“ТӨРӨХИЙН ӨМНӨХ ТАСГИЙН МӨРӨӨДЛИЙН БАГ” БОДИТ АМЬДРАЛААС
“ТӨРӨХИЙН ӨМНӨХ ТАСГИЙН МӨРӨӨДЛИЙН БАГ” БОДИТ АМЬДРАЛААС
“Далавчгүй Сахиусан Тэнгэрүүд” Групп – Хуулбарлахыг хориглоно
Би таван хүүхэдтэй айлын том охин. Бага насандаа аавыгаа алдаж ээж минь автын ослоор хөлний хагалгаанд орж хэвтэрт орсон. Би дөрвөн дүүгээ хүний зэрэгт хүргэхийн төлөө 7-р ангиасаа сургуулиасаа гарсан. Ээж минь уйлаад миний охин сургуульдаа орчих хичээлээ хий ээжийнх нь группийн мөнгө бидэнд хүрнэ ш дээ гэж гуйж байсан. Тэр үед жил дараалан зулай гишгэн төрсөн дөрвөн дүүгээ л бодсон. Би л хичээхгүй бол эд маань ирээдүйн гудамжны, гэр оронгүй хүн бүрийн хөлийн доор нүдний үзүүрт амьдрах болно эгч нь учраас би л хүүхэд насаа мартья даа гэж хатуу шийдсэн. Үүрийн 4 цагт сэрээд ээждээ гал түлж гэрээ дулаацуулж орхиод, доод талын дүүдээ зориулан цаасан дээр босоод гамбираа дөрөв хувааж дүү нартайгаа идээрэй ээжийнхээ эмийг өгөөрэй гэж бичээд дэнжийн мянгийн зах уруу жирийдэг байлаа. 8-р ангид сураад дэвтэр үзэг харандаа бариад сууж байх ёстой охин үүрийн зах дээр шулаа хийж хонь ямааны гулууз эвдэн, хүйтэн мах иртэй хутга тэврэн зогсдог байлаа.
Олсон мөнгөөрөө талх, граммаар есийн тос, шар будаа төмс бариад харьдаг байсан. Мах гэхээсээ илүү гэдэс дотор, шулсан яс, хавирга сээрээр тасардаггүй байжээ. Хаа очиж хоолгүй ч ясаа чанаад шөлөнд нь бантан багсардаг бие эрүүл өссөн бид тав. Өдөр бүр 3-5мянган төгрөг цааш нь хийж ээждэ хадгалуулдаг байлаа. Ээж маань дүү нарыг хичээлдээ явсан хойно орноосоо мөлхөж буугаад бид нарын хувцасыг эвхээд цаасан хайрцганд хийгээд бүгдийнх нь дэвсгэр даавууг хураачихдаг хүүхдүүддээ төвөг болохгүйг хичээдэг байсан. Олон ч удаа хуруу гараа тасдаж зүсч бондойтол нь марлаар ороогоод харьдаг байлаа. Дүү нар сургуульдаа шоглуулна. Анги танхимаас хураах мөнгөө өгч чадахгүй багшдаа загнуулж олон хүүхдийн өмнө нэрээ цоллуулан шоолуулдаг байсан. Тэр үед цуглуулсан мөнгөөрөө өвлийн хувцас, эм тариа, дүү нартаа автобусны мөнгө өгөөд өөрөө 4 буудал газар алхаад очдог байсан. Сурч байхдаа битүүхэн харж явдаг байсан нөгөө ангийн хүү ээжтэйгээ махны урдуур явахад ичээд хулдаасны араар нуугдаж тэрэндээ гомдож өөртөө гутарч үхтлээ уйлаад гарч ирж билээ.
Тэр үедээ л хөөрхөн дурласан байсан юм шиг байгаа юм. Би дараа нь зах дээрээ дундах эрэгтэй дүүтэйгээ гарах болсон. Нэг өдөр дүүтэйгээ алхсаар харихад бага дүү минь банз зүсээд өөлөөд дугуй шиг хэлбэр оруулаад эвдэрхий сандлаа дээр нь хадаад ээждээ тэргэнцэр хийсэн байж билээ. Бүгдээрээ тэрийг нь харж шоолоод харин би л дотроо уйлж зогссон. Ээждээ нээрээ тэргэнцэр аваад өгөх юмсан. Ядаж өдөртөө хашаандаа агаар амьсгалаад нуруугаа амрааж байвал гээд. Дүү нар минь тийм л ухаантай байж. Хэн нь ч надаас мөнгө нэхэж, амттан гуйж уйлж шинэ хувцас өмссөнгүй гэж гомдолдгүй байсан. Ямар сайндаа 20 нас хүрээд анх удаа цагаан сараар хэвийн боов аваад тавгийн чихэр тавиад нийслэл салат хийгээд ширээ засахад дүү маань төрсөн өдөр тэмдэглэх гэж байгаа юм уу гэж билээ. Амьдралдаа анх удаа сар шинээ тэмдэглэж байгаа бидний нэг орой. Би дүү нараа бүгдийг нь 10 жилийг нь төгсгөж чадсан. Доод талын эмэгтэй дүүгээ оюутан болгож өөрөө оюутан болсон юм шиг баярлаж эрэгтэй дүү нараа ТМС-д оруулсан.
Хамгийн бага дүүгээ ТМС-ээ төгсөөд барилга дээр ажиллаж эхэлхэд би сая л нэг санаа амарч байв. Тэгэхэд би 26нас хүрч байлаа. Найз нөхөдгүй, эвдэрч хуурайшсан гар, олигтой хувцасгүй борлосон гар хүзүү. Том дүүгээс бусад нь орлоготой цалинтай болов. Том дүү хичээлдээ явж ядаж онц сурах албагүй зүгээр л нэг ч битгий тасла, дипломоо л ав. Айлаас нэг нь дээд мэргэжилтэй байядаа гэсэн миний даалгаврыг биелүүлж байв. Харин цалин авч эхэлсэн дүү нартаа цалингаасаа жаахан жаахан хураана шүү хэдүүлээ ээждээ жижигхэн тоосгон байшин өрж өгнөө гэж үүрэгдэв. Аз болж тэд маань миний үгнээс гарахгүй ээжийгээ асрахдаа ч сайн. Ээж минь үе үе нуруу нь цоорно тэрнээс биш бусад эрхтэн эрүүл нэг их өвдөж хүүхдүүдэ айлгаагүй… 27 насандаа амьдралдаа анх удаа найз залуутай болов. Дүүгийн маань бригадийн засал чимэглэлчин залуу. Анх удаа л би биш надад хүн санаа тавьж хайрлаж хамгаалсаар би ч дасч хайртай болов. Удалгүй би бие давхар боллоо. Миний хүсч байсан зүйл учир үнэхээр их баярлаж ээж минь бүр сэргээд цовоо сэргэлэн болж бараг л хөл дээрээ босохнуу гэлтэй баярлав.
Жирэмсэн 4 сартайд хайртай хүн минь орхиод явчихав. Эхнэр хүүхэдтэй тэд нь аймагтаа амьдардаг байснаа хэлээгүй байж. Гэхдээ би нэг ч нулимс унагаалгүй бүр цочирдож шаналсангүй. Жирэмсний хяналтандаа ганцаараа явна. Ганцаараа үзүүлнэ. Автобусаар ганцаараа зорчино. Хэцүү зүйл туулсан учраас сэтгэл хатуу болсон байх. Жирэмсэн байхдаа нэг ч хавантаагүй бас хордлого өгөлгүй тээв. Эмнэлэгт нөхөртөө гомдсон амттан идэхийг нь ойлгоогүй олж ирээгүй загнуулж зогсоо эрчүүд стресстэй маш их гутралтай жирэмсэлж байгаа охидыг хараад энэ тийм ч хэцүү зүйл биш шүү гэж аминчлан хэлмээр байдаг байлаа. Ингээд 2016 оны 4 сард төрөхөөр хэвтлээ. Төрөхийн өмнөх тасагтаа гурвуулаа байв. Нэг нэгнийхээ гэдсийг ярилцан хүүхдээ төсөөлөн өвдөхөөс айсан яг үе тэнгийн гурван бүсгүй. Нэг зүйлээрээ бүгд ижилхэн. Бид гурвуулаа ганц бие ээж болохоор хүүхдээ хүлээцгээж байсан юм. Нэг нь ханиа алдаад удаагүй нэг нь надтай ижил. Бид их дотно танилцан дараалан нэг хоногийн зайтай төрцгөөв.
Төрсөний дараа хоёр тасагт хуваагдан орсон ч коридорт гарч ирэн хүүхдүүдээ тэврэн эмнэлгээс гараад үргэлж холбоотой байна шүү гэж инээлдэн зогсож байлаа. Бид амьдралын найзууд болсоон. Алдах юмгүй хүн эхлэхэд юунаас айдаг юм гэж нэг маань хэлсэнээр xоёр жилийн өмнөөс гурван ээж нийлэн анхны бизнесээ эхлүүлэв. Монгол гэрийн бүрээс, цаваг хананы хөшиг, гэрийн тавилгийн бизнесээ эхлүүлээд явж байна. Бидэн дээр нэг дүү маань нэмэгдсэн. Өнөө ээжид модоор тэргэнцэр зүссэн дүү маань. Дүү маань мөлхөө тавилга, үүдний гал тогооны шүүгээ гээд тавилгаа хариуцаж гурван найз ээж бусад ажлаа хувиарлан авсан. Гурван үрс маань эн тэнцүү өсч найзуудын гурван хүүхэд хамтдаа тоглон өнжиж байна. Ээж минь хоёр зээ нэг ачтай боллоо. Санаа нь амараад тэр үү ойрдоо сайхан амар тайван байгаа миний муу ээж. Эмэгтэйчүүд нэгэндээ хайртай байвал нийлээд хичнээн хүчтэй гэдгийг хоёр найзаасаа мэдэрч байна даа. Ээжийн үр эмнэлгээс эрээд олохгүй амьдралын хоёр найзыг минь олж өгсөн шүү. Зогсохгүй зүтгэнээ. Гурвуулаа гараа атгалцаад. Үрсүүдээ үүрээд.