“ТӨРӨӨД 14 ХОНОСОН БОЛ УСАА БҮЛЭЭСГЭЭД ДААВУУГАА УГАА, МАХАА ХҮНЭЭР ХЭРЧҮҮЛЭЭД ХООЛОО ХИЙЖ ИД”

“ТӨРӨӨД 14 ХОНОСОН БОЛ УСАА БҮЛЭЭСГЭЭД ДААВУУГАА УГАА, МАХАА ХҮНЭЭР ХЭРЧҮҮЛЭЭД ХООЛОО ХИЙЖ ИД”

Ганган-өлзий Өлзиймаа

Хүүхэд нь сар гарантай болсон байсан ч хадмаараа гал түлүүлэх гээд хүүхдээ хуурайлалгүй хоносон бүсгүйн постыг уншлаа. Өөртөө хир халдаах тун дургүй байна шүү. Би түүнийг шүүмжлэх гэсэнгүй ээ.

Ер охид бүсгүйчүүд минь биднийг яагаад ЭХ хүн гэж нэрлэсэн бэ гэдэг дээр л санаагаа хэлмээр санагдлаа. Авах гээхийн ухаанаар хандацгаана биз. Би эхээс арван нэгүүлээ. Бид бүгд жил дараалан төрсөн.

Ээж минь эмнэлгээс гарч ирээд оронд залардаггүй байлаа. Долоо хоног л гэр зуур байна. За тэгээд ганц манай ээж ч биш тэр үеийн нийгэм ч тийм л байсан. 14 хоноод л ажилдаа гүйнэ.

Эвий дээ, дарга ч биш захиргааны үйлчлэгч шүү дээ. Одоо бид арван нэгүүлээ өсөж томроод гурав дахь үеийг нь үзүүлчихээд байхад л сэмбэлзээд нуруу нь ч бөхийгөөгүй, хав шав гээд л эв эрүүл сав саруул гүйж л явна.

Би ч таван сайхан үр төрүүлсэн хүн. Хадам ээж минь “төрөөд 14 хоночихлоо, усаа бүлээсгээд даавуугаа угаа, бүлээн усаар гурилаа зуур, махнаасаа бусдыг өөрөө хий нялх биен дээр улаан мах бариад дэмий гэдэгсэн.

Энэ нь хайр байж дээ хөөрхий. Хэт хэвтээд хамаг биеэрээ хий хурааж пэмбийсэн памбайсан юм болох гэлээ, адаглаад гэдэс гүзээ чинь ч шавхрахгүй ямар олиг байдаг юм бэ, эрт бос, сайн хөдөл, сайн ид,

Өөрөө ч тэнхрэнэ, хүүхэд чинь өсгөлүүн торнино, бидний үед хэзээ ийм байлаа, нялх биен дээрээ их хэвтэх хожмоо өвчний үүр л болохын нэмэр…” гээд л зад загнадаг байж билээ. Би гомдож яваагүй ээ.

Тэглээ гээд өнөө алдсан хохирсон юм юу ч алга. Үр хүүхдүүд өсчихөөд тогоо шанаганаасаа холдоод ханьдаа уруул дэвсэж эрхлээд л амьдарч байна. Одооны охид арай л хэтэрхий богино бодолтой байх юм.

Тэгээд сүүлд нь эр нөхөртөө нэр төрөө барчихаад хамаг бурууг нөхөртөө өгч, хамаг зовлонгоо хүүхдүүддээ үүрүүлдэг. Цул биенээсээ цус урсгаж, алд биенээсээ aмь тасалж үрээ төрүүлээд атга xөxнөөсөө шанага сүү садрааж үрээн хооллодог болохоор маань биднийг ЭХ хүн гээгүй юм шүү дээ.

ЭХ дэлхий, ЭХ ундарга, ЭХ хэл, ЭХ хүн. Тээж төрүүлсэн ээж гэхээсээ илүүтэй түрүүлж ЭХЭЛСЭН хүн байхгүй юу даа бид чинь. Бид хүний хорвоогийн бүх харилцааны эхлэл нь юм байхгүй юу. Бид зөөлөн аядуу, эрхэмсэг, ариун цэгцтэй байвал бидний эргэн тойрон өөрийн эрхгүй тийм л байна.

Барагтайд биднийг хэн дуртай нь шүүмжлэхгүй, барагтайд биднийг хэн дуртай нь гоочлохгүй ээ бүсгүйчүүд минь. Эсрэгээр нь бид цухалдаад л бачимдаад л, өө сэв хайгаад л байвал хариу нь хэрүүл, хагарал гэдэг хэдхэн зүйл л ирнэ.

Аажимдаа энэ зан минь биднийг устгаад зогсохгүй амьдралыг минь, үр хүүхдүүдийн минь элэг бүтэн аз жаргалыг булаачихсан байдаг юм. Би нөгөө гэр бүл судлаач Нарантуяа шиг тэгтлээ бүр элийрэхгүй л дээ…

Амьдрал үнэндээ зах хязгааргүй урсгал усанд сэлүүргүй завин дээр хөвөх шиг шүү дээ. Завь бол эрчүүд. Харин тэр арайхан гарт минь баригдаагүй байгаа сэлүүр бол бидний ухаан юм. Бүсгүйчүүд бидний шүү.

Ингээд л сэлүүртэй болтлоо хэзээ хэрхэн яаж тэнцвэрээ олон амьдрал хэмээх их далайд хөл алдан уначихгүйхэн эсвэл бүр живчихгүйхэн шиг хөвөх вэ гэдгээ л бүсгүйчүүд бид олж танихыг ХАТАН ТОРГОН УХААН гээд байгаа юм.

За тэгээд эвээ олоод, эхлэл нь болоод явж чадвал бид нэг их удаан хөвөлгүй сэлүүртэй болчихно. Нэгэнт сэлүүртэй болсон хойноо завийг хаана зогсоож хааш нь сэлүүрдэх нь бидний л хэрэг. Тэр цагт л АЗ ЖАРГАЛ гэгч хаалга тогшилгүй орж ирдэг юм даа охь ухааны дээд, орчлон ертөнцийн эхлэл охид бүсгүйчүүд минь.

Би үүгээрээ охид бүсгүйчүүдийг төрсний дараах гамыг бүү барь гээгүй юм шүү. Хандлагаа өөрчилцгөөе, гэр бүлийн сэтгэл зүй сэтгэлгээний хувьд манлайлагч нь байцгаая л гэж уриалж байна.

Нэг ч атугай ЭЭЖ өөртөө өөрчлөлт хэрэгтэй байгаа эсэх талаар, амьдралаа улам бат бөх гэгээлэг байлгаж чадах аугаа хүч бидэнд байдгийн тухайтад эргэцүүлэн тунгаагаасай гэж л сийрүүллээ. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!