ТЭНГЭРИЙН ОРОНД БАЙГАА ЭЖИЙДЭЭ БИЧСЭН ЗАХИДАЛ
Яг одоо ач хүү маань ээжийн тухай дуу сурахаар хичээнгүйлэн дуулж сууна. Үүнд нь уярсан би ээж таныхаа тухай бодолд автчихсан сууна. Миний ач алс хол оронд суугаа ээжийгээ бас л санан суугаа н энэ байх даа. Тэнгэрийн оронд очихоор явсан ээжээ санасан сэтгэлийг минь энэ дуу улам ихээр уярааж, үзэг цаасыг минь эвлүүлж захидал бичихээр сууж байна. Хаа ч байсан миний ээж сэтгэлд минь амьд хэвээрээ оршдог болохоор таньтайгаа сэтгэл зүрхнийхээ үгийг хуваалцахаар сууна. Туулай жил гарч охин нь бас л нэг нас нэмчихлээ дээ. Тань шиг ээж байхсан гэж хичээх нь өдөр бүр болоод ч тэрүү таныгаа санах нь нас ахих тусам нэмэгдэх юм. Одоо л таныгаа охин нь ойлгож байх шиг байнаа даа. Хожимдсон л ухаарал юмдаа.
Хоёр бурханы минь жаргал зовлонг, хорвоо чамд эдлүүлэх л болнодоо,
Дэргэдээ өргөж явья уу гэтэл, дэлхийн хаана ч үгүй л байх вий дээ гэж нутгийн маань нэг яруу найрагч дүү маань бичсэн юм. Тийм шүү. Хүүхэд насандаа таниасаа амттай юм бүхнийг авч идэж, гараас хөтлөлцөн үсэрч дэгдэн, унаж тусахдаа уйлан аргадуулж, мээмээ бусдаасаа илүү идэх гэж, хааяхан л нэг орхиод өдрөөр явахад тань хэд хоногоор явсан мэт хүлээх явсан зүгийг тань ширтдэгсэн. Залуу халуун насандаа хүүхдээ өсгөх, хань ижлээ халамжлах, албан ажлаа хийхдээ бараг л таныгаа мартчих шахан, өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх шалтаг зааж хүүхдээ таньдаа үлдээх гэж үе үе ээжийгээ санан очдог байсан юм биш байгаа даа. Арай ч үгүй дээ! Харин одоо бол энэ бүхэн биш, таныхаа ачлал хайрын үнэ цэнийг сэтгэл зүрхнийхээ гүнээс чин үнэн сэтгэлээр ойлгон хайрлаж, таныхаа энд хүрэхгүй ч чадахыг хичээх сэтгэлийн үзүүрт хөтлөгдөн буяныг тань улам улмаар аривжуулан ирэх болоогүй тэр нэгэн цагт тань шигээ сэтгэлийн амар амгаланг үзэхийн тулд хариуцлага үүрэн санадаг болсон шиг байнаа. Ээж минь би таньтайгаа 60 шахам жил байхдаа бодоогүй бодлууд одоо л очиж сав л хийвэл бодогдох болжээ. Яагаад байгаагаа ч хариулж чадахгүй л байна. Дутагдаж гачигдахын зовлонг амсалгүй жаргалтай сайхан л байна бурхан минь гэж дандаа ярьдаг байсан болохоор үр хүүхэд бид нартаа даан ч дээ би гэх харамсалыг үлдээгээгүй ээж минь юмдаа та. Энэ холч ухаантайнх шүү!
Ээж минь та яасан ч ухаантай, уяхан дулаан, тэнхээлэг, гэгээн, уужим, олны ээж байгаав дээ. Та миний бодлын сайхан бүхнийг дэврээж байна. Ингэж л таны буян миний буян болон аривжих бизээ. Өдий болчихоод таныгаа санахаар хөгшин бие минь уурганд тань дэвтэн сэргэж, хожирч яваа ухаан минь уужран цэлмэх шиг болох юм. Та одоо ч надтай хамт байж хүмүүжүүлж байна. Мөнхдөө хамтдаа байх ээж гэдгийн учир энэ юмаа. Ингэж бодож суугаа минь таны ухааны судалын нэгээхэн хэсэг нь болж чадахыг мэдэхгүй ч таныхаа мөнхөд гэрэлтэх судлыг алдалгүй даган үргэлжлүүлэхсэн гэсэн эрмэлзлэл дүүрэн бий. Таныхаа сэтгэлийг таних тусам би ер нь ямар ээж вэ. Ээжийнхээ үүргийг хэр гүйцэтгэж яваа хүн билээ? гэсэн асуулт байнга толгойд эргэлдэн бодогддог ч баттай хариулж чадахгүй л явна. Хэн хэзээ хариулахыг би хэлж чадахгүй юм шиг. Гэхдээ би өөртөө ганц өгүүлбэрээр ч болов хариулнаа заавал. Ямар ч үед миний л талд байдаг хэзээ ч уравдаггүй, өнгөө хувиргадаггүй, өөрийгөө тэр чигээр нь бидэндээ өгчихсөн орчлонд ганцхан ээж минь дээ. Таныгаа бодохоор нэг л урам ороод амьдралын төлөө зүтгэх хэцүү биш санагдаад явчихдаг юм. Хүн бүхэн залуу сайхан насандаа ээждээ магтуулахаар амьдраасай. Тань шиг ээж байхыг хичээн өөрийгөө уудалж суугаа болхоор охин нь сайн байгаа. Захидалаа дуусгая даа. Зээ охин маань хичээлээсээ ирж байнаа ээжээ.
Г.ӨЛЗИЙНЯМ