“ТЭР ЛАМТАЙ СУУХГҮЙ ГЭСЭН…” ӨГҮҮЛЛЭГ
“ТЭР ЛАМТАЙ СУУХГҮЙ ГЭСЭН…” ӨГҮҮЛЛЭГ
Би өөрийнхөө хүслийг дагаж ламхай болсон. Шинэхэн бас жаахан болохоор ах нар намайг ингэж дууддаг юм. Одоохондоо шинэ сурагч учир ах нарын ажилд туслаж, заримдаа хийдэд рашаан, утлага тараах ажил хийнэ. Сүүлийн үед манай хийдээр өглөө бүр нэг охин ирдэг болсон. Тэр ээжтэйгээ ирээд, ном бичүүлээд, тэгээд тагтаа хооллодог. Хүрд эргүүлж, суврага тойроод явахдаа арц авдаг юм. Бараг хоёр долоо хоног тасралтгүй ирж буй түүнийг харах гэсэн хүсэлтэй болжээ би. Нүд нь жаахан гунигтай, бүлцэн болохоор нь би тэр охины гэрт ямар нэгэн ажил явдал гарчээ гэж таамаглаж байв. Нэг удаа ах нарын дэргэд сууж байгаад бичүүлсэн номыг нь харвал бурхан болоочийн хойдход уншуулдаг ном байсан нь миний таамаг зөв гэдгийг баталсан билээ. Бараг сарын турш тэр охиныг ажигласаар өөрөө ч мэдэлгүй сайн болчихов. Одоо харин харах биш харагдах гэсэн хүсэлтэй болжээ. Ах лам нараас нуугдан байж хурал таслаад арц хүж өгдөг ажлаа өдөржин сууж хийнэ.
Хэзээг нь мэдэхгүй ч тэр охин ээжийгээ дагаад өдөрт заавал ирдэг байсанд нь би их баярладаг байлаа. Тэр нэг өдөр нөгөө хөөрхөн охин ганцаараа орж ирээд надаас утлага авахаар гараа сунгав. Би сандарсан гэж жигтэйхэн. Гар чичрээд утлагын арцаа цаасанд боож чаддаггүй, нүүрээ хэд хэд илчихсэн чинь нөгөө охин инээмсэглэж байна. Ичсэн гэж яана. Гэхдээ түүний инээмсэглэж байгаа нь бүр хөөрхөн, бас дандаа л гунигтай байдаг болохоор нь би өөрийгөө түүнийг инээлгэсэн баатар мэт төсөөлөн тэрхэн зуур баяр хөөрөөр дүүрлээ. Өөдөөс нь жаахан инээгээд “рашаан авах уу” гээд асуусан чинь инээхээ болиод –Үгүй гэснээ гараад гүйчихдэг юм байна. Яах гэж асуув даа хэмээн өөртөө зөндөө харамсав. Халзан толгойгоо илээд л, намайг инээхээр айчихав уу гэж хүртэл бодож үзлээ. Тэгээд хуралдаа суухаар гартал нөгөө охин тагтаа хооллоод, ээжийгээ хүлээж байгаа бололтой яваагүй байлаа. Би энэ боломжийг алдахыг хүссэнгүй.
Будаагаа зөөлхөн газар тавьж өгч байгааг нь харангуутаа шалтаг бодож олоод шууд л дөхөөд очлоо. -Сайн уу? Чи будаанаасаа жаахан өгч байдаа? (Лам хүний үгийг сүсэгтэй хүмүүс их хүлээж авч жаахан ч гэлгүй сонсдог болохоор би ах нар шиг ийм жинтэйхэн дуугарч, зааж зөвлөсөн өнгөөр ярьдаг болчихсон байсан юм.) -Май. -Ингээд цацаад үздээ гэж хэлээд би будааг томхон тойруулан, хүчтэйхэн цацлаа. Тагтаанууд урдаа овоолсон их будааг идэж байсан ч энд тэнд будаа цацахаар бөөнөөрөө нисэлддэг сонин зантай амьтад. Тэд сарр сүрр хийн нисэлдээд бидний урдуур буухад, нөгөө охин зөндөө их баярлаж, алгаа ташин инээлээ. “Ийм гоё байдаг юм уу? Яасан гоё вэ?” гэж хөөрөхөд нь би ч гэсэн маш их баярлав. Тэр намайг “Чи ямар мундаг юм бэ?” гэхээр нь бүр догдлоод тагтаануудтайгаа хамт нисмээр болов. “Одоо чи цацаад үз” гэхэд минь тэр ч бас хэд хэдэн удаа сүрр сарр хийлгэн шувуудыг нисгэлээ.
Халзан толгойгоо байн байн илж “тагтаанууд чинь ийм хөөрхөн амьтад шүү дээ” гэж мэдэмхийрэх намайг тэр цоо ширтээд байсанд нь би ичиж орхив. Ингээд жаахан яриа өдөж, өөрийнхөө мэддэг номоо хүртэл уншиж өгсөөр би тэр охинтой танилцаж, түүний нэрийг Дөлгөөн гэдгийг мэдэж авлаа. Тэгээд яг өөрийнхөө нэрийг хэлэх гэтэл ээж нь дуудаад, тэр ч ухасхийгээд “За баяртай” гэчихээд гүйгээд явчих нь тэр. Би амандаа дэмий л “Дөлгөөн, намайг бас Дөлгөөн гэдэг” гэсээр араас нь харан хоцорлоо. Маргааш хурдан болоосой гэж бодсоор… Өглөө урьд урьдынхаас өөрөөр эхлэв. Өнөөдөр би анх удаа хонх цохих ёстой. Жаахан гээд хийлгэдэггүй байсан тэр үүргийг би өнөөдөр гүйцэтгэнэ гэхээс сэтгэл догдлоод сайхан байлаа. Ахын зааж өгснөөр шатаар өгсөн дээш гарж хийдийн том хонхыг нэг цохилоо. Дуу нь нүргэлээд үнэхээр гайхалтай. Хажууд нь зогсохоор бүр ч гоё. Харин би энэ үед Дөлгөөнийг олж харлаа.
Тэр хэн нэгнийг хайж байгаа нь дээрээс харахад тодхон бөгөөд намайг юм болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө. Гэнэт ахын “Дөлгөөн..Хонхоо цохиоч. Гурван удаа шүү дээ” гэх дуунаар үүрэгт ажлаа умартан буйгаа ухаарав. Дахин нэг цохиод доошоо харахад Дөлгөөн намайг ширтээд инээмсэглэн зогсож байлаа. Бас л сандрав. Хүзүүгээ нэг илчихээд өөдөөс нь харж гараа далласан чинь тэр бас даллаад, яг л хөлөг жолоодож яваа ахмад аялалаасаа ирээд сүйт бүсгүйтэйгээ даллаж байгаа юм шиг мөрөөдөж эхлэх нь тэр. Гурав дахь удаагаа хонхоо цохичихоод хурдхан буугаад очлоо. Тэр: -Сайн уу? -Сайн. Чи утлагаа авсан уу? -Авсан. Чамайг бас Дөлгөөн гэдэг юм уу? -Аан. Тийм. Хэхэ. Сонин юм, тийм ээ? Хоёулаа адилхан нэртэй байдаг… -Харин тийм. За за би одоо явлаа. -Чи маргааш ирнэ биз дээ? -Харин ээ. Ээж өнөөдөр сүүлийн өдөр гэж байсан. Ингээд өнөөдөр ном уншуулаад дуусч байгаа юм гэсэн. Гэхдээ би хааяа ирж тагтаа хооллож байна аа.
Одоохондоо намайг ганцааранг минь явуулахгүй байх. -Тэгвэл дахиад ирэхгүй гэж үү? Танайх хаана байдаг юм бэ? Би хичээлээ тараад очиж байж болохгүй юм уу? -Манайх хол оо. Гадаадад амьдардаг. Зун дуусахаар буцаад явна… За, за аав ирчихэж. Би явлаа. Баяртай. Миний мөрөөдөл дахиад л хумхын тоос болон замхарав. Нэг хөөрхөн найзтай болох гэж байтал бүтсэнгүй шүү. Дахиад л ээж нь гарч ирээд, Дөлгөөн аавынхаа машин руу гүйгээд явчихлаа. Сайн байсан болохоор нэг хэсэгтээ санах л байхдаа хэмээн бодоод гуниглаж суутал Дөлгөөн буцаж гүйж ирээд: -Дөлгөөнөө, чи намайг битгий санаарай. Би чамд сайн боловч ээж намайг “ламтай суулгахгүй ээ” гэж ярьдаг юм. Тэгээд л… уучлаарай гэчихээд гүйгээд явчихлаа. Би гайхаж хоцров. Юун суух вэ? гэж бодохоор инээд ч хүрэх шиг. Гэхдээ л лам болохоор тоогоогүй юм байна гэж бодоод “Яах гэж лам болов оо” гэж харамслаа. Жаахан хүүхдүүд бид нар хэзээнээс ингэтлээ холын юм боддог болоо вэ? За яахав. Ямар ч байсан би том болоод мундаг лам болно оо. Ламтай суух хөөрхөн охин байх л байлгүй. “Наранзулын домог” номоос” ЦАЙ УУХ ЗУУР БҮЛГЭМ