“УГСАРМАЛЫН 2-ХОН ӨРӨӨ ХУУЧИН БАЙРАНД ШУНАНА ГЭЖ БАЙХ УУ…” – БОЛСОН ЯВДАЛ
“УГСАРМАЛЫН 2-ХОН ӨРӨӨ ХУУЧИН БАЙРАНД ШУНАНА ГЭЖ БАЙХ УУ…” – БОЛСОН ЯВДАЛ
Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Би 26 настай, нэгэн хувийн байгууллагад мэргэжлээрээ ажилладаг жирийн нэг залуу байна. Та бүхнээс өөрт тохиолдоод байгаа асуудал дээрээ зөвлөгөө авах гэж захиа бичиж байнаа. Зөвөөр ойлгоод та бүхнийг зөвлөөд өгөхийг хүсэж байна.
Аав маань намайг хар нялхаас минь хүн болгож гарыг ганзаганд хөлийг дөрөөнд өдий хүргэсэн. Ухаан ороогүй бага байхад ээж минь өвчний улмаас өнгөрсөн юм билээ. Тэр үеээс эхлээд муу аав минь л надад бүхнээ зориулж өсгөсөн.
Аpxи дарс, найз нөхөд, авгай xүүxэн гэж явах ч завдалгүй ганц хүүгээ гэсээр саяхнаас л нэг намайг гэж санаа зовох нь арай багасч би ч сургууль соёлоо төгсөж ажил төрөлд орчихоод байж байгаа юм.
Харин миний хувьд нэг охинтой дотносоод үерхэж нөхөрлөдөг болоод хоёр жил гаран болж байна. Аав маань ч намайг ажилд ороход бас удахгүй эхнэртэй болох байлгүй гээд байр авч өгсөн юм. Хүмүүс бодож байж магадгүй л дээ, аав нь боломжийн бизнес энээ тэрээ эрхэлдэг байх гээд.
Гэтэл аав маань бизнес хийж их мөнгө олдоггүй, энэ тэнд ч дарга захирал биш зүгээр л нэг их сургуулийн энгийн багш хүн байдаг.
Өөрөөсөө харамлан байж олон жилийн турш сар бүрийн цалингаа хадгалсаар хадгалсаар түүнийгээ миний сургалтын төлбөр, одоо бас байр орон сууц гээд надад зориулж байгаа нь энэ юм.
Өөрөө бол амьдралдаа машин барьж үзээгүй, оёж хатгаад өгөх хүн байхгүй болохоор цоорхой оймстой ч хүртэл заримдаа явж байдаг, ганц гутлаа дор хаяж дөрөв таван жил өмсдөг. Ийм л энгийн бөгөөд агуу хүн дээ миний аав.
Ааваараа дэндүү бахархаж хайрлаж явдаг болохоор бас учир явдлаа бүрэн ойлгуулахын тулд сэдвээсээ далийгаад аавынхаа талаар жаахан биччихлээ. Ойлгоно биз ээ та бүхэн. Одоо гол асуудлаа бичье.
Миний үерхэж байгаа охин манай их сургуулийн маань ангийн охин байгаа юм. Дөрвөн жил хамт сурч, хоёр жил гаран үерхэхэд элдэв муухай ааш зан гаргаж байгаагүй, даруухан тусч охин байдаг болохоор түүнийгээ сайн мундаг охин гэж боддог.
Гэтэл саяхан нэг санаанд оромгүй зүйл болчихлоо. Аав маань надад байр авч өгсөн гэж дээр бичсэн дээ. Тэр байр маань хотын төвөөс жаахан зайдуу байдаг нэг өрөө байр юм.
Надад бол болоод л байдаг, хангалттай сайхан тохь тухтай дулаахан байр. Харин миний өссөн гэр буюу аавын маань одоо амьдардаг гэр нь хотын төвийн хуучны хоёр өрөө байдаг.
Найз охин маань ч ирэн очин манайд ер нь л цуг амьдарч байгаа. Бид хоёр удахгүй хөөрхөн маматай болох төлөвлөгөөтэй байгаа. Тэгсэн харин манай найз охин надаас байж боломгүй нэг зүйлийг шахаж шаардаад.
Юу гэхээр -чи аавтайгаа байраа солиод аавыгаа нэг өрөө байрандаа оруулаад хоёулаа хүүхдээ гаргаад хотын төвийн хоёр өрөөлүү чинь нүүе гэнэ.
Ганц бие эрэгтэй хүн хаана ч амьдарсан яах вэ, тэглээ ч одоо байрны үнэ өсөөд тэр байр чинь бараг 200, 300 саяын үнэ хүрэхээр болсон байна лээ гээд бүр миний таньдаггүй хүн шиг л надтай ярилцсан.
Тэр үед нь би бодож үзье гээд олигтой зүйл ярилгүй өнгөрсөн. Харин одоо бодоод байхнээ яагаад аавын маань байранд шунаж байгаа юм бол гээд л гайхаад энэ захиаг бичиж байна. Манай аав одоо дөнгөж 50 настай, хөгшин биш залуу хүн.
Ид насаа надад зориулаад, өөрийн жаргалаа орхисныг одоо насанд хүрч эр хүн болоод л би мэдэрч байна. Болдогсон бол одоо сэтгэл нийлсэн хүнтэйгээ нийлээсэй гэж боддог.
Хүүхэд гаргаж намайг дүүтэй болгосон ч хамаагүй, би өсгөлцөөд л өгнө. Тэгж бодож явж байгаагаа ч аавдаа хэлсэн.
Аав бид хоёрын хооронд ийм нандин харилцаа байхад эхнэр болох гэж байгаа хүн маань ийм зүйл санал болгоод үе үе шаардаад байгаа болохоор би яахаа ч мэдэхгүй байна.
Ийм бодолтой энэ эмэгтэйтэй гэр бүл болоод эхнэрээ болгоод хүүхдийг маань төрүүлээд цаашдаа хамтдаа амьдраад явбал яадаг бол. Надад хань болж чадах болов уу гэж энэ ярьсан зүйлээс нь болоод эргэлзээд л байж байна.
Би аавдаа бол энэ байр сууцны талаар болсон яриагаа хэлж чадаагүй л байна. Зүрх гаргаад аавтайгаа энэ талаар ярилцаж зөвлөлдөөд үзэх үү. Эсвэл юу ч ярилгүй найз охиноосоо зайгаа барих уу. Яах уу.