“УУЛЗСАНСАН БОЛ…” ӨГҮҮЛЛЭГ – ХООЛОЙ ЗАНГИРАН УНШЛАА

“ЕР БУСЫН ДУУДЛАГА” ӨГҮҮЛЛЭГ

ГҮҮГЭЛИЙН СОЁЛГЭРЭЛ

Хэдий би элэг бүтэн өсөөгүй ч ээж минь намайг хүнээс дутуугүй мөр бүтэн явуулжээ. Миний ээж гэж санчигандаа гялалзах буурал үсээ сормуусны будгаар эвтэйхэн нялж далдлачихаад, тэр бяцхан залиндаа баясан инээж суудаг жирийн л нэг эмэгтэй. Ингэж л нас нэмэн гялтганах буурал үсэндээ үсний будаг гамнаж, оронд нь миний халаасанд хоолны мөнгө болгон шургуулна. Би ч энэ байдлыг мэдэрч, ээжээсээ дутуугүй шүд зуун бүсээ чангалан тэвчиж, сэтгэлдээ мөдхөн ирэх жаргалыг төсөөлж өссөн. Өнөөдөр миний анхны цалин буусан өдөр. Би авах зүйлээ хэдийнэ сэтгэлдээ жагсаан бичсэн. Ээждээ нүүрний тос, үсний будаг мөн үсний ороодог хайч, ганган хэтэвч авна. Ээж минь баярлах хэдий ч миний охинд хоолны мөнгө нь хэрэгтэй байсан юм даа гэх байх. Энэ бүх зүйл ээжид нь гоёдоно, залуу хүн байна даа, миний охин гоёсон нь дээр гэж сэтгэлээсээ хэлэх хүн шүү. Юу гэж дээ, ээж минь, охин нь таныгаа л гоёх гэж орчлонд мэндэлсэн. Оюу номин тэнгэрийн доор ханьсан жаргаах гэж золгон мэндэлсэн шүү дээ гэж ээждээ одоо л нэг талархана даа“ хэмээн хэтэвчиндээ хийсэн анхны цалиндаа баясан мишээж, баяртай гэгч нь алхаж явлаа.

Гэнэт утас дуугарав. Ээж минь байх даа гэж төсөөлөн цүнхэндээ гараа шургуулан тэмтэчсээр, утсаа арай гэж олоод дуудлага тасрахаас өмнө амжиж авлаа. “Байна уу, байна уу… “ гэвч хариу алга. Ахиад чангахан асуусан ч хариу дуу гарсангүй. Мэдээж ийм дуудлага ихэнхдээ утас андуурсан тохиолдол байдаг хойно танихгүй дугаарыг хальтхан харангаа утсаа буцааж цүнхлээд, дэлгүүр лүү орлоо. Гэвч дахин утас дуугарав. Цүнхээ онгойлгож утсаа аваад харвал саяын дугаараас ахин залгажээ. Бараагаа сонгохоор яарч байсан тул утсанд хариу өгөхийг төвдсөнгүй, шалавхан буцаагаад цүнхэлчихлээ. Энэ өдрөөс хойш тавгүй өдрүүд эхэллээ. Тэр дуудлага өдөр бүхэн утсанд минь хангинахдаа дор хаяж хоёр удаа үргэлжлэн ирэх болов. Байна уу? гэж асуух хэдий ч өөдөөс ганц ч удаа хариулт хэлэхгүй. Ингэсгээд болих байлгүй гэж бодсон ч арваад хоног өнгөрсөн байв. Шинэ ажилд орсон болохоор нэг залуу дамшиглаж байгаа нь гарцаагүй гэж бодоод хэргийн эзнийг олохоор шийдлээ. Ажил тарахыг хүлээж байгаад жижүүрийн дэвтрээс бүх ажилчдын утсыг шүүж, өнөөх утасны дугаарыг хайсан ч эрэл мухардлаа. Манай ажилчид биш байх нь.

Сүүлдээ мөнөөх дуудлага ирэх болгонд давхийн цочдог болов. Нэг удаа зориг гарган үг хэлэхгүй ч гэлээ ямар нэгэн дуу чимээ гардаг эсэхийг сайн нягтлан чагналаа. Хоёр дахь дуудлаган дээр бичлэг хийж авлаа. Яг утас дуугарсан үед их сандардаг болохоор дараа нь бичлэгээ сайн чагнаж тандав. Би яагаад урьд нь огт анзаараагүй байдаг билээ. Тог тог тог тог… гэсэн бүдэг чимээ байнга дуугардаг болохыг анзаарлаа. Үг дуугардаггүй, зөвхөн энэ чимээ үргэлжлэн дуугарч байдаг аж. Бие минь улам агзайгаад явчихав. Энэ чимээ ямар орчинд, ямар нөхцөлд гарч болох вэ. Сүүлдээ энэ айдсаа хэн нэгэнтэй хуваалцахгүй бол айснаасаа болж ганцаараа солиорч мэдэхээр болов. Охинд нь ийм дуудлага салахгүй ирээд байгаа гэдгийг муу ижий минь мэдвэл сэтгэл түгшин, санаагаа чилээх нь тодорхой тул хэргийн эзнийг олтлоо хэлэхгүй азнахаар шийдлээ. Ингээд ашгүй арван жилд цуг сурч төгссөн нэг хүүг цэргийн ангид ажилладаг болохыг дам сонсож, нэгэнт сэтгэлд сэвтэй хэрэг өрнөөд байгаа тул юун түрүүнд цэрэг цагдаагийн зүгийн хүнд хандаж, уг дуудлагыг сонсгон хэрхэх талаар зөвлөгөө авахаар шийдлээ. Ингээд ажлыг нь сураглаж явсаар хайсан хүнээ олж бид уулзалдав.

