“УХААН ЗАРСАН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ
“УХААН ЗАРСАН ХАЙР” ӨГҮҮЛЛЭГ
Ц.БАТТУЯА
-Байна уу? -Байна аа. Би байна. Утасаа битгий таслаарай, гуйя. -Хэн бэ? -Дуугаар минь танихгүй байна гэж үү? Ганцхан удаа, ганцхан удаа… утасаа битгий таслаарай, гуйя. Чамд хэлэх юм байна. Зүгээр л юу гэж хэлэх гэснийг минь сонс л доо гэж хэлээд бүсгүй хэсэг дуугүй болов. Залуу юу ч дуугарсангүй. Бүсгүй: -Байна уу? -Байна аа. -Уг нь би чам руу хэзээ ч халамцуу ярихгүй ээ гэж бодсон юмсан. Гэвч энэ хэнд хамаатай юм бэ? Чиний хувьд үүрд үнэ цэнэтэй бүсгүй болж үлдэхийг хүссэн. Чамд уйлж байгаагаа харуулж, уруу дорой харагдахыг хүсээгүй. Гэвч өчнөөн сар сураггүй болчихоод яриад, уулзая гэхэд чинь баярлаад л гүйгээд очдог хэрнээ би яаж чамд үнэ цэнэтэй байх билээ дээ. Ганцхан чамд л уруу дорой харагдахгүйн тулд өчнөөн ухаан зарлаа. Чамаас бусдад нь л ухаангүй дурлаж, ганцхан чамд өгсөн хайрандаа л ухаантай хандах гэж өчнөөн хичээлээ. Гэтэл хайр дурлалд ухаантай хандаж болдоггүй юм байна. Бүсгүйн хоолой зангирч, хацрыг нь дагаад нулимс урсаж байсан ч тэрээр яриагаа зогсолтгүй үргэлжилүүлж:
-Чи бидний хайр дурлал төгсгөл болж, бид биесээ танихгүй юм шиг аашилдаг болсны бүх бурууг би өөртөө хүлээе. Сэтгэл дотроо чамайгаа өмөөрч өхөөрддөг байсан атлаа найзуудынхаа үгэнд орж, амаараа чамайг гоочилдог байсандаа би түмэн буруутай. Сэтгэл дотроо чамайгаа хайрлаж, чиний төлөө дэрээ норгож хоночихоод маргааш өглөө нь чиний өмнө бардам загнаж, толгойгоо дээгүүр хаялан алхалдаг байсандаа би буруутай. Утасны чинь дугаарыг утсан дээрээсээ хичнээн ч удаа устгалаа гээд сэтгэлээсээ устгаж чадахгүй юм. Анх надтай танилцахдаа барьж байсан дугаарыг чинь би одоо ч санадаг. Чамайг хэзээ нэгэн цагт хэрэг болгоод, эсвэл санаандгүйгээр над руу залгах болов уу гэсэндээ дугаараа хэзээ ч өөрчилдөггүй. Гэвч чи над руу огт залгахгүй юм. Чамайг мартана аа гэж өөртөө хичнээн ч удаа амлав даа. Даанч санаагаар болохгүй юм. Чам шиг залуу гудамжаар дүүрэн байгаа гэж өөртөө хэлсэн ч хэн ч чамайг орлож чадахгүй юм. Хүн гэдэг чинь ганцхан хувь болохоороо хүнийг хэзээ ч орлуулж болдоггүй юм байна. Чи санаж байна уу? санахгүй ч байж болох юм байна. Хоёр жилийн өмнө би чамд гадаад явах гэж байгаа гэж хэлсэн дээ. Чи надаас хэр удаан явах юм бэ гэж асуусан. Би найман сар гэж хариулсан. Гэтэл чи “Би чамайг хоёр жил хүлээсэн.
Тэрний хажууд наадах чинь даанч богинохон хугацаа байна” гэж хэлсэн шүү дээ. Тэр үгнээс болоод л би явж чадаагүй юм. Чи мэдэх үү? Яаж ч мэдэх билээ дээ. Сэтгэл дотроо баяртай гэж өчнөөн хэлсэн ч чамайг би мартаж чадахгүй байна. Энэ хорвоогийн бүх юмнаас ганцхан чамд л хоргодоод байна. Тиймээс л би хаашаа ч явмааргүй байна. Чамайг санахаараа юу хийдгийг минь чи мэдэх үү? Дугаараа нууцалж, чам руу залгачихаад, дууг чинь сонсоод чимээгүй уйлдаг. Хэдийгээр наанаа уйлж байгаа боловч сэтгэл дотроо ямар их аз жаргалыг мэдэрдэг гээч. Магадгүй, чи надад хэзээ ч чин сэтгэлээсээ хайртай байгаагүй байх, тийм үү? Гэтэл би ганцхан чамайг л надад чин сэтгэлээсээ хайртай гэдэгт итгэж, хүлээхгүй гэсэн атлаа хүлээсээр дөрвөн жилийг ардаа орхилоо. Гэвч чи ирсэнгүй. Ирэхгүй гэдгийг чинь мэдсэн атлаа цаашид ч бас хүлээсээр л байх бололтой. Тиймээс яг одоо л надад хэлээч. Чиний төлөө сэтгэлээ сэмэлсээр атал энэ сэтгэл гаслаж дуусахгүй нь. Тиймээс ганцхан удаа нэгмөсөн урж тасдахыг хүсэж байна. “Би чамд хайргүй ээ” гээд надад хэлээд өгөөч, тэгэх үү. Тэгвэл л энэ сэтгэл чамайг дахиж хүлээхгүй гэж найдаж байна. гэж хэлээд бүсгүй хариу хүлээн хэсэг чимээгүй боллоо.
Хариу алга. – Хайргүй ээ гээд хэлээд өгөөч дээ, гуйж байна. Залуугийн хацрыг даган нулимс урсаж, дуугарах гэсэн боловч хоолой нь аргаад юу ч хэлж чадахгүй байгааг бүсгүй яахан мэдэх билээ. Гэвч залуу хүчээ шавхан байж: – Би… би чамд хайргүй… гээд хэсэг дуугүй болсноо үргэлжлүүлэн: – Байна уу, байна уу, утасаа тавьчихаагүй биз дээ. – Байна аа… – Би чамд хайргүй гэж хэзээ ч хэлж чадахгүй ээ. Ойлгож байна уу? Би чамайг ямагт хайрласаар ирсэн. Чамайг хэзээ ч уйлж байхыг харахыг хүсээгүй учраас л би чамаас өөрөө явсан юм… Байна уу?… Чи сонсож байна уу? Бүсгүй эхэр татан уйлж эхэллээ. -Чи хаана байна? Намайг сонсож байна уу? Залуу гэрээсээ гарч, хаалгаа цоожлоод, шатаар уруудлаа. Орцныхоо үүдэн дээр гарч ирээд, хаалганы хажууд цаашаа хараад, эхэр татан уйлж зогсоо бүсгүйг олж харав. Залуу бүсгүйгээ тэвэрч аваад “Хайртай, хайртай, хайртай” хэмээн чихэнд шивнэсээр л байлаа. Харин бүсгүй эхэр татан уйлсаар, залуу бүсгүйгээ дахин хэзээ ч тавьж явуулахгүй гэсэн мэт чанга, улам чанга, бүр чангаар тэврэх аж.