“ТОМOO КОМПAHИЙH 3АХИРЛЫНХ НЬ ЭXHЭРТ ДУРЛААД…” – БОЛСОН ЯВДАЛ

“КEННИ” БОЛСОН ЯВДАЛ – ШАГЖ ГЭЛЭН

2003 он шиг санагдана. Эхнэр бид хоёр зуны амралтаараа зочид буудал түрээсэлж ажиллуулж эхэлсэн үе. Анагаахын хичээл арай л тараагүй байсан санагдана.

Нэг өдөр бүх өрөөнүүдээ цэвэрлэчхээд үүдний амьдардаг өрөөндөө банштай цай чанаад сууж байв. Гэнэт гаднаас нүүр ам нь шалбархай гадаад, монгол хоёр юм ороод ирэв.

Гадаад нь бараг 190 см гаруй өндөртэй овоо махлаг амьтан. Монгол нь чааваас 150 см намхантай чөрийсөн эр. Сайн муу сураад өрөөний үнэ асуув.

Тэгснээ ахын дүү банштай цай үнэртээд байна ш дээ хоёр порцыг зарчих гэж авч байна. Өрөөрүүгээ дагуулаад оров. Хоёр гар миний банштай цайнд хайлж урсаж өглөө.

Нөгөө гадаадын хөлс сад. Тогоотой цайг минь өмнөө татаж тавиад гөвж өгөв. Өчигдөр бааранд хэдэн Монгол залуучуудад хусуулаад. Гадаад хүн харахаараа л өдөөд манайхан үнэхээр болоогүй байна гээд л.

Миний цайнд халсан хоёр манай буудалд нүүж ирэх юм ярив. Гадаад эрийг Кенни гэж танилцуулав. Банштай цайны мөнгөө орой авчирна гээд явсан хоёр ганц чемодан чирчихсэн ирэв.

Кенни манайд ганц байдаг люкс өрөөнд орлоо. Чааваас люкс гэждээ тааруухан өрөөдөө. Орчуулагч эр Кенни найзыгаа манайд үлдээгээд арилаад өгөв.

Оройхон манай эхнэр хичээлээс ирлээ. За нэг гадаадтай болсон. Баталгаатай 30 хононо гэсэн гээд өдрийн болсон явдлыг ярилаа. 11-хэн өрөөнийхөө ганц люксийг зарчихсан тун дажгүй.

Кенни шагайснаа хоолны газар асууж буй бололтой. Манай удаан тэгэхэд Германаас ирээд удаагүй байсан тул шууд хариулж байна. Голланд, Герман хоёр хэл бараг адилхан бололтой.

Кенни баярлаад сүйд. Германаар ярьдаг хүн таарлаа гээд. Цайны газраас хоёр гурван хуушуур гялгар уутны ёроолд санжгануулаад орж ирнэ.

Орчуулагч хоёр гурав хоног таг. Кенни манай эхнэртэй таван үг сольж уйдаагаа гаргана. Орчуулагч бас бүтэл муутай эр ээ. Европоор арваад жил будилаантайхан амьдарсан гэсэн. Сүүлдээ ч мань эр ирэх нь багасав.

Кенни гурав хоноод нэг тооцоо хийнэ. Сүүлдээ манай хоолноос буудчихдаг болов. Миний гарын хоолнуудыг янзалж өгнө. Шагжаа банштай цайгаа нэг хутгачих гэх нь халаг. Алгын чинээ дэвтэр дээр идсэн хоолнуудаа бичээд байх шиг.

Нэг орой жихтэйхэн халамцсан Кенни эхнэр бид хоёрт амьдралаа ярьлаа. Кенни хайрлаж дурласан монгол бүсгүйнхээ хойноос иржээ.

Тэр бүсгүй Голландад Кенни болон ээж аавтай нь хамт жил гаруй амьдарч байгаад хэл үггүй орхиод явчихсан гэнэ. Тэр хэсгийг ярихдаа Кеннигийн ногоон нүд нь цөөрөм шиг болов.

