“ТӨӨРӨГ ДҮҮРЭН” ӨГҮҮЛЛЭГ
“ТӨӨРӨГ ДҮҮРЭН” ӨГҮҮЛЛЭГ
Ц.ОЮУНБАТ
Урьд шөнө Номин бүсгүй шөнөжингөө ээжийгээ зүүдэлсэндээ гайхсаар сэрэв. Бага байхад нь цуг амьдарч байсан ээжийнх нь дүр төрх хачин тод, гайхмаар үзэсгэлэнтэй харагдаж билээ. Номин мэдээ орсон цагаасаа л ээжийгээ нэхэн ааваасаа асууж шалгаах ч хар цагаан дуугүй юм хэлэхгүй нь гачлантай. Хойд эхийгээ бол Номин ээж гэж амьдралдаа дуудаж үзсэнгүй. Эгч ээ эсвэл аниа гэж дуудах бүрийд аав нь ээж гэж дуудуулах гэж үйлээ үзсэн юмдаг. Гэхдээ л ээж гэх үг аманд нь эвлэж өгөхгүй, зүрхнээс гарахгүй учраас Номин охин өөрийгөө хуурахгүй байхаар бат шийдсэн юм. Номин ажилд ороод төд удалгүй эцэг эхийн хажууд байхаас залхаж тусдаа амьдрахаар шийдэн нэг өрөө байрны лизингэд оржээ. Залуу хүнд энэ нь ч амар байсан биз. Удаж төдөлгүй нөхөр сүүдэртэй болж дахиад л бужигнаж эхлэхээс хойш хэсэг хугацаанд ч гэсэн эрх чөлөөг мэдэрмээр санагдсан нь энэ. Хөвсгөр зөөлөн хөнжлийг төрсөн ээжээ гэж төсөөлөн байдгаараа тэвэрчихсэн, угаалгын нунтгийн анхилам үнэрийг ээжийнхээ үнэр гэж сэтгэн хууртсандаа гомдох ч шиг сэржээ. Бага байхдаа ээжийгээ ягаан цамцтай харж байснаас зүүдэнд ч тэр өнгийн хувцастай байж, яг л өөр шиг нь залуухан гоолиг ээж нь голын тунгалаг уснаас хутган аваад цаашаа найган алхаж яваагаар л төсөөлөгджээ.
-Ээж ээ хэмээн бяцхан охин байдгаараа дуудаж араас нь харайлгахад -Миний охин, ээждээ ир гэж цээжиндээ наан энхрийлж байна гэж зүүдэлсэн байж. Ээждээ тэврүүлсэн байсан жаахан охин харин нэг мэдэхэд нас биед хүрчихсэн байлаа. -Ээж ээ, та яагаад ирэхгүй байгаа юм бэ? Аав та хоёр яагаад салчихсан юм? гэж олон асуултыг ар араас нь тавимаар байвч ээж нь ганц ч үг унагасангүй. Номинд энэ бүхэн маш хэцүү байлаа. Тэрээр олон жил ээжийгээ санан бэтгэрч, зүүдэлж ирсэн шүү дээ. Ээжийнхээ тухай маш олон удаа зүүдэлсэн. Харин тэр бүрийд ээж нь тоймтой зүйл ярихгүй, хаашаа ч юм алсын бараа ширтэн санаа алдах нь олонтаа байв. Зөндөө удаан чимээгүй байсны эцэст урсгал намуун хоолойгоор энхрийлж буй мэт -Миний охин, ээжийгээ хүлээх үү? гэж л асуув. -Тийм ээ, ээж ээ таныг би хүлээнэ. Насан туршдаа хүлээх болно. Зүгээр л охин дээрээ хүрээд ирээч. Аав та хоёрын амьдралд юу болсныг би мэдэхгүй. Гэхдээ бүх зүйл болоод өнгөрсөн. Хэдийгээр та хоёр бие биедээ хайргүй болсон ч гэлээ, надад хайртай биз дээ ээж миь? гэж бүсгүй асуув. Дахиад л нам гүм, чив чимээгүй. Хөдөө уулын орой дээр сууж буй мэт тээр доор тал хөндийд ярилцах хүмүүсийн салхиар дайгдах шиг. -Би охин дээрээ удахгүй очно.
