруулж байгаад Галсанг дуудаж хуваалцаад танилцаж ах дүү найз нөхөд болцгоосон юм. Эхнэртэй нь гурвуулаа өдөр шөнийг ялгалгүй хэд хоног уужээ. Тэр хоёрыг сэрээхгүйг хичээж сэм гараад гэрийн зүг зүглэлээ. Хашаандаа иртэл гэр нь шатчихсан хашаа дүүрэн шатанхай түлэнхий хог новш угтав. Хашааны авгай Галсанг харангуутаа энэ хог новшоо цэвэрлэ хашаа хороо шатаагаад эгээтэй л гудамаар нь түймэрдчихсэнгүй хөгийн хар архичин минь энэ хогоо цэврэлээд зайд… гэж толгой түрүйгүй загинав. Анх удаа архичин гэж дуудуулсан нь энэ. Хашаа хороог нь цэвэрлэж орхиод өнөө л найзындаа очлоо. Хаалга нь түгжээтэй. Бодвол бас нэг газар эхнэртэйгээ хамт ууж байгаа биз. Зах дээр гарч тэрэг түрж хэдэн төгрөг олох боломжтойг сонсоод тэнд өдөржин тэрэг түрж орой нь архи ууна. Мөнгөө дуустал уугаад ахиад очно. Энэ мэт явсаар аль хэдийнэ таван жил өнгөрчээ. Энэ бүх амьралаа эрэгцүүлэн суусан Галсан босож буцаад нөгөө бүсгүйн гэррүү алхлаа. Нөгөө гураваа айлгаж цочоохгүй гэж хашааны нь хаалгыг зөөлөн цохив. Бүсгүй нүмгэн дээлтэй гарч ирээд хаалга онгойлгов. ” – Та чинь яагаад буцаад ирэв ээ. – Надад очих газар байхгүй би… Гээд түгдэрэн зогсов. Нимгэн ултай шаахайн доороос хөлдүү газар хайрах тул өөрийн эрхгүй хоёр хөлөө хооронд нь цохино. Гэрт орж ирэхэд хоёр хүү хойд орон дээрээ тухтай нойрсож байв. Бүсгүйг Ариуаа гэдэг бөгөөд нэгэн шүдний эмнэлэгт үйлчлэгч хийдэг аж. Асрамжын газар өсөж, тэндээс гараад элдэв ажил хийж үзсэн бөгөөд хань ижилтэй болж хүний дайтай жаргаж явна аа гэж бодож хоёр сайхан хүү төрүүлжээ. Нөхөр нь хөдөө уурхайд ажиллаж хагас сар болоод гэртээ ирж долоо хонодог байсан боловч ирэх нь цөөрсөөр сүүлдээ тэр ажилладаг газраа өөр хүнтэй гэр бүл болж үр хүүхэд нь төрсөн гэдгээ хэлээд өөрийн гэсэн хэдэн юмаа ачиж аваад явжээ. Бүсгүй одоо гуч нилээд гарч яваа бөгөөд хоёр сайхан хүүгээ хэнээс ч дутаахгүй өсгөхөөс өөрийг боддоггүй нь илт. Өөр өөрийн амьдралын замналыг ярилцсаар нарт өглөөг угтлаа. Хүүхдүүдээ босгож аваад Ариунаа ч гараад явчихав. Галсан босож гэр дотуур энэ тэрийг сонирхож байснаа толин дээр ариунаагийн жижиг монетон ээмэг байхыг харлаа. Тэр ээмгийг авч халаасандаа хийгээд яаран гарав. Гудамж уруудан хальтчин алхсаар төв замын хажууд иртэл нэгэн бүсгүй “Хөөе ах аа миний машины дугуй хагарчихлаа та туслаад салгаж аваад тэр харагдаж байгаа дугуй засварын газарт хүргээд өгөөч би хөлсийг нь төлнө өө” гэж гуйлаа. Галсан ч яарах ажилгүй тэгээд ч хөлсийг нь төлнө гэсэн болохоор туслахаар шийдэж яах ийхийн зуургүй дугуйг нь салгаад дугуй засварын газар очтол засварын ах: – Ажиллахгүй шүү ах нь өнөөдөр бие өвдөөд хааж байна – Өө ах аа би өөрөө засчихая тэгэх үү та хараад л сууж бай – За даа чадах юм бол тэгдээ хүү минь Галсан нийлээд удаан оролдсоны эцэст өвөөгийн заавраар дугуйг засаж амжлаа. Бүсгүй ч талархалаа илэрхийлж өвгөнд мөнгийг нь өгөөд буцаж машин дээрээ очиж Галсангаар дугуйгаа боолгоод “маш их баярлалаа” гээд хорин мянган төгрөг сарвайв. Галсан мөнгийг аваад сая бүсгүйг бүрэн ажлаа. Сэгсгэр үстэй цав цагаан хүрэм, өндөр өсийтэй ганган гутал, бүрх малгайгаар гоёж тансаг үнэртэн ханхлуулсаэ энэ бүсгүйн гар хуруу хумс нь цэмцгэр хийгээд ганган аж. Бүсгүй ч машиндаа суугаад явж одов. Галсан ойролцоох найман нэрийн дэлгүүр чиглэн алхлаа. Хэн нэгэнд хэрэгтэй болсон бөгөөд ямар нэг юм амжуулсан хийж чадсан энэ мэдрэмж бахдалыг мэдрээгүй уджээ. Дэлгүүрт ороод дадсанаараа архины лангууруу хэсэг харж зогссоноо болиод гарлаа. Өнөөх дугуй засварын өвгөн дээр эргэн очлоо.