Бидний уулзалт халуун дотно өрнөж, хэсэг хормын дараа өөрт тохиолдоод байгаа зүйлээ дуулгахад ангийн найз минь жуумалзаж “За, Гэрлээ минь, зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярив гэдэг шиг нууж хаалгүй сэтгэлийн хамаг нандин нууцаа хүнд алдах гэж яваа юм биш биз. Хүүхнүүд рүү хэн нэгэн эр хүн л залгахгүй, өөр хэн залгав гэж дээ“ хэмээн цаашлууллаа. Ийнхүү би бүх учрыг тайлбарлаж, тог тог хийх бичлэгээ сонсголоо. Залуу эргэлзэн гайхаж, хэд дахин сонсоод “Би морз мэддэг хүнээс асуугаад ирье“ гэснээ намайг үлдээгээд гарлаа. Намайг эрэл сурал хийн тандаж байгааг мэдсэн юм шиг өнөөдөр нэг ч дуудлага ирээгүй болохыг би гэнэт анзаарав. Хэсэг хормын дараа залуу орж ирээд ‘ Морз мэддэг хүн маань маргааш өглөө ирнэ гэж байна. Чи маргааш жаахан эртхэн хүрээд ир. Өнөөдөр оройтож ирсэн болохоор ажил ч тарчихлаа“ гээд бичлэгийг буцаан өгөхөд би дурамжхан авсан хэдий ч бие биенээсээ ангийнхаа хүүхдүүдийг сураглаж, жаал ярилцаад буцлаа. Гэртээ ирсэн хойноо тэр морзыг тайлж уншина гэдгийг эрт санасан бол өдийд учир нь аль эрт тайлагдах байж гэж бодсоор сэтгэл нэгэнтээ тайвширсан тул нойрондоо автсан байлаа.

Өглөө ажил дээрээ очиж гадуур ажилтай гэж тэмдэглүүлээд, харилцдаг байгууллагуудынхаа судалгааг аваад гарлаа. Хамгийн түрүүнд цэргийн анги руу морзныхоо учрыг олохоор шалавлав. Төд удсан ч үгүй найз маань өнөөх хүнтэйгээ намайг уулзууллаа. Залуу хэд дахин сонсож тэмдэглээд, нухацтай хөрвүүлэн бичив. Тэгснээ над өөд харж “Эгч ээ, та аавтайгаа цуг амьдардаггүй юм уу“ гэж асууснаа хариу хэлэхийг хүлээн ширтлээ. Би ийм асуулт анх удаа л сонсож байгаа тул маш их гайхаж “Үгүй“ хэмээн дуулдах төдий хэлэв. Залуу учрыг олов бололтой “Тийм учиртай байжээ“ гэж өөртөө хэлээд сая л морзны учрыг тайлан ярилаа. “Эгч ээ, энэ залгаад байгаа хүн чинь нэг бол хүнд өвчтэй хүн, эсвэл юм хэлж чадахгүй байгаа ямар нэгэн шалтгаантай хүн юм шиг байна. Тэгээд танд хандаж нэг л зүйлийг хэлээд байсан байна“ гэхэд би учиргүй гайхсандаа цоо ширтэн чагналаа. Залуу үргэлжлүүлэн энэ хүн “Охин минь, аав нь чамдаа хайртай шүү. Аавыгаа дурсаж яваарай. Зөвшөөрвөл нүд анихаас өмнө аавдаа зүсээ харуулаарай“ гэсэн байна гэж миний амьдралдаа төсөөлж бодож үзээгүй, бүр ганц ч удаа санаж байгаагүй зүйлийг цочирдтол хэлэв.

Би анх удаа өөрөөсөө “Би аавтай байсан гэж үү“ хэмээн асуулаа. Залууд талархаад, ангийнхаа найзтайгаа ч салах ёс хийж амжилгүй шууд л такси барин, гэрийн зүг хурдлав. Ээжийг хаалгаа тайлангуут шуудхан тэвэрч аваад, эг маггүй уйлчихлаа. “Ээж ээ, миний аав амьд мэнд байсан юм уу. Та яагаад урьд нь энэ тухай хэлээгүй юм бэ. Аав минь надтай уулзах гэж цөхрөлтгүй эрж хайсан байна шүү дээ. Хүнд өвдсөн байж, надтай уулзахгүй явчих вий гэхээс айдаг байж хөөрхий. Одоо амьсгал нь тасарсан байх, надад дуудлага ирэхээ болиод хоёр хонож байна, би оройтсон юм шиг байна“ хэмээн, харууслын нулимс асгаруулан уйллаа. Ээж хэдий сандран айсан ч бүх зүйлийг ойлгосон байв. Намайг нэлээд тайвшруулсны эцэст бид хоёр дуудлага ирдэг утас руу холбогдож, очих газраа заалган хүрлээ. Тийм ээ, энэ миний алдаа… Аавтайгаа би ахин үүрд уулзахааргүй хожимджээ. Аав минь хоёр хоногийн өмнө өөд болсон гэв. Тэрээр тал цуc xаpвалттай, хөдөлж ярьж чаддаггүй мөртлөө таягаа гараасаа салгадаггүй, утасныхаа ганцхан товчин дээр тэнхээ мэдэн дараад “Байна уу“ гэх хариу ирэнгүүт таягаараа товшин, охиндоо бэтгэрсэн сэтгэлээ дамжуулдаг байжээ. “Энэ бол аавын тань эцсийн гуйлт байсан юм шүү” гэж сувилагч гунигтай нүдээр ширтэнгээ харамсан хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!