“УРУУЛЫН БУДАГ” ӨГҮҮЛЛЭГ – Бодит түүхээс
Alima Khash
Ээж нь өнөөдөр дахиад л xүүгээ орхиод гарлаа. Хүү бүтэн өдрийн гадаа тоглож өнгөрүүлэх цаг хугацааны хурдан удааныг үл мэднэ. Хүүхдүүдтэй тоглон наадаж байхад цаг хугацаа харвасан сум шиг өнгөрөх атлаа хүүхдүүд тарж гэртээ орцгоосны дараа ганцаараа үлдэж гэдэс хонхолзон ээжийгээ эргэж ирэхийг хүлээж эхлэх мөчөөс цаг хугацаа хөдөлж ядсан доголон яст мэлхийг санагдуулах нь гайхалтай. Ээж хүү хоёр хоёулханаа амьдарна. Хүү цэцэрлэгт хэзээч явж үзээгүй байв мөн хүү хэдийгээр долоон нас хүрсэн боловч бэлтгэл ангид ч бүртгүүлээгүй байлаа. “ Ээж нь дараа жил хүүгээ сургуульд оруулна” гэх юм. Хүүд мэдэх юм алга. -Маргааш ээж нь ээлжинд гарна , эмчийндээ томоотой байж байгаарай. Жаал хүү ээждээ за гэж дурамчхан хэлэх боловч болж өгвөл очихгүй байх ямар нэг арга сэдэхийг бодно. Ээжийн эгч нэг л тиймэрхүү хажууд нь хамаагүй тоглох боломжгүй аягүй бол загнаж ч мэднэ. За эгч ч яахав гэхэд эгчийн нөхөр нь гэж бүр ч сүрдмээр ах байдаг. Үг дуу цөөнтэй өндөр бор царайтай тамxи үнэртүүлсэн ах. Яагаад ч юм бүү мэд тэр хүний суран тэлээ нь эмээх сэтгэл төрүүлнэ. Ярваганасан хямсгар эгч, дуу шуу муутай хэрцгий байрын ах.
Ер нь дарга хүмүүс гэж ярвайсан ууртай муухай хүмүүс байдаг ч юм шиг. Маргааш өглөө ч болж ээж нь хүүгээ эгчийн дээ хүргэж өгөв. Тэдний гэр орон нэг л цэмцгэр цэвэрхэн. Хамаг биеэ барин гэрт нь суугаад байх хэцүү. Ашгүй эгч түүнийг ганцааранг нь орхиод гарлаа. Хүү ганцаараа гэрт үлдэж сониуч зандаа хөтлөгдөн гэр орны тавилга энэ тэрийг сонирхон гэр дотор нь дураараа алхална. Гэнэт хүү толины өмнөх оо энгэсгийг олж харав. Том болж байгаад ээждээ авч өгнө гэж үргэлж бодож байдаг оо энгэсэг өмнө нь байж байна. Үүнийг олж харсан хүүд ээжийгээ одоо ч гэсэн баярлуулж болох юм байна гэдэг бодол орж ирэх нь тэр. Хүү олон төрлийн оо энгэсэгэн дотроос гялгар улаан хүрэн хайрцагтай уруулын будгийг авч халааслав. Ээждээ xулгайлсан уруулынхаа будгийг гаргаж өгөхөд ээж – Миний хүү наадахаа хаанаас авсан юм бэ? хэмээн асуув. – Арай эгчийнхээсээ авчихсан юм биш биз дээ? гэхэд хүүд нэг л эвгүй санагдаад явчихлаа. -Миний хүү авсан бол хэл. Тийм бол чи ээжийгээ баярлуулж байгаа хэрэг биш харин ч хүмүүст муухай харагдуулах болно гэж ээжийн хэлсэн үг хүүгийн санааг ихэд зовоолоо. Тийнхүү байтал хаалга тогших чимээ сонсогдов. Нэлээн сандарсан байдалтай ээжийн эгч болон түүний нөхөр хоёр тэднийд орж ирэв.
– Намайг гараад явсан хойгуур юу ч хэлэлгүй хаалга онгорхой хаяад гараад явчихсан байх юм. Энэ хүүхэд чинь хаашаа явчихсан юм бол гэж зөндөө сандарлаа хэмээн ээжийн эгчийг хэлэхэд нь ээж нь хүүгийнхээ халаасалж ирсэн уруулын будгийг гаргаж өгөх нь тэр. Хүүгийн хувьд тэнгэр ниргэх шиг болов айж ичсэндээ газрын гаваар орчихмоор санагдав. Ээжийн эгч хашхичаад л алгадаад авах юм шиг нөхөр нь ч суран бүсээ тайлж аваад л ороолгож эхлэх юм шиг санагдлаа. Гэвч ээжийн эгч хүүг элгэндээ тэврээд нулимс дуслуулан -Миний хүү том болоод муу ээжийгээ сайн асраарай хэмээн хоолойгоо чичрүүлэн хэлэв гэнэ. Харин нөхөр нь жаал хүү дээр ирж толгойг нь чимээгүйхэн илэв. Зэмлэл шийтгэл хүлээж байсан хүү ийнхүү энэрэл хайрыг хүртлээ. Өмнө нь ууртай муухай ааштай муу хүмүүс гэж дотроо бодож явдаг байсан нь тэр мөчөөс эхлэн ор мөргүй алга болов. Хүүгийн санаа бодлыг нэг л агшинд өөрчилсөн тэр хайр халамжийн илэрхийлэл нь хүүгийн xулгай хийж гэр орныг нь онгорхой хаяж явсан гэмийг нь дурсаагүйгээс гадна хүүг энхрийлэн өхөөрдсөнд оршиж байсан бололтой. Тэр явдлаас хойш ээжийн эгч болон түүний нөхөр хоёрт хүү үнэхээр дасаж тэр хоёрыг чин сэтгэлээсээ хайрлан хүндэлж явах болсон гэнэ. Хүний алдаа гэмийг анзаарч чичлэхгүй байхаас гадна бусдад хайр халамж үзүүлэх нь муу муухайг ч гэсэн сайн сайхан болгох ухаалаг хүмүүсийн увидас юмуу даа. Үйлийн үрээ гэж. Би үүнийг нэгэн найз залуугийн бодит түүхээс сэдэвлэн бичлээ.