Би цаашид Оюунаагүй амьдарч чадахгүй гээд уйлж байна нөгөөх чинь. Уг нь Монголд ирээд Оюунаагаа олсон. Даанч надтай уулзахгүй байна.

Мөнгөтэй том компаний захирлын эхнэр бололтой. Намайг хүнээр зoдуулсан, цагдаагаар дapaмтлуулсан гээд л кино шиг юм ярив. Нэгдүгээр хэлээр сонсож байгаа манай эхнэр уярч байна.

Синхрон сонсож байгаа би “юу гээд байна наадах чинь” гээд л. Орчуулагч тэр хоёр Оюунаатай уулзах гэж ажил, гэр, ээжийнд нь гээд очоогүй газар байхгүй. Очих бүртээ л нэг будилаантай юмтай холбогдсон тухайгаа дурсав.

Бид гурав тэр оройноос хойш бүр дотно. Кенни яг л бид хоёрын найз. Төд удалгүй эхнэр хээрийн дадлагадаа 14 хоног явж Кенни бид хоёрын амьдрал эхлэв хөөрхий.

Хэл нэвтрэлцэхгүй ч зүрх нэвтрэлцэнээ нтр. Хоол ундаа сайхан хуваагаад иднэ бид хоёр. Нөгөөх идсэн хоолоо ч бүртгэхээ болив. Угаасаа тамтгаа алдсан л даа. Эрх биш хоносон хоногийг нь тоолно.

Ажил жигдрээд үйлчлэгч, ресепшин авчихсан. Хааяа бараа тавааранд Кеннигээ дагуулчхана. Ачаа барааг сэгнийтэл өргөнө. Гэм нь өөрөө баргийн унаанд багтахгүй.

Захын микронд хоёр хүний мөнгө төлж суулгана. Бильяард цохино. Тувт надаар даалгана туучий чинь. Муу хог чинь намайг уруу татаж apxи уух гэнэ. Нээх том шар пудволк, ягаан шорттой. Хөлбөмбөг ярьнаа бас.

Бид хоёр уух идэх, явах суух, муу юман дээр сайхан ойлголцоно. Нөгөө Оюунаагийнхаа зургийг гаргаж ирээд ярихаар би таг. Дэмий л толгой дохиж суух. Сүүлдээ нөгөө Кенни чинь төлбөрөө төлөх нь бүү хэл надаас мөнгө зээлж эхлэв. Хааяа ганц apxи барьчихсан

Орчуулагч ахыг ирэхээр л Кеннитэйгээ сайхан буу хална шүү дээ. Голландаас удахгүй мөнгө ирээд цөм баяжих юм яриастай тэр хоёр. Нэг өглөө мөнгөө авахаар явсан нөхдүүд маргааш нь хоосон ирдэг билүүдээ.

Гэнэт баяжсан аваргууд бар, мар эргүүлж яваад тэр үеийн хэлээр сэгсрүүлсэн юм шиг байгаан. Хов хоосон. Кенни бүр өмдний ч тэлээгүй. Нэг гараараа өмдөө зуурчихсан ч байх шиг. Тэр бүдүүнд тараах юм ховор.

Би тэлээний оронд уяа гүйлгээд зангидаад өгчихсөн. Бас л сайхан цөлх эрдээ. Эхнэр дадлагаас ирэв. Кенни ярих хүнтэй боллоо гээд баярлаад сүйд.

Шагжийн царайг үргэлж харах аймшигтай юу юу гэсэн гэнэ үү. Мөнгөө яаж алдсанаа манай хүнд яриад инээгээд байгаан. Дисконд ороод л уугаад байсан.

Нэг мэдэхэд буудалд өглөө нь сэрсэн тухайгаа толгой сэгсрээд ярина. Кенни манайд бараг хоёр сар болов. Буудлын мөнгө ч замаа алдав. Ахиад нутгаас мөнгө ирнээ л гэнэ.