Өвгөн тамxи татаад сууж байснаа – за хүү минь яасан юмаа мартаа юу – Үгүй ээ ах а би таньд туслая. Цалин хөлс тэд эд гэхгүй ээ та өөрөө мэдээд л шийд. Би гол нь энэ ажлыг чинь сурмаар байна – Зөв дөө залуу хүн юухан ч сурсан эрдэм – Харин би… Галсан шилээ маажин зогслоо. Өвгөн цааш эргэж нэг ажлын хувцас бээлий гаргаж галсанд өглөө. Хөгшин залуу хоёр өдөржин гангар гунгар ярьж ажиллав. Өвгөн хаяа хэлсэнээр нь хийсэнгүй гэж зандрах авч тэгсгээд л инээж сууна. Орой харанхуй болоход өвгөн “өвдсөнөө ч мартаад залуу хархүүгийн хөлд чирэгдээд өдөржин ажилчихлаа одоо хаая даа” гэснээ Галсанруу бас хэдэг төгрөг сарвайв. – Өвөө өнөөдөр би танаас мөнгө авахгүй ээ зөндөө их юм сурлаа. Харин би маргааш хэдэн цагт ирэх вэ? – Чи их зөв хүүхэд байна за яахав ах нь хадгалчихъя. Маргааш өглөө эрт л онгойно доо хоёулаа… – За тэгье ээ. Галсан буцах замдаа нөгөө дэлгүүрээр орж талх, боов, ундаа сэлтийг цуглуулж аваад Ариунаагийнх руу алхлаа. Хэзээний өөрийн гэртээ орж байгаа юм шиг шууд ороод явчихлаа. Ариунаа ирээгүй хоёр хүү хөргөгчнөөс мах гаргаж тавьчихаад ээжийгээ хүлээж байв. Галсанг хараад нэг их гайхсангүй тортой зүйлрүү нь харав. Галсан том хүүрүү тортойгоо сарвайхад хүү аваад хөргөгч сав байх ёстой газарруу нь хураалаа. “Гэр жаахан сэрүүхэн байна. Чи түлээ оруулаад ир ах нь гал түлнээ” гэхэд хүү – Харин ах аа түлээ дуусчихсан – Өө тийм үү за ах нь яваад аваад ирье гудамжны эхэнд байдаг “нүүрс түлээ зарна” гэж хаалган дээрээ бичсэн хашаанаас түлш аваад эргэхэд Ариунаатай таарчихав. – Өө Ариунаа эгч түлшгүй болчихож би байгаа мөнгөндөө ганцыг авчихлаа. – Ашгүй би бүр яадаг билээ л гэж бодож явлаа. Маргааш уг нь цалин бууна наадах чинь байхад маргааш хүртэл алзахгүй ээ. Тэр хоёр гэр хүртэлээ нэг ч үг дуугарсангүй хамт алхлаа. Гэртээ ороод гадуур хувцасаа тайлахдаа халаасандаа өглөө авч гарсан ээмгээ тэмтэрч нэг их сандарснаа хэн ч анзааргүйг бататгаж эргэн тойрноо ажлаа. Хоёр хүү нь ээжийгээ ирсэнд хөөр болж тэд энэ тэрийг ярилцаж байв. Ариунаа хоол хийж Галсан дулаан гэрт зурагт үзэж хэвтэнэ. Хоёр хүү нь хичээл даалгавараа хийж нэг маргаж нэг эвлэрч шулганалдана. “Галсан би толгойны чинь боолтыг солиод өгье” гээд Ариунаа боолтыг солив. одоо удахгүй зүгээр болох байхаа шарх нь тийм ч хүнд биш юм шиг байна гээд бослоо. Маргааш өглөө нь Галсан бүгдээс хоцорч өнөө ээмгийг байранд нь тавьчихаад гарч ажилдаа явлаа. Өдөр хоног энэ мэт өнгөрч нэгэн гэр бүл мэт амьдрал үргэлжлэх болов. Галсан ажилдаа улайран дугуй засаж зогстол хажуугаар өнгөрч явсан нэг согтуу хүн учиргүй танимхайрч – хөөх Галсан дүү байна шд ээ. За ажилд ороо юу тэмдэглэхгүй болохгүйдээ. -Аан за та түр хүлээж бай би энэ хүний дугуйг засаж өгөөд…