Олон жилийн туршид нэг л зүүдээ зүүдэлсээр ирсэн Номин хязгааргүй баяр хөөрт автав. Өмнө нь нэг ч удаа ээж нь ингэж хэлж байгаагүй юм. Тиймдээ ч энэ бүхэн бодит зүйл шиг санагдан хөөрөн баяслаа. Хөөрөн баярлахдаа газраас хөндийрөн нисэж буй мэт санагдав. Газар дээр ээж нь түүнийг саравчлан харна. Номин дотроо -Тийм ээ, энэ бол зүүд байна. Би нисч чадахгүй шүү дээ гэж шивнэж амжив. Гэтэл агаарт хөөрч байсан бие нь газар руу эрчээрээ уналаа. Ээж нь харин түүнийг амжиж барьж авсан юм. Номингийн аз жаргал, хөөр бахдал дуусашгүй санагдана. Ээжийгээ чанга гэгч тэврэн хааш нь ч алдахгүй юм шүү гэж байтал гэнэт сэрчихсэн юм. Эхэндээ гайхаж, яваандаа нойрноосоо сэрсэндээ харамсаж ахуйд ганцаардлын манан өрөөн дотуур хөшиг татаж эхлэв. Ганцаараа амьдрах сонголт эхэндээ зугаатай байсан ч хэдэн сарын дараа амьд хүмүүсийн харилцааг эрхгүй үгүйлж ирж байсан үе. Ялангуяа амралтын өдрүүдэд хаачихаа мэдэхгүй гэртээ гацаж орхино. Найз нөхөд уулзъя гэвэл уухайн тас уулзана. Аав болон хойд эхтэйгээ тийм ч дотно биш учраас хаа нэгтээ л утсаар ярьж, баяр таарвал очдог байв. Өнөөдөр амралтын өдөр учраас ганцаардлын манан өрөөнд ноёлжээ. Бүсгүй орноосоо босож ор дэрээ хураан, нүүр амаа угааж янзлав. Шинэхэн кофены чанасан үнэр гал тогооны өрөөнд хамар цоргим үнэртэнэ. Кофегоо уугаад ном уншиж сууя уу гэж төлөвлөсөн байв. Буйдан дээр орхисон гар утас нь жингэнэж байлаа.
Утасны аян дээр түүний сонсох дуртай дуучны ая эгшиглэнэ. -Байна уу? Утасны цаад хүн эхэндээ дуугарсангүй.. Яг л зүүдэнд нь нөмөрч байсан нам гүм, чимээгүй. Хэсэгхэн хормын дараа хүний уртаар амьсгаадах чимээ гарч, -Номин уу? Ээж нь байна аа гэв. -Ээж гэсэн үү? Номин чихэндээ итгэсэнгүй. Хий юм сонсоогүй байгаа гэсэндээ утасны дэлгэцээ харлаа. Танихгүй дугаар байв. -Тийм ээ, ээж нь байна. Олон жилийн дараа гэнэт гарч ирж байгаад уучлаарай охин минь. Гэхдээ миний яриаг тасдалгүй сонсоно биз дээ? -Тэгэлгүй яахав ээж ээ? Та хаана байгаа юм бэ? -Ээж нь Эрдэнэт хотод амьдарч байна. Ихэр ахтай чинь цуг. -Надад ихэр ах байдаг гэж үү? -Тийм ээ, миний охин. Чи жаахан байсан учраас санахгүй байж магадгүй. Чи зулай зулайгаа гишгэж төрсөн ахтай хүн юм шүү. Ааваас чинь салахад бид хоёр хатуу гэрээ хийсэн юм. Ихэр хүүхдүүдээ нэг нэгээр нь авч байгаа учраас насанд хүрч их сургуулиа төгсөх хүртэл нь хоорондоо холбогдохгүй гэж тохирсон. Урьд шөнө охиноо зүүдэлж сэрлээ ээж нь. Бид хоёр цэвэр тунгалаг голын эрэг дээр тоглон наадаж байна гэж зүүдэлсэн. Миний охин бага балчир үеийнх шигээ дэрэвгэр богино даашинз өмсөн тэнгэрт хөөрч байсан. Надаас хэзээ буцаж ирэх вэ гэж асуусан чинь одоо ч сонсогдож байна. Ээж нь охиноо үнэхээр их санасаан гээд утасны цаана чимээгүй болж хоолой нь зангирч буй сонсогдлоо. Номингийн нүднээс ч бас аз жаргалын сувдан нулимс аажуухан урсан гарч буй нь түүнд тааламжтай байлаа. Эх үрийн холбоо эгнэгт нандин билээ. Энэ хорвоод ээжтэй хүн баян, ээжтэй хүн жаргалтай..