Сүүлдээ өрөөгөө суллаж өгөөд коридорын буйдан дээр унтсан ч болно гэнэ. Шагжаа вoдкa капууд маахн? Надад apxи аваад өгөөч би будаа болж байна гэсэн үг гэл үү. Би нөгөө алдарт П…, АЙН гэдэг хоёр үг заагаад өгчихсөн. П…А л гэнэ.

Би Кенниг тарганаа, бүдүүнээ, apxичаан, мөлхдөг Голландаа /Хөлбөмбөгт нисдэг Голланд гэдэг/ гэж дуудна. Юу ч гэж дуудсан АЙН гээд гараад ирнэ. Уух бүрдээ л Оюунаагаа яриад уйлна хөөрхий.

Оюунаатай нэг агаар, нэг салхиар амьсгалж нэг хотод хамт байгаа нь Голландад байснаас дээр гээд эмоорно. Үе үе орчуулагчтайгаа хамт Оюунаагийнхаа хойноос хөөцөлдөнө.

Сүүлд буудалд нэг настай эмэгтэй Кеннитэй уулзсан нь Оюунаагийн ээж байж. Охин нь анхнаасаа нөхөр хүүхэдтэй байсан. Гэр бүлийн маргаанаас болоод Голландад зугтаж явахдаа Кеннитэй танилцсан.

Улмаар Монголд ирээд хуучин нөхөртэйгөө нийлээд амьдрах гэж ядаж байгаа. Битгий миний охины амьдралд гай бол гэж гуйсан гэсэн. Ингээд л манай Кенни баахан apxи уусан.

Танай монгол apxи үнэ өөр ч доторх нь бүгд адилхан гээд хямдханыг голдуу тууна. Кеннигээ өрөвдөж хамт татсаар сүүлдээ удаанд хоёулаа хөөгдөх шахав. Ганц нэг удаа гостоод Кеннитэйгээ хамт хононо. Шагжаа энэ хонолтын төлбөр чинийх шүү нтр. Бас л зугаатай эр.

Найман сарын хорин хавьд Кенни буцах боллоо. Аав надад зөвхөн онгоцны билет л явуулж. Мөнгө явуулахаар нь би очихгүй байгаа болохоор тэгсэн байх. Надад байгаа хамгийн үнэтэй зүйл энэ. Бараг 1000 евро болох байх. Энийг чамд үлдээе. Тэр нь дотор талдаа Оюунаа гээд сийлчихсэн алтадмал бөгж.

Хэрэггүй ээ Кенни. Чи Голландад очоод төлбөрөө шилжүүлж болно. Энийг чинь авч чадахгүй л гэлээ. Шагжаа би удлаа удлаа гэхэд ажил хийгээд хоёр сарын дараа та хоёрын мөнгийг шилжүүлнэ. Маш их баярлалаа гээд л.

Урд орой нь бид гурав нөгөө муу давчуу өрөөндөө хооллонгоо пиав балгав. Бас Кеннигээ үдэнгээ бууз мууз хийж өглүү яалаа. Оюунаагаа заавал мартана. Энэ миний амьдралын хамгийн хэцүү үе байлаа. Та хоёрт маш их баярлалаа. Хэзээ нэгэн цагт уулзвал гээд баахан юм ярьсан.

Кенни яг хэлсэнээрээ хоёр сарын дараа бүх төлбөрөө шилжүүлсэн. Кеннитэй мeйлээр холбоотой байдаг. Таван хүүхэдтэй боллоо гэсэн чинь “ха ха та хоёр угаасаа тэгэхээр шинжтэй байсан” гэнэлээ. Монголд байсан цаг хугацаагаа юугаар ч солихгүй.

Миний өдий зэрэгтэй амьдарч байгаа нь тэр цаг үед амссан туршлагатай шууд холбоотой гэж мэйлдсэн байсан. Кенниг гомдоосон бүсгүй Монголын давгүй том компаны захирал болсон. Хаана, хаанаа болж дээ. Кенни Голландад төрийн албан хаагч. Мэдээлэл харилцааны чиглэлээр ажилладаг. Хэдхэн хоногийн дараа Амстердамд Кеннитэй уулзаж магадгүй, үгүй ч байж магадгүй…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!