“ТРАНШЕЙН” ЗАХИДАЛ
Нутгаасаа гарсан залуу 2007 онд ийн бичиж байжээ.
Траншейн
Би энд жолоо барьдаг ажил хийдэг ухаантай. Толгой эргэм сүлжилдсэн замаар өдөржин давхиж явахдаа, жирэлзэн өргөрөх траншейний тагийг хараад миний нутагт энэ нүхэнд хүмүүс амьдардаг, хүмүүс хүмүүсдээ бүр хүүхдүүд шүү. Тэд энэ тагыг сөхөж, өглөөн нарыг үзнэ, энэ тагийг хааж, өвлийн жавраас халхлан амьдардаг гэж бодохоор цээжин дотроос нэг юм ураад, ураад… ураад.
Яагаад ингэж нэг хэсэг нь гариг ертөнцөд багтахаа байтлаа баяжиж, нөгөө хэсэг нь газар доогуур шурган ортлоо ядуураа вэ? Яагаад зарим хэсэг нь хань ижил, үр хүүхдээ орхин өөр орны зовлонг өөрийн юм шиг үүрч явна вэ? Бид бүгд саяхан л адилхан шахуу л байсан шүү дээ. Тавь, жар, зуун саяын машинууд траншейны таган дээгүүр дайраад л…
Хүн харахад таг боловч үнэн хэрэгтээ доор нь байгаа хүүхдүүдийн
толгой дээгүүр, тархин дээгүүр, зүрхэн дээгүүр,сайртай бяцхан гаран дээгүүр нь, сайхан амьдрах хүсэл дээгүүр нь, өрөвч сэтгэлийг нь умартуулан, өс хонзонг нь өвөртлүүлэн том том баячууд тоонолжин хээтэй дугуйгаар тоох ч үгүй дайрсаар.
Улс эх орон өөрчлөлт, шинэчлэлтийн замд орж, хүн болгон эрх чөлөөтэй боллоо. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, жагсах, цуглах, нам бүлгэм байгуулах, мөн тарах бутрах, бие биенээ магтах, матах, гүжирдэх гүтгэх, хороох, хорлох гээд дээр дооргүй л “сайхан эрх” чөлөөтэй болжээ.
Энэ бүх эрх чөлөөн дунд гэрээсээ дайжин, эх орноосоо дүрвэх эрх чөлөө бас байгаа юм аа. Нэг хэсэг нь гэрээсээ гарч орох оронгүй, оочих аягагүй давхисаар цагийн эрхшээлээр траншейнд орсноор арав гаран жил өнгөрчээ. Тэгвэл зарим хэсэг нь цаг төрийн хүндрэлээс болж, эх орноосоо гарснаар мөн л арав гаран жил болчохож. Арав гаран жил гэдэг маань бараг бүхэл бүтэн нэг үе гэсэн үг л дээ.
Ажилгүй архичин эцэг, анхиагүй арчаагүй ээж, хэрүүл шуугиан, орилион чарлаан, өлсгөлөн энэ бүгдээс болж хөөрхий хүүхдүүд хэдэн зуугаараа гэрээсээ дайжиж, сургууль соёлоосоо гарч, үеийнхнээсэ хоцорч тэртээ доор намагт унаж, нийгмийн үхмэл харанхуй давхаргыг бий болгосоор…Энэ олон хүүхэд дотор хичээл номондоо сайн, гэр орондоо тусч хүүхэд алийг гэхэв. Гэвч тэд маань улам л тэр харанхуй руу зүтгэсээр..
Авилгал хээл хахууль авч, бас өгч мэддэггүй, арилжаа наймаанд овсгоо самбаа муу ер нь л ийм нийгэмд зохицон, байр сууриа олж чадаагүй Монголын ард иргэд мянга мянгаараа гадагшаа дүрвэж хүний нутагт хоёрдугаар зэргийн хүний хэмжээнд амьдарч байна. Энэ олон дотор эрдэмтэн, мэргэд, спорт уралгын алдартнууд алийг гэхэв. Эд маань эргэж эх орондоо очиж, ихийг хийх хүсэл байвч нөхцөл нь бүрдэхгүй, эзэмшсэн мэргэжил нь энд зэвэрсээр. Гэсэн ч гадагшаа тэмүүлсэгсэд улам бүр олширсоор…
Яс, шил, хог түүж, мөнгө олоод аавдаа, ээждээ тусалж сайн хүн болноо гээд сайртсан бор гараараа нусаа арчих бяцхан хүүг зурагтаар харж л байсан. Харийн нутгаас хэдэн төгрөгтэй болоод эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарна даа хэмээн хоолой нь сааралтах идэр залуухан эртэй тааралдаж л явна. Магадгүй аль аль нь өөрсдөө л хүсээ биз дээ гэж хэлэх нэгэн байгаа л байх. Яагаад би энэ хоёр тэс ондоо зүйлийг харьцуулаад байна вэ? Улс орныг нэгэн гэр бүл гэвэл эх орноосоо дүрвэгсэд чинь нэгэн төрлийн “траншейн”-ийнхан мэт.
Харанхуй давхаргаас, харийн гүрнээс эднийгээ яаж ийгээд аврах бас авчрах юмсан.
Иргэд нь эх орондоо ирж амар амгалан байж, энхрий үрс нь нүхнээсээ гарч, ээж аавтайгаа элэг бүтэн амьдрах юмсан даа..
Т. Бум-Эрдэнэ