-Тэгэлгүй яах вэ? Ах нь хүлээнэ гэж ярилцахыг харсан засварын газрийн эзэн өвгөн: За чи хэн гэгч вэ? Эндээс яв битгий хүүхэд уруу татаад бай. Яасан завтай муу лүд вэ? Яв яв. Гээд хөөгөөд явуулчихав. Яваандаа өвгөн шинэ дугуй засварын салбар нээж хуучнаа Галсанд хөлслүүлэв. Өдөр бүр ажилтай орлоготой орой амттан бариад ороход баярлаад тосдог хоёр бяцхан хүүтэй. Галсан амьдралд бүр илүү дурлажээ. Хавар өнгөрч зун болж цаг ч дэлгэрлээ. Ариунаа олсон мөнгийг нь цуглуулж сайхан хувцаслаж, гар утас дугаартай ч болголоо. Үргэлж хувцас хунарыг нь угааж цэвэрхэн цэмцгэр явуулна. Хоёулаа ажилтай болохоор амьдрал аяндаа дээшлэж байлаа. Нэгэн амралтын өдрийн үдэш Галсан Ариунааг хамт кино үзэхийг урив. Кино эхлэх болоогүй түл түр сууж мөхөөлдөс идэхээр болж зоогийн зазар орлоо. – Галсан мөн үү? Сайн уу ямар сонин хүн бэ? Танихгүй байгаам уу? Гэж дуржигнуулсан бүсгүйг харвал мэргэжил ссургалтын төвд нөгөө ангид нь сурдаг байсан охин байна. – Сайн сайн гэж Галсан мэнд мэдээд Ариунаа өөд харсанаа заза би яаруу явна гээд холдох гэтэл – дугаараа дугаараа өгчих гээд утасны дугаарыг нь тэмдэглэж аваад үлдлээ. Кино тарсаны дараа хотын гудамжаар хамтдаа чимээгүй алхаж байснаа Галсан “Ариунаа эгч ээ хоёулаа гэрлэе” гээд хариу хүлээв. Ариунаа – яалаа гэж дээ чи үе тэнгийн сайхан эхнэр ав. Би чамд хөгшиднө. – Үгүй ээ би таньд л сайн – Саяын охин гэхэд л чамд сайн л юм байна – Аан тэр үү. Үнэндээ тэр намайг эр хүн болгосон миний араас гүйдэг байсан л даа гэхдээ би тэрэнд сайн биш. Таньд өөр сайн хүн байгаа юм уу? – Надад тийм хүн байхгүй ээ. Хоёрын хоер эрэгтэй хүүхэдтэй надаар хэн яах вэ дээ. – Тэгвэл хоёулаа маргааш хамт явж гэрлэлтээ батлуулъя.. Хэд хоногийн дараа нөгөө бүсгүй залгаж уулзахыг хүслээ. Галсан – Дэмий биз дээ би эхнэр хүүхэдтэй болсон – Юу тэр өдөр хамт явсан эгч үү? Тэр одоо надаас юугаараа илүү юм – Надад бол тэр бүсгүйгээс илүү хүн байхгүй ээ Галсан аль болох сайхан хувцас эхнэртээ өмсгөж хуруу хумсыг нь гоёж, хоёр хүүгээ юугаар ч дутаахгүйг хичээн улам урам зоригтой хөдөлмөрлөх болж. Ариунаа ч хаяа “найз нөхдөдөө хань нөхрөө магтаж хоёр хүүгийн минь заяа түшиж надад сайн хань учирсандаа” хэмээнэ. Харин энэ үдэш тэр нөхрөө ажлаасаа ирэхийг тэсэн ядан хүлээж байн байн гадагшаа шагайх нь удахгүй шинэ хүнтэй болох сайхан мэдээг Галсанд дуулгах гэж яарсаных билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!