“ТӨӨРӨГ ТАВИЛАН” ӨГҮҮЛЛЭГ

“ТӨӨРӨГ ТАВИЛАН” ӨГҮҮЛЛЭГ

Г.УРТНАСАН

Ядуу оюутан бидэнд хувцас авах мөнгө тун ч хэцүү зүйл гэдгийг мэдсээр байж, мөнгөгүй гэдгээ бас мэдсээр байж найз охинтойгоо дэлгүүр хэсэхээр гарлаа. Юу ч гэсэн гоё гоё дэлгүүрүүдээр орж шүлсээ гоожуулж, хорхойгоо хүргэж байгаад ирье гээд зөрүүдэлсээр байгаад гарсан тэр нэг өдөр. Амьдралд маань ийм том ул мөрийг үлдээнэ гэж би яахин санах билээ. Манай найз охиныг Мөөгий гэдэг. Олон жил үерхэж нөхөрлөсөн болохоор яг л над шиг. Хэн нэгнээс гоцгойроод байх царай зүсгүй ч гэлээ, бас ч гэж хүний дор орохооргүй. Нийтэч зантайдаа ч тэрүү бид хоёр олны дунд нэр хүндтэй бас нөхөд олонтой. Бид хоёр нөгөө л нэг арзаганадаг зангаараа дэлгүүрийн лангууны барааг голж шилэн зарим нэг худалдагч авгай нарт муу хэлүүлэн инээд хөөр баяр баяслаар бялхан явж байлаа. Өмдний тасагт орон гоё өмднүүдийг бишрэн зогсож байгаад эргэхдээ худалдагч эгчийн тавагтай хоолыг нь мөргөн асгачихлаа. Яанаа уучлаарай эгчээ би танд ахиад аваад өгье гэж хэлсэн боловч дотроо ”энэ эгч ч хэрэггүй л гэнэ биз дээ”гэж бодтол харин ч нөгөө эгч авах гуанзыг маань хүртэл зааж өгөв. Мөөгийтэйгөө хоёулаа түрийвчээ уудаллаа. Ердөө л 1400 төгрөг. Тэр хоол нь ядаж байхад 1200 төгрөг гэсэн.

Бид хоёрт явах автобусны мөнгө үлдэхгүй нь байна ш дээ, яах вэ? Ямар ч байсан хоолыг нь авч өгөөд саллаа. Дэлгүүрээс гаран ахин өөр дэлгүүр лүү орох хүсэлгүй болсон хоёр амьтан үг дуугарахгүй алхаж гарав. Гэр хүртэл яаж алхана даа. Элдвийг бодон уур хүрэн алхаж байтал бороо орох шинжтэй болж төд удалгүй хувингаар цутгах мэт асгарч гарлаа. Мөөгийтэйгөө хөтлөлцөн ямар ч байсан гэртээ л хүрэх ёстой шүү гээд бие биендээ хэлээд гүйж гарлаа. Аз болж хажууд цав цагаан өнгийн гоё машин ирж ахын хоёр дүү усан хулгана боллоо ш дээ. Ингэж айхтар норж болохгүй шүү өвчин тусна хурдан машинд суу гэж хэлэв. Урьд нь бол тэгж хэлсэн ах нарын өөдөөс муухай харан өнгөрдөг байсан бол одоо юун тэгж маяглах бараг үгээ хэлж дуусаагүй байхад нь л ороод суучихлаа. Манай Мөөгийд тэр ах үнэхээр таалагдсан бололтой, баргийн эрэгтэй хүнтэй юм ярьдаггүй хүн чинь олон зүйлийг ярилцан байх нь инээд хүрмээр ч юм шиг. Мөөгийгийн гэрийн үүдэнд ирээд түүнийг буулгахад би ч бас даган буухад Мөөгий: Чи энд надтай бууж юугаа хийх гээд байгаа юм бэ нэгмөсөн ийм сайн ах таарсан дээр нь гэртээ хүргүүлээд ав гэж хэлээд намайг түлхэн суулгалаа. Ингээд бид хоёр цааш манайх руу явав.

Тэр хүн намайг хатгаа авахаас сэргийлээд гэртээ очоод ингэ тэг гэхчлэн олон зүйлийг ярих нь тэр хүнийг хичнээн халамжтай болохыг илтгэнэ. Би ч юу ч дуугаралгүй толгой дохин суулаа. Гэрийнхээ үүдэнд ирээд талархаснаа илэрхийлээд буув. Тэр ах ч ахынхаа хэлснийг гүйцэтгэнэ шүү тэгэхгүй бол хатгаа авах магадлал танай найз охин та хоёрт өндөр байгаа шүү гэж хэлээд нүдээрээ инээмсэглэв. Сая л царайг нь тод харлаа. Ямар гоё цэвэрхэн, бас царайлаг юм бэ? би гэж хүн сайхан залууд нүд унагадаг нь нууц биш. Тиймдээ ч тэрүү тэр ахын тэрхүү инээмсэглэлд нь бүрэн автаж орхилоо. Тэглээ гээд утсаа өгчих гэж гуйлтай нь биш, тэгээд л саллаа. Хэд хоног тэр ахыг бодон мөрөөдөлдөө умбан гэрээс ч гарсангүй. Нэг орой урд айлын охин чамайг гадаа хүн дуудаад байна гэхээр нь хэн юм гэсэн чинь мэдэхгүй ээ чиний нэрийг ч мэдэхгүй л хүн байна гэв. Тэгээд чи намайг дуудаж байна гэж яаж мэдэж байгаа юм гэтэл яг л чиний төрхийг хэлээд байна ш дээ, хурдан гараачээ. Хальт гадуураа юм нөмрөн хашааныхаа хаалгыг нээтэл нөгөөх ах маань. Ёоё нээрээ ямар сайхан юм бэ? намайг зориод энд хүрээд ирлээ гэжүү гэж бодон үг хэлж ч амжаагүй байтал сайн уу ахын дүү бие гайгүй юу? гэж нөгөөх л сайхан хоолой гарав.

Сая л нэг сэхээ авч: аан юу өвдөөд үгүй ээ бишээ өвдөөгүй гэж ээрч мууртал гялалзсан том хар нүдээрээ инээмсэглэн: -Ах нь харин чамайг өвдсөн болов уу яасан бол гэж л асуухаар ирлээ гэхэд нь -Аан тиймүү би зүгээрээ гэж тайвширсан өнгөөр хэллээ. -Аан за за тэгвэл болоо доо ах нь харин та хоёрыг яаж байгаа бол гээд л нөгөө найз охин чинь гайгүй биз дээ -Би харин одоо болтол уулзаж амжаагүй л байна. -Тэгвэл одоо очоод уулзчих уу? -Ийм орой болсон хойно хэрэггүй байхаа гэсэн боловч ахин нэг гуйсан гуйлтанд нь өөрийн мэдэлгүй зөвшөөрчихлөө. Гэртээ орон Мөөгийгийнх рүү явчихаад ирье гэж гуйгаад хальт гутал хувцсаа өмсөөд гарлаа. Замдаа надад хөгжилтэй юм ярьж намайг инээлгэх нь үнэхээр өхөөрдмөөр санагдан би улам бүр түүнд татагдсаар байлаа. Бид Мөөгийгийн үүдэнд ирэн түүнийг дуудан нэлээн юм ярьж зогссоор нэгэнт 12 болгочихлоо. Би ч харихгүй бол болохгүй гээд гэрийн зүг хөдлөв.- ах нь дүүгийнхээ нэрийг ч мэдэхгүй юм байна ш дээ -намайг Сарнай гэдэг. Харин таныг? -ахыг нь Амараа гэдэг. Миний дүү хэдтэй билээ -эмэгтэй хүн насаа хамаагүй хэлж болдоггүй юмаа Бид гэрт ирж би ч буухаар хаалгаа онгойлготол -ах нь маргааш дахиад ирж болох уу -яах гэж? -зүгээр л танилынхаа хүрээг тэлье л дээ -хэрэггүй биз дээ -за тэг л дээ тэгэх үү -за за өөрөө л мэддээ.

Гэхдээ би байхаасаа байхгүй нь их ш дээ -байгаа үед чинь л ирнэ дээ -за тэгвэл уулзатлаа баяртай. Ингэж хэлээд гүйн орохдоо миний зүрх баярласандаа болоод хүчтэй цохилох нь амьдралд бас нэг баяр нэмсэн гэдгийг илтгэнэ. Маргааш гэдэг өдөр хурдан ирээсэй. Ингээд л бид хоёр өдөр болгон шахуу л уулзаж эхэллээ. Манай гэрийнхэн эхэндээ юун машин тэрэгтэй залуутай уулзаж учраад байгаа юм гэж дургүйцэж байснаа миний зөрүүд занг дийлэх биш тэгээд л нам жим болсон юм. Амараа ах надад улам илүү татагдаж байгааг нь би мэддэг байсан юм. Надтай уулзахгүй хоёр өдөр л болохоороо хаа байгаа газрыг минь олоод ирчихдэг болов. Намайг хичээл тараад гарч ирэхээр сургуулийн үүдэнд цав цагаан том жип дүүхэлзэн зогсох нь олон охидуудын атаархал, шохоорхолын эзэн болгоход маш том тус хүргэлээ. Мэдээж би гэдэг хүн олон охины атаархалыг төрүүлж байгаадаа сэтгэл дотроо ихээхэн баярлана. Иймэрхүү байдлаар бид нэг жилийг ардаа үдэв. Амараа ах нэлээн бэл бэлчинтэй хүн тул миний сургалтын төлбөрийг зовох юмгүй төлөв. Бас болоогүй манайхыг бүр орон сууцанд оруулж өгсөн нь аав ээжийг минь баярлуулах хэрэг болов. Миний хүссэн бүхий л зүйлийг авч өгдөг болохоор Сарнай гэдэг хүн төрөл арилжсан мэт л өөрчлөгдөв.

Хувцас бурхан бие чөтгөр гэгчээр үнэтэй сайхан бүхнийг эдэлж хэрэглэхийн тоогоор эрчүүдийн харцыг унагаасан сайхан бүсгүй болж хувирсан нь Амараа ахад намайг хардах сэтгэлийг бий болгов. Энэ хугацаанд би түүний ар гэрийн талаар нэг бус удаа асуусан боловч дорвитой хариу олж сонсоогүй юм. Тэр өдрийн хичээл ч хэвийн үргэлжилж байх үест Амараа ахын надад бэлэглэсэн Нокиа маркын чамин гар утас дуугарах нь тэр. Би ч багшид зэмлүүлэн байж коридорт гарч утсаа авлаа. -хөөе чи хэн бэ? -юу хэн гэж өөрөө хэн бэ? -чи муу завxай эм миний нөхөртэй хэр удаан ийм харьцаатай байсан бэ хурдан хэл. -уучлаарай та утас андуурсан байна. Би арван жилийн жаахан охин. Би тэгж хүний эр нөхөртэй зууралдаж явах насандаа хүрээгүй байна шүү гэж арайхийн хэлээд утсаа таслан тэр дор нь салгаж орхилоо… Ээ бурхан минь арай, арай үгүй байлгүй дээ. Энэ Амараа ахын эхнэр биш, тэр эхнэргүй ш дээ, түүнд зөвхөн би л байдаг ш дээ. Ийм л байхыг би хичнээн хүссэн гээч. Тэр дороо гадагшаа гаран дэлгүүрийн утаснаас Амараа ах руу залгалаа. – байна уу? – Амараа ахаа би байна – аан юу болоов миний дүү. Яагаад гар утаснаасаа залгаагүй юм бэ? – та надад яагаад хэлээгүй юм бэ? Яагаад? – юуг тэр вэ? Яасан бэ? Юу болоов? – эхнэртэй гэдгээ! гэж хэлээд утсаа тавин гарч гүйв. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ УНШААРАЙ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!