“ТЭНХЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

“ТЭНХЭЭ” ӨГҮҮЛЛЭГ

БААТАРЫН ДЭЛГЭРЦЭЦЭГ

Шөнө ахиад л нөгөө хонин бор нүдтэй харц тулгараад сэрлээ. Орны хажуу дахь ширээний чийдэн асаагаад хэвнэг нөмрөн босов. Зочны өрөөнд орж хааяа амтлах дуртай улаан дарснаас хундгалан буйдан дээр суулаа. Курсын ажлаа хамгаалсан баяртай хөл газар хүрэхгүй хөөрцөглөсөн гурван охин сургуулийн гадаа талбайд хоорондоо юу ч билээ ярьж тас тас инээлдэн гарч ирхэд дээд курсын ах нар, бас танихгүй хоёр залуутай зогсож байснаа “Уранчимэг ээ нааш ир” гэж дуудахаар нь хүрч очоод даруухан хонин бор нүдтэй анх харц тулгарсан. “Манай сургуулийн гурван согоо, танилц” гэж ирээд л биднийг танилцуулж билээ. Орой харанхуй болтол цэцэрлэгт дуулж шуугиж, инээдэм наргиа болж орой тархад тэр намайг орцонд хүргэж өгсөнсөн. Завсаргүй тэгш цагаан шүд яралзуулан инээдэг, даруухан бор залуу тэр өдрөөс хойш намайг эргүүлдээд салахаа больж билээ. Багшийн сургуулийг гадаад хэлний багш мэргэжлээр төгсөөд анхны жилдээ багшлаж байсан санагдана. Бүсгүй хүн дасаж дурладаг гэдэгээр ч билүү ер тэрнийхээ эгэл даруухан зан үнэнч хайранд уярсан ч билүү ямартай ч нэг л мэдхэд бидний хайр дурлалын гал унтраах аргагүй дүрэлзсэн.

Тэр минь зуун модны зусланд жижигхэн хирнээ тохилог байшинд буурал ээжтэйгээ амьдардаг байсан юм. Анх очоод гэрэвших, эмээх, ичих зэрэгцэн сандарч хий дэмий л доош харж хуруу гараа оролдон зогсоход “эвий миний охин алив буурал ижий нь үнэрлэе” гээд өөриймсөг нь аргагүй угтаж билээ. Намайг л бодоход тэр минь цалинтай хүн болохоор үргэлж кино жүжиг үзэж, хамтдаа ресторанд хооллож, охидын нүд унагасан ганган гутал, хүрмээр намайг гоёж, гангар хун шиг хослож надаар өөрийгөө гоёж явждээ. Удалгүй бүсгүй заяаны гэгээ хэвлийд харваж анхны үрээ бид угтах болсон. Ээжтэйгээ хоёулхнаа таван шард дамждаг гурван өрөө байранд амьдардаг байсан болохоор тусдаа гарах гэж яарсангүй тэр минь манайд ирж хамтын амьдрал эхэлсэндээ. Охин маань ч төрлөө цаг төр эргэж нийгмээрээ шилжилтийн хүнд бэрх үеийг туулахад манайх ч тэр хомрогонд өртөж ээж минь насаараа ажилсан ажлаасаа гарч бид бүгд ганцхан багшийн цалингаар дутуу хүтүүхэн урд хормойгоо авч хойд хормойгоо нөхнө гэгчээр өдөр хоног өнгөрөөж байлаа. Би ч сургуулиа орхисон. Нялх үр бидэн хоёрыгоо гэсээр нөхөр маань муу буурал ээжийгээ ч эргэх тойрох нь цөөрсөнийг хэн хэн маань анзааралгүй явжээ.

Нэгэн харанхуй хүйтэн шөнө гэрийн утас хангинаж буурал ээжийг гэртээ ухаагүй байсныг олж түргэн дуудаж 1-р эмнэлэгт хүргүүлсэн тухай хөрш хашаанийх нь өвөө дуулгаж билээ. Газар дээр ганцхан санаж сарвайх үр нь байж сүүлийн үгийг нь ч сонсож амжсангүй гэж тэр минь хичнээн шаналсныг хэлэх юм биш. Үрэгдсэнийгээ үдэж үлдсэн нь амьдралаа хөөдөг жамаар л бүх юм болж өнгөрсөндөө. Зуслангийн байшингаа санаанд ч оромгүй хямдхан худалдаж нэг өвлийн идшээр солисоноо ч тодхон санаж байна. Ээж минь гэртээ сууж үзээгүйдээ ч тэр үү төрийн гэрийн элдэв асуудалд бухимдаж үглэх нь ихсэж, нөхөр харин орой үдшээр халамцуу согтуу ирэх нь олширч учраа олохгүй бид хэд хоорондоо ч түр тар хийх нь цөөнгүй болов. Эрүүл согтуу хоёр хүний дунд би хавчуулагдан бухимддаг болж билээ. Охиноо ой хүргээж ээждээ үлдээгээд би гэдэг хүн эрээнээс гахай зөөж эхлэв. Хичээлийн цүнхнээс илүү хүндийг өргөж, халуунд халж хүйтэнд хөрж үзээгүй би эхэндээ ч шантарч уйлж их л юм болсондоо. Гэхдээ л багын сэргэлэн зан, өөрийнхөөрөө, нэг зүтгэсэндээ хүрэх гэдэг чанар маань намайг өвдөг шороодуулаагүй юм.

“Дэнжийн 1000” -ийн хар захаас 3,4-р хороололын жижиг лангуунд хүрэх гэж, эрх бяцхан охиноо өсөхийг, эр нөхрөө уруудахыг, ээжийнхээ өтлөхийг, өөрийнхөө ядрахыг үл огоорон, Улаанбаатар – Замын үүдийн вагон, Эрээний зах дээр хамаг амьдралаа өнгөрөөж байж. Цаг хугацаа сум шиг харваж нэг л мэдхэд арав гаран жил өнгөрчихсөн байсан юм. Амьдрал ч арай дээрдэж хүнээс дутахгүйг өмсөж эдлэж, унах унаатай юм юмтай болж, бизнес маань ч бага багаар өргөжиж энд тэнд хэд хэдэн лангуутай боллоо. Харин Нөхөр маань ажлаасаа халагдаж “Ганц охин маань сэргэлэн тулдаа чамайг тэжээж байна. Шалдан гуяа ганзагалаж ирчихээд аpxинд толгойгоо мэдүүлсэн хар аpxичин” гэж ээж маань үглэж,”найз нөхөд ч “биеээ даасан хүчирхэг эмэгтэй гэж намайг магтаж, би ч түүнд нь бат итгэж явж. Цүнхнээс хаяа мөнгө дутна, эсвэл эзгүй хойгуур худлаа хэлж лангуун дээр суудаг худалдагчдаас мөнгө аваад бас л уучихна. Бүр хэд хоногоор ч ирэхгүй алга болдог боллоо. Нэг өдөр охин уйлсаар орж ирээд хаалгаа савж өрөөндөө ороод таг болчихов. Гайхаад араас нь ортол “Ээж энэ аавыг хар л даа. Аймшгийн царайтай юм сургууль дээр ирээд ангийнхны дунд нүүр хийх газаргүй болголоо шүү дээ.

Аpxичин аавтай гээд хүүхдүүд намайг дооглоно. Би яах юм бэ?” Гэж ихэр татан уйлав. Тэр өдөр би нөхрөө гэрээсээ явуулсан юм. Сонсохнээ долоон буудалд байдаг анх биднийг танилцуулсан дээд курсын ахын хашаанд жижиг байшинд нь амьдарч байгааг нь найзууд дуулгасан. Тэрнээс хойш сураг алдраад мөн л арван хэдэн он улирсан байна. Ээж минь ч хорвоогийн хатуу жамыг үзүүлж охин бид хоёрыг орхисон. Ганц охиныхоо төлөө гэж зүтгэсээр баячуудын гэх хороололд дөрвөн өрөө байртай болж, охиноо ч Монголдоо шилдэг их сургууль төгсгөөд гадаадад сургуульд явуулахаар болсон юм. Элчингийн гадаа машиндаа охиноо хүлээнгээ уусан усны саваа хогийн саванд хийхээр буутал, хог ухаад нэг хүн цаашаа харах тонолзоно. Хир даг болсон навсархай хувцастай. Том шуудайны ёроолд хэдхэн ундааны сав өөр юу ч юм хийж үүрчээ. Гэнэт эргэж Намайг харснаа хөшсөн мэт хэсэг зогсоод нэг инээвхийлэх шиг болоход сүүмэн хөшиг хатсан харцан дундаас өнөө танил хонин бор нүдийг олж харах нь тэр. “Мөн байна шүү дээ.” гэж бодохын зуур өнөөх хүн хурдхан эргээд явж одлоо.

Би дуудаж ч амжаагүй юм. Яралзтал инээдэг тэгш цагаан шүд нь унаж, царай зүс нь үрчийж харлаад танигдахын аргагүй болжээ. Охин маань сургуульд яваад хоёр жил гаран боллоо. Ярианаас нь бол Америк залуутай болзож байгаа сурагтай. Монгол эрчүүд хариуцлагагүй арчаагүй, эхнэрээрээ тэжээлгэсэн аpxичин авах юмгүй улс гэж нэг биш удаа ярих юм. Хүн болгон л намайг чадалтай дайчин эмэгтэй, ганцаараа амьдралаа босгосон гэх. Ажилчид маань ч захиралаа гэж хүндэлж бахархана. Би ч нээрээ л энэ бүгдэд итгэж хэнээр ч юугаар ч дутахгүй бүгдийг төгс чадагч мэт омголон явсаар өнөөдөр хүрсэн. Харин одоо бодоход ханилсан түүнийгээ халтирсан газар нь түлхэж, ганц охиноо эцгийн хайрыг үзэж, аавыгаа үнэлэх хүндлэх Монгол эр хүний ноён нурууг таних ухаанд сургалгүй өсгөжээ. Жаран насны босгонд тулсан би ханхай том байшинд ганцаараа шөнө дунд энэ бүхийг эргэцүүлэн элэгээ тэвэрч сэтгэл жиднүү сууна. Тэр гудамжинд тааралдсан хонин бол нүд хоёр жилийн турш зүүдэнд намайг ээрч шөнө дунд сэрээж байна. Гэр бүлээ бүтэн авч үлдэх тэнхээ, гэргий ухаан энэ амьдралын туршид надад дутжээ… Сэтгүүлч Баатарын Дэлгэрцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!