MngNews

“ТЭР ЭРГЭЖ ИРЭХ БОЛОВ УУ” ӨГҮҮЛЛЭГ

“ТЭР ЭРГЭЖ ИРЭХ БОЛОВ УУ” ӨГҮҮЛЛЭГ

Э.НАРАНГЭРЭЛ

Хаврын урь орж хүн малын зоо тэнийн ойрноос ижий аав хоёр маань ч инээмсэглэн ярилцах болж хэд хоногийн нүүр нүдгүй шуурах шуурга мал хүнгүй мөлхүүлэх шахаж. Нүүр царай ч авах юм байхгүй ээ шүд нүд л гялалзахаас бусад нь тас хар наашаа хараад ч байгаа юмуу цаашаа ч хараад байгаа юмуу бүү мэд. Хөдөөний ажил хүнд үедээ хүнд ч жаргалтай үедээ хичнээн жаргалтай. Мал дагавал ам тосдоно гэдэг үгийг ижий аавын амнаас сонсоод ихэд дургүйцдэг ч сургууль соёлын мөр хөөгөөгүй над шиг амьтанд тааруулж хэлсэн үг гэлтэй. Гадаа агаар нь хүртэл чийг үнэртээд нэг л таатай. Хонио өгсүүлэн нуур хатавч зүглүүлэн аажуухан идээшлүүлэн явсаар Хөх нууран дээр ирлээ. Хунгийн цуваа зэллэн нисэн Хөх нууран дээр буудалцгаалаа. Ямар гоё юм бэ, намар хунгийн цувааг үдэж хавар хунгийн цуваагаа угтаж авсаар миний нас арван зургаа хүрчээ. Хөх нуурандаа буудаллах хунгийн цувааны зарим нь үлдэж зарим нь хаашаа ч юм зэллэн нислээ. Хунгийн сүргийг харан баясаж өдөр өнгөрсөнг анзаарсангүй хонио гэр өөдөө аажуухан дөхүүлээд ижилээсээ үлдчихдэг зөнгөр толгойтой хэдэн шүдлэнгүүдээ туусаар гэртээ ирлээ. Уяан дээр зүс хараагүй морь уяатай харагдана. Манайд айлчин ирсэн болтой. Сониуч зан хөдлөн яаран гэртээ орлоо. Гэрт борц, зэрлэг сонгинын үнэр хан хийн өлсөж байсан гэдэс улам өлсөх шиг санагдана.

Зүүн хойморьт миний орыг налан хөлс алгадан суусан бор залуу намайг хараад шомбойгоод суучихлаа. Ээж маань хоол аягалан бариад -Миний хүү хоол ид гурав дөрөв хоног малын эрэлд явсан хүн ядраа байлгүй гэхэд аав маань – Хүү минь хоолоо идээд хамт адуунд явъя. Бор азрагатай хэдий маань толгой наашилсан харагдсан хэрэв эрж яваа эрэл чинь мөн бол эрлээ олсон хойно хүү минь яарах юу байна хоноод өглөө хөдөл. Сүүлийн хоёр сар шахуу манай ижилд нийлсэн хүрэн байдас хүүгийн хайж яваа эрэл мөн болов уу зүс тамга нь баараагүй таарч байна гэлээ. Аав байдасыг үзүүлэхээр залууг дагуулан явлаа. Би дотроо эрэл нь мөн байгаасай хэрэв мөн бол манайд хононо. Манайд хоновол даалуу тоглоно хэмээн баярлан малынхаа ажлаа гялс амжуулан байтал аав залуу хоёр ирлээ. Залуу их л баяртай байгаа бололтой. Чононд уруулсан шарх нь их гүн байсан ойрдоо гишгээд өвсөнд ч ороод овоо. Ер нь адуу захлаад л гүйх шинжтэй байсан харин чи хүрээд ирлээ гэхэд манай өвөөгийн хурдан хээрийн дүү нь байгаа юм. Ноднин наймаанд явсан хөөрхий. Авсан хүн нь хэд хоногийн өмнө ирээд нутаг гүйсэн байх олдоггүй гэхээр нь өвөө намайг эрэлд явуулаад харин буянтай хүмүүсийн сүрэгт нийлж. Та шархыг сайн эдгээсэн байна. Таньд баярлалаа ахаа гэхэд. Аав монгол хүн байна даа эмчилэлгүй яахав гээд тамхиа нэрэн суулаа. Бид даалуу тоглон оройг хөгжилтэй өнгөрөөж аав -Миний охин гэрийн баруун хойно аргамжаа байгаа хүүд зааж өг морио амрааг гэхэд энэ үгийг хүлээж байсан гэлтэй зэрэг шахуу ухас хийн бослоо. Гадаа тас харанхуй. Морины аргамжаагаа түвэггүй олж морио аргамжлаа. Шөнийн харанхуйд чийгтэй агаар бас нэг тийм гэж хэлэх аргагүй залуугийн үнэр үнэртэн нэг л таатай.

Энэ залуу юу гэж бодож яваа болоо үнэрт нь дуртай байгааг мэдчихвэл яанаа би ямар ичмээр юм бэ. Би яагаад байнаа. Хурдан гэртээ орьё хэмээн яаран гэртээ орлоо. Ээж маань гэрийн баруун талаар ор зассан харагдана. Гэрт зочин ирүүл ээж аав маань намайг орныхоо урдуур ор засаж унтуулдаг болохоор би шууд орондоо орлоо. Зочин маань хувцасаа тайлан миний унтдаг зүүн талын орны урд унтахаар хэвтлээ. Лааны гэрэлд надруу хараад байх шиг. Цээж нүцгэн хэвтэх залуугаас ичин хөнжилөө толгой дээгүүрээ нөмрөн амьсгаа даран хэвтэхэд ээж гаднаас орж ирэн лаагаа чимхэн унтраан гэрт чимээ аниргүй. Хөнжил дотроо бүтэж үхэх нь хөнжилөө аяархан доошлуулж чимээ гаргахгүй амьсгаа авлаа. Ямар сонин юм бэ. Манайд зөндөө л хүн орж гарч хонож л байсан. Би танихгүй хүнийг үнэрийг мартахгүйн тулд сэтгэлдээ тогтоох гэж үнэрлэлээ. Би яагаад байнаа.Хайр гэж яриад байдаг ийм хурдан хайртай болчихдог гэж үү гэж өөрөөсөө дахин дахин асуулаа. Нэг номноос ганцаардал гэж уншиж байсан хүн ганцаардхаараа ийм амархан дурладаг юм болуу энэ залуу намайг бодож байгаа болов уу. Аав ээж хоёр маань жигд амьсгалан унтаж байна. Зочин унтаагүй бололтой эргэж хөрвөөд л байна. Би сэрүүн байгаагаа мэдэгдэхгүйг хичээн хөдлөхгүй хэвтэнэ. Аягүй бол над шиг байгаа байхаа яанаа, за больё больё ямар ичмээр юм бэ…. Ээжийн миний охин гэх зөөлөн дуудах дуунаар сэрлээ. Нөгөө залуу маань инээмсэглэн унтана. Ээжтэйгээ үнээгээ хам хум саагаад гэрт орон инээмсэглэн унтах залууг мартахгүйн тулд сайн харж зогстол ээж орж ирэн чанга ярин сэрээчихлээ. Зочин өөө нам унтчихаж гээд санаа нь зовж байгаа болтой босон хувцсаа өмсөхөд ээж

-Аргагүй малын эрэл яггүй шүү хүү минь жаал хэвтэхгүйдээ би сэрээчихвүүдээ цай цүйгээ чаная аргал гээд гэрээс гарлаа. Сайн харж авах гэж байхад чанга яриад сэрээсэнд би ээжид дургүй байлаа. Аав эрэлийн морийг нь бариад бэлэн болголоо. Бид нэг гэр бүл шиг ширээгээ тойрон цайлж суухад залуугийн харцтай тулгаран санаа зовно. Залуу явахаар босоход аав ээж хоёр аян замд нь үдэж гаргаж өглөө. Би гаргаж өгөхийг хүсэж байсан ч гэрээс гарсангүй. Морио хөтлөн эргэн эргэн харсаар явах залууг гэрийхээ тотгоор харсаар хоцорлоо. Нүдийг минь бүрхэх нулимс хацар даган тогтохгүй урсана. Хонио даган Хөх нуур луу явахад сэтгэл эзэнгүй нэг л гунигтай. Тэр эргэж ирэх болов уу… Зүрхний минь гүнд үүрээ засчихаад явсан үл таних залуугийн гараа даллан одсон зүг рүү эргээд ирэх юм шиг нүд бэлчээн хонь хариулах дургүй хүн чинь зуны сарыг хонь хариулан зуслаа. Хөх нууранд зусах хунгийн сүрэгтэй ярилцаж өдрийг өнгөрөөнө. Аав ээж хоёрыгоо танихгүй хүнийг санаад байгааг минь мэдчихвий гэж хааяа санаа зовно. Хонио сайхан тогтоож орхиод гэртээ ирэхэд ээжийн дүнгэр дүнгэр ярих нь хаяа нь шуулттай гэрээс тодоос тод сонсогдоно. -Банзар минь ганц охиноо хоёулаа бүүр баллаад хаялаа. Сурсан сургууль ч үгүй мэдсэн эрдэм ч үгүй амьтан гарлаа яана даа сүүлийн үед охин минь хөгжилтэй хөөртэй зан нь бүүр байхгүй сүр сүлд нь хаачив гэмээр болж. Охиноо бригад сумруу явуулж кино ший үзүүлж бүжиг таанцанд оруулах юмсан. Нас нь явчихлаа залуу хүн гэхэд аав хоолой засан Охин хүүхэд хоол сайн хийж онгорхой цоорхойгоо оёод сурчихсан байхад болно. Өөр эрдэмээр яахав үе дамжин ирсэн буянт сүргээ хэндээ өвлүүлэн үлдээх гэсэн чавганц вэ гээд их л бухимдуу байгаа бололтой.

Өөрийнх нь тухай ярьж байгаагийн дээр аав нь бухимдуу байгаа нь намайг мэдчихсэн юм шиг санагдан гэртээ шууд орж чадахгүй хулчийн гадаа жаахан зогслоо. Ижий -Охин минь нас биеэнд хүрлээ одоо хань бүлтэй болвол зүгээрсэн үр хүүхэд нь оройтох вий гэхэд аав бас л -Хоролоо минь Хоролоо минь цаг нь ирэхээр бид хоёроор заяа нь хэлүүлэхгүй санаа зовоод байх юу байна. Нялхаараа амьтан шүү дээ миний охин чинь еээ булхан гэж өглөөд унтуулж бай гээд эрхлүүлж байнаа. Ижий минь Охин минь хонинд явах дуртай байгаа. Яах вэ хө эрт босож байг ядаж толгой сэргэг тэгээд ч ижий аав хоёрынхоо дэргэд ажил сураг гэлээ. Аав минь -Миний охин чинь хаа очиж ажлаар хаана ч гологдохгүй шав хийсэн ажилсаг харин одоо аав ижийхээ дэргэд өглөөд ханатлаа унтаж аваг гэлээ. Аав ажил хийж сур гээд үглээд байдагсан дотроо хийлгэх дургүй юм байна гээд золтой пис хийтэл инэээчихсэнгүй хоолой засан гэрт орлоо. Аав маань хонь тогтуун байна уу миний охин гээд духан дээр үнэрлээд гэрээс зөрөн гарлаа. Ээж нүдээ том болгож ирээд намайг нээх сүрхий хархад нь -Та яав анх удаа харж байгаа юм шиг юуг нь ингэтлээ харав гэхэд Миний охины бие нь зүгээр үү нэг л газар шагайсан хүн явах юм гэхэд Зүгээрээ ээжээ ар өвөр хоёр нийллээ идэх юм байна уу гэж байж ярианы сэдэвийг өөрчиллөө. Хүний эх ажиг ч гэж. Хоол ч идэх дургүй ээж аав хоёртойгоо ч ярих дургүй ажил хийх ч дургүй хонио даган залуугийн явсан замыг нь харж шувуутай ярьдаг хүнийг ажиглалгүй ч яахав дээ. Намрын ажил гэж толгой өөд татах завгүй. Манайх гэдэг айл хүн бүл муутай болохоор ёстой л цаг нартай уралдан ажиллаж өвлийн бэлтгэлээ базааж авлаа. Ойрд хонинд яваагүй хонио аван Хөх нуурандаа ирлээ.

Шувууд эхнээсээ нутаг буцаж байгаа болтой Хөх нуурын шувууд цөөрсөн харагдана. Нутаг буцна гэснээс усны шувуудын яг төрсөн нутаг нь манай нутаг юм болов уу халуун орон нь юм болов уу. Аав манай нутгийн шувууд гэж ярьдаг тэгэхээр манай нутгийн шувууд юм болов уу, аль нутаг нь хамаа алга манай нутагт ирж зусдаг нь сайхан. Зунжин харуулдан суусан зүг рүү хараа бэлчээн нэрийг нь ч мэдэхгүй залууг санана гэж байдаг юм болов уу. Ер нь хайр гэж юу юм болоо. Хүн санахыг хайр гэдэг юм болов уу? Ёстой мэдэх юм алга. Голын ус захлаад зайрмагтаж хонож ямар гунигтай юм бэ ингээд л өвөл боллоо шүү дээ. Үлдсэн шувууд зогсоо зайгүй гангана. Хөх нуурнаасаа явах дургүй байгаагаа хэлж байгаа ч юм шиг. Над шиг шувуутай зовлон жаргалаа ярьдаг хүн байгаа болов уу? күэ миний зовлон гэж юу байхав дээ танихгүй залууг санадагаа л хэлж байгаа царай. Шувуу хэлтэй би шувуудтай ярьдаг гэвэл гайхах байх даа. Усны шувууд команд өгсөн юм шиг зэрэг шахуу далавчаа дэлгэн Хөх нуурын дээгүүр ганганалдан нисэн нар зөв тойрон нэг цуваанд орон өмнө зүгрүү нислээ. Миний хун шувууд явалгүй намайг хүлээж байсан байна шүү дээ, надтай уулзаад баяртай гээд явлаа. Зэллэн нисэх шувуудыг би даган уйлан гүйлээ. Баяртай сайн яваарай хэмээн хоолой мэдэн хашгирлаа. Тэнгэрт шугам татсан юм шиг харагдана. Бас л орхиод явчихлаа. Газар суугаад мэгшин уйллаа. Ард морь тургих шиг. Эргэн харвал орхиод явсан залуу. -Чи чинь шувууд даган уйлаад байгаа юм уу даа гэхэд надад хэлэх үг олдсонгүй. Тиймээ усны шувууд орхиод явж байна бас чи намайг орхиод явчихсан гэхэд би юу… Би ирчихсэн л байна шүү дээ чи намайг ирээсэй гэж бодож байсан хэрэг үү… Ямар сонин юм бэ бид харцаараа ярилцаж байжээ гэхэд бас үнэр чамаас сайхан үнэр үнэртэж байсан тэр үнэр чиний хүн чанарын үнэр байжээ хэмээн дотроо бодлоо. Бид анх харцаараа ярилцаж билээ…. 2019-06-10. Эрдэнийн Нарангэрэл